Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 212

 

                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр 

Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Бийн Дид холбогдох 1812003020200 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч:Х овгийн  Бийн Д /РД:а/  

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Д нь Архангай аймгийн Эрдэнбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Хойд булаг гэх газарт оршин суух, С.Б ийн гэрт 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн өглөөний 7 цагийн орчим иргэн Ж.Быг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

    Хохирогч Ж.Бын өгсөн: ...Би 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хоршооллын хойд булаг гэх газар Б гэдэг айлд халамцуу очоод хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь унтаж байтал 07 цагийн орчим Б, хүү Д хоёр орж ирээд Б Бтэй бэлчээрийн газраас болж муудалцаж барьцалдаж авсан. Тэгэхэд хүү Д нь орон дээрээс босгохгүй намайг зодоод байсан. Би түүний урдаас гар хүрээгүй болиоч гэтэл би мөнгөтэй хүн мөнгөөрөө зодоод гаръя гээд намайг зодоод байсан. Намайг цохиж зодох шалгаан байхгүй байхад шууд л намайг зодсон. Толгой руу хөлөөрөө өшиглөж, гараараа нүүр нүдгүй цохисон. Б л ганцаараа байсан, өөр хүн байгаагүй. Би архи уусан, нэлээн согтуу байсан. Миний толгой тархи өвддөг, мөн хавирга орчмоор өвддөг. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа нөхөн төлүүлнэ. Би Ж.Баас эмчилгээний зардал мөн өвчтэй байх хугацаандаа малаа 2 хүүхдээр харуулсан нэг хүүхэд нь 150.000 төгрөг нийт 300.000 төгрөг өгсөн, мөн аймагт ирж очсон унааны зардал гэж 3.000.000 төгрөг нэхэмжилнэ. Би нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийнхээ баримтыг гаргаж өгнө...Миний биед учирсан гэмтлийг Д л зодож учруулсан. Өөр хэн нэгэн хүн намайг огт зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 10-11, 12-14 хуу/ 

 

    Гэрч С.Бийн өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 20-ны шөнө унтаж байхад Б ганцаараа жаахан архи уучихсан орж ирсэн. Тэгээд манайд хоноод өглөө үүрээр манайд нэг шил архи байсныг нь уучихаад би хонь руу явсан юм. Б манайд унтаад үлдсэн. Тэгээд би хонин дээрээ очиход манай хонь Б гэдэг айлын хоньтой нийлсэн байсан. Би Б гэдэг хүнд танайх яахаараа хониндоо явдаггүй юм бэ гэхэд чи битгий хуцаад бай, чи миний бууцан дээр буусан хэдхэн малаа аваад зайлаарай гээд бид хоёр жаахан маргалдсан юм. Тэгээд би гэртээ хариад хэвтэж байтал Б хүүхдээ дагуулж ирээд над руу дайраад байхаар нь би Б-тай маргалдаж аваад гарсан юм. Тэр үед Б сэрээд боль гэхийн зуургүй Баадайгийн хүү Д Быг хэвтэр дээр нь учир зүггүй зодсон. Би Б-тай зууралдсан байсан учраас салгах боломж байгаагүй. Тэгэхэд Б хүүхдээ хандаж чи Тамираа ахыг арай дэндүүлсэн байна гэж хэлээд хүүгээ дагуулаад явсан. Тэгээд би гэрт нь хүргэж өгөөд явсан. Б хэрүүл маргаан хийх боломжгүй Д зодсон. Б түүний урдаас ёстой эсэргүүцэл үзүүлээгүй дээ. Б бид хоёр жаахан халамцуу байсан. Миний харснаар гар хөлөөрөө өшиглөж цохиод байсан. Тэрнээс биш ямар нэгэн эд зүйлээр бол зодоогүй. Чухам хаана нь цохисныг нь би тухайн үед хараагүй. Дараа нь харахад нүд хөхөрсөн амнаас нь цус гарсан зовхи хагарсан байсан. Тухайн үед манайд Б бид хоёр л байсан. Хонь нийлснээс болж Б бид хоёр муудалцаад дараа нь хүүгээ дагуулж ирж намайг зодох гэсэн, түүнээс л болж зодоон болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/ 

 

Гэрч А.Мийн өгсөн...2018 оны 05 дугаар сарын 21-ний өглөө үүрээр Б гэх айлд би өөрийн нөхөр Б-ын хамтаар ирсэн. Тухайн үед нөхөр согтуу байсан учраас би нөхрөө Б-ийн гэрт орхиод гэр рүүгээ Б эхнэрийн хамтаар харьсан юм. Тэгээд гэртээ өглөө 11 цагаас 12 цагийн үед манай нөхөр Б, Б-ийн хамт гэртээ ирсэн ирэх үедээ манай нөхөр Б-ын 2 нүд таг болчихсон нүүр нь нэлэнхүүдээ цус болсон хамар нь хугарсан цус гарсан ирсэн. Тэгээд гэртээ ирээд хавирга өвдөөд байна гээд хэвтэхээр нь яасан юм болсон юм бэ гэсэн чинь манай нөхөр Д намайг зодчихлоо гэж хэлж байсан. Тэгээд манай нөхөр дуугарч чадахгүй байсан учир эмч дуудсан. Тэр үед Б надад хэлэхдээ Б ах хүүтэйгээ манайд ирээд надтай хэрүүл маргаан хийж байгаад Баатарсүх ах хүүтэйгээ манай ирээд надтай хэрүүл маргаан хийж байгаад Б-ийн хүү Д Быг унтаж байхад дээрээс нь очоод зодчихсон гэж хэлсэн. Б-ын 2 нүд хавдсан, хамар нь хугарсан, зүүн талын зовхины доод хэсэгт язарч хагарсан, хавирга нь хугарсан, шүд нь хөдөлсөн байсан. Б Бэ 2 хэлэхдээ уг гэмтлийг Д зодож учруулсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуу/

 

Гэрч Б.Он өгсөн...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үдээс хойш Б манайд ганцаараа ирсэн. Тухайн үед Б архи уусан халамцуу орж ирсэн. Б Б гэх айлаар орж тэнд хүмүүс үрээ засаж байхаар нь үрээ засаж байгаад архи ууж байгаад ирлээ гэж хэлж байсан. Тэгээд хэсэг хуучилж байгаад харьж унтах гээд явсан. Маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн өглөө эрт Б өөрийн эхнэр Мөрөнгийн хамтаар манайд ирсэн. Тэгээд Б манай нөхөртэй хамт манайд архи ууж сууж байгаад суугаагаараа унтаад өгсөн. Тэгэхээр нь би М-гийн хамтаар гэрт нь очиж утсаар ярихаар явсан. М бид хоёрыг гэрт нь сууж байтал ойролцоогоор 2-3 цагийн дараа манай нөхөр Б Б-ыг мотоцикль нь дээрээ суулгаад ирсэн. Тэр үед Бн зүүн зовхиноос цус гарсан нүүр ам нь нилэхүйдээ цус болсон хоёр нүд нь хавдаад таг болчихсон амнаас нь цус гарсан байдалтай манайд ирээд баруун талын хавиргаа дараад ёолоод байсан, юу болсон талаар асуухад Б-ийн хүү Д намайг зодчихлоо гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21  хуу/

 

Шинжээч С.Хийн өгсөн:...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хэрэг бүртгэх тасгийн ахлан мөрдөгч цагдаагийн хошууч Э-ны шинжээч томилсон тогтоолын дагуу Б-ыг өөрийн биеэр үзэж гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлтийг гаргасан. Б-ын биед учирсан гэмтлүүд урдаас нь хойш түлхэж унагах үед үүсэх боломжгүй, харин ардаас нь урагш түлхэж унагах үед үүсэх боломжтой юм. Уг гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн цохих цохигдох мөн шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Би 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хошууч Э-ы шинжээч томилсон тогтоолын дагуу Б-ыг өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргасан. Тухайн үед Б-рыг үзэх үед уг гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байсан ба Д гэх хүнд зодуулсан гэх 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үүссэн шинэ гэмтлүүд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

 

Б.Дийн яллагдагчаар өгсөн: ... Би тогтоолтой танилцлаа. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Хоршооллын Хойд булаг гэх газар өөрийн малдаа явж байтал манай аав Бийг Б, Б гэх манай нутгийн 2 ах, 2 талаас нь бариад авсан байсан. Тэр үед би салгах гээд очтол Б нь намайг барьж аваад заамдаад хоолой шахчихаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би нэг удаа гараараа алгадаад хойш нь түлхсэн. Тэр үед Б хойшоо унасан. Тэгээд л би яваад өгсөн. Тухайн үед Б намайг өөрөө барьж аваад хоолой шахаад байхаар нь би нэг удаа хацар руу нь алгадаж тэгээд хойш нь гараараа мөр хавьд  нь түлхэх үед Б хойшоо газар уначихсан юм. Би Б-ыг нэг удаа зүүн талын хацар руу нь гараараа нэг удаа алгадаж тэгээд мөр хавьд нь гараараа түлхсэн тэр үед Б хойшоо газар унасан. Би өөр байдлаар цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39, 41-43 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 243 дугаартай дүгнэлт:

1. Ж.Бын биед гэмтэл бэртэл учирчээ. Тархи доргилт, хамрын ясны 1/3 хэсгийн хугарал, баруун 4 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал, цээжний баруун урд хэсгийн болон нүүрний зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, 22 дугаар шүд хөдөлсөн, 2 хацарт жижиг жижиг зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн цохих, цохигдох шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 

3. Тархи доргилт, хамрын ясны 1/3 хэсгийн хугарал, баруун 4 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал, цээжний баруун урд хэсгийн болон нүүрний зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний дээд зовхинд шарх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, 22 дугаар шүд хөдөлсөн, 2 хацарт жижиг жижиг зулгаралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.   

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Гуравдугаар шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 27-28 хуу/

Мөнгөн гүүр эмнэлэгийн компьютерт томографикийн оношилгоо /хх-ийн 30 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 46 хуу/  

Б.Дийн иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 65 хуу/

Ж.Бын өвчний түүхийн хуулбар, эмчилгээ хийлгэсэн баримт, шүүгдэгчээс 1.357.000 төгрөг нэхэмжилсэн хүсэлт / хх-ийн 70-73 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 51-52 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож,  нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Дид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Д нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн өглөөний 7 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Хойд булаг гэх газарт хохирогч Ж.Б маргалдан зодож түүний биед тархи доргилт, хамрын ясны 1/3 хэсгийн хугарал, баруун 4 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал, цээжний баруун урд хэсгийн болон нүүрний зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, 22 дугаар шүд хөдөлсөн, 2 хацарт зулгаралт гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Булгантамир, гэрч С.Б, А.М, Б.О, шинжээч С.Х нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 243 дугаар дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд  шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч Б.Д нь хохирогч Ж.Быг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед үүссэн гэмтлүүдээс тархи доргилт, хамрын ясны 1/3 хэсгийн хугарал, баруун 4 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал, цээжний баруун урд хэсгийн болон нүүрний зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний дээд зовхинд шарх гэмтлүүд нь  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 243 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

Аймгийн Прокурорын газраас Б.Дийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.   

Иймд шүүгдэгч Б.Дийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дах заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.  

Хохирогч Ж.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 1.357.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд үүнээс 420.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Доос 420.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Б олгуулж, үлдэх 937.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул 937.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

                                                       ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Х овгийн Б Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дагуу шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Б.Д-оос 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Улаан толгой гэх газарт оршин суух  хохирогч Ж.Бт  / рд: аа79040810/  олгож, хохирогч нь бусад хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ОДХҮҮ