| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0202/Э |
| Дугаар | 213 |
| Огноо | 2018-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: М.П нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овгийн Мын Пд холбогдох 1812002470203 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М овгийн Мын П /РД:а/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Их булагийн давааны ар гэх газар иргэн А.М хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч А.Мн өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд сумын төвийн сургуулийн зааланд тоглож байгаад гарч ирэхэд сургуулийн гадаа микро дотор Б, И, П, Б гэж дууддаг залуу нар пиво уугаад халамцуухан байж байхаар нь тэд нартай уулзаж мэнд мэдээд салаад зааланд хамт тоглож байсан Т, С хоёрын машинд суугаад Б гэх айлын гадаа очоод байж байхад сургуулийн гадаа байсан нөгөө микротой хэд ирээд надтай уулзаад бид нар бөөндөө хөдөө явж пиво уух гэж байна гэсэн тэгэхээр нь би цөмөөрөө хөдөө яваад яахав, энэ хавиараа пиво ууя гэхэд хөдөө явъя гэсээр байгаад хөдөө явахаар болж Б-гийн машинтай Хотонт сумын Их булагийн давааны ард нутагладаг Жгэх Пгийн таньдаг айлд ирцгээсэн. Бид нарыг Ж гэх айлд ирэхэд гэрийн эзэн Ж, Э, тэгээд бас нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд бид нар тухайн айлд ирээд 2 том пиво миний мэдэхээр уусан. Пиво ууж байхад П гэх залуу над руу хандаж агсараад чи тамгын газарт ажилладаг, чи тамгын газар ажилладаг байхаараа яадаг юм, чи яасан том юм бэ хоёулаа зодолдъё гээд дайраад байсан. Тэгсэн гэрт байсан хүмүүс бид хоёрыг салгаад больцгоо гээд байсан. Тэгтэл П надад хандаад хоёулаа зүгээр гараад уулзая, учраа ольё гэхээр нь би зөвшөөрч бид хоёр хоёуланхаа гэрээс гарахад П шууд намайг заамдаад авсан. Тэгээд би бас заамдаж аваад бид хоёр заамдалцаад газарт унасан. Тэгсэн ганцхан хөдлөөд миний дээр гарч нэг гараар заамдаад, нөгөө гараараа миний нүд хэсэгт нэг удаа цохисон. Тэгсэн харин гэрт байсан хүмүүсээс гарч ирээд Пг салгаад авсан. Тэр үед миний нүд хавдаад юу ч харахаа больсон. Тэгээд бид нар нөгөө айлаасаа гараад микротойгоо сумын төвд ирцгээж, би сумын эмнэлэг ороод аймагт хэвтсэн. Пг зүс л таньдаг, түүнээс найз нөхөдийн харилцаа холбоо байхгүй. П л гараараа миний нүүр рүү цохисон. Бид хоёр сар гарангийн өмнө нэг маргалдаж байсан. Тэр үед зодоон цохион огт болоогүй, салсан. Харин сая маргах болсон шалтгаан нь өмнө маргалдсандаа П юм бодож байгаад над руу дайрсан байх. Тухайн үед би Пг бодвол эрүүл шахуу байсан учраас би Пг огт цохиогүй. Харин П эд нар надтай уулзахаасаа өмнө нь нэлээн уусан байсан. Яг намайг цохих үед бид хоёр гадаа хоёуланхаа байсан. Харин гадаа пижигнэлдсэний дараа гэрээс хүмүүс гарч ирцгээж Пг салгаж авсан. Миний биеийн толгой хэсэг буюу нүдний орчимд гэмтэл учирч зүүн хөмсөг сэтэрч, нүд битүү хавдаж юм харахгүй байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би Улаанбаатар хот орж тархины нарийвчилсан зураг авахуулна, мөн шүдээ эмчлүүлж, эм тан, тэгээд наашаа цаашаа явсан бусад зардлыг нэхэмжлэх хүсэлттэй байна...Би гуравдугаар шатлалын эмнэлэг явж биеэ үзүүлэхгүй, нэмэлтээр шинжилгээ хийлгэхгүй, Зодуулсны улмаас миний нүдний хараа жаахан муудсан юм шиг байна, тэрнээс биш, онцын өөр илт мэдэгдэх гэмтэл бэртэл байхгүй, биеийн байдал хэвийн байгаа. Би анх мэдүүлэг өгөхдөө биеийн байдал муу зарим зүйлийг сайн санахгүй байсан, Тэгээд Жгэх айлд эмэгтэй хүн байсан гэж хэлсэн байна. Бид нарыг Жгэх айлд очих үед эмэгтэй хүн огт байхгүй байсан харин П, Э, Бат-Эрдэнэ, И, Б Жбид хэд байсан. Одоогийн байдлаар би эмнэлэг наашаа цаашаа явсан гээд нийт 500.000 төгрөгийн зардал гарсан байгаа. Птэй уулзаад дахиад цаашаа эмнэлгээр явж үзүүлэх мөнгөө хоорондоо тохиролцох юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би гарсан зардлын баримтуудаа бүрдүүлээд хавтаст хэрэгт хавсаргаж өгөх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 27-29 дүгээр хуу/
Гэрч О.Г өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймаг руу ажлаар яваад тэнд байж байхад буюу 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр М Архангай аймгийн эмнэлэг дээр ирсэн. Тэгээд би нөхөртэйгээ уулзахад түүний зүүн талын нүд хавдаад аймаар хөхөрсөн, нээгдэхгүй байсан, бас баруун нүд нь хавдсан хамар нь мурийсан байсан. Манай нөхөрт янз бүрийн ааш авир гэхээр зүйл байхгүй, төлөв даруу зантай хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуу/
Гэрч Б.Бийн өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би өөрийн найз Пгийн хамт явж байгаад найз болох И руу залгахад Мн гадаа байна гэхээр нь бид хоёр яваад очиход И, Б хоёр байсан. Тэгээд Банзрагч руу залгахад сургууль дээр байна, хүрээд ир гэхээр нь бид дөрөв сургуулийн гадаа ирэхэд сургууль дотроос Бай хамт М гарч ирсэн. Түүний дараа бид нар Бийн гадаа очихоор болж Б М хоёр Тунгаагийн машинд суугаад Банзрагчийнх руу яваад араас нь бид хэд дагаад ирэхэд жижиг тэрэг нь яваад М, Б хоёр буусан зогсож байсан. Тэгээд миний машинд орж ирээд 1 ширхэг, 0.75 граммын экс архи хувааж ууцгаагаад Б, М, Б гурав машинаас буугаад үлдэх болсон. Тэгсэн гэнэт Бат-Эрдэнэ машинд буцаж суугаад араас нь М суусан. Тэр үед И, П бид гурав Жгэх айлд ямаа самнаж өгөх байсан тул М, Б хоёрыг дагуулаад хамт тухайн айлд очсон. Ж-гийнд бид нарыг ирэхэд тэдний гэрт Ж, Э хоёр байсан. Тэгээд миний машинд айлд ирэхдээ хоосон ирээд яахав гээд 2 том пиво, 1 ерөөл архи авсан байсангаа гаргаж задалсан....01 цагийн орчимд намайг сэрээгээд П, М хоёр маргалдаад П, М хоёр гэрээс гараад төд удалгүй буцаж орж ирэх үедээ Мын нүд нь хавдаад ороод ирлээ сумын төв явах хэрэг байна гээд Жгэх айлаас И, М, Б бид дөрөв сумын төвд ирж М-тыг гэрт нь буулгаж өгсөн. Намайг сэрэх үед М-ын нэг талынх нь нүдний хөмсөгний тэр хавиас цус гарсан, нүд нь сумын төв ирж байх үед хавдсан. Харин Пгийн дээлнийх нь энгэр урагдсан нүд ам нүүрэнд нь ил харагдах ямар нэгэн шарх сорви цус зэрэг зүйл анзаарагдаагүй. Пгийн хувьд төлөв даруу зантай, ер нь бол нээх хүнтэй зодоон хийгээд хүнтэй маргалдаад байдаг хүн бол биш, харин тухайн үед юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй, ойлгохгүй байна. Мөнхбат Пг зодож цохисон зүйл болоогүй. Миний ойлгосноор урьд өмнө нь П айлд байшингийн засвар хийж байх үед нь М согтуу орж ирээд 4-5 хүн хамт байж байхад зөвхөн П рүү хандаад би захиргаанд ажилладаг гээд түүн рүү дайраад агсараад байсан гэж би сонссон, тухайн зүйлээс болж саяны явдалд тэр хоёр маргалдсан байж магадгүй гэж би бодож байна. Тэр хоёрыг маргалдах үед тэр хоёроос өөр хүн хоорондоо маргалдсан зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуу/
Гэрч Б.Иын өгсөн:...П, М хоёрыг гэрээс гарах үед хамт гарсан хүн байхгүй. Тэр хоёр гараад буцаад ороод ирсэн. М-тын нүдний хөмсөг орчимоос цус гарсан, хавдаж барьсан зүйл мэдэгдэхгүй байсан, харин Пгийн биед ил харагдах ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй мөртлөө дээлнийх нь энгэр урагдсан байсан. П дөлгөөн, олон таван үг байхгүй, хүнтэй маргалдаад зодолдоод байхаар хүн биш. Манай М бол хөнгөн талдаа хүн байгаа юм. М Пг цохиж, зодсон зүйл болоогүй. М П хоёр бие биенийхээ хэлсэн үгийг даахгүй, маргаснаас болж бие биенийгээ гэмтээсэн. Тэр хоёр хоёулаа гэрээс гарсан учраас цохисныг нь бол харсан хүн байхгүй. Мөн гэрээс гараад буцаад л бараг ороод ирсэн дуу чимээ гэхээр зүйл огт сонсогдоогүй, тэр битгий хэл чанга дугарсан зүйл болоогүй. П, М хоёр нэлээн согтуу, бид нар ч гэсэн нэлээн согтуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуу/
Гэрч Э.Тийн өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б-ийн гэрийн гаднаас М-ыг аваад зааланд хамт тоглож байгаад буцаагаад Б-ийн гэрт аваачиж өгөөд явсан. Бид нар уулзсанаасаа хойш огт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. М-тай найз нөхөдийн харилцаа холбоо байхгүй учраас зан аашны талаар мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дүгээр хуу/
Гэрч Б.Бийн өгсөн:...И, Б, Б, П нар нь машинтай ирсэн байсан. Тэгээд машинд нь М бид хоёрыг суух үед нэг шил архи задалсан, архи задлах үед П Мд хандаад чи дээр юу гээд байлаа, захиргаанд ажилладаг гэлүү гэж зүгээр энгийн байдлаар түүнд хэлж байсан. Тэр үед надтай хамт явж байсан машины жолооч сургуулиас гарч ирээд М бид хоёрыг аваад би гэртээ ирсэн. Тэр үед бид хоёрын машины араас И, П эд нар дагаад ирэхээр нь бид нар машинд орж суусан. Тэгсэн дахиад нөгөө архинаасаа нэг аягалаад өгөхөөр нь амсаад гэртээ орох гээд ганцаараа буугаад явсан. Харин М тэр хэдтэй хамт үлдсэн. И, П нарыг архи уусан байсанг бол мэдээгүй, нүдээр харахад эрүүл шахуу байцгаасан. П бид хоёр арван жилд нэг ангид байж байгаад 3 дугаар ангиасаа манай ангиас гарсан. Гэхдээ бол би түүнийг сайн мэдэхгүй. Зан байдлыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Харин Мын хувьд хөнгөн, их том яриатай, танихгүй хүн бол түүнийг буруугаар ойлгохоор хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуу/
Гэрч С.Бийн өгсөн:...М П хоёр гэрээс гараад орж ирэх үед Мын хөмсөг орчмоос цус гарсан, хавдсан байсан. Харин Пгийн дээлнийх нь суганы товч ханзарсан байсан. Өөр бусад нүүр ам энэ тэнд бол ямар нэгэн гэмтэл бэртэл огт учраагүй байсан. М бол Пд огт гар хүрч амжаагүй, тэр хоёр маргалдаад гэрт орж ирээд эвлэрэх үедээ өөрсдөө тэгж ярьж байсан. П эрүүл үедээ ямар нэгэн илүү дутуу зан байхгүй байх, харин согтуудаа нэлээн агсан байрын санагдсан. Мын хувьд төлөв томоотой, хүнтэй маргалдаад байхаар хүн биш... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуу/
Гэрч Ж.Аийн өгсөн:...П бид хоёр ханилаад 5 жил болж байна. Би өөрийн нөхөртэйгээ 2018 оны 03 дугаар сард маргалдаад Улаанбаатар хот яваад байж байхад манай нөхөр 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр миний араас намайг, хүүхдүүдээ авах гэж ирээд Улаанбаатар хотод манай нөхөрт ажил олдсон юм. Тэгээд нөхөр маань хотод ажил хийхээр үлдсэн. Би тэгээд буцаад Хотонт суманд 2018 оны 05 дугаар сарын 30-ны үеэр ирсэн. Манай нөхөр надтай уулзахдаа хүнтэй маргалдсан гэж ярьж байсан. Гэхдээ нөхөр бид хоёр ажилгүй, хүүхдийн бие муу өвчтэй эм тарианы мөнгө байхгүй учраас яалт ч үгүй ажил хийхээс өөр замгүй байсан. Манай нөхөр Хотонт суманд буцаж ирсэн бол ажил олдохгүй мөнгө төгрөг хэцүү байдаг юм. Пг цагдаагийн газар шалгагдаж байгаа талаар найз нөхдөөс нь сонссон. Гэхдээ бол санаатай зугтсан зүйл болоогүй. Хүүхэддээ эм тарианы мөнгө олох санаатай хотод ажил олдохоор нь хийж байгаа, түүнээс өөр зүйлгүй. Пгийн хувьд архи дарс хэрэглээд байдаггүй, төлөв томоотой, үнэнч шударга, хүнд тусархуу, нийтэч ер нь бол хорхойд хоргүй байгаа юм. Би нөхрөөсөө болсон асуудлын талаар сонсоход зодуулсан гэх залуу нь өөрөө эхэлж агсараад гэрээс гараад манай нөхрийг түрүүлж газар унагаасан гэж ярьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуу/
М.Пгийн яллагдагчаар өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бид нар сумын төвд явж байгаад хоорондоо таарцгаасан. Тэгээд бүгд халамцуу явж байсан болохоор хөдөө гарч Жавхаагийнд архи ууя гэж яваад тэдний гэрт очоод архи ууцгаагаад нэлээн их согтсон байсан. Тэгээд М бид хоёр ялихгүй зүйл дээрээс болж хоорондоо маргалдаад Жгэх айлаас М бид хоёр хамт гараад би түүний хүзүүгээр тэвэрсэн хууч хөөрөөд явж байхад М намайг хавираад бид хоёр газар хамт унасан. Харин унах үедээ би дээр нь унасан учраас уурандаа гараараа нэг удаа цохисон. Харанхуй байсан учраас хаана нь цохисон талаар би сайн мэдэхгүй байна. Түүнээс хойш 2 хоногийн дараа Улаанбаатар хот явж ажил хийсэн. Би Мтай уулзаж өөрийнхөө бурууг ойлгож түүнд эмчилгээний зардал гэж 500.000 төгрөг өгсөн. Одоо бид хоёрын хооронд ямар нэгэн гомдол санал байхгүй учраас хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Би хөдөө ганц гэрээрээ байдаг, эхнэр сумын төвд хүүхдээ хардаг. Манай хүү унаж татдаг өвчтэй байдаг. Тиймээс тухайн хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 201 дугаартай дүгнэлт:
1. А.Мын биед тархи доргилт, баруун ба зүүн нүдний дээд, доод зовхинд хамрын угт зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зүүн нүдний алимны салстанд цус хуралт, зүүн хөмсөгний гадна талд шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Гэмтлүүдийн шинж байдлаас харахад тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
5. Хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
6. Гуравдугаар шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуу/
М.Пгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75 дугаар хуу/
Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 83-84 дүгээр хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 76-77 дугаар хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 86-87 дугаар хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Пд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.П нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Их булагийн давааны ар гэх газар хохирогч А.Мй согтуугаар маргалдан нүүрэнд нь цохиж, түүний биед тархи доргилт, баруун ба зүүн нүдний дээд, доод зовхинд хамрын угт зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зүүн нүдний алимны салстанд цус хуралт, зүүн хөмсөгний гадна талд 3.3 х 02 см хэмжээтэй шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч М.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч А.М, гэрч О.Г, Б.Б, Б.И Э.Т, Б.Б, Б.Б, Ж.Аг нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 201 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч М.П нь хохирогч А.Мыг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 201 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул М.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас М.Пгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн үндэслэлтэй байна.
Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 89-92 дүгээр хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч М.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч М.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч А.М нь хавтаст хэргийн материал танилцуулах үед “гомдол санал байхгүй” гэсэн /хх-ийн 86 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн М Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан М.П нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.П нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.П нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ