Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2023/00018

 

   2023         03             02                                  207/МА2023/00018

 

 

 У.Цын нэхэмжлэлтэй,

хариуцагч Ч.Өт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Бтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2022/01598 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: У.Цын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Өт холбогдох,

Хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн синотрак маркын өөрөө буулгагч 3600 УНР дугаартай автомашин гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр /цахим/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

У.Ц миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу өөрийн өмчлөлийн ачааны өөрөө буулгагч 3600 УНР улсын дугаартай хүнд даацын авто машинаараа ачаа тээвэр хийж, мөн ачаа тээврийн ажил олдохгүй сул зогссон үедээ, бусдад авто машинаа хоногоор хөлслүүлж ашиг орлого олж амьдардаг болно. 2021 оны 09 сарын 25-ны өдөр миний бие өөрийн өмчлөлийн том оврын 3600 УНР улсын дугаартай хүнд даацын авто машинаа нэг сарын хугацаатай хөлслүүлэх зар тавьсан. Зарын дагуу Ц.Б гэх хүн холбогдож Орхон аймаг буюу Эрдэнэт хотод хоёр сарын хугацаатай ачаа тээврийн ажил байна 60 хоногийн хугацаагаар хөлслүүлээч гэхээр нь аман тохироо хийж миний бие итгэж өөрийн өмчлөлийн ачааны өөрөө буулгагч 3600 УНР улсын дугаартай хүнд даацын авто машинаа өгч явуулсан болно. Гэтэл Ц.Б нь авто машин авчирч өгөх хугацаа нь өнгөрчихөөд байхад авто машин авчирч өгөхгүй байсан тул өгөхийг шаардтал таны авто машин эрдэнэт хотод байгаа Чулуунбаатар овогтой Ө гэх хүн барьцаалчихаад өгөхгүй байна гэсэн тайлбарыг өгсөн. Миний бие Ц.Баас яагаад миний өмчлөлийн авто машиныг бусад хүн барьцаална гэж юу яриад байгаа юм гэхэд та өөрөө очоод эрдэнэтээс очоод авчих гэсэн утгагүй тайлбарыг өгсөн. Ингээд миний бие 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдөр өөрийн өмч болох 3600 УНР улсын дугаартай авто машинаа авхаар Эрдэнэт хотод очиход үнэхээр миний өмчлөлийн машиныг Ч.Ө гэгч этгээд барьцаалан эзэмшиж байсан. Ч.Өаас тус 3600 УНР улсын дугаартай хүнд даацын авто машин миний өмч болохыг тайлбарлаж улмаар өмчлөх эрхийн гэрчилгээг үзүүлэхэд Ч.Ө нь нээрээ таны өмчлөлийн машин байна гэхдээ таньд эзэмшлийг шилжүүлж өгөхгүй гэсэн. Ч.Өаас яагаад өгөхгүй байгаа талаар асуухад иргэн Ц.Б бид хоёрын дунд тооцоо байдаг гэсэн тайлбар өгсөн. У.Цэрэнадмид миний бие иргэн Ч.Өт миний өмчийн авто машиныг та хураах эрх байхгүй талаар өчнөөн тайлбарласан. Мөн Ч.Өт та иргэн Ц.Бтай төлбөрийн тооцоо байдаг юм бол хууль шүүхээрээ яваач, миний өмчлөх эрхийг зөрчөөд байна, миний өмч болох 3600 УНР улсын дугаартай хүнд даацын авто машин та хоёрын хоорондын өр төлбөрийн асуудалд ямарч хамааралгүй болохыг удаа дараа тайлбарласан боловч машиныг маань өгөөгүй. Мөн миний бие Эрдэнэт хотод очихдоо цагдаагийн газарт өргөдөл өгөх гэтэл өргөдөлийг маань хүлээж аваагүй бөгөөд таны асуудал иргэний шүүхээр явах маргаан байна гэсэн болно. Иймд Ч.Өын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн Синотрак маркын өөрөө буулгагч 3600УНР дугаартай авто машиныг гаргуулан авахаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ч.Ө шүүхэд гаргасан тайлбартаа:

Танай шүүхэд У.Ц нь надад холбогдуулан Өын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн синотрак маркын өөрөө буулгагч 36-00 УНР дугаартай автомашиныг гаргуулан авах гэж нэхэмжлэл гаргасан ба мөн 2022 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр хуулийн 69.1.2, 69.1.5-т зааснаар арга хэмжээ авхуулах хүсэлт гаргажээ. Дээрх хүсэлттэй холбоотой энэхүү тайлбарыг гаргаж байна. У.Ц гэдэг хүний би танихгүй энэ хүнээс автомашин аваагүй. Тодорхой тайлбарлавал энэ хүн надтай ямар нэг тохиролцоо хийж гэрээ хэлцлийн харилцаа үүсээгүй. Иймд надад түүний өмнө ямар нэг үүрэг хүлээсэн зүйл байхгүй билээ. Өөрөө нэхэмжлэл дээрээ Ц.Б гэх хүнтэй тээврийн хэрэгслээ түрээслэх тохиролцоо хийж автомашин өгсөн гэж тодорхой дурьдсанаас үзэхэд Ц.Бын эзэмшилд өөрөө автомашинаа шилжүүлсэн юм байна гэж ойлгогдож байна. Үүнээс дүгнэхэд автомашин өгсөн хүнээсээ нэхэх ёстой болов уу гэж үзэж байна. Дээрх автомашин миний эзэмшил ашиглалтад байхгүй учир хүсэлтэд дурьдсанаар автомашиныг шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэн өгөх боломжгүй юм. Нэхэмжлэлдээ миний өмчлөлийн машиныг Ч.Ө гэгч этгээд барьцаалан эзэмшиж байсан гэж худал зүйлийг бичиж байгаа зорилго нь ямар учиртайг ойлгохгүй байна. Би энэ нэхэмжлэлийг жинхэнэ хариацах буруутай этгээд нь биш нэхэмжлэлд дурьдсан Ц.Б гэж хүн хариуцах ёстой гэж үзэж байна. У.Цын надаас нэхэмжилж буй автомашин нь миний эзэмшилд байхгүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Б-д автомашинаа өгсөн гэдгээ бичсэн байдаг. Харин тухайн маргааны зүйл болж буй тээврийн хэрэгсэл нь Ж ХХК-ийн барьцаанд байгаа юм байна лээ. Б нь тухайн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл мэтээр компанид барьцаанд үлдээсэн байдаг. Миний бие тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж аваагүй тул хэргийн хариуцагч байх боломжгүй юм. Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс намайг чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч “Ж” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

У.Цын гаргасан Ч.Өын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн синотрак маркын өөрөө буулгагч 3600 УНР дугаартай авто машиныг гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлагыг манай компани хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд:

Нэг. Манай компани Орхон аймаг, Баян-Өндөр сум Урт гол багийн Баян талын 1 гудамжны 5 тоотод байрлах Хүнд даацын автомашины сэлбэг засвар ын төв нэртэй дэлгүүрийг 2019 оноос эхлэн өдийг хүртэл ажиллуулж байна. Компанийн дэлгүүрээс иргэн Ц.Б, Э нар нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дараа төлөх нөхцөлтэйгээр Моторын ээлж 1 ширхэг-1,750,000 төгрөг, 1200R дугуй 4 ширхэг /1 бүрийн үнэ 720,000 төгрөг/-2,880,000 төгрөг, Агаар шүүгч 2 ширхэг /1 бүрийн үнэ 60,000 төгрөг/-120,000 төгрөг, Масло 4 литр /1 бүрийн үнэ-45,000 төгрөг/-270,000 төгрөг, Моторын ком жийрэг 1 ширхэг-95,000 төгрөг, Хойд наклад өргөн 24 ширхэг /нэг бүрийн үнэ 9,500/-288,000 төгрөг, Накладны хадаас 4 ширхэг /нэг бүрийн 10,000төгрөг/-40,000 төгрөг, кабин халаагч 2 ширхэг /нэг бүрийн үнэ 400,000 төгрөг/- 800,000 төгрөг, холбогч 10 ширхэг /нэг бүрийн үнэ 1,500 төгрөг/-15,000 төгрөг, төмөр холбогч 10 ширхэг /нэг бзрийн үнэ 2,000 төгрөг/-20,000 төгрөг, пелонк 2 метр / нэг бүрийн үнэ 3,000 төгрөг/ - 6,000 төгрөг, копутны амаржин 1 ширхэг 12,000 төгрөг, банкны таг 1 ширхэг -15,000 төгрөг, маслын шүүр 2 ширхэг /нэг бүрийн үнэ 15,000 төгрөг/ - 30,000 төгрөг, нийт 6,,281,000 төгрөг,

2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дараа төлөх нөхцөлтэйгөөр конесны аппарат 1 ширхэг 110,000 төгрөг, масло 4 литр 45,000 төгрөг, конесны шингэн 4,000 төгрөг, кольц бэхжүүлэгч 3 ширхэг /нэг бүрийн үнэ 8,000 төгрөг/ - 24,000 төгрөг, тайл 1 тн 140,000 төгрөг, силикон 4,000 төгрөг, хөөх помп 45,000 төгрөг, турбин 500,000 төгрөг нийт 872,000 төгрөг,

2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дараа төлөх нөхцөлтэйгээр Олгой хаймар 2 ширхэг /нэг бүрийн үнэ 35,000/ - 70,000 төгрөг, 142-той Герман нөхөөс 2 ширхэг /нэг бүрийн үнэ 45,000/ - 90,000 төгрөг, 125-тай Герман нөхөөс 2 ширхэг /нэг бүрийн үнэ 33,000/ - 66,000 төгрөг, Герман нөхөөсний цавуу 45,000 төгрөг, Түлш шүүр 2 ширхэг /нэг бүрийн үнэ 10,000/ - 20,000 төгрөг, Турбин 450,000 төгрөг, Утасгүй ко 2 ширхэг /нэг бүрийн үнэ 8,000/ - 16,000 төгрөг, нийт 807,000 төгрөгний үнэ бүхий машины сэлбэг хэрэгсэлүүдийг тус тус худалдан авсан. Худалдан авсан сэлбэг хэрэгсэлийн үнэ нийтдээ 7,960,000 төгрөгийн барьцаанд синотрак маркын өөрөө буулгагч 3600 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг үлдээсэн. Манай компанийн хувьд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1. Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж зааснаар Ц.Быг өмчлөгч гэж ойлгон түүний машиныг барьцаанд авч үлдсэн. Ингээд тэднийг 7,960,000 төгрөгийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч төлөлгүй явсаар өдийг хүрээд байна. Худалдан авсан сэлбэг хэрэгслүүдийг синотрак маркын өөрөө буулгагч 3600 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Л.Эийн тээврийн хэрэгсэл зэрэгт сэлбэж хэрэглэн тухайн тээврийн хэрэгслүүдийн бүрдэл хэсэг нь болж хөрөнгө нь сайжирсан байдаг.

Хоёр: Г.Б, Л.Э, тээврийн хэрэгслийн эзэн гэх У.Ц тээврийн хэрэгсэл нь засан сайжирч хөрөнгөжсөн / нараас 7,960,000 төгрөгийг гаргуулах, синотрак маркын өөрөө буулгагч 3600 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7,960,000 төгрөг төлөгдөж дуусах хүртэл барьцаалах эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Энэхүү нэхэмжлэлд шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2860 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2860 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл У.Цын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх нь манай компанийг хохирооно гэж үзэж байна. Учир нь манай компани нь шүүхэд хандан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар тухайн тээврийн хэрэгслийг барьцаанд байлгах эрхийг зөвшөөрүүлэх иргэний эрх зүйн хамгаалалт хүсч шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа юм.

Гурав: Манай компанийн тухайд маргаан бүхий тээврийн хэрэгслийн хууль бусаар эзэмшигч өмчлөгчөөс нь авсан зүйл байхгүй. Харин Ц.Баас түүний хүлээсэн үүргийн барьцаанд зөвшөөрлөөр нь авсан. Энэ талаар нэхэмжлэгч У.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ц.Б нь...барьцаалчихаад өгөхгүй байна гэсэн тайлбарыг өгсөн... гэж маш тодорхой дурьдсан байна. Иймд манай компанийн эзэмшилд маргаан бүхий тээврийн хэрэгсэл хууль бусаар ирээгүй гэдгийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээр нотлогдож байна.

Дөрөв: Нэхэмжлэгч нь Ц.Бтай түрээсийн хэлцэл хийж 60 хоногийн хугацаатайгаар хөлслүүлсэн талаар дурьдсан байна. Эд хөрөнгө хөлслөх гэрээний талаар Иргэний хуулийн 287-301 дэх талд нэг бүрчлэн хуульчилсан байна. Тодруулбал эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсны үр дагаварыг Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 1. Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө гэж эд хөрөнгө хөлсөх гэрээ дуусгавар болоход хөлслүүлэгч буюу У.Цын шаардах эрхээ Ц.Бын эсрэг хэрэгжүүлэх талаар тодорхойлсон байна. Нэгэнт манай компани нь тухайн эд хөрөнгийг хөлслөх талаар У.Цтай хэлцэл хийгээгүй тул хөрөнгийг түүнд шилжүүлэх үүрэг хүлээгээгүй болно. Энэ үндэслэлээр У.Ц нь маргаан бүхий тээврийн хэрэгсэлийг шаардах эрхээ буруу тодорхойлж, улмаар хариуцвал зохих хариуцагчаа зөв сонголгүйгээр шүүхэд хандсан байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмлжэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Өлзийбаатрын хувьд уг машиныг өөртөө аваагүй энэ нь Ж ХХК-ийн хамгаалалтанд байгаа гэж тайлбар өгсөн байна. Тийм учраас Ч.Өт холбогдуулж гаргаж байгаа нь буруу. Иймээс Ч.Өт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна. Ч.Ө энэ машиныг аваагүй Ж ХХК-ийн өмчлөлд байгаа. Хамтран хариуцагчаар Ж ХХК-ийг татсан. Нэхэмжлэгч яг алинд холбогдуулж ямар нэхэмжлэл гаргаж байгаа нь одоо ч тодорхойгүй байна. нэгдүгээрт Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан шаардлагад эрх зүйн хамгаалалтийн нэг төрлийг сонгож байгаа юм байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар өөртөө туслах зорилгоор Цаас авсан Бын гэрээ болон Ж ХХК ямар нэгэн байдлаар тухайн машиныг ашиглаагүй, дугуйг нь аваад тавьсан байгаа. Өөртөө туслах арга хэмжээг яагаад авах болсон гэхээр Б Цаас өөрийнх нь зөвшөөрлийн дагуу авсан байна. Ж ХХК-ийн хувьд Б Ж ХХК-иас 7.900.000 төгрөгийг сэлбэг авсан байсан. Өмнөх шүүх хурлын дараа нэхэмжлэгчтэй очиж үзсэн зарим сэлбэг нь мотор дотроо байдаг юм байна. Машин нь бүрэн бүтэн байгаа гэдгийг нэхэмжлэгч харсан. Бид Баас сэлбэгийн үнээ төлөхгүй байсан учраас үнээ төлөөд аваарай гэж машиныг нь хурааж авсан. Энэ хэрэгт Быг гэрчээр оролцуулахаар маш их дуудсан боловч ирдэггүй. Энэ машин нь сэлбэгийн мөнгийг төлөхгүй зугтах байсан учраас Бын зөвшөөрлийн үндсэн дээр одоо болтол бидний эзэмшилд байгаа. Бид энэ машины барьцаалаагүй. Сэлбэгийн үнээ төлчих юм бол буцааж өгнө. Шударга эзэмшигчээс ямар нэгэн хулгай юм уу гэм хор учруулах зорилгоор аваагүй. Бид Бын зөвшөөрлөөр өөрийн эзэмшилд байлгаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд байгаа. Гэхдээ У.Цын хөрөнгөд Б Ж ХХК-иас авсан сэлбэгээ тавьчихсан байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Ц Ж хоёрын хооронд гэрээ хийгдээгүй боловч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Энэ сэлбэгийг буцаагаад авчих юм бол машин хөдлөх боломжгүй байна. Хэрвээ сэлбэгээ тайлаад авчих юм бол бид хүний машин эвдсэн, бусдын хөрөнгөд хохирол учруулсан хэрэгт орох учраас цаашид сэлбэгийн мөнгөө төлтөл бид эзмшилдээ байлгана. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна. Хэрвээ барьцаанд байлгаад өгөхгүй байгаа бол хууль бус гэж үзнэ. Үүнийг цагдаагийн газар шалгаад хууль бус гэж тогтоосон зүйл байхгүй. Хэрвээ үнийн дүнгээ төлөх юм бол өгөхөд бэлэн гэж хэлсэн. Нэхэмжлэгч сэлбэгийн мөнгөө төлөхгүйгээр машинаа авах хүсэлт гаргаж байна. Хэрвээ мөнгөө төлчихсөн байхад өгөхгүй байсан бол энэ нь хууль бус зүйл болно. Ж ХХК нь өөрийнхөө барьцаанд байлгаж байгаа гэсэн болохоос биш үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгсэл болгоогүй. Ж ХХК өөртөө туслах арга хэмжээний хүрээнд өөртөө байлгаж байгаа. бид машиныг ямар нэгэн байдлаар хөдөлгөөгүй. Тийм учраас Ж ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгох хүсэлт гаргаж байна. Мөн Ч.Өт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж байна гэжээ.

 Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2022/01598 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Ч.Ө, хариуцагч “Ж” ХХК нараас синотрак маркын өөрөө буулгагч 3600 УНР дугаартай автомашиныг гаргуулж нэхэмжлэгч У.Цад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ө, “Ж” ХХК нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Цад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

У.Цын нэхэмжлэлтэй, Ч.Ө, “Ж” ХХК-д холбогдох “хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн синотрак маркын өөрөө буулгагч 3600 УНР дугаартай авто машиныг гаргуулах" нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн нараас олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тус хэргийг хянан шийдвэрлэсэн 2022.12.05-ны өдрийн 1598 дугаартай шүүхийн шийдвэрийг 2023.01.02-ны өдөр гардан аваад дараах үндэслэлээр эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Иргэний хэрэг шуүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тухайд:Хариудагчийн хуулиар олгогдсон эрхийг ундэслэлгуйгээр хязгаарласан: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар “...сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.. ”, 73 дугаар зүйлийн 73.2-т заасан “сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг зөрчиж хариуцагч Ж ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг 2022.10.18-ны өдрийн 5717 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Угтаа сөрөг нэхэмжлэлийг авахаас татгалзах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасан зохицуулалт нь мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэртэй холбоотойгоор татгалзах, улмаар мөн хуулийн 65 дугаар зүйлд зааснаар хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалттай байна. Энэ тохиолдолд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа тохиолдолд 170 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй байхад ийнхүү дээрх захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтаар гомдол гаргах эрхийг хязгаарласан. Миний гаргасан сөрөг нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрдүүлбэр хангасан байгаа ба энэ одоо хэрэгт хавсаргаж, авагдсан байгаа. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар ...хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2022.10.18-ны өдрийн тус хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох ...хууль бус эзэмшлээс гаргуулах...гэх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хуүль бус болохыг тогтоолгох өөр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд явагдаж байгааг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар У.Цын нэхэмжлэлтэй, Ч.Ө, Ж ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Гэтэл шүүхээс 5717 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиин 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалтыг удирдлага болгон тус захирамжийн 2 дахь заалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл миний гаргасан хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар гарсан байтал ийнхүү холбогдох хуулийн заалтыг баримтлахгүйгээр гаргаж, улмаар хэргийн оролцогчийн уг захирамжинд гомдол гаргах эрхийг хязгаарласан. Ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй төдийгүй энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянян шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т хамаарч байна. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь уг нэхэмжлэлийг гаргахдаа ...Ч.Өын хууль бус эзэмшлээс..., хамтран хариуцагчаар Ж ХХК-ийг татахдаа болон шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 106 дугаар Ч.Өын ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байсан. Гэтэл шүүхээс уг хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гаргасан татгалзаж буй үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсан хууль бус эзэмшлийн талаарх мэтгэлцээнд дүгнэлт хийхгүйгээр шүүх хуралдаанд талуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 107 дугаар зүйлд зааснаар мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийж, улмаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох диспозитив зарчмын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахгүйгээр шаардах эрхийн үндэслэлийг буруу тогтоож шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан шаардлагыг хангахгүй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гэрчээр Ц.Б

Хоёр. Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой Иргэний хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй тухайд: Нэхэмжлэгч У.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайбартаа Ч.Ө болон Ж ХХК-ийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн өөрөө буулгагч синотрак маркын 3600УНР дугаартай автомашиныг гаргуулах гэж тодорхойлсон ба шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д үндэлэж шаардлага гаргаснаа удаа дараа тайлбарлаж байсан. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие уг автомашиныг хууль ёсоор эзэмшиж байсан Ц.Баас зээлээр өгсөн 2 автомашины сэлбэгийн үнэд зориулан Ц.Бын өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр сайн дураар сэлбэгийн үнэд барьцаа болгож Ж ХХК-д үлдээсэн гэдгээ тайлбарладаг төдийгүй У.Ц нь өөрөө сайн дурын үндсэн дээр Ц.Бад өөрөө хүсэж эзэмшил, ашиглалтыг шилжүүлсэн гэдгээ ч тайлбарласан. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, улмаар уг хэргийг хянан шийдвэрлэх учиртай байтал талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд анхан шатны шүүхээс эрх зүйн дүгнэлтийг буруу тодорхойлж, улмаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 гэж талуудын хооронд мэтгэлцээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй шаардах эрхийн үндэслэл тогтоогдсон мэтээр дүгнэсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй байна. Угтаа бол нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болж буй уг автомашин Ж ХХК болон Ч.Өт яг ямар байдлаар хууль бус эзэмшил болох эсэх талаарх эрх зүйн дүгнэлтийг хийж, улмаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байгааг анхан шатны шүүх анхаарсангүй. Үүгээрээ анхан шатны шүүхийн Иргэний хуулийг 106.1-т зааснаар шаардаж буй үндэслэлд дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ч.Ө болон Ж ХХК нь 3600 УНР гэх автомашиныг хулгайлж, булааж, дээрэмдэж, залилан мэхэлж, далайлгасан сүрдүүлж гэх мэт хууль бус, хууль зөрчсөн байдлаар барьцаалаагүй харин У.Ц нь уг тээврийн хэрэгслийг Ц.Бад гэрээний үндсэн дээр, Ц.Б нь Ж ХХК-д үнийг нь дараа төлөх нөхцөлтэй авсан 7.960.000 төгрөгийг төлөх хүртлээ барьцаанд бариулахаар амаар гэрээ хийсэн болох нь талуудын тайлбараар болон Ц.Бын, Л.Эийн тайлбараар нотлогдсон байхад уг баримтыг үндэслэлтэйгээр дүгнээгүйгээс гадна Ц.Б болон Ж ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцохгүйгээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн зүйн үндэслэл огт байхгүй болно. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэгчийн өмчлөлийн гэх 2 ширхэг автомашин /синотрак маркын өөрөө буулгагч 3600УНР, синотрак маркын автомашин, мөн Хово маркын 2884 УНЭ улсын дугаартай Эийн жолоодож байсан гэх автомашин/-д тавина гэж хэлээд сэлбэг зээлээр аваад улмаар Ц.Б нь уг сэлбэгийн үнийг төлөх боломжгүй байна гэж хэлээд 3600УНР өөрөө буулгагчийг барьцаанд үлдээсэн ба Ц.Бын зөвшөөрснөөр өөрийнх нь хууль ёсоор эзэмшиж байсан автомашиныг Ж ХХК нь Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу өөртөө туслах аргыг хэрэглэж, зээлээр авсан сэлбэгийн үнийг төлөх хүртэл барьцаанд байлгах эрхтэй. Энэ нь хууль бусаар эзэмшил үүсээгүй, хууль бус зүйл байхгүй талаар маргасан.  Гэтэл шүүх талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийдэг атлаа талуудын маргаж, мэтгэлцсэн дээрх өөртөө туслах хуулийн зохицуулалтын талаар огт дүгнэлт хийгээгүй байна. Тодруулбал шүүхээс хэрэглэж ёстой зүйл заалтыг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Энэ мэтээр уг хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.05-ны өдрийн 142/ШШ2022/01598 дугаартай шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн хэрэглэх ёстой зүйл заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй зүйл, заалтыг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь давж заалдах шатны шүүхээс залруулан зөвтгөх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан түдгэлзүүлэх үндэслэл байсаар байхад хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэг ноцтой алдаатай байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү. Уг гомдлыг хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн хамт биечлэн оролцож гомдлын үндэслэлээ нэмж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1,118.2-т заасан үндэслэлээр тайлбарлах хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг мэдэгдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч У.Ц нь хариуцагч Ч.Ө, Ж ХХК-д холбогдуулан “хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн синотрак маркын өөрөө буулгагч 36-00 УНР улсын дугаартай автомашин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Ч.Ө, хариуцагч “Ж” ХХК нараас синотрак маркын өөрөө буулгагч 3600 УНР дугаартай автомашиныг гаргуулж нэхэмжлэгч У.Цад олгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

2022 оны 10 дугаар сарын 17 ны өдөр Ж ХХК-ийн захирал Ц.Бурмаа нь У.Цад холбогдуулан сөрөг нэхэмжлэл, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт тус тус гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 18 ны өдрийн 5717 дугаар захирамжаар татгалзаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  73 дугаар зүйлийн 73.2.-т сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэнэ  гэж заасан байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ.

Мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.-д сөрөг нэхэмжлэл нь энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ба захирамжаар  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд мөн хуулийн 170 дугаар зүйлд зааснаар хариуцагч тал гомдол гаргах эрхтэй юм.

Дээрх захирамжаар 2 асуудлыг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1., 123 дугаар зүйлийн 123.3. дахь заалтуудыг удирдлага болгосон боловч захирамжинд гомдол гаргах эрхийг хязгаарласан байна.  

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийг удирдлага болгож, захирамжинд гомдол гаргах эрхтэй болохыг  заах ёстой болно.   

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 18 ны өдрийн 5717 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаярыг шүүх хуралдаанд оролцуулаагүй атлаа шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт оролцсон байдлаар бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.  

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гийн   шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гомдлыг хүлээн авах боломжтой юм.

            Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2022/01598 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                   С.УРАНЧИМЭГ

 ШҮҮГЧ                                                                           Б.ОЮУНЦЭЦЭГ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Б.БТӨР