Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00395

 

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00395

 

А-, Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/03585 дугаар шийдвэртэй,

 

А-, Б- нарын нэхэмжлэлтэй

“В” ХХК, Г- нарт холбогдох,

 

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн болон мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Түрээсийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгон, орон сууцнуудын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Г-од даалгаж,  хариуцагч “В” ХХК-аас зээлийн хүүд төлсөн 27,978,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагч “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон, хариуцагч Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А-, Б- нар нь 2019 оны 11 дүгээр сард “В” ХХК-аас өөрсдийн эзэмшлийн 2 орон сууцыг барьцаалж нийт 220,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй авахаар хүсэлт гаргасан. “В” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г- барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг өөрийнх нь нэр дээр “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр шилжүүлж, дараа нь “Түрээсийн гэрээ” байгуулан зээлийн хүүгээ бодож явна гэсний дагуу нэхэмжлэгч нар тохиролцон зээл авахаар болсон.

Б- нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах *** м.кв талбайтай ** өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, иргэн А- нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах **** м.кв талбайтай ** өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн барьцаа болгон “В” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г-той Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Г- өөрийн нэр дээр шилжүүлж, өдөр “В” ХХК-ийн А-ийн дүү Г-ийн Хаан банкны **** тоот дансанд 100,000,000 төгрөг, үлдсэн 120,000,000 төгрөгийг А-ийн өртэй байсан ББСБ-ын данс руу шилжүүлсэн.

1.2. “В” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г- нэхэмжлэгч нарт 220,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар өгсөн боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй.

Нэхэмжлэгч Э.Энхбилэгтэй хариуцагч Г- 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээний дагуу 100,000,000 төгрөгний зээлийн сарын 2,9 хувийн хүү болох 2,900,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх 12 сарын хүү 34,800,000 төгрөгийг “В” ХХК-ийн дансанд төлж байхаар амаар тохиролцсоныг баталгаажуулан зээлийн хүү болон хугацааг тохиролцсон. Мөн хариуцагч “В” ХХК-ийн менежер Т-гийн нүүр хуудас /facebook/ хаягаар нэхэмжлэгч Б-ийн нүүр хуудас /facebook/ хаягт зээлийн сарын хүүгийн хэмжээ, ямар дансанд төлөх, зээл төлөлтийн хуваарийг мессэжээр явуулж, мессэжээр зээлийн хүүгийн хэмжээ, хугацааг тохиролцсон.

Түрээсийн гэрээний дагуу зээлийн хүүг 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3,450,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 4,618,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 9,189,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг зэргээр төлсөн бөгөөд одоогоор нийт 40,000,000 гаруй төгрөгийг төлөөд байна.

1.3. 2020 оны 11 дүгээр сараас дэлхий даяар тархсан цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гарч банк, банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч 3-аас 8 сарын хугацаатай зээлийн хүүг зогсоож болно гэсэн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч А-, Б- нар нь “В” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г-од зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг цахимаар гаргаж уг компани нь зөвшөөрсөн гэж ойлгосон.

Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Г-оос Түрээсийн төлбөрөө удаа дараа төлөөгүй тул яаралтай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөл гэсэн мэдэгдэл ирсэн. Нэхэмжлэгч А-, Б- нар нь орон сууцаа барьцаалж зээл авсан гэж ойлгож байтал тэдний орон сууцыг “В” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г- нь өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулаад зээлийн хүүгээ төлөөгүй гэх шалтгаанаар нэхэмжлэгч нарыг орон сууцнаас нь гаргаж цааш нь худалдан борлуулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Нэхэмжлэгч А-, Б- нар нь “В” ХХК-аас авсан зээл 220,000,000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй.

1.4. “В” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г- нь нэхэмжлэгч А-, Б- нарын зээл авах гэсэн хүсэлтийг аваад зээлийн гэрээ байгуулах байсан боловч уг зээлийн гэрээ, хэлцлийг халхавчлах зорилгоор Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, зээлийн хүү төлүүлэхийн тулд А-тэй “Түрээсийн гэрээ” байгуулан ноцтой төөрөгдөлд оруулсан байна.

“Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч Г- худалдаж аваагүй, компаниасаа нэхэмжлэгч нарт зээл өгсөн, нэхэмжлэгч нар зээлийн хүүг “В” ХХК-ийн Хаан банкны **** дугаартай дансанд төлсөн байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г- нь нэхэмжлэгч нарт үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхээр байна.

Иймд “В” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г- нь нэхэмжлэгч А-, Б- нарыг төөрөгдүүлж, зээлийн хэлцлийн халхавчлах зорилгоор хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2405 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 682 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-үүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.1 зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор ноцтой төөрөгдүүлж хийсэн хэлцлүүд байх тул дээрх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгон, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Г-од даалгаж өгнө үү.  

1.6. “В” ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй учраас талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлд заасны дагуу зохицуулагдана. Нэхэмжлэгч А-, Б- нар нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүд 2019 оны 12 дугаар сарын 14-нд 3,450,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 4,618,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 9,189,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 07-нд 5,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22-нд 5,721,000 төгрөг, нийт 27,978,000 төгрөг төлсөн байна.

“В” ХХК-аас нэхэмжлэгч нараас зээлийн хүүд төлсөн 27,978,000 төгрөгийг буцаан гаргуулна. Хариуцагч “В” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч нараас зээлийн гэрээний дагуу 220,000,000 төгрөгөө ямар нэгэн хүү, алдангигүйгээр буцаан шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс зээлсэн 220,000,000 төгрөгөө буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно.

 

2. Хариуцагч Г- шүүхэд гаргасан тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. А-, Б- нар нь “В” ХХК-аас зээл авах ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй болно. Г- нь иргэн А-, Б- нараас орон сууц худалдан авсан. Орон сууц худалдан авахдаа зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн орон сууцыг худалдан авахдаа компаниасаа зээл авсан байдаг. А-, Б- нар нь тухайн үед хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг ойлгоогүй байх үндэслэлгүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж байгаа талаар болон энэхүү гэрээний үр дагаврыг нотариатч тухайн үед тайлбарлан өгч, гэрээнд тусгасан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас үүсэх үр дагаврыг ойлгож байсан тул түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг дурдсан хэдий ч бидний хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээгээр ямар хэлцлийг халхавчилсан гэж үзэж байгаагаа тодорхой тайлбарлаагүй, ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3. Хариуцагч “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

3.1. Иргэн А-, Г- нарын хооронд болон иргэн Б-, Г- нарын хооронд байгуулагдсан гэрээнд “В” ХХК нь оролцоогүй бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд ямар ч хохирол учруулаагүй, А-, Б- нарын өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй болно.

3.2. Иргэн А- болон Б- нар нь 2019 оны 11 - 12 саруудад манай компаниас зээл авахаар хүсэлт гаргаж, зээл хүсэгчийн материал судлуулж байгаагүй болно.

3.2. “В” ХХК нь нэхэмжлэлд дурдсан Г- гэх нэр бүхий 5011080214 тоот данс руу шилжүүлэг хийгээгүй болно.

3.3. Манай компани нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд иргэн А-, Б- нартай ямар нэг гэрээ байгуулж, байгаагүй болно. Өөрөөр хэлбэл, халхавчлагдсан гэрээ байхгүй болно.

Иймд “В” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.5-ыг баримтлан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн иргэн А-, Г- нарын хооронд байгуулагдсан бүртгэлийн 2405 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон мөн өдрийн Түрээсийн гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн иргэн Б-, Г- нарын хооронд байгуулагдсан бүртгэлийн 682 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, орон сууцнуудын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Г-од даалгаж,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан “В” ХХК-аас 27,978,000 төгрөгийг гаргуулж А-, Б- нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,045,690 төгрөгийг улсын орлогод үлдээж, тэмдэгтийн хураамжинд хариуцагч Г-оос 1,747,850 төгрөг, хариуцагч “В” ХХК-аас 297,840 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 5а-д “...бусдад мөнгө яаралтай хэрэг болсныг далимдуулан орон сууцыг нь өөрийн өмчлөлд шилжүүлж авч, түүнийгээ хожим ашиглахыг завдаж буй” гэжээ. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар орон сууц худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

5.2. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна" гэж заасан бөгөөд хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан барьцааны гэрээ авагдаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “...зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.3-д “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” байна гэж дүгнээд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2405 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Түрээсийн гэрээ”, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 682 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”- г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсон нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Хариуцагч “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Манай компани Г-той зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Компанийн дансанд мөнгө орж ирсэн нь Г-ын зээлийн эргэн төлөлт гэж ойлгосон. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар компаниас 27,978,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. 2019-2021 он хүртэл 2 жилийн хугацаанд үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан бол худалдаж авсан эд хөрөнгөө шаардах эрхтэй. Үүнээс үзэхэд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй болох нь харагддаг.

6.2. Мөн “В” ХХК-ийн ажилтан А-тэй харьцсан чатанд үзлэг хийлгэсэн. Уг чатанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг явуулсан, цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлтийн хугацаа сунгуулах хүсэлтээ явуулах тухай харьцсан. “В” ХХК-ийн захирал Г-ын хүсэлтээр бичсэн гэдгийг гэрч мэдүүлдэг. Тиймээс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, “В” ХХК-ийн данс руу зээлийн эргэн төлөлтийг шилжүүлсэн.

6.3. “В” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Монгол Улсын хууль, журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй хуулийн этгээд байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэдэг нь тогтоогддог.

6.4. Иргэн Г-оос А-, Б- нарын данс руу мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Харин санхүүгийн баримтуудаар “В” ХХК-ийн данснаас А-ийн данс руу мөнгө шилжүүлсэн баримт байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, бодитой, эргэлзээгүй үнэлж, дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч А-, Б- нар нь хариуцагч “В” ХХК, Г- нарт тус тус холбогдуулж 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн болон мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Түрээсийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцнуудын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Г-од даалгах,  хариуцагч “В” ХХК-аас зээлийн хүүд төлсөн 27,978,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1 хх 9-10, 15-16, 19-20 дахь тал/

 

3.1. А- болон Г- нар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Г- Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, ** дугаар байрны ** тоот, *** м.кв талбайтай, ** өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, уг орон сууцны өмчлөх эрхийг Г-ын нэр дээр мөн өдөр бүртгэж, гэрчилгээ олгогдсон. /1 хх 59 дэх тал/

Мөн Б- болон Г- нар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Худалдах, худалдах авах гэрээг байгуулж, Г- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн тойруу гудамж ** байр, ** тоот хаягт байршилтай ** м.кв талбайтай, ** өрөө орон сууцыг 120,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тус тус тохиролцож, уг орон сууцны өмчлөх эрхийг Г-ын нэр дээр мөн өдөр бүртгэж, гэрчилгээ олгогджээ. /1 хх 60 дахь тал/

Г- нь мөн өдрөө А-ээс худалдаж авсан орон сууцыг өөрт нь хөлслөхөөр тохиролцож “түрээсийн гэрээ” гэх нэртэй гэрээг байгуулж, орон сууц хөлслөх гэрээний хөлсийг сарын 2,900,000 төгрөг гэж тохиролцсон байна.

 

3.2. А-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 100,000,000 төгрөг, Б-той байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 120,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нар зээлийн гэрээний дагуу хүлээж авсан гэж тайлбарласан ба А-ийн дүү Г-ийн дансанд орж ирсэн 100,000,000 төгрөгийн зориулалтыг “финансаас зээл” гэж тодорхойлж “Э” ХХК-аас шилжүүлжээ.

Иймд “Э” ХХК-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулах байжээ. Хариуцагч Г- нь гуравдагч этгээдээр худалдах, худалдан авах гэрээний үнийг төлүүлэх боломжтой боловч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн “Э” ХХК нь гүйлгээний утгыг “зээл” гэж тодорхойлсон байгааг тодруулах учиртай.

Гэрч Т-гийн өгсөн мэдүүлэгт: “[фэйсбүүк хаяг] лхагваат, [“В” компанид] зээлийн эдийн засагч ажилтай. ... манай Баярцогт захирал тухайн хүн рүү би авлагатай чи наад хүнээс мөнгөө нэхээд аваад өг гэж хэлэхээр нь би зээлийн график зохиож хувийн чатаараа явуулсан. ... нест групп дотор В багтаж байгаа. ...”, А-ийн “Enkhbileg Vandan” гэх нэртэй нүүр номын хуудас /facebook/, “Лхагваа Т.” гэх хаягтай нүүр номын хуудас /facebook/ дахь цахим зурвас /messenger/-т хийсэн үзлэгээр Лхагваа Т.-ээс 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “сайн байна уу? “В” ХХК зээлийн байгууллагаас холбогдож байна. Та зээлээ сунгуулах хүсэлтэй бол Зээлийн гэрээний дугаар зээл авсан өдөр зээлийн хэмжээ овог нэр бүтнээр сунгах болсон шалтгаан сунгах хугацаагаа бичээд хүсэлтээ Нe гэсэн хаяг руу илгээнэ үү. Асуух зүйл гарвал ийшээ холбогдоно уу”, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Д- 280 дугаартай, Б- 266 Та ах яаралтай хүсэлтээ явуулахгүй бол барьцаа хөрөнгө эдрийг хурааж авч болно гэсэн үг шүү” гэж илгээжээ.

Н” гэх нүүр хуудас /facebook/ дахь цахим зурвас /messenger/-т хийсэн үзлэгээр А-ээс илгээсэн зээлийн гэрээ сунгах хүсэлтэд “Хүсэлтийг хүлээн авлаа. 1 сараар сунгав” гэсэн хариу илгээгдсэн байна.

Иймд “Н” гэх нүүр хуудас хэний эзэмшлийн болохыг тодорхойлох нь маргааны үйл баримтыг зөв тогтооход ач холбогдолтой тул тодруулах ажиллагааг анхан шатны шүүх явуулаагүй байна.  

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 165 дугаар зүйлийн 165.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/03585 шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г-ын төлсөн 2,067,263 төгрөгийг, хариуцагч “В” ХХК-ийн төлсөн 297,840 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ш.ОЮУНХАНД                                            

         ШҮҮГЧИД                                             М.БАЯСГАЛАН                                                                                            

Э.ЗОЛЗАЯА