Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2023/00016

 

 М.Бы нэхэмжлэлтэй,

 хариуцагч А.Пд холбогдох

 иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/01661 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Бы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Пд холбогдох,

“6.500.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мгийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Р.П нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хашаа байшингийн зээлээ төлж хүчрэхгүй байна гэсэн юм. 6.500.000 төгрөг зээлээч гэхэд нь би Төрийн банкинд байршуулсан өөрийн хадгаламжаас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Р.Пын хамт Эрдэнэт хот дахь Төрийн банкны салбараас 6.500.000 төгрөгийг өөрийн хадгаламжаас бэлнээр авч гарч ирэн Р.Пын машинд орон бэлнээр 6.500.000 төгрөгийг Р.Пд өгсөн мөн мөнгийг бэлнээр өгч байх үед гэрч А.Цэнд-Аюуш харсан Р.П нь мөнгө зээлж байх хугацаанд 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр буцаан төлнө гэж 6.500.000 төгрөгийг зээлсэн боловч зээлсэн мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүртэл явж байна. Иймд Р.Пын зээлсэн 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Хариуцагч Р.П нь 2021 оны 10 сард М.Б миний бие хүргэнээр очиж бага охинтой нь үерхэн амьдрах хүсэлтэй байтал хадам ээж болох П дургүйцэн янз бүрийн ааш авир гарган сэтгэл санааны дарамт үзүүлж мөн толгой болон бие рүү цохиж байсан удаатай ийм байдалтай 3 сар Пд дарамтлуулж тэвчиж байсан. Мөн би бага охинтой нь үерхэж байхдаа Өмнөговь аймаг хилийн цэргийн 0166 дугаар ангид гэрээт цэргээр ажиллаж цаашид ахлагч болох хүсэлтэй байтал хадмууд болох П нөхрийн хамт Эрдэнэтэд цагдаагийн ахлагчаар оруулж өгч чадна хэмээн ажлаас гарган миний цаашдын ирээдүйг алж ажилгүй болгон миний дансанд байсан мөнгийг зээлсэн. Намайг ашиглан ажилгүй болгон миний ирээдүйгээр тоглосон. Иймд миний бие эд хөрөнгө болон сэтгэл санааны хувьд хохиролтой байгаа тул Р.Паас миний 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Б шүүх хурадаанд гаргасан тайлбартаа:

2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн А.П нь хашаа байшингийн зээл 6.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй түүнийхээ 6.500.000 төгрөгийг надаас зээлж хашаа байшингийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж 4 сард буцаан хашаа байшингаа барьцаанд тавьж зээл авч буцааж өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна. Тиймээс энэ хүнээс 6.500.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Р.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б нь 2021 оны 10 дугаар сард манай бага охины найз залуу болон хүргэн болж манайд анх ирсэн. 2022 оны 1 сард охиныг маань 3 сартай жирэмсэн байхад нь Баянхонгор яваад ирнэ ээ гэж яваад өдийг болтол ирээгүй ба ажил төрлөө хийгээд явж байсан охины маань амьдарлаар нь бүрэн тоглоод алга болсон хүн. Одоо охин маань хүүхдээ хараад гэртээ байгаа ба 3 сартай нялх манай гэр бүлд өсөн торниж байна. М.Бы нэхээд байгаа мөнгийг бид бүгдээрээ ярилцаж зөвлөж байгаад шийдсэн. Буцаан өгөхдөө та хоёрыг тусдаа гараад хашаа байшин авахаар чинь өгнө үгүй бол хашаа байшингийн лизинг авахаар нь урьдчилгаа мөнгийг нь өгье гэж ярьж тохироод авсан. Иймд манай гэр бүлийн хүн ажилгүй группд байдаг сургуулийн насны 2 хүүхэдтэй охин маань ажилгүй гэртээ хүүхдээ хараад байж байдаг. Би ганцаараа ажил хийж гэр бүлийн хэрэгцээ нялх хүүхдийнхээ хэрэгцээг чадан ядан залгуулдаг дээр нь Төрийн банкинд цалингийн зээлтэй ББСБ-д хашаа байшингийн зээлтэй байгаа. Хэрвээ тэр мөнгийг нь төлнө гэвэл М.Б нь хүүхдийнхээ тэтгэвэр тэтгэмжийг хуулийн дагуу тогтоолгож эцэг хүнийхээ үүргийг биелүүлсний дараа төлнө. Хэрвээ хүүхдийнхээ тэтгэвэр тэтгэмжийг төлөхөөс татгалзвал өөрийнх нь охины ирээдүйн сайн сайхны төлөө энэ мөнгө зарцуулагдана. Төрсөн охины минь амьдрал төрсөн охиноороо тоглоод гаргуунд нь хаяад явсан энэ хүн ямар нүүрээрээ мөнгө нэхэмжилж чаддаг байна. Би охиныхоо болон зээгийнхээ ирээдүйн амьдралд үнэхээр их санаа зовж байна. Маш их гомдолтой байна. Миний энэ байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Б нь манай хүргэн байсан юм. Охин минь төрсөн хүүхэд нь 5 сартай байгаа учраас гэрт ажилгүй байна. Тухайн үед та 2 гадаад явахад чинь хэрэгтэй тэр болтол надад зээлчих гээд 6,500,000 төгрөгийг авсан нь үнэн. Охин одоо 5 сартай жирэмсэн байна төрөөд ажилдаа ороход нь цалингийн зээл авч төлөх боломжтой Одоогоор нөхөр ажилгүй би ганцаараа гэртээ орлого олж байгаа учир төлөх боломжгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/01661 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Р.Паас 6.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Паас 118.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Р.Пд холбогдуулан 6.500.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15- ны өдрийн 142/ШШ2022/01661 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/01661 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэн, зөв эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдлыг шалган тогтоолгүйгээр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан болох нь дараах үндэслэлээр тогтоогдоно. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Р.Пын охин А.Цэнд-Аюуштай үерхэж нөхөрлөж дундаасаа хүүхэдтэй болж Р.Пын гэрт хамтран амьдарсан. Энэ хугацаанд гэр бүлээрээ бүх хүмүүс ярилцаж шийдэлд хүрсний дагуу өөрсдийн амьдрал ахуй, гэр бүлийн хэрэгцээнд зориулан дараа нь тусдаа гарахад нь байр авахаар тохиролцсон байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт “...Нэхэмжлэгч хариуцагчид 2021 оны 10 сард 6.500.000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна" гэж дүгнэсэн бөгөөд дан ганц нэхэмжлэгчийн тайлбараар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч Р.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа нь тухайн мөнгийг өөрийн өмчлөлд бэлнээр тоолж болон өөрийн зээмшлийн дансаар ч мөн хүлээн аваагүй гэдгээ тайлбарласан. Тодруулбал, уг мөнгийг хариуцагч Р.П нь зээлж бэлнээр аваагүй гэдгийг шүүхэд хангалттай тайлбарласан хэдий ч шүүх үүнийг огт харгалзаж үзээгүй. Хариуцагч нь энэхүү үндэслэлээ шүүх хуралдааны явцад “бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч М.Б нь миний охин А.Цэнд-Аюуштай 2021 оны 09 сараас эхлэн манай гэрт хамтдаа амьдарч, үр хүүхэдтэй болж, гэр бүл болоход өөрсдийн амьдрал ахуй, ирээдүйн гэр бүлийн хэрэгцээнд зориулан хэрэглэсэн," талаар дэлгэрэнгүй тайлбарласан боловч шүүх уг тайлбарыг огт харгалзаж үзээгүй, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүйгээр нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Бодит байдалд энэхүү маргаан бүхий 6.500.000 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрийн данснаас н.Батболдын Төрийн банкны данс руу шилжүүлсэн байдаг. Хариуцагчид бэлэн мөнгө өгсөн эсэх, эсхүл дансаар шилжүүлсэн эсэхийг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холболдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Хэрэв талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бол талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаарх нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нь нотлоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 -д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Р.Пын өмчлөлд мөнгө хөрөнгө шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, хэрвээ бэлнээр өгсөн эсэхийг нотлосон гэрчийн мэдүүлэг юм уу бусад холбогдох баримт байхгүй. Мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэлт тайлбар мөн шүүхэд гаргасан тайлбартаа “...2021 оны 11 сарын 02-ны өдөр бэлнээр өгсөн...” гэж цаг хугацааг хүртэл зөрүүтэй хэлсэн байдал зэргийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй болно. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/01661 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Р.Паас зээлүүлсэн 6.500.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Р.Пунсадпулам нь нэхэмжлэгч М.Быг хүүхдийнхээ тэтгэмжийг хуулийн дагуу тогтоолгож, эцэг хүнийхээ үүргийг биелүүлсний дараа төлнө гэсэн тайлбар гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Р.Пд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн банкин дахь өөрийн хадгаламжийн данснаас 6.500.000 төгрөг авч зээлээр өгсөн, хариуцагч Р.П нь мөнгийг авсан талаар маргаагүй, нэхэмжлэгч М.Быг охинтой нь үерхэж байгаад хүүхэдтэй болгоод орхиод явсан тул эцэг хүний үүргээ биелүүлэн хүүхдээ тэжээн тэтгэвэл мөнгийг нь өгнө гэсэн тайлбар гаргаж байсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.П нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар өгөөгүй, мөнгө авснаа үгүйсгээгүй байхад тухайн мөнгийг өөрийн өмчлөлд бэлнээр тоолж болон өөрийн эзэмшлийн дансаар ч мөнгө хүлээн аваагүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мгийн давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагчаас 6.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/01661 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.БАТТӨР

                                                    ШҮҮГЧ                                           С.УРАНЧИМЭГ