Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/ма2023/00407

 

 

 

 

 

 

 

 

2023 02 17 210/МА2023/00407

 

 

М--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/00232 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М--ийн хариуцагч С ХХК -д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт төлсөн 13,551,878 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: М--тай * улсын дугаартай , * маркийн автомашины өмчлөгч Б ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр * дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгөлдөр 12 дугаар байрны зогсоолд байсан * улсын дугаартай , * маркийн автомашиныг * улсын дугаартай * маркийн автомашин мөргөсний улмаас даатгалын тохиолдол үүссэн. Зам тээврийн осол, хэргийн үзлэгийг Тээврийн цагдаагийн алба гүйцэтгэж, * улсын дугаартай * маркийн автомашины жолооч М.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.14, 3.5 /г/-д заасныг тус тус зөрчсөн. Даатгалын тохиолдлын газар дээрх үзлэг хийгдэх үеийн тэмдэглэлийг М- давхар үйлдсэн. Улмаар хохирлын тайланг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Мастер үнэлгээ ХХК нь 12,911,878 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон байна. Б ХХК нь 20/7 албан тоотоор 12,911,878 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт тооцон шилжүүлэхийг нэхэмжилж, буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлсэн. Ийнхүү М- нь автомашины хохирол 12,911,878 төгрөг, үнэлгээний зардал 640,000 төгрөг, нийт 13,551,878 төгрөгийг нөхөн төлбөрт олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс аж ахуйн нэгжийн албан татварын 10 хувь болох 1,355,187 төгрөгийг суутган 12,196,690 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт тооцон олгосон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 18 дугаар зүйлийн 18.6.7, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу суутган төлөгч М- нь хуульд зааснаар орлогод ногдох албан татварыг ногдуулж, суутган төсөвт шилжүүлсэн болно. Ийнхүү даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосноор Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасны дагуу гэм хорыг нөхөн төлөх үүрэг бүхий этгээдээс олгосон нөхөн төлбөрийг буцаан шаардах эрх нь даатгагчид хуулийн дагуу шилжсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын эд хөрөнгөд өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирол учруулсан * улсын дугаартай * маркийн автомашины жолооч М.А гийн гэм буруугийн хариуцлагыг ажил олгогч буюу С ХХК хуулийн дагуу хүлээх үүрэгтэй. Иймд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 13,551,878 төгрөгийг гаргуулж М--д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд зааснаар хэргийн харьяалал зөрчиж гаргасан, даатгалын нөхөн төлбөр болох 13,551,878 төгрөгийг хариуцагч Х газрын , С ХХК , тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч М.А нарын хэнээс нь нэхэмжилсэн нь тодорхойгүй байна. Мөн Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр олгох, буцаан нэхэмжлэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хариуцлагыг тус тээврийн хэрэгслийн эзэмшигч хүлээнэ гэж нэхэмжлэлдээ тусгасан бөгөөд нэхэмжлэгч М ХХК нь тээврийн хэрэгслийн өмчлөгч Х газрын , С ХХК нараас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13, 14, 15, 19, 65 дугаар зүйлийн 65.1.1, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол яриад байна. М.А гаас хохирлоо нэхэмжлэхгүй, тээврийн хэрэгслийн өмчлөгч гэх байгууллагаас нэхээд байна. Х газрын -ын нэр дээрх автомашины асуудлыг С ХХК -аас нэхэмжлээд байгаа тул манайх нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгч, эзэмшигчийг тодорхой заасан. Хариуцагчийг тодорхойлж чадаагүй. Манай компани хохирлыг хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК -аас гэм хорын хохиролд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 13,551,878 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М--д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 225,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М--д олгож, Нэхэмжлэгч нь хариуцагч Х газрын -т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Тус шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд зааснаар хэргийн харьяалал зөрчсөн, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.3, Автотээврийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг хүчингүй тооцсон. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Х газрын -т гэсэн байгааг үл хамааран, хууль түүнтэй адилтгах журмыг үл тоон гаргасан шүүхийн шийдвэр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: М--ийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Х газрын -т хандаж, гэм хорын хохиролд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу 13,551,878 төгрөгийг шаардсан. Анхан шатны шүүх анх нэхэмжлэлийг хүлээж авахдаа харьяалал зөрчөөгүй. Нийслэлийн Засаг даргын 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/42 тоот захирамжийн дагуу тухайн автомашин нь С ХХК -д шилжсэн. Энэ талаарх нотлох баримтууд нь хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхийн шатанд хариуцагчийн зүгээс тухайн автомашиныг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тухайн ослыг гаргасан жолооч нь С ХХК -тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг компанийн ажилтан болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М- нь хариуцагч С ХХК -д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт төлсөн 13,551,878 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэм хорын хохирлыг хариуцах этгээд биш байх тул манай компани хохирлыг хариуцах үндэслэлгүй... маргажээ.

2.1. Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Х газрын -т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар С ХХК -ийг татан оролцуулсан байх ба 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч Х газрын -т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг шүүх баталж шийдвэрлэсэн байна.

3. 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр * дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төгөлдөр 12 дугаар байрны зогсоолд М.А нь * улсын дугаартай * маркийн автомашиныг жолоодож явахдаа зогсож байсан Б ХХК -ийн эзэмшлийн * улсын дугаартай тоёота лексус 570 маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь зохигчдын тайлбар болон Тээврийн цагдаагийн газрын албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-7-12, 13-14/

4. Б ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр М--тай Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр даатгуулагч нь өөрийн өмчлөлийн тоёота лексус 570 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулж, даатгалын хураамж төлөх, нэхэмжлэгч буюу даатгагч М- нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүргийг тус тус хүлээжээ.

4.1. Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор даатгалын тохиолдол бий болж, нэхэмжлэгч М- нь даатгуулагч Б ХХК -ийн эд хөрөнгөд учирсан хохирлыг Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлсэн үнэлгээний дагуу хохиролд 12,911,878 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хх15-18, 23-24/

5. Нэхэмжлэгч М- нь даатгуулагч Б ХХК -д даатгалын нөхөн төлбөр төлснөөр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар буруутай этгээдээс нөхөн төлбөрийг шаардах эрх шилжсэн байна.

6. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/42 дугаар захирамжаар тээврийн хэрэгслүүдийг балансаас балансад шилжүүлэх тухай жагсаалтын 18 дугаарт * улсын дугаартай маркийн хог тээврийн хэрэгслийг Сүхбаатар дүүрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Х газрын -ын нэр дээр бүртгэл хэвээр байх ба С ХХК нь нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, хог хаягдал тээвэрлэлтийг хариуцах үйл ажиллагааны хүрээнд уг автомашиныг ашиглаж байгаа үйл баримт зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. /хх-55, 78-81/

7. М.А нь С ХХК -ийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар тушаалаар хог ачигчийн ажлаас чөлөөлж, хог тээврийн хэрэгслийн жолоочийн ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна./хх-133, 134-136/ Тэрээр өөр этгээдээс буюу ажил олгогчоос бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хэдийгээр дээрх зөрчлийг гаргасан боловч тухайн этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Харин уг бүрэн эрх олгосон этгээд болох С ХХК -ийг эзэмшигч гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

8. Хариуцагч С ХХК нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслийн эзэмшигч мөн байх тул нэхэмжлэгч М- нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч болох С ХХК -аас учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэсэн байна.

9. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт төлсөн 12,911,878 төгрөг, хохирлын үнэлгээний зардал 640,000 төгрөг, нийт 13,551,878 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

10. Хариуцагчийн ...хэргийн харьяалал зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хамтран хариуцагчаар оролцуулахтай холбоотойгоор шүүх хэргийн харьяалал зөрчихгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул хэргийн харьяаллыг өөрчлөх шалтгаан болохгүй.

11. Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ ил тод байдал, шударга ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу оролцоно гэж тус тус заажээ. Анхан шатны шүүх хуралдаанд зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг гаргасан байх тул анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

12. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/00232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.ЦОГТСАЙХАН