| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0187/Э |
| Дугаар | 198 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Ө.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Өийн Эд холбогдох 1812002780227 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Өн Э /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ө.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн орой Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн “Хүрэн хоолой” гэх газарт иргэн Ц.Э хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түлхэж унаган, өшиглөн цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ц.Э өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг Хүрэн хоолой гэх газар мал усалдаг худаг дээр би ганцаараа малаа услаад явж байсан чинь манай төрсөн дүү Э над дээр машинтайгаа ирээд чи мал ус уулгахгүй хоргоолоо гээд над руу дайраад чамайг ална шүү гээд намайг зодох гээд хөөж элдсэн, би Эоос зугтсан чинь араас чулуу авч шидэхэд шидсэн чулуу нь миний нуруу руу оносон, тэгээд намайг барьж аваад газар унагаагаад хөлөөрөө миний хөл гуя, нуруу руу өшиглөж зодсон. Би зодуулаад босох гэсэн чинь босч чадахгүй байсан. Тэгээд манай нөхөр над дээр ирээд намайг аваад гэр рүүгээ явсан. Миний хувьд Эод өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй, Э намайг ер дээрэлхэж, харьцаж дорд үздэг тэр зангаа гаргаж намайг зодсон. Э миний нуруу руу чулуугаар 2,3 удаа цохисон, хөлөөрөө миний зүүн хөл, шилбэ, гуя, хөлийн өсгий хэсэг рүү олон удаа өшиглөсөн...Би эмчилгээ эм тарианы зардал, шатахууны зардал зэргийг Эоос нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-12 дугаар хуу/
Гэрч Д.Н өгсөн: ...Би хонио эргүүлээд Хүрэн хоолой худаг дээр хүрээд иртэл миний эхнэр Э уйлаад сууж байсан. Би эхнэрээ Этой маргалдсан байна гэж бодсон. Би Э гэртээ очоод үзтэл биеийнх нь зарим хэсгүүдэд хөхөрсөн, улаан хүрэн толбо үүссэн, алхаж чадахгүй зүүн хөл нь доголоод байсан. Өмнө нь Э манай эхнэрт гар хүрч, ийм зүйл болж байгаагүй. Өөр ярих зүйл байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуу/
Гэрч Ц.О өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өвөлжөөн дээрээ хүүхдүүдтэйгээ байсан миний нөхөр Э хаваржаан дээрээ байсан, тэр үед юу болсон талаар би мэдэхгүй байна. Э манай хадам эгч, Э энэ хоёр зүгээр л эгч дүү нар шиг байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/
Ө.Эын яллагдагчаар өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн нутагт байрлах Хүрэн хоолой гэх газрын худгаас малаа услахаар очсон юм. Тухайн үед Э худаг дээр малаа услаж байсан. Би малаа услах гэтэл чиний малыг услуулахгүй чи наад хэдэн малаа аваад зайл гээд орилж хашгираад чулуу авч шидээд байсан. Тэр үед хаврын цөвүүн цаг байсан учраас би түр зуур бухимдаад Э түлхээд газарт унагаасан, дахиад босч ирээд дайраад байхаар нь түлхэж унагаасан. Э бол миний төрсөн эгч байгаа юм. Одоо Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт хамт нутагладаг. Би худгаас малаа услах гэтэл намайг хөөгөөд байсан болохоор түлхсэн юм, 3 удаа түлхэж унагаасан. Тухайн үед Э бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад өөр хэлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 207 дугаартай дүгнэлт:
1. Ц.Э биед, нурууны баруун доод хэсэг, баруун суганы ар хэсэг, зүүн хөлийн өсгийнд зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн өвдөг, зүүн тохойнд жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Нурууны баруун доод хэсэг, баруун суганы ар хэсэг, зүүн хөлийн өсгийнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун мөр, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн өвдөг, зүүн тохойнд жижиг зулгаралт гэмтэл нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуу/
Ө.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дүгээр хуу/
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 37 дугаар хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 47-48 дугаар хуу/
Хохирогч Ц.Э, яллагдагч Ө.Э нарын хүсэлт /хх-ийн 50,56 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ө.Эод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ө.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 12 цагийн орчим Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн “Хүрэн хоолой” гэх газарт иргэн Ц.Э маргалдан зодож түүний биед нурууны баруун доод хэсэг, баруун суганы ар хэсэг, зүүн хөлийн өсгийнд зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн өвдөг, зүүн тохойнд жижиг зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ө.Э нь мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Э, гэрч Д.Н, Ц.О нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 207 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ө.Э нь хохирогч Ц.Э зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс нурууны баруун доод хэсэг, баруун суганы ар хэсэг, зүүн хөлийн өсгийнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 207 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хэргийн шинжийг хангаж байх тул Ө.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Ө.Эын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 51 дүгээр хуу/ гарын үсэг зуржээ.
Хэрэгт цуглуулсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ө.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ө.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Ц.Э нь “өөрийн дүү Этой учраа олсон, надад гомдол санал байхгүй” гэж /хх-ийн 50 дугаар хуу/ хүсэлт гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 47 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ө Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Ө.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ө.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ө.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ