Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2023/00019

 

 2023         03               02                               207/МА2023/00019

 

 

Л.Хгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч З.Ст холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2023/00072 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.Хгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Ст холбогдох,

“Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч З.Сын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Х, хариуцагч З.С, Нарийн бичгийн дарга Н.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Хгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

З.Стай 2007 онд бид танилцаж хамтран амьдраад, хүү С овогтой М 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, хүү С овогтой М 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй. 2018 оноос хойш тусдаа амьдарсан. Өөр өөрийн тус тус амьдралтай болсон. Миний 2 хүү ээжтэйгээ, сурч боловсорч, эрүүл саруул өсч амьдарч байгаа, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна. З.Ст эцэг хүний үүрэг хариуцлага хүлээлгэж, 2 хүүд минь тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч З.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие З.С нь 2008 онд Л.Хтай гэр бүл болоод дундаасаа 9-14 насны хоёр хүүхэдтэй бид 2018 онд гэр бүл салаад одоо тусдаа амьдарч байгаа. Л.Х нь 2018 онд өөр хүнтэй гэр бүл болоод мөн дундаасаа хүүхэдтэй болсон. Миний хувьд 2018 онд гэр бүл салахдаа Л.Хтай хамт амьдарч байхдаа би өөрөө 2013 онд 9,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. О аймгийн Д багын Ундаргын 5-2 тоот хашаа байшин 7,000,000 төгрөгөөр 2017 онд авсан тоёото королло маркын тээврийн хэрэгслийг хоёр хүүхэддээ өгсөн. Одоо хоёр хүүхэдтэйгээ байнгын харилцаа холбоотой байдаг. Хоёр хүүхэддээ боломжоороо тусалж, хувцас мөнгө төгрөгний туслалцаа үзүүлдэг. Миний бие одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн гэр оронгүй, ажил хийх гэхээр мэргэжил боловсрол дутмаг гээд ажил олдохгүй байна. Би зуны улиралд барилга дээр ажил хийдэг. Цаашид боломжоороо мөнгө болон эд материалын туслалцаа үзүүлж байх болно. Иймд байнгын тэтгэмж төлөх төлөх боломжгүй байгаа тул миний хувийн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү С овогтой М, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү С овогтой М нарыг эх Л.Хгынх нь асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хүү С.Мт бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү С.Мад бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 / суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг З.Саар нь сар бүр тэжээн тэтгүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагч З.Саас 70,200 төгрөг мөн 76,056 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч З.С шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

            “...О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2023/00072 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргах нь: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, нотлох баримтыг үнэлэхдээ бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Үндэслэл нь нэхэмжлэгч Л.Хгийн оршин суугаа хаяг болох ам бүлийн тодорхойлолтыг үндэслэн шийдвэрлэсэн. Гэтэл Л.Х нь ам бүл болох нөхөр болон миний хүүхдүүдээс гадна төрүүлсэн гэх 3 хүүхдүүдийн талаар тодорхойлолтод байхгүй буюу эх Л.Х хэн хэний хамт хэдүүлээ амьдарч байгааг тодорхойлсон зөв баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлээгүй билээ. Үндэслэлгүй баримтыг үндэслэн миний хүү С.М, С.М нар хамт байдаг мэт үзсэн нь буруу болно. Хүүхдүүд маань Л.Хтай хамт байх хүсэлгүй бөгөөд энэхүү шийдвэрийн шүүх хуралдааны болсны маргааш өдөр нь том хүү С.М нь надтай хамт амьдрахаар ирсэн. Шалтгаан нь Л.Х нь хүү С.Мийг зодож, гэмтэл учруулсан асуудал үүсч, Б аймгийн цагдаагийн газарт энэхүү асуудал нь шалгагдаж байна. Мөн хүү С.М над дээр ирэхийг хүсч байгаа боловч ээж нь түүний хүсэлтийг үл ойшоож, өөртөө байлгах гэсэн шалтгаан нөхцлөөс бага хүү маань өөр айлд хөдөө байна. Л.Хгийн байнгын оршин суугаа газар нь Б аймгийн Б суманд оршин суудаг бөгөөд хүүхдүүд маань О аймаг Баян өндөр сумын Д багийн Ундаргын 5-2 тоот оршин суугаа Л.Хгийн том хүү 17 настай болох Х.Мы асрамжид байсан. Тухайн хашаа байшинг би худалдан авсан бөгөөд хоёр хүүгийн маань өссөн газар гэдгээр би хоёр хүүгээ байлгаж байгаа нь үнэн боловч орон гэрт нь байлгахгүй, хүч хэрэглэж зодсон асуудал удаа дараа үүслээ. Хоёр хүүхдүүдийг маань Л.Х нь асран халамжилдаггүй болно. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хүүхдүүдийн санал аваагүй болон хүүхдүүд хэнтэй үлдээвэл зохимжтой асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргаагүй зэрэг хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэснээс болж, шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй, үндэслэл муутай шийдвэр болсон байна. Мөн Л.Х болон сүүлд суусан гэр бүлийн хүнтэй нь хүүхдүүд маань таарамжгүй харьцаатай байгаагаас болж хүүхдүүд маань аюулгүй тайван, эрүүл орчинд өсч торних байдал алдагдсан. Миний хувьд ээжтэйгээ хоёулаа амьдардаг учраас бидэнтэй том хүү маань хамт амьдарч байна. Анхан шатны шүүхэд би өөрийн гэсэн орон гэргүй гэж бичсэн нь өөрийн гэсэн өмчлөл хөрөнгөгүй гэх байдлаа хэлсэн бөгөөд би Хгаас салснаас хойш өөрийн ээжтэйгээ хамт амьдарч байгаа болно. Хоёр хүүхдүүдээ аюулгүй тайван, эрүүл орчинд өсгөн хүмүүжүүлэх боломжтой байгаа болно. Хүүхдүүдийн асрамжийг эхэд нь үлдээх хангалттай нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байх тул О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.05-ны өдрийн 142/ШШ2023/00072 тоот шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

 

                                                           ХЯНАВАЛ :

          Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч З.Ст холбогдуулан “хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...боломжоороо мөнгө болон эд материалын туслалцаа үзүүлж байх болно, байнгын тэтгэмж төлөх төлөх боломжгүй байгаа тул миний хувийн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг шүүхэд гаргасан байна.

         Шүүх хүү С.М, хүү С.М нарыг эх Л.Хгийн асрамжинд үлдээж, эцэг З.Саас хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулж шийдвэрлэснийг хариуцагч “...хүүхдүүдээс өөрийнх нь саналыг аваагүй болон хүүхдүүдийг хэнтэй нь үлдээвэл зохимжтой асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргаагүй хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх үндэслэлээр давж заалдсан гомдол гаргажээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т  “...Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн бол ...  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

         Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хүү С.Мийг эцэг З.Сын асрамжинд, хүү С.Мыг эх Л.Хгийн асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцож эвлэрсэн тул шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой юм.

         Хүүхдийн эцэг, эх Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах.” гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд дахин хүүхдийн асрамжийн талаар маргаан үүсгэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

       Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2023/00072 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Л.Хгийн нэхэмжлэлтэй хариуцагч З.Ст холбогдох “Хүүхдийн асрамж,  тэтгэлэг тогтоолгох тухай” шаардлага бүхий иргэний хэрэгт хүү С.Мийг эцэг З.Сын асрамжинд, хүү С.Мыг эх Л.Хгийн асрамжинд тус тус үлдээхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т зааснаар З.Сын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.БАТТӨР

       ШҮҮГЧИД                                            С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ