| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0206/Э |
| Дугаар | 217 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Я.Г, Т.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Я Г, Х овгийн Т С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Тийн С нарт холбогдох эрүүгийн 1812001810122 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Х овгийн Т С /РД:/
Бн овгийн Ян Г /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.С, Я.Г нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Бэлх гэх газраас иргэн Т-ын өмчлөлийн 2 тооны үхэрийг нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч Я.Г нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Цагаан улиас бага дүүхээ гэх газраас иргэн Б.А өмчлөлийн 1 тооны шүдлэн эр үхрийг нууцаар хууль бусаар хулгайлж 500.000 төгрөгийн, мөн 2017 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Өгийнуур болон Төвшрүүлэх сумын нутгийн зааг Тэмээн чулуу гэх газраас иргэн М.Гын 1 тооны шүдлэн үрээг нууцаар хууль бусаар хулгайлж 350.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан, яллагдагч Т.С нь Я.Гын 2017 оны 10 дугаар сарын эхээр Б.Аы өмчлөлийн 1 тооны шүдлэн эр үхэр, иргэн М.Гын 1 тооны шүдлэн үрээг хулгайлсан гэмт хэргийн улмаас олсон мал гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ш.Тн өгсөн: ... Миний бие нь 2017 оны 09 дүгээр сарын орчим яг өдрөө сайн санахгүй байна. Хар хүрэн шүдлэн эр үхэр, хүрэн бөөр алаг хязаалан насны эр үхрээ хээр бэлчээрээс алдсан. Манай үхрүүд намар цагт Бэлхийн уулаар бэлчээд,тэндээ бэлчээрт хонодог оройдоо тугалаа хашиж хоноод өглөө нь үхрүүдээ хурааж ирээд саадаг юм. Тэгтэл 2017 оны 09 дүгээр сарын багцаа өдрөө сайн санахгүй байна. Өглөө намайг үхрээ бэлчээрээс нь хураагаад гэрийнхээ гадаа авчирахад үхэр дутсан. Тэгтэл хар хүрэн зүсний шүдлэн эр үхэр хүзүүндээ тасархай суртай ирсэн. Тэгээд малынхаа мөрийг бэлчдэг газраар нь сайтар ажиглаж мөрдсөн чинь баруун урд зүг рүү хоёр морьтой хүн хоёр мориныхоо дунд хийгээд туугаад явсан бололтой мөр олоод, мөрийг нь мөрдөөд явсаар Дойт багийн нутаг руу ороод Хадтай толгойн дэргэдээс хадан дотор миний алдсан хүрэн бөөр алаг хязаалан эр үхрийг уяаад орхисон байсан. Энэ үед би хаданд уяатай үхрийг хэн хулгайлж авчирсан байж болох уу гээд тэндээ хүлээж суусан боловч хүн ирээгүй. Орой болж нар жаргах дөхсөн. Тэгээд эхнэр рүүгээ утсаар ярьж алдсан үхрээ олсноо хэлээд машинтай хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй эхнэр маань Вонго жи3 маркийн машинтай ирээд С Г хоёр надтай хамт уг үхрийг ачилцаж өгсөн. Тухайн үед С Г хоёрт хандан миний алдсан үхрийг та хоёр хулгай хийсэн байна, би та хоёрын мөрийг мөрдөөд ирлээ гэхэд Г С нар чи биднийг гүтгэж байна нэр төрөө олж авна гэрчээ олж ир гээд байхаар нь Сын үхэр ачилцахад унаж ирсэн хүрэн морийг өөрийн вонго жи3 маркийн машиндаа ачаад, араас та хоёр очоорой гээд явсан. Тэгээд маргааш үдээс хойно намайг малын байраа зайлуулаад барьж байхад мотоцикльтой С Г нар ирээд надаас хүрэн зүсний морио авсан. Мөн малын байрнаас барилцаж өгөөд тухайн өдрөө буцсан. Сын гэр нь манайхаас 20 орчим км зайтай байдаг... Хадтай уул Сын гэр хоорондоо нэг км орчим зайтай. Уг үхэр уяатай байсан тухайн газартай Сын гэр л ойрхон байсан. Өөр айл уг газрын орчим байгаагүй. Миний хувьд уг хулгайд алдсан үхрээ олж аваад нядалж зарахад 700,000 төгрөг болсон. Улаанбаатар хотын Хархорин зах дээр зарсан 700,000 төгрөгөөр үнэлнэ. Нөгөө хар хүрэн зүсмийн үхэр нь амьдаараа үхэр сүрэгтээ ирсэн тул миний хувьд үнэлэхгүй...Г С нарыг иргэд хулгай хийдэг гэж ярьцгаадаг...гэх мэдүүлэг /хх-1-ийн 28-30 хуу/
Гэрч О.Ан өгсөн... Г С нарыг үхэр хулгай хийх үед би гэртээ байгаагүй. 2017 оны 08 дугаар сарын сүүлээр яваад 2017 оны 10 дугаар сар гаргаад ирсэн. Улаанбаатар хотод хадам ээж Н Улаанбаатар хотын нэгдүгээр эмнэлэгт дотрын тасагт сахиж байсан. 2017 оны 11 дүгээр сард С надад Г Тоглох багийн Түвшинжаргалын нэг үхрийг хулгай хийгээд тэгээд араас мөрдөөд Т үхрээ олоод авсан гэж надад ярьж хэлсэн. Өөр тодорхой зүйл яриагүй. Тухайн үед би Сыг яах гэж хүний мал хулгай хийсэн юм бэ, Гыг хүртэл нийлж яахаарай хулгай хийдэг арчаагүй хүмүүс вэ? гээд элдвээр хэлж загнасан. Ямар зорилгоор үхэр хулгай хийснээ хэлээгүй юутай явж хулгай хийснийг нь мэдэхгүй надад хэлээгүй. Одоо манай адуунд зөв талын гуян дээрээ Чандмань тамгатай бор морь байгаа. Харин зөв талын гуян дээрээ Чандмань тамгатай Хүрэн морь байхгүй. Уг морио 2017 оны 12 дугаар сард идшэнд идсэн....гэх мэдүүлэг /хх-1-ийн 32-34 хуу/
Гэрч Х.Пн өгсөн... 2017 оны 09 дүгээр сарын үед хэдний өдрийн санахгүй байна. Тухайн үед манайх хөдөө Тоглох багийн Бэлх гэх газар намаржиж байсан.Тэгтэл намар 2017 оны 9 дүгээр сар дөнгөж гарч байхад нэг өглөө манай нөхөр Т үхэр сүргээс хураагаад гэрийн гадаа авчирахад хүзүүндээ сурны тасархайтай хар хүрэн зүсмийн эр шүдлэн үхэр баруун урд зүгээс ирж үхэр сүрэгтэйгээ нийлсэн. Тухайн үед би үхрийн зэлний дэргэдээс уг үхрээ ирж сүрэгтэйгээ нийлэхийг өөрийн нүдээр харсан. Тэгээд манайх үхэр сүргээ бүртгэсэн чинь хүрэн зүсмийн бөөр алаг хязаалан эр үхэр маань үхэр сүрэг дотроо байхгүй байсан нөхөр маань үхэр бэлчдэг газрын ойр орчмоор ямар нэгэн ул мөр байна уу гэж мөр хайгаад гэрээсээ баруун урагшаа явсан. Тэгээд үдээс хойно манай нөхөр Түвшинжаргал надруу залгаад “Дойт багийн нутагт хадан дотор Сын гэрийн ойролцоо хүрэн бөөр алаг эр үхрийг маань морьтой туугаад авчирч уясан байна, чи хурдан машинаа асаагаад ир орой харанхуй болох гээд байна” гэж хэлсэн. Би ч тэр даруй Вонго жи3 маркийн ачааны машинаа асаагаад нөхрийнхөө хэлсэн газар очсон. Намайг очиход манай нөхөртэй хамт С, Г нар хамт зогсож байсан. Энэ хоёр хүн манай хулгайд алдсан хүрэн зүсмийн хязаалан эр үхрийг манай машинд ачиж өгсөн. Тухайн үед би С Г хоёрт хандан та хоёр манай хоёр үхрийг хулгай хийсэн мөрийг чинь мөрдөөд ирлээ нэг үхрийг маань хулгайлж чадалгүй буцаагаад тавьсан байна гэхэд хэргээ хүлээхгүй дуугаа зогсоод байсан. Та хоёрын хийсэн хэрэг тодорхой байна араас очиж уулзаарай гээд манай нөхөр Сын унаж ирсэн хүрэн зүсмийн морийг өөрийн вонго жи3 маркийн машиндаа ачаад явсан. Маргааш өглөө нь С, Г нар манайхыг малын байр барьж байхад ирээд хэдэн шургааг малын байран дээр тавилцаж өгөөд С хүрэн зүсмийн морио аваад явсан. Уг морийг хэн нь унаж явсныг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 35-37 хуу/
Т.Сын яллагдагчаар өгсөн: ...2017 оны 09 дүгээр сард хүүхдийн сургууль эхэлсний дараа эмчилгээнд явах гээд мөнгөний бололцоо муутай байсан юм. Тэгээд Г ахтай хамт Өгийнуур сумын Тоглох баг Бэлх гэх газар явж байгаад 20 гаруй тооны үхэр таарахаар нь 2 үхрийг барьж аваад тууж явсан. Нэг үхрийг нь болье гээд нэгийг нь туугаад өөрийнхөө өвөлжөөний ойролцоо хаданд аваачаад уяачихаад гэртээ харьсан. Тэгээд маргааш өглөө нь эзэн нь хүрч ирээд үхрээ аваад явсан. Би Гтай хамт явсан. Надад мөнгөний хэрэг байсан болохоор мал хулгайлах санааг би анх гаргасан. Би бор морьтой, харин Г хүрэн морь унаж явсан. Бид хоёрын унаж явсан морь хоёулаа миний морь байгаа юм. Би Өгийнуур сумын Дойт багт эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Би нэр дээрээ 100 гаруй тооны малтай, 2018 оны 03 дугаар сард мал тооллогын дараахан аймгаас Өгийнуур сум руу шилжсэн...Миний тухайн үед унаж явсан бор морь байгаа, харин хүрэн морио энэ өвөл идшинд идсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 57-60 хуу/
Я.Гын яллагдагчаар өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын эхэн үеэр байх би Сын хамт Өгийнуур сумын Тоглох багийн Бэлх гэх газар явж байтал хэдэн үхэр таарахаар нь тэр үхрүүдээс 2 үхрийг нь тасдаад тууж явж байгаад нэг үхрийг больё гээд тавьчихаад нэгийг нь туугаад Өгийнуур сумын Дойт багийн Шилийн хад гэх газар хаданд уяачихаад Сынд очиж хоносон. Маргааш нь малын эзэн ирээд манай үхэр байна гэж хэлээд үхрээ аваад явсан. Би Стай хамт явсан. С эмчилгээнд явах гээд мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд хамт хулгай хийсэн. Малын хулгай хийх санааг С гаргасан. Би бор морь унаж явсан, харин Г хүрэн морь унаж явсан. Бид хоёрын унаж явсан морь хоёулаа Сын морь байгаа юм. Тэр хоёр морины нэгийг нь С өвөл идшиндээ идчихсэн гэсэн. Чухам аль морио идсэнийг нь мэдэхгүй байна. Бид хоёр Түвшинжаргалаас хулгайлсан үхрээ буцаагаад өгчихсөн. Би гуравдугаар ангийн хүүхдийн хамт Эрдэнэбулган сумын төвд амьдардаг. Надад эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Олдсон ажлаа хийгээд олсон мөнгөөрөө амьдарлаа залгуулдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 73-76 хуу/
Хохирогч Б.Аы өгсөн... 2017 оны 10 дугаар сарын эхээр байх манайх Өгийнуур сумын Тоглох баг Цагаан улиас бага Дүүхээ газар намаржиж байсан. Тэгээд нэг өглөө өөрийнхөө эзэмшлийн нийт 40 гаруй тооны үхрүүдээ бэлчээрт гаргаад орой нь хураах гэтэл үхрээ бэлчээрлэсэн газруудаараа хайхад олоогүй. Би үхрүүдээ бургасанд орчихсон байна гэж бодоод тэр шөнө хоносон. Тэгээд өглөө нь бургасаны захад байх үхрүүд дээрээ иртэл 1 тооны мухар хар хүрэн зүсмийн эр үхэр алга болсон байсан. Уг мухар үхрийн хүзүүнд байсан хөх, шар өнгийн хадагнуудыг бургасанд уясан байсан. Тэгээд би алдагдсан мухар үхрээ хайгаад тэр хавиар явж үзтэл олоогүй. Тэгээд би уг үхрээ хулгайд алдсан байна гэж бодоод Өгийнуур сум орж цагдаад тэмдэглүүлсэн юм. Хар хүрэн зүсмийн мухар нас нийлсэн эр үхэр /буруу чих нь хулгар, зөв чих нь догол имтэй/ мөн хүзүүндээ хөх, шар өнгийн хадаг зүүсэн байсаныг аваад бургасанд уясан байсан. Надад сэжиглэж байсан хүн байгаагүй. Би алдагдсан хар хүрэн зүсмийн мухар үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Өгийнуур сумын Тоглох багийн Цагаан улиас, Бага Дүүхээ хоёрын хооронд бэлчээрлэдэг юм. Г гэх хүнийг би танина. Манайх Өлзийт, Өгийнуур сумын зааг дээр оршин суудаг. Г нь Өлзийт суманд амьдарч байсан. Гэхдээ сүүлийн үед аймагт амьдарч байгаа сураг дуулдсан. Бид хоёр нэг нутгийн хүмүүс юм...гэх мэдүүлэг /хх-1-ийн 178-179 хуу/
Хохирогч М.Гын өгсөн... Миний бие нь 2017 оны 10 дугаар сарын орчим Архангай аймгийн Өгийнуур сум Төвшрүүлэх сумдын зааг болох Тэмээн Чулуу гэх газрын орчмоос адуун сүргийн бэлчээрээс нэг тооны хүрэн зүсмийн шүдлэн насны им тамгагүй адуугаа алдсан. Алдсан даруйдаа Төвшрүүлэх сумын Берен Дэлий ар, хар чулууны булаг Өгийнуур сумын Дойт багийн нутгаар хайгаад олоогүй...Алга болсон гэх хүрэн зүсмийн шүдлэн адуу маань содон шинж гэвэл нарийн ажигласан хүнд зөв талын гуян дээрээ хар мэнгэтэй эмнэг адуу байсан. Бүдүүн адуунууд зөв талын ташаан дээрээ загасан тамгатай, бага адуунууд болох даага, шүдлэн насны адуугаа имэлж тамгалж чадаагүй байгаа. Адуун сүрэг Төвшрүүлэх, Өгийнуур сумын зааг Тэмээн Чулуу гэх газраар намарын улиралд бэлчдэг, намар өглөө эрт бэлчиж байгаа газраас нь хурааж авчирдаг байсан. Би өөрөө адуундаа явдаг хүрэн зүсмийн адуу алдсан талаар манай эхнэр Энхтуяа мэдсэн. Миний алдсан хүрэн зүсмийн адуу бол уяадаггүй жирийн адуу байсан. Би адуугаа 300.000 төгрөгөөр үнэлнэ. Уг адуугаа эрж хайхад 30.000 төгрөгийн бензин мотоцикльд хийж, эрэлд явснаа гэмт этгээдээс нэхэмжилж байна. Манай адуу Тэмээн Чулуу гэх газраар бэлчин Дойт багийн Сэмж гэх газраар мөн бэлчдэг эдгээр газрууд хоорондоо их ойрхон...гэх мэдүүлэг /хх-1-ийн 182-184 хуу/
Гэрч Б.Нн өгсөн... 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр баасан гарагт 11 цагийн орчимд манай нөхөр Пүрэвдорж руу С яриад мах ачаад аймгийн төвд оруулаад өгөөч гэж гуйсан. Манай нөхөр гарал үүслийнхээ бичгийг авсан уу гэж асуухад, авсан байгаа гэж хэлсэн. Тэгээд өдөр 15 цагийн орчимд би нөхөр Пүрэвдоржийн хамт өөрийнхөө портер маркийн машинаар Сын гэрт нь очсон. Сын гэрт С эхнэр хүүхдүүдтэйгээ хамт байсан. Стай уулзаад мах ачна гэсэн хаана байгаа талаар асуухад өвөлжөөн дээр байгаа гэж хэлсэн. Сын гэрээс С манай машинд суусан. Өвөлжөөний хашааны хажууд очоод махаа амбаараас нь ачсан. Нэг тооны үхрийн мах, 1 тооны адууны мах байсан. Махыг нь ачиж байхад Сын гэрийн гаднаас мотоцикльтой хоёр залуу ирсэн. Ирээд манай нөхрөөс Цэнхэр оруулаад өгөөч, бензин багатай гэж хэлсэн. Тэгэхээр мотоциклийг нь машин дээрээ ачаад аймгийн төв руу явж байгаад Цэнхэр сумын төвийн зүүн талд цэнхэр самбарын орчимд зам дээр буулгасан. Тэндээсээ замаараа явж малчны зах орж махаа ченжид зарсан. Мах зарж байхад цагдаагийн хүмүүс ирж шалгаад цагдаагийн гадаа ирсэн. Тэгтэл Сын ачуулсан малын мах нь хулгайн малын мах байгаа талаар цагдаагийн хүмүүс шалгасан. Удалгүй араас Сааяа гэж дууддаг нутгийн ах нэг тооны үхрийн толгой, нэг тооны адууны толгойг мотоцикль дээрээ дүүрээд ирчихсэн байсан. Сааяа ах ярихдаа та хоёрын машин дээр малын мах ачуулахдаа өөр малын толгойг хамт ачуулсан. Миний авчирсан малын хоёр толгой бол нуугаад үлдээсэн толгой гэсэн юм ярьсан. Энэ талаар нь Саас би уурлаад асуухад юм ярихгүй байсан. Ийм л асуудал болсон. Цэнхэр сумын төвийн ойролцоо машинаас буусан хоёр залууг танихгүй. Сын хэдэн толгой малтай талаар мэдэхгүй байна. Манайхаас 500 кг улаан буудайг С худалдаж авсан. Тэгээд мөнгө байхгүй, малын мах зараад мөнгөтэй болохоор өгнө гэж яриад мах зарах гэсэн юм аймгийн төв явах уу гэхээр нь явахаар болсон түүнээс өөр асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 185-187 хуу/
Гэрч Г.Пн өгсөн... 2017 оны 10 дугаар 05-ны орой би Төвшрүүлэх сумын хоёрдугаар баг Хашаат гэх газар байх гэртээ байж байтал өмнө нь таньдаг Өгийнуурын Сэнгээ гэх залуу манай утас руу залгаж та завтай бол маргааш аймаг оруулаад өгөөд мал борлуулах гэсэн юм гэхээр нь би за за гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар 06-ны өглөө би эхнэртээ Сэнгээ аймаг оруулаад өг гээд байна гэж хэлтэл манай эхнэр уурласан тэгэхээр нь би өвөлжөөн дээрээ очиж юм хийж байгаад эргээд иртэл манай эхнэр Нансалмаа нөгөө Сэнгээ чинь яриад байна чи утсаар нь ярь гэж хэлсэн. Тэгээд би Сэнгээ рүү ярьтал та юу болж байна би бэлэн болчихсон хамаг юмаа бэлдчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэртэйгээ ярьж байгаад аймаг явахаар болоод эхнэр Нансалмаа болон хүү Амархүү нарыг өөрийн эзэмшлийн портер маркийн 76-24 АРА улсын дугаартай автомашиндаа суулгаад Өгийнуур сумын Дойт багийн Сэнж гэх газар оршин суух Сэнгээгийн гэрийн гадаа очсон. Би Сэнгээгийн гэрт нь ороод Сэнгээгээс ачих мах чинь хаана байгаа гэж асуухад хойд өвөлжөөн дээр байгаа гэж хэлсэн. Сэнгээ бид 2 гэрээс гарахад Сэнгээ хаяанд байгаа хөх өнгийн хятад мотоциклийг аймаг оруулж янзлах гэж байгаа гэхээр нь тэр мотоциклийг ачаад Сэнгээ болон Сэнгээгийн дүү нь гэх Майжиг гэх залууг тэвшин дээрээ суулгаад Сэнгээгийн өвөлжөөн дээр очсон. Тэнд Сэнгээ машинаас буугаад дүү Маажигийн хамтаар өвөлжөөний пүнзэнээс 1 тооны адуу, 1 тооны үхрийн мах гаргаад миний машинд ачсан мөн эвэртэй хүрэн зүсмийн үхрийн толгой, хөх бор адууны толгой, мөн хүрэн үхрийн шир, шуудайнд хийсэн шир бололтой зүйлүүдийг ачсан. Сэнгээ бид хоёр миний машинд суусан дүү Маажиг нь тэндээ үлдсэн. Тэгээд бид нар Архангай аймгийн төв рүү ирээд малчны захын үүдэнд ирсэн. Тэнд С нэг эмэгтэй махны ченжид үхэр адууны махаа зарахаар болоод хиллүүлсэн юм. Хиллүүлэхэд үхэр нь 150 кг болсон, адуу нь 130 кг болсон би хиллүүлж өгчихөөд гараад ирсэн. Сэнгээ тооцоог нь хийсэн байх, гэтэл удалгүй цагдаа нар ирж шалгасан мөн удалгүй Өгийнуурын Сааяа гэх залуу мотоциклоор Сийн алсан гэх адуу, үхэр хоёрын өөр зүсмийн 2 толгой авч ирсэн. Тэгээд миний машиныг журмын хашаанд хийгээд цагдаа нар шалгасан юм. Өгийнуур сумын Дойт багийн даргын гарал үүслийн бичигтэй байсан. Тухайн үед С өөрийнхөө малыг нядлаад зарж байгаа гэж хэлсэн. Мөн малын махаа зараад манайхаас 500 кг улаан буудай худалдаж авна гэж хэлж байсан. Гэхдээ цагдаа нар ачиж ирсэн малын махыг шалгаж байхад Сааяа гэх хүн 1 үхэр, 1 адууны толгой авчирахаар нь би энэ малын мах хулгайн малын мах байж магадгүй гэж гадарлаж байсан. С надад ямар нэгэн зүйлийн талаар юм яриагүй. Би гарал үүслийн бичигтэй болохоор нь өөрийнх нь мал байх л гэж бодсон юм...гэх мэдүүлэг /хх-1-ийн 191-192 хуу/
Гэрч Л.Эы өгсөн...2017 оны 10 дугаар сарын дундуур намайг Өгийнуур сумын Дойт багийн нутаг Тэмээн чулууны наад талын уулан дээрээс мал дурандаж байхад Дойт багийн Сэмж гэдэг газар байдаг Сын малын өвөлжөөний байрны дэргэдэх модон амбаараас С Пүрэвээ, Г нар нь Пүрэвээгийн эзэмшлийн хөх өнгийн портер машинд нэг үхрийн мах, нэг адууны мах ачиж уг хөх өнгийн портер машинтайгаа Архангай аймаг чиглээд явсан. Энэ үед би Сын малын мах гаргаж ачсан амбаарын дэргэд очиход уг амбаар цоожгүй онгорхой байхаар нь хаалгаар нь ороод үзтэл шинэхэн нядалсан улаан зүсмийн үхрийн толгой, нэг ширхэг халиун зүсмийн адууны толгой нэг ширхэг байсан уг хоёр малыг толгойг би унаж явсан мотоциклийнхоо ард ганзагалж аваад Архангай аймаг руу хөдөлсөн. С Г, П нарыг мотоцикльтой дагаад Архангай аймгийн төвд ирээд аймгийн цагдаа дээр ирж мэдээлэл өгсөн. Хошууч Чимэддорж ачиж ирсэн малын махыг үзтэл аймагт ачиж очсон нэг үхэр, нэг адууны махандаа нядлаад удсан хатсан нүд нь ширгэсэн адуу үхрийн толгойг орлуулаад явсан байсан. Миний хувьд ганзгалж очсон нэг үхрийн толгой нэг адуууны шинэхэн нядалсан толгойг хошууч Чимэддоржид өгсөн. Пүрэвээгийн гэр манай гэртээ ойрхон байдаг. Эдний гадаа хөх өнгийн уг портер машин байдаг. Пүрэвээ уг машиныг байнга барьдаг, улсын дугаарыг нь одоо санахгүй байна. Тухайн өдөр миний бие малын эрлээр явсан, бэлчээрээс манай хар зүсмийн эр үхэр, үхэр сүрэг дотроо байхгүй байхаар ойр хавын айлуудын малаар шүүж үзэж өндөрлөг уулан дээрээс мал дурандаж байгаад энэ гурван хүнийг мал ачиж байхын хараад сэжиглээд дагасан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 196-198 хуу/
Гэрч Г.Сн өгсөн... Тухайн өдөр би Г руу утсаар мал гаргалцаад өгөөч гэж хэлсэн. Г тэр үед Сынд байсан учраас удалгүй хятад мотоцикльтой манайд ганцаараа ирсэн. Г надаас тухайн өдөр мал гаргалцаж нядалж өгөөд бор байдасны толгой, хүрэн үнээний толгойг гуйгаад авсан. Г надаас адуу үхрийн нэг толгойг хүүхдүүддээ шулаад бууз хийж өгнө гэж хэлээд аваад цагаан мяндсан шуудайнд хийгээд ирэхдээ унаж ирсэн мотоцикль нь дээрээ тавиад Сын гэр рүү явсан. Хүүхдүүд нь тэнд амьдардаг. Г их томоотой төлөв даруу зантай зантай..гэх мэдүүлэг /хх-1-ийн 199-201 хуу/
Гэрч Т.Нын өгсөн... С миний төрсөн ах...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өдрийн 12 цагийн багцаа С Дойт багийн Сэмж гэх газар байдаг өвөлжөөнийхөө дэргэд байх шургааган модоор барьсан малын пүнзнээс нэг тооны адууны мах, нэг тооны үхрийн махыг П гэдэг хүний хөх өнгийн портер машинд ачсан. Мухар эвэртэй Шүдлэн насны Улаан зүсмийн эр үхэр байсан. Адуун шүдлэн насны бололтой бараавтар адууны мах байсан. Шир нь хүрэн зүсмийн адууны шир байсан. Архангай аймагт аваачиж борлуулна гээд хөх портерийн жолооч Пийн хамтаар хөдөлсөн. Намайг Архангай аймгаас ирэхэд мах ачаад өг гэсэн би ачилцаж өгсөн, хэнтэй нядалсан хаанаас авчирсан талаар мэдэхгүй...Т.С ах ч надад ийм тийм учиртай мах гэж хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 209-210, 211-212 хуу/
Гэрч Ц.Хн өгсөн... Өгийнуур сумын Дойт багийн харъяат С, танил Г нарыг мал нядалцаад өгөөч гэж Сын гэрт очиж гуйсан. Энэ үед Г, Сын гэрт хамт байсан. Уг хоёр хүн надад эдгээр малыг нядалцаж өгсөн. Манай Дойт багийн Шорвог гэх газар байдаг зуслангийн газар нядалсан. Үхэр хүрэн зүсмийн үнээ, зөв талын чих сам имтэй, хоёр улаан зүсмийн сувай үнээ им ижил гурван улаан тарлан үнээ им ижил хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хоёрын тоо тамгатай. Мал нядалсан ажлын хөлсийг нь өгсөн. Яг хэдэн төгрөг өгсөнөө сайн санахгүй байна. С, Г хоёр үхрийг гэдэс, хонины гэдэс, улаан зүсмийн үнээний толгойг хоёулаа надаас гуйгаад аваад явсан. С гэртээ аваачиж иднэ гэж хэлээд аваад явсан. С, Г нар манайд 2017 оны 10 дугаар сард мал нядалж өгсөн, дахин мал нядлаагүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 213-214 хуу/
Гэрч Сн...надаас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өглөө эрт 09 цагийн багцаа манай Дойт багт байдаг гэрт мотоцикльтой ганцаараа ирээд нэг үхэр нэг адууны гарал үүслийн бичиг хийлгэж авсан нь үнэн. Т.Сын нядалсан гэх нэг тооны үхэр нэг тооны адууны зүсийг би нүдээр үзэж харж байж гарал үүслийн бичиг хийж өгөөгүй...ажил давхцаад малын зүс имээр нь үзэлгүй гарал үүслийн бичиг хийж өгсө. Миний санаж байгаагаар хүрэн шүдлэн үхэр бор зүсмийн адуу нядалсан гэж хэлж зүсийг нь бичүүлсэн имийг нь санахгүй байна...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 217 хуу/
Яллагдагч Т.Сын өгсөн...Би 2017 оны 10 дугаар сарын эхээр байх /өдрийг нь сайн санахгүй байна/ Улаанбаатар хотруу явахдаа Г ахаар малаа харуулаад гэртээ үлдээсэн. Тэгээд Улаанбаатарт зургаа, долоо хоног болчихоод иртэл Г ах хүрэн шүдлэн үрээ, хүрэн мухар үхэр авчираад уяачихсан байсан. Бид хоёр тэр үхэр, адуу хоёрыг өвөлжөөн дээр гаргаж янзлаад Төвшрүүлэх сумын иргэн Пүрэвдоржийг өмнө нь зээлсэн мөнгөө мах зараад өгчихье гэж хэлээд дуудсан. Бид хоёр нөгөө малын махаа Пүрэвдоржийн машинд ачаад аймгийн төв рүү оруулж ирээд малчин зах дээр махны ченж эмэгтэйд 800.000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр өдрөө цагдаа ирээд намайг хулгайн мах зарсан байна гэсэн юм. Би хамт явж хулгай хийгээгүй, намайг хот яваад ирэхэд Г ах тэр үхэр адуу хоёрыг манай хашаанд авчраад уяачихсан байсан. Г ах надад хүрэн шүдлэн үхрийг нь хулгайлсан, адууг нь болохоор танай адуунд ирээд нийлчихсэн зургаа, долоо хонож байсан гэж хэлсэн. Би Г ахаас 700,000 төгрөг авах ёстой байсан тэрийгээ авах гэж л хоёр малыг нядалж зарсан...Багийн Засаг даргад би өөрийнхөө малыг гаргаад зарах гэсэн юм гэж л хэлсэн. Малын зүс имийг тулгаж үзээгүй бичиг хийгээд өгсөн. Би Г, Амарсайхан нарт 800.000 төгрөг өгөөд хохирлыг барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 241-245 хуу/
Яллагдагч Я.Гын өгсөн... 2017 оны 10 дугаар сарын эхээр Т.С эхнэрийн хамт Улаанбаатар хот орох яваад би малыг нь хараад Өгийнуур сумын Дойт багийн Сэмж гэх газарт байх гэрт нь үлдсэн. Тэгээд Сыг явснаас хойш таваас зургаа хоногийн дараа адуу хулгайлах санаатай Өгийнуур сумын Тоглох Дүүхээ гэх газраар явж байгаад 20 тооны тооны үхэр бэлчиж байгаатай таараад тэр үхрүүд дотроос мухар улаан хүрэн зүсмийн үхрийг туугаад Сын гадаа авчирсан. Сыг хот руу явснаас хойш 2 хоногийн дараа хүрэн зүсмийн шүдлэн үрээ ирээд адуу дотор нь нийлчихсэн байсан. Сыг хотоос ирэхэд нь үхэр хулгайлсан талаараа үнэнгээ хэлсэн. Тэгээд бид хоёр нийлж байгаад тэдний өвөлжөөн дээр нөгөө үхэр, адуу хоёроо гаргаад махыг нь машинд ачаад аймгийн төв рүү авчирч зарсан. Би С-д 500,000 төгрөгийн өртэй, тэрийгээ өгөх гээд мөнгө хэрэг болоод хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Мухар хүрэн шүдлэн үхэр, хүрэн зээрд шүдлэн үрээ байсан. Адуун дотор ирсэн нийлсэн байсан адуу нь им тамгагүй шүдлэн үрээ байсан. Харин үхрийнх нь им тамгийг нь анзаараагүй. Бид тэр үрээг унагаж байгаад Сын гэрийн хар саарал өнгийн иштэй хутгаар гаргасан. Харин үхрийг нь төмөр иштэй сүхээр сүхэдсэн юм. Тэрийг би мэдэхгүй байна. Сын гэрт л байгаа байх...Би С-нд очиж мал гаргаж өгсөн юм. Тэгээд идэх гэж байгаа гэж хэлээд нэг тооны адуу, нэг үхрийн толгой аваад явсан. Би тэр хоёр толгойг уг нь идэх гэж л авсан. Тэгээд тэр өдөр Стай хамт адуу үхрийг гаргачихаад толгойнуудыг нь өвөлжөөн дээр нь орхичихоод оронд нь С-оос авсан толгойг аваад явсан. Бид хоёр Г, А нарт учруулсан хохирлоо барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 248-252 хуу/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 8-9 хуу, 10-12 хуу/,
Шинжээчийн дүгнэлтүүд / 1 хх-ийн 14 хуу, 22 хуу, 46 хуу, 172 хуу, 221 хуу, /
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / 1 хх-ийн 18-19 хуу, 20, 166-169 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх-ийн 92-100хуу/
Я.Г, Т.С нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 хх-ийн 86-90 хуу/
Я.Г, Т.С нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 81-82 хуу, 2-53-55 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 83 хуу/,
Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84,58 хуу/,
Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 349 дугаартай “Малын гарал үүслийн тодорхойлолт” / 1 хх-ийн 156 хуу/
Архангай аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 10 дугаар сарын 14-ний 35/2737 дугаартай тоот, гэрэл зураг /хх-ийн 157, 158 хуу/,
7426 АРХ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 161 хуу, 162-163 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 167 хуу, 168 хуу/
Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2 хх-ийн 20-23 хуу, 66-71 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Я.Г, Т.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Я.Г, Т.С нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Бэлх гэх газраас иргэн Ш.Тн өмчлөлийн 2 тооны үхрийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Я.Г нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Цагаан улиас бага дүүхээ гэх газраас иргэн Б.А өмчлөлийн 1 тооны шүдлэн эр үхрийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 500.000 төгрөгийн, мөн 2017 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Өгийнуур болон Төвшрүүлэх сумын нутгийн зааг Тэмээн чулуу гэх газраас иргэн М.Гын 1 тооны шүдлэн адууг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 350.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
шүүгдэгч Т.С нь Б.А өмчлөлийн 1 тооны шүдлэн эр үхэр, иргэн М.Гын 1 тооны шүдлэн адууг шүүгдэгч Я.Г хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж нядласан, өөрийн нэр дээр мал, махны гарал үүслийн тодорхойлолт авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Я.Г, Т.С нар нь хэргийн нөхцөл байдал болон өөрсдийн үйлдэл, хулгайлан авсан малын тоо, шинж чанарын хувьд маргаагүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хохирогч Ш.Т, Б.А, М.Г, гэрч О.А, Х.П, Б.Н, Г.П, Л.Э, Г.С, П.Ц, Т.Н, О.С нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Я.Г, Т.С болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул тэдний мэдүүлэг болон өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.С нь Б.А өмчлөлийн 1 тооны шүдлэн эр үхэр, иргэн М.Гын 1 тооны шүдлэн адууг шүүгдэгч Я.Г хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж нядласан, өөрийн нэр дээр мал, махны гарал үүслийн тодорхойлолт авсан үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон малын эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан шинжтэй байна гэж үзлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Я.Г, Т.С нарын бусдын малыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Т.Сын Б.А өмчлөлийн 1 тооны шүдлэн эр үхэр, иргэн М.Гын өмчлөлийн 1 тооны шүдлэн адууг Я.Г хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж нядласан, өөрийн нэр дээр мал, махны гарал, үүслийн тодорхойлолт авсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Я.Г, Т.С нарыг бусдыг малыг хулгайлсан, шүүгдэгч Т.Сыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.С нь мөнгө угаах гэмт хэргийг нь 2017 оны 10 дугаар сард үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хугацаа өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацааг зогсоох, шинээр тоолох нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд холбогдох мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Т 1.430.000 /нэг сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн, хохирогч Б.А 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн, хохирогч М.Гт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.
Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаар мэдүүлэг өгсөн, хохирогч Ш.Т нь хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “санал хүсэлт байхгүй” гэж дурдсан, хохирогч Б.Амарсайхан, М.Г нар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй / 2 хх-ийн 69-71 хуу/ байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Я.Г, Т.С нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Я.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Я.Гт хорих, шүүгдэгч Т.Ст нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Я.Г, Т.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хуванцар иштэй хутга нэг ширхэг, төмөр иштэй сүх нэг ширхэг, улбар шар өнгийн будагтай суран ганзагатай монгол эмээл нэг ширхэг, хазаар нэг ширхэг, эсгий тохом нэг ширхэг, даавуун тохом нэг ширхэг зэргийг устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйл, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Ст гэмт хэрэг үйлдэх үедээ унаж ашигласан 600.000 төгрөгийн үнэ бүхий цагаан зүсмийн 4 хөл хар, зөв талын гуяан дээрээ чандмань тамгатай, нас нийлсэн морийг нь хурааж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ян Г, шүүгдэгч Х овгийн Тн С нарыг бусдын малыг хулгайлсан, шүүгдэгч Х овгийн Тн Сыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Ст холбогдох мөнгө угаах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэрэгсэхгүй болгосугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Гыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Т.Сыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Я.Гт оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Т.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Я.Г, Т.С нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хуванцар иштэй хутга нэг ширхэг, төмөр иштэй сүх нэг ширхэг, улбар шар өнгийн будагтай суран ганзагатай монгол эмээл нэг ширхэг, хазаар нэг ширхэг, эсгий тохом нэг ширхэг, даавуун тохом нэг ширхэг зэргийг устгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйл, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Ст түүний өмчлөлийн 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий цагаан зүсмийн 4 хөл хар, зөв талын гуян дээрээ чандмань тамгатай нас нийлсэн нэг тооны морийг хурааж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Т.Сын өмчлөлийн нэг тооны морийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч Я.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргилйлэх арга хэмжээ авч хорих ял эдлэх хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.Ст авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ