Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 639

 

Л.Ц-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, хохирогч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1036 дугаар магадлалтай, Л.Ц-т холбогдох 2007000560059 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, А овгийн Л-гийн Ц.

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 415 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 464 дугаартай шүүгчийн захирамжаар уг ялыг эдлэхээс зайлсхийсэн үйлдлээр 1 сар 11 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн,

Л.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А овогт Л-гийн Ц-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-т 6 /зургаан/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-т оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-ийн 2020 оны 06 дугаар сарын 03-ноос 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчийн эд хөрөнгө хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-ээс 2.231.846 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 125.093 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Ц гаргасан гомдолдоо “... Шүүгдэгч Л.Ц- миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшин, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсандаа гүнээ харамсаж байна. Мөн өөрийн хохирогч Б.Баянмөнхөд чадах чинээгээр хохирлыг төлж барагдуулсан. Иймд миний хувийн байдал, 3 настай охин, өдөр настай эцэг эхийг минь харгалзан үзэж эрхэм шүүгч та бүхэн шүүгдэгч миний шүүхээс өгсөн ял шийтгэлийг бага ч гэсэн хөнгөрүүлж өгнө үү.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралд өөрийн өмгөөлөгч ирж оролцоогүй, хууль эрх зүйн туслалцаа авч чадаагүйн улмаас миний эрх зүйн байдал дордсон гэж үзэж байна. Хохирогч Баянмөнхөд хохирол төлбөргүй гомдол, саналгүй гэх гарын үсэгтэй бусад бичиг баримтыг өмгөөлөгч өөрийн өргөдөлдөө хавсарган өгөх болно” гэжээ.

Хохирогч Б.Б шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... би шүүгдэгчээс нэг ч төгрөг аваагүй, би “гомдолгүй” гэсэн гарын үсэг зурж өгөөгүй” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь хууль заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, бусад хэлбэрээр зөрчсөн ноцтой зөрчлүүд гараагүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.Ц-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Л.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 8 дугаар хороо, Тайжийн 11-33 тоотод хамтран амьдрагч Б.Баянмөнхтэй маргалдаж, улмаар зэвсэг болох хутгаар баруун гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Ц-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 6 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэж өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хохирлоо барагдуулсан, хувийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялаас бага ч болов хөнгөлж өгнө үү” гэсэн гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Л.Ц нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэнээс гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлөгдөөгүй, хор уршиг бүрэн арилаагүй, хохирогч гомдолтой зэрэг нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ял нийцсэн байх тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1036 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ц-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                С.БАТДЭЛГЭР

                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН