Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 225

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Э.Одхүү даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

           Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б

Шүүгдэгч: Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Нын Нт холбогдох 1812004690256 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х овгийн Н Н /РД:а/ 

 

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 

Яллагдагч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу хөнгөн зэргийн согтолттойгоор Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг дэвсгэр Оорцогийн ар гэх газар 2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 03-40 УНЛ улсын дугаартай Пронтер маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 А дахь заалт, мөн дүрмийн 8.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Л.Он жолоодож явсан мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж Л.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. 

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын үед: 

 

Хохирогч Л.Оын өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн оршин  суух гэрээсээ гарч Архангай аймгийн Хайрхан сумын төв рүү 19 цагийн үед орсон. Би сумын төвөөс талх, тамхи авах гэж орсон юм. Би сумын төв ороод Улаанбаатар хот орох унаа хөөцөлдөж нэг хүнтэй уулзаж байгаад нэг их удахгүй 22 цагийн болж би өөрийн гэр болох Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Урд элстэй гэх газар руу явсан. Би замдаа нэг зогсож байгаад мотоцикль дээрээсээ малгайтай цамцныхаа малгайг нь дараад бас нэг тамхи амандаа зууж аваад шороон замаар хөдөлсөн. Гадаа бүрэнхий тасраад харанхуй байсан. Гадаа сар гараагүй байсан. Тэгээд Оорцогийн ард явж байтал нэг машин орж ирж байгаа гэрэл харагдсан. Би чигээрээ явж байтал машин яваад байсан, ямар тээврийн хэрэгсэл байсныг нь мэдэж харж амжаагүй. Шороон зам дээр уг тээврийн хэрэгсэл надтай ойртоод байсан. Би хажуу тал руу гарахаар болохгүй байсан. Нөгөө машины жолоочийг надад зам тавьж өгөх байх гэж бодож байтал гэнэт над руу ороод ирсэн. Би гэрлээ шилжүүлэх байх гэж бодох хооронд л таг гээд мөргөлдсөн. Би ухаан алдсан. Би Улаанбаатар хотод эмчилгээнд ороод 2018 оны 10 дугаар сард ухаан орсон байсан. Бидний дунд ямар нэгэн өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Миний зүүн талын нүүрны яс цөмөрч орсон. Миний нүдийг авч байгаад цаад талынх нь ясыг суулгасан гэсэн. Миний хоёр арааг бас сугалж авсан, урд талын шүд цөмөрч унасан байсан. Эмнэлэгийн баримтууд байгаа, би өөрөө уг тооцоог бодож чадаагүй. Энэ баримтуудыг хэргийн материалд хавсаргуулъя. Би Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын Үндэсний төв дээр эмчилгээ хийлгэсэн. Би өөрийн мотоциклийн гэрлээ асаасан байсан. Миний мотоциклийн гэрэл цагаан өнгөтэй гэрэл байдаг. Хэдэн төгрөгийн хохирол гарсан гэдгээ нарийн тооцож чадаагүй. Би тухайн үед архи уугаагүй байсан. Би өөрийн унаж явсан мотоциклийг 700.000 төгрөгөөр үнэлнэ. Би 2016 онд мотоциклио шинээр нь авч байсан. Би гомдолтой байна, эмчилгээний зардлыг нөхөн төлүүлмээр байна... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу /

 

Гэрч Л.Жн өгсөн: ...Архангай аймгийн Хайрхан сумын Урд элстэй гэх газарт манай саахалтад миний дүү О амьдарч байсан. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн үед О манай гэрт төв рүү явлаа гээд мотоциклио унаад ирсэн. Манай гэрт ирэхэд нь би Хайрхан сумын төв рүү машинтайгаа зөрөөд явсан. Тэгээд 19 цагийн үед О сумын төвд мотоциклио уначихсан явж байсан. Би барааг нь хараад өөрийн гэр рүүгээ Жарантай баг руу явсан. Дүүтэйгээ уулзаагүй юм. Би шөнө гэртээ унаж байтал над руу Ог гэх эгч залгаад О мотоцикльтой явж байгаад унаж ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн байна гэж хэлсэн. Би 04 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын төв рүү орсон. Сумын төв рүү явж байхад манай гэрээс 15 км зайтай байх Оын мотоцикль уначихсан байдалтай байсан. Мотоциклийнх нь ард талд  шуудайтай зүйл байхаар нь би авсан. Тэр дотор шуудайтай зүйлийг нь нээгээд үзтэл 2 талх, 2 ундаа хийсэн байсан. Дахиад 2 км газар явж байтал ногоон өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэл жалганд ороод зогссон байсан. Тэр машиныг хартал О мотоциклиос унаагүй, машинтай мөргөлдсөн байдалтай байсан. би шууд эмнэлэг орсон. Эмнэлэгийн гадаа намайг гүйгээд ороход амь тэмцээд байгаа юм шиг орилоод хувцас хунар нь цус болчихсон орилоод байсан. Ц гэх эмч энэ хүнийг яаралтай Архангай аймаг руу авч явах хэрэгтэй гэхээр нь би Улаанбаатар хот руу авч явна гэж хэлсэн. Тэгээд бид нар Улаанбаатар хот руу төрсөн эгчийнхээ машиныг аваад Истана маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлээд явсан. Манай дүү архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. манай дүүг архи уугаагүй талаар 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хот руу явна гэж байсан жолооч Монхоон мэднэ. Мөн тэр орой дэлгүүрээс талх, ундаа авсан худалдагч, колонкийн түгээч нар мэднэ. Архангай аймгийн Хайрхан сумын төвийн доор 19 цагийн үед Н залуу машин дээрээ нэг гэр ачсан байдалтай. Мотоцикль ачсан. Ц гэх залуу дэлгүүрээс 3 шил архи аваад хайрцаганд хийгээд тэвэрч гарч ирж байсан. Тэгээд машинд орж суугаад цааш явсан юм. Бид тэгэхээр нь бид нарыг архи ууж байна гэж бодсон. Цн ах А надад тэр орой Цогоо шал согтуу гэртээ ирлээ, гэрээ барьж чадалгүй тасарсан байна. Н гэрээс нь буулгалцсан гэсэн, Цогоо, Н нар байнга архи уудаг хүмүүс юм. Дэлгүүрээс мөн архи аваад байсан болохоор би архи уусан гэж бодож байгаа. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж 09 дүгээр сарын 23-ны өдөр эмнэлэгээс гарсан. Одоо Улаанбаатар хотод гэрээгээ эмчилгээ хийлгэж байгаа. Архангай аймаг руу тээвэрлэж болохгүй байгаа. Ухаан санаа нь орж гараад байдаг юм. Манай дүү О Л гэх айлын 6 дахь хүү болон 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэндэлсэн. Багаасаа 1-4 дүгээр анги хүртэл сураад мал дээр гарсан. Насанд хүрсэн цагаасаа хойш жолооны курс төгсөөд хувиараа машин тэргээр халтуур хийж амьдардаг. Одоо эхнэр 4 хүүхэдтэй. Улаанбаатар хотод амьдардаг юм. Манай дүү даруу төлөв зантай, уур ааш багатай хүүхэд байгаа юм. О миний нүдэн дээр огт архи ууж байгаагүй. Харин найз нөхөдтэйгээ уудаг талаар би мэдэхгүй байна. Манай гэр Архангай аймгийн Хайрхан сумын төвөөс урагшаа Жарантай багийн Урд элстэй гэх газарт байдаг. Манай гэрээс сумын төв ортол 30 км зайтай байгаа байх. Гэрэл нь асдаг. Өөрөө том жижиг машинуудыг уначихдаг. Шугаманд микрогоор явна. Гарын дүй сайтай, гэрэл шатсан ч засна. Мотоциклийн гэрэл нь тод цагаан өнгийн гэрэл байдаг.  Оын эмчилгээний зардалд 3.300.000 төгрөг зарцуулсан. Н нь 1.800.000 төгрөг төлсөн байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36  хуу/

Гэрч М.Аийн өгсөн: ...Миний дүү Н нь 1983 онд миний төрсөн дүү болон мэндэлсэн. Багадаа Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн нутагт өөрийн эцэг эхийн гар дээр өссөн. Миний дүү 1991 онд Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Н нь эцэг эхтэйгээ хамт амьдардаг. Хайрхан сумын Хайрхан багт мал малладаг. Эхнэр хүүхэд байхгүй. 2001 онд цэргийн албанд татагдаад 2002 онд халагдаж ирсэн. Төлөв даруу хүүхэд байгаа юм. Өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Миний дүү барилддаг учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Сумын заан цолтой хүн байгаа юм. 03-40 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл өөрийн аав Нын тээврийн хэрэгсэл байгаа юм. Сэтгэл санааны хувьд унаж гутраад байдаггүй, гайгүй хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40  хуу/

Гэрч В.Рн өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 06-наас 7 шилжих шөнө манайд Н орж ирээд би хүн алчихлаа гэж орилоод би эхнэр Дүүриймаа болон Ныг дагуулаад Оорцогийн ар руу 90-92 АРА улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр явсан юм. Намайг очиход тухайн хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би улам дөхөөд хартал зүүн гар нь хөдлөөд байсан. Н манайд сандраад ирэхээр нь би Хүрэн давааны утаснаас сумын эмнэлгийн утас руу залгаад, Н, манай эхнэр Д бид хоёр тухайн газарт нь очсон. Манай гэрт орж ирэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн харагдаагүй, сандарсан байдалтай, хамаг хувцас нь норсон орж ирсэн. Тухайн хүн дээшээ харсан нүүр хэсэг нь битүү цус болсон байдалтай байсан. Бид гурав түргэн тусламж ирэх хүртэл хүлээгээд байж байсан. Маш их сандарч уйлаад би хүн алчих шиг боллоо одоо яах бэ ах эгч хоёроо гэхэд нь одоо жаахан тайвшир, миний дүү сандраад яахав, тайвшир гэж хэлсэн. Н их л сандарсан байсан, хэргийн газраас оргох, зугтаах гэсэн зүйл анзаарагдаагүй. Тухайн үед цагдаад мэдэгдэх гэсэн бодол орж ирээгүй. Харин дараа нь Ноос цагдаад хэлэхгүй яасан юм бэ гэхэд нь  манай сумын хоёр цагдаа аймаг руу явсан байгаа гэсэн тэгээд эмнэлэг рүү Оыг сумын эмч нар хувийнхаа машинаар авч явсан. Үүний дараагаар би эхнэр Д болон Ныг дагуулаад өөрийнхөө машинаар сумын эмнэлэг дээр хүргэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41  хуу/

Гэрч  Ш.Дн өгсөн: ...Би хэргийн газар очоод газар хэвтэж байсан хүн рүү очоогүй, айгаад огт очоогүй. Н манай нөхөр хоёр очсон. Би машиндаа сууж байсан. Бид анх хүргэнийхээ утсаар түргэн дуудаж дуудлага өгсөн. Биднийг мөргөлдсөн газар байхад түргэн тусламжийн машин ирсэн байсан. Н уйлаад гэрт ороод ирсэн. Би архи уусан талаар огт мэдэхгүй байна. Би хүн алчихлаа гээд орилоод ороод ирэхээр нь маш их айсан. Архи уусан байсан гэхээр зүйл харагдаагүй. О гэх хүний нүүр нь маш их хавдсан байсан. Нүүрэндээ оёо тавиулсан. Архи уусан үгүйг нь мэдэхгүй байна. Тусламж дуудах гэсэн чинь утасны сүлжээ орохгүй байна гэсээр манай гэрт ирсэн. Тэгээд би түргэн дуудсан. Нын машин жалганд суусан байсан. Тусламж дуудаж сүлжээ хайж яваад машинаа суулгаад манайд ирсэн байсан. Бид нарыг очиход мотоцикль замын баруун гар тал руу унасан байсан. О замын голд байсан. О том биетэй болохоор Н даагаагүй замын голд орхиод сүлжээ хайсан байсан. Өглөө хэргийн газар очиход мотоцикльтой мөргөлдсөн газар тууз татаж уясан байсан. Манай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа аймаг явсан байсан. Би Ныг цагдаа дуудсан уу гэхэд цагдаа аймагт байгаа, дуудлага өгнө гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 42-44  хуу/

Гэрч  М.С өгсөн: ...О нь Улаанбаатар хотод өөрийн гэр болох Их наранд байгаа. Оын хувьд ухаан санаа нь сонин болсон, нэг хүүхдээ хүртэл гэнэт цохиод авдаг, нүд нь жирэлзээд сонин болсон. Хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гээд хэвтэж байгаа, өдөрт 1-2 цаг чимээгүй орчинд тайван байдаг. Өдөрт эмнэлгээс бичсэн эмийг цагийн дагуу хэрэглэж байгаа. Байнга зөөлөн идэх гурилан юм, бантан зэрэг иддэг. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс Гэмтэл согог судлалд хэвтэж эмчлүүлж байгаа. Анх галзуу хүн шиг л юм эмнэлэгт очсон. Эхний 10 гаруй хоног хэцүү байсан. Би архи ууж байхыг нь хараагүй, мөн сонсоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт. 

1. Н.Н гэх цусанд 0.9 промиль спиртийн алкоголь илрэв. 

2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 48 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 51 дугаартай нэмэлт дүгнэлтэнд:

1. Л.Оын гэх цусанд спиртийн алкоголь илрээгүй... гэх дүгнэлт /хх-ийн  52 хуу/

 

Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 72 дугаартай дүгнэлт

1. 03-40 УНЛ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Н нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн байна. Улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч Л.О нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн байна. 

2. 03-40 УНЛ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10 а,б, 5.11 а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг тэмдэглэлээ байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасын эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Оын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаарын шинжээчийн дүгнэлтэд хөнгөн зэргийг согтолттой гэсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 А-д жолооч согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. 

Улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч Л.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 жолоочийн үүрэг 2.1а-д тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна, гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна. 

3. Уг зам тээврийн осол нь 03-40 УНЛ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10 а,б, 5.11 а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг тэмдэглэлээ байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасын эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гарсан гэж үзэв. 

4. Тухайн замын нөхцөл байдал нь Шороон зам, шулуун тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй зам байсан нь осол гарахад нөлөөлөхгүй. 

5. Жолооч Н.Н нь АВС ангилалын 977149 дугаарын үнэмлэх хүчинтэй байна. /Жолоочийн лавлагааг хавсаргав/. Жолооч Л.О нь В ангилалын 828640 дугаарын үнэмлэх хүчинтэй байна. /Жолоочийн лавлагааг хавсаргав/... гэх дүгнэлт /хх-ийн 56 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 483 дугаартай дүгнэлт. 

 

1. Л.Оын биед зүүн талын нүдний ухархайн дотор ба доод хана, хоншоорын 

хөндийн нийлмэл цөмөрсөн хугарал, зүүн зулай, дух, чамархай, дэлбэн орчмын тархины эдийн няцрал, аксоны /тархины эс/ тархмал гэмтэл зүүн сарвууны 1,3,4,5-р хурууны хугарал, зүүн зовхи, дух, эрүү, хацарт язарсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн нэг шүд унасан, хамрын таславчийн муруйлт, зүүн суганы урд хэсэгт зулгарсан шарх,зүүн гарын дунд хурууны хумс хөндийрсөн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас зүүн нүдний ухархайн хана сэргээх хагалгаа, зүүн сарвууны 1,3,4,5 дугаар хурууны хугарлуудыг ил аргаар эвлүүлж бэхлэх хагалгаанууд хийгджээ. 

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх уйлчлэлээр үүснэ.

           3.Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 

           4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гавал тархины гэмтэл нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Зүүн сарвууны 1,3,4,5-р хурууны хугарал нь 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг 

удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт,

-Зүүн зовхи, дух, эрүү, хацарт шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн нэг

шүд унасан, хамрын таславчийн муруйлт, зүүн суганы урд хэсэгт зулгарсан шарх, зүүн гарын дунд хурууны хумс хөндийрсөн шарх гэмтэл тус бүр 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 64-65 хуу/

 

Н.Нын яллагдагчаар өгсөн...яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, Миний буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан болохоор би хохирол мөнгийг нь өгч барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 хуу/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10, 12-13 хуу/

Схем зураг /хх-ийн  7 хуу/

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол /хх-ийн 11, 14 хуу/ 

Хохирлын баримтууд /хх-ийн 15-21 хуу/

Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33 хуу/

Жолоочийн бүртгэлийн системээс лавлагаа авсан тэмдэглэл /хх-ийн 57 хуу/

2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 226 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60 хуу/

Л.Оын Med trauma эмнэлэгт тархины соронзон резонанст томографикийн оношлогоо хийлгэсэн гэх эмч Д.Лхагвасүрэнгийн тодорхойлолт /хх-ийн 66-67 хуу/

Л.Оын амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 68-74 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 100 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн  99 хуу/

Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 101 хуу/

Малын А дансны мэдээлэл /хх-ийн 102-103хуу/ 

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 104-105 хуу/

Шүүгдэгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн хохирогчид эмчилгээ хийлгэсэн тухай баримтууд / хх-ийн 125-129 хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                              

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож,  нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг дэвсгэр Оорцогийн ар гэх газар 2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 03-40 УНЛ улсын дугаартай Пронтер маркийн автомашиныг жолоодож  явахдаа  мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явсан Л.Оыг мөргөж, түүний биед зүүн талын нүдний ухархайн дотор ба доод хана, хоншоорын хөндийн нийлмэл цөмөрсөн хугарал, зүүн зулай, дух, чамархай, дэлбэн орчмын тархины эдийн няцрал, аксоны /тархины эс/ тархмал гэмтэл зүүн сарвууны 1,3,4,5-р хурууны хугарал, зүүн зовхи, дух, эрүү, хацарт язарсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн нэг шүд унасан, хамрын таславчийн муруйлт, зүүн суганы урд хэсэгт зулгарсан шарх,зүүн гарын дунд хурууны хумс хөндийрсөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Н.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д заасан Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10 а,б, 5.11 а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэлээ байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 72 дугаар дүгнэлтээр тогтоогджээ.

 

Тухайн үед 03-40 УНЛ улсын дугаартай, Пронтер маркийн автомашиныг Н.Н нь жолоодож явсан нь Н.Нын мэдүүлэгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна. 

 

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Н.Ныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар А/138, А/131 тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5 дахь хэсэгт “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль(%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд Н.Нын цусан дахь спиртийн агууламж 0.9 % промиль илэрсэн байх тул түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж үзэв. 

 

Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 03-40 УНЛ улсын дугаартай Пронтер маркийн автомашин жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Л.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байна.  

Аймгийн Прокурорын газраас Н.Нын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул Н.Ныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. 

Хохирогч Л.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүх хуралдааны үед 7.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба үүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт хавсаргаж өгөөгүй бөгөөд мөрдөн байцаалтын үед  2.117.465 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт гаргаж өгчээ.

Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд тооцож мөрдөн байцаалтын үед 1.400.000 төгрөг авсан талаараа шүүх хуралдааны үед мэдүүлэг өгсөн байна.  Мөн шүүгдэгч нь шүүх хуралдааны үед хохирогчийн эмчилгээнд зарцуулж байсан мөнгөний өөрт байсан 2.528.736 төгрөгийн үнийн дүн бүхий баримтыг гаргаж өгсөн бөгөөд хохирогч нь уг баримтуудыг үгүйсгээгүй байна.

Хавтаст хэргийн 15-21 дүгээр хуудсанд хавсаргагдсан хохирогчийн гаргаж өгсөн баримт болон шүүгдэгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн баримтуудыг хохирогч, шүүгдэгч нар нь тус тусдаа зарцуулсан мөнгөний баримт гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаар маргаагүй байна.

Иймд хохирогчийн мөрдөн байцаалтын үед нэхэмжилсэн 2.117.465 төгрөгөөс шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед өгсөн 1.400.000 төгрөгийг хасаж, үлдэх 717.465 төгрөг дээр хохирогчийн жолоодож явсан мустанг 5 маркийн мотоциклийн үнэ болох 700.000 төгрөгийг нэмж шүүгдэгч Н.Ноос нийт 1.417.465 төгрөг гаргуулан хохирогч Л.Од олгуулж, хохирогчийн шүүх хуралдааны үед нэхэмжилсэн 7.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул 7.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв. 

Шүүгдэгч Н.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Х овгийн Нн Ныг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар  Н.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар  тэнссүгэй. 

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Нын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч Н.Нт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо шүүхээс тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

           5. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасны дагуу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

            6. Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Ноос 1.417.465 төгрөг гаргуулж, Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Урд гэх газарт оршин суух хохирогч Л.Од / рд: ак89022832/ олгож, хохирогчийн шүүх хуралдааны үед нэхэмжилсэн 7.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Н.Нт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийн түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

 

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОДХҮҮ