Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2023/00015

 

Нэхэмжлэгч Г.З, Ц.Э

                  нарын нэхэмжлэлтэй, хариуцагч О аймаг дахь

                                Цгийн газар, Ц.М,

“Т” ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/01643 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.З, Ц.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ОАЦГ,

Хариуцагч: Ц.М,

Хариуцагч: “Т” ХХК нарт холбогдох,

“Гэм хорын хохиролд 2.100.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Г.З, Ц.Э нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.З, Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н/цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б/цахимаар/, нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.З, Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие Г овогтой Знь 2022 оны 7 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 00:30 минутын орчим Есүсийн сүмээс урагш уруудаад машинаа унаад явж байхад тухайн үед замын зохицуулагч хийж байсан Ц.М нь намайг зогсоож машин ачуулах болоход би машиныхаа дотор гаднах гэрлүүдээ унтраамаар байна, огцом зүүн тийш эргэгдсэн дугуйнуудаа жолооныхоо хүрдээр тэгшлье, машинаа түгжье гэхэд бушуул, бушуул, алив хурдал гэсээр гэрлүүдээ унтрааж, дугуйгаа тэгшилж, машинаа түгжиж амжилгүй намайг тэвдүүлж сандраагаад миний эд хөрөнгөтэй хайхрамжгүй хариуцлагагүй хандсны улмаас 2 сая төгрөгийн үнэ бүхий машины өөрийх нь багажинд дэвсэх зориулалттай том хар резинэн дэвсгэр алдагдсан. Мөн байцаагч Мо.Э нь хэрэг гарсны маргааш нь буюу 7 дугаар сарын 12-ндоо машинаа журмын хашаанаас эргүүлж авах зөвшөөрлийг нь олгох байтал цагтаа олгоогүйн улмаас миний машин журмын хашаанд 18 хоног буюу 7 дугаар сарын 29-нийг хүртэл зогсож 100 мянган төгрөгийн төлбөрийн хохирол учирсан. Иймд ОАЦГт ажилладаг замын Цгийн зохицуулагч Ц.М, байцаагч Мо.Э нар нь нийт 2 сая 100 мянган төгрөгийн эд хөрөнгийн хохирол надад учруулсан тул миний хохирлыг яаралтай барагдуулж өгнө үү гэжээ. Миний бие Г.З нь О аймгийн Цгийн газрын шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцаад дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Мөнх-Эрдэнэ нь О аймгийн замын Цгийн газрын замын зохицуулагч офицер цолтойгоор ажилладаг гэж ойлгож байна. Гэтэл Ц.М гэдэг хүн ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа миний хүсээд байсан машинаа түгжье, дугуйгаа тэгшлье, гэрлээ унтраая, багажаасаа дутуу хүтүүгээ авъя гэсэн хүсэлтүүдийг хүлээн авах нь битгий хэл багажаасаа юмаа авч амжаагүй байхад машины урд талын эхний 2 дугуйг ачдаг машин дээр гаргачихсан, одоо ачлаа машинаас холд гээд зандарч тушаасны улмаас, журмын хашаа руу хийлгэсний улмаас одоо энэ хохирол учраад байна. Тийм учраас би Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг ажилладаг албан газраар нь Цгийн газар гэж нэхэмжлэл гаргасан. Мэдээж тухайн үед би юмаа аваад машиныхаа хаалгаа түгжсэн бол надад ийм эд хөрөнгийг хохирол учрахгүй байсан. Тийм учраас би өөрийнхөө энэ зөрчигдсөн эрх ашгаа буюу эд хөрөнгөөрөө зөрчигдсөн эрх ашгаа хамгаалж бүрэн төлүүлмээр байна. Иймд би хохирсон эрх ашгаа иргэний журмаар шийдүүлэх гэж нэхэмжлэл гаргасан. Энэ нь намайг буруутгах үндэслэлгүй гэжээ.

ОАЦГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжпэгч Г.Знийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Иргэн Г.З тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдахдаа О аймаг дахь Цгийн газрын алба хаагч болох Ц.М, Мо.Э нарын буруутай үйл ажиллагааны улмаас өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн 2 сая төгрөгийн үнэ бүхий шалавч алга болсон, тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд 18 хоног журамлагдсан төлбөр 100 мянган төгрөгийг тус тус нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт Иргэний эрхийг дараах аргаар хамгаална гээд хамгаалалтын аргуудыг зааж өгсөн. Нэхэмжпэлийн шаардлагаас үзвэл Цгийн байгууллага иргэний хооронд ямар эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргаан үүссэн нь тодорхойгүй, хуульд заасан ямар эрх нь зөрчигдөөд түүнийгээ хуулийн аль заалтын дагуу хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн төрийн албан хаагчдыг буруутай гэж шууд өөрөө нэхэмжлэлдээ тодорхойлсон атлаа түүний ажилладаг байгууллагыг хариуцагчаар татан нэхэмжпэл гаргаж байгаа нь хууль бус бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэлд дурдагдаад байгаа албан хаагчдын буруутай үйл ажиллагааг тогтоосон баримт байхгүй. Цгийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Цгийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн зохицуулсан бөгөөд тээврийн хэрэгслийг түр саатуулах чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, гэрээний үндсэн дээр өөр хуулийн этгээд уг үүргийг гүйцэтгэж, саатуулагдсан тээврийн хэрэгслийн хадгалалт хамгаалалтыг тухайн этгээд хариуцдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гээд 65.1.11 дэх заалтад энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал хүлээж авахаас татгалзана гэснийг зөрчжээ. Иймд О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 Миний бие Т.С нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед замын Ц Ц.М дуудлага өгч Молор-Эрдэнэ буудлын зүүн талын тойрог дээр очсон. 3188 УБЯ машиныг ачна гэсэн одоо хүмүүс ирж дотроос нь ачаагаа авна, наанаа хүлээж бай гэсэн. 20 минут орчмын дараа нэг машин ирж ачаа бараагаа буулгаж, шилжүүлж ачсан, тэгээд Ц.М Ц ирж дотор заалны гэрэл унтраалгаж, хаалга үүдийг нь цоожлуулаад уг машиныг ачуулаад явуулсан, Эко хорооллын урд зам дээр явж байхад утас дуугарч Ц.М Ц машинаасаа дахиад юм авна гэнэ очихоор нь юмыг нь авахуулаарай гэж хэлсэн, удалгүй ирж юмаа авсан. Тэгээд уг машин 07 дугаар сарын 29-ний өдөр байцаагч Эын зөвшөөрлөөр гарсан. Гарах үедээ машины дугуй бага зэрэг дараатай байхад ачсан гэсэн. Би зүгээр гэдгийг нь хэлсэн. Машиныг нь унаж шалгаад өөрт нь хүлээлгэж өгсөн. Машинаа бүрэн бүтэн хүлээж авсан, гарын үсгээ зураад аваад явсан. Тухайн үед машинд юм алга болсон гэж хэлээгүй, хэлсэн бол тэр үед нь зохих журмын дагуу шалгуулах байсан гэжээ.

Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ц.М би 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ахлах ахлагч Т.Төгсболдын хамт 24 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Х баг 19 дүгээр цэцэрлэгийн замд иргэн Г.Знийг зогсоож шалгахад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх тул 7510 драгер багажаар үлээлгэж шалгахад 0.46%-ийн согтолттой гарсан тул жолоочийн тээврийн хэрэгслийг өөрийг нь хажууд байлгаж байгаад машин дотроос авах хэрэгтэй юмнуудаа авч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгуулж ачигч машинаар түр саатуулах байранд хүргэгдсэн гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд өгсөн дүгнэлтдээ:

Г.З согтууруулах ундаа хэрэглэсэн нь драйгераар 0,46-тай илэрсэн байна. Ц.М худал хэлж гарын үсэг зуруулсан нь үнэн үү, эд зүйлээ шалгаагүй, сүүлд 7 сарын 30-нд мэдсэн. Энэ хэргийг харахад нэхэмжлэгчийн талд шийдвэр гарах нь тодорхой бус гэж харж байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/01643 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д заасныг баримтлан О аймгийн Цгийн газар, Түнт хүрээ ХХК, Ц.М нарт холбогдох 200.000 төгрөг гаргуулах тухай Г.З, Ц.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 48 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.З, Ц.Э нар шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.13-ны өдрийн №01643 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1,-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй” гэсэн дүгнэлт хийжээ. Шүүх хуралд хамтран нэхэмжлэгч Энхтүвшингийн тайлбарыг нотлогдоогүй гэсэн мөртлөө, гэрч болон хариуцагчийн тайлбаруудын зөрүү, хариуцагч тайлбараа хэрхэн яаж нотолсон; мөн шүүх хурал дээр авч үзэх байсан “Т” ХХК журмын хашаа О аймгийн Цгийн газартай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний заалтуудыг хэрхэн бодит байдалд хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хэсэггүй тул 2022.12.13-ны өдрийн шүүхийн №01643 тоот дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Г.З, Ц.Э нар нь хариуцагч ОАЦГ, Ц.М, “Т” ХХК-д  холбогдуулан  “Гэм хорын хохиролд 2.100.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 200.000 төгрөг болгон бууруулжээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д заасныг баримтлан О аймгийн Цгийн газар, Түнт хүрээ ХХК, Ц.М нарт холбогдох 200 000 төгрөг гаргуулах Г.З, Ц.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Г.З 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ О аймгийн Бсум Х багийн нутаг дэвсгэрт  Renault capur маркийн 31-88 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагджээ. О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргасныг тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний  өдрийн 676 дугаар шийтгэврээр дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 19-ний  өдрийн 676 дугаар шийтгэврийн талаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Г  дүгнэлтдээ: Резинэн дэвсгэр байсан эсэх нь мэдэгдэхгүй байна, нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргах нь тодорхой бус гэсэн дүгнэлт гаргажээ. 

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.З, Ц.Э нар шүүхийн “...шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү..” гэсэн агуулгатай давж заалдсан  гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “ өөрийн шаардлагын  үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ нэхэмжлэгч нар биелүүлээгүй болно.

 

Нэхэмжлэгч Г.З, Ц.Э нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

 

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6650 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/01643 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.З, Ц.Э нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162  зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Г.З, Ц.Э нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6650 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                            С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Б.БАТТӨР