Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 07

 

 

 

             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                С.Өлзийцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний

                                                   хэргийн тухай

 

 

                                                                       Хэргийн индекс: 148/2015/0805/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч        Б.Батзориг

                                Шүүгчид                      Л.Амарсанаа

                                                                    Г.Давааренчин

   Оролцогчид:

           Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонжаргал

           Гуравдагч этгээдийн өмгөөлөгч             Г.Амартүвшин

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

     Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 243 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор С.Өлзийцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонжаргалын нэхэмжлэлтэй Д.Төрд холбогдох “Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “…Миний бие 4 өнчин хүүхдийн хамт амьдардаг. 2005 онд хагалгаанд орж нэг хэсэгтээ ажил хийх боломжгүй болсон учраас өөрийн хувийн сууцаа буулгаж хотруу зарахаар явахдаа дүү Д.Төрийн ачааны зориулалтын автомашиныг ломбарданд 600.000 төгрөгөөр тавьж воганы тээврийн хөлс төлж ачиж явсан. Байшингаа зарж чадаагүй байтал ломбардны хугацаа дуусч ямар ч мөнгөгүй байсан учраас ломбард зарж хохирлоо барагдуулах нэрийдлээр өөртөө уг машиныг авсан. Дүүгийнхээ машиныг алдаж гэр оронд нь хэрүүл тарьж, салж нийлэх дээрээ тулахаар нь аргагүйн эрхэнд өөрийнхөө шинээр барьсан байшинг бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Дүүгийнхээ машиныг шүүх цагдаагаар 3-4 жил хөөцөлдөж яваад дүү, түүний эхнэр хоёр Батсайн гэдэг хүнд машинаа өгч хэрэглүүлж байсан. Батсайн нь нотариатчтай хуйвалдаж машиныг нь өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан нь тогтоогдож, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дуудлага худалдаагаар зарж Батсайны Шуудан банкинд хугацаа хэтэрсэн өр болох 1.200.000 төгрөгийг төлсөн байдаг. Миний буруугаас биш, өөрсдийнх нь буруугаас болж машин нь алдагдсан нь хуулийн байгууллагаар тогтоогдсон.

        Тухайн үед байшингаа дүүдээ өгчихөөд өвлийн 11 сард цас орж хүйтэрч байхад 4 хүүхэдтэйгээ зуны амбаарт амьдарч байсан. Энэ бүхэнд маш их гомдолтой байгаа тул бэлэглэлийн гэрээг хуулийн дагуу хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү...” гэжээ.

 

        Хариуцагч Д.Төр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

        “…Миний танил Батсайхан машинаа хэд хоног өгөөч ажил хөөцөлдөхдөө унаж байгаад өгье гэж гуйж аваад нотариатчтай хуйвалдан нэр дээрээ шилжүүлж бичиг баримтаа сольсон байсан. Эгч маань хотруу явна тээврийн зардлын мөнгө хэрэгтэй байна гэхээр нь Батсайханаас машиныхаа бичиг баримтыг автал нэр дээрээ болгосон байсан. Эгч байшингаа ачих вагон захиалсан байсан учир шууд ломбарданд тавьж эгчдээ 600.000 төгрөг авч өгөөд эргээд ирэхээр нь Батсайханаас бичиг баримтаа шилжүүлж авна гэж тохирсон байсан. Эгчийн байшин зарагдахгүй ломбардны хугацаа өнгөрсөн тул ломбард хохирлоо гаргуулахаар шүүхэд өгсөн байсан. Батсайхан шуудан банкинд 1.200.000 төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн өртэй байсан юм билээ. Шүүхийн шийдвэр гарч, Шийдвэр гүйцэтгэх албанаас дуудлага худалдаагаар миний машиныг зарж Батсайханы өрийг төлсөн. Батсайхан зээл авахдаа миний машиныг барьцаанд тавьсан байсан юм билээ. Иймд би эгчээсээ байшин авах ямар ч үндэслэл байгаагүй учраас байшинг нь буцааж бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болгоход татгалзах зүйлгүй...” гэжээ.

 

         Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Энхцэцэг шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Би бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би 2015.04.01-ний өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу Д.Төрөөс гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед би шүүхэд гэрлэлтээ цуцлуулах  нэхэмжлэл гаргахдаа Д.Төр бид хоёрын амьдарч байсан байшингийн газрыг дурьдаагүй нэхэмжлэл гаргаад зөвхөн байшингаа авч үлдэхээр нэхэмжлэл гаргасан. Ингээд шүүгч шийдвэр гаргахдаа надад болон манай 4 хүүхдэд байшингаас хувь  хүртээхээр шийдвэр гаргасан. Тухайн үед уг байшинг  зараад дараа нь бид нарт хувь хүртээх юм болов уу гэж хүлээсэн боловч өгөөгүй. Ингээд би шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа бидний хамт амьдарч байсан байшингаас гадна газраас хувь хүртээж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. 2010 онд хадам эгч Д.Отгонжаргалаас худалдаж авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

         Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 243 дугаартай шийдвэрээр:

        1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д заасныг баримтлан С.Өлзийцэцэг, Д.Төр, З.Энхцэцэг  нарын хооронд 2010 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож,

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг, гуравдагч этгээд З.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 110950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.    

 

        Гуравдагч этгээд З.Энхцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...

        Анхан шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс болон нэхэмжлэгч нарын зүгээс хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаан гарсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацааг 6 жил учир дуусаагүй байгаа гэсэн ба харин гуравдагч этгээдийн зүгээс хуульд заасан тусгайлсан хугацааг /1 жил/ баримтална гэсэн боловч энэ талаар шийдвэрт тусгагдаагүй аль хугацааг баримталсан нь тодорхойгүй байна.

       Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол ... үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэсэн байна...” гэжээ. Гэвч энэ заалт нь хуульд өөрөөр заагаагүй буюу тусгайлсан хугацааг энэ хуульд тусгаагүй тохиолдолд хамаарах заалт юм. Гэтэл Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт “...Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй...” гэсэн байхад энэ хугацааг тооцохгүйгээр шйидвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгчийн хувьд шаардах эрх нь гарын үсгийг Энхцэцэгийн өмнөөс зурж байсан өдөр буюу бэлэглэлийн гэрээ байгуулсан 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мэдэж байсан учраас үүнээс хойш 1 жилийн хугацаанд гомдол гаргах ёстой байсан.

        Иргэний хуулийн 280 дугаар зүйлд Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай үндэслэлүүдийг тодорхой тусгаж өгсөн ба тус хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2 дахь хэсэгт заасан үйлдлүүдийг бэлэг хүлээн авагчийн зүгээс хийгээгүй байх тул хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

        Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү? гэж хүсэлт гаргасан. Бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан болон амь насыг хохироохоор завдсан үйлдлүүд гаргаагүй. Мөн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил, гэхдээ бэлэглэлийн гэрээний хугацаа 1 жил учраас дууссан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэв

 

        Нэхэмжлэгч Д.Өлзийцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

        “Бэлэглэлийн гэрээ анхнаасаа хууль бус болсон гэж үзэж байна. Давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.

Үндэслэх нь:

 

         Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгыг зөв тодорхойлж  чадаагүйгээс хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

         Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул  шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

         Нэхэмжлэгч С.Өлзийцэцэг нь хариуцагч Д.Төрд холбогдуулан 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэлийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Энхцэцэг нь  “бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай” шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

           

         Зохигчдын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч С.Өлзийцэцэг нь бэлэглэлийн гэрээнд зурагдсан гарын үсэг нь хариуцагч Д.Төр, З.Энхцэцэг нарынх биш тул гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан  хуулиар тогтоосон  хэлбэрийг  зөрчсөн  гэж үзэж,  2010 оны 07 сарын 06-ны өдрийн  “орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах”-аар нэхэмжлэл гаргасан гэж   нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна.

 

       Нэхэмжлэгч С.Өлзийцэцэг нь өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 3-р баг 4-р хэсэгт байрлалтай 53.44 мкв талбай бүхий хувийн орон сууцыг  хариуцагч  Д.Төр, түүний эхнэр З.Энхцэцэг нарын өмчлөлд 2010 оны 07 сарын 06-ны өдрийн  орон сууц бэлэглэлийн гэрээгээр шилжүүлжээ.

 

        Тухайн гэрээний дагуу бэлэг хүлээн авагч Д.Төр, З.Энхцэцэг нар нь орон сууцыг хүлээн авч, улмаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд бүртгүүлсэн байна.

             

        Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т  “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр  гэрээ байгуулсанд тооцохоор”, мөн Иргэний хуулийн  276 дугаар зүйлийн 276.1-д “бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.2-т “эд хөрөнгө шилжүүлснээр  гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан хуулийн  зохицуулалтаас үзвэл бэлэглэлийн гэрээгээр  шилжүүлсэн орон сууцыг Д.Төр, З.Энхцэцэг нар нь ямар нэг байдлаар татгалзаагүй  хүлээн авсан байх тул  гэрээнд бэлэг хүлээн авагч  нар гарын үсэг зурсан эсэхээс үл шалтгаалан  бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна.

 

       Бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй, өөрөөр хэлбэл бэлэглэгчийн хүсэл зоригийг бэлэг хүлээн авагч зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болдог хиймэгц биелэх  онцлогтой нэг талын гэрээ юм.

 

        Бэлэглэлийн гэрээний хувьд  гэрээнд бэлэг хүлээн авагч  гарын үсэг зураагүй нь хуулиар тогтоосон хэлбэрийг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

        Мөн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар бэлэглэгч бэлэг хүлээн авагчаас бэлэглэлийг хүчингүй болгохыг шаардах эрхтэй ба энэ тохиолдолд                    “бэлэглэгч бэлэг  хүлээн авагчид гомдсон байх”, “бэлэг хүлээн авагч  бэлэглэгчийг  гомдоосон ноцтой  үйлдэл хийсэн байх” зэрэг урьдчилсан  нөхцлүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байна.

           

        Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

      1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 243 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож,  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 208 дугаар зүйлийн 280.1.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгч С.Өлзийцэцэгийн “2010 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах”  тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Энхцэцэгийн давж заалдах гомдлыг хангасугай. 

 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Энхцэцэг нь  давж заалдах гомдол гаргах тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.БАТЗОРИГ 

 

                           ШҮҮГЧИД                                       Л.АМАРСАНАА

 

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН