Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/ма2023/00409

 

 

 

 

 

 

 

 

2023 02 17 210/МА2023/00409

 

 

Л.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02918 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Н-ын хариуцагч М ХК -д холбогдуулан гаргасан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 415,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Би * дүүргийн 5 шарын автобусны буудлын зүүн талд байрлах ВSВ дэлгүүрийн ар талын * дугаар байранд өөрийн эзэмшлийн * маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоолоос гаргах гэж байгаад орон сууцны ЦТП /узель/ буланг зүүн толиор мөргөсөн. Улмаар М ХК -д мэдэгдэхэд өөрийнх нь ажилтан ирж бүртгэн, зураг аваад явсан. Надад тухайн ажилтан та хохирлын үнэлгээ хийлгээд ир гэсний дагуу Ашид Билгүүн ХХК-аар зүүн толь бүтэн гэмтсэн тул 415,000 төгрөгөөр солих үнэлгээ гарсан. Гэтэл М ХК -аас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/635 дугаартай албан бичгээр даатгалын гэрээний 3.1.2-т даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Миний бие хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан. Тус өргөдлийн хариуг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9/3022 дугаартай албан бичгээр урьдчилан шийдвэрлэх боломжгүй байх тул Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Тухайн осол болсон байр нь цэнхэр мөн миний машины толь нь цэнхэр байхад М ХК ямар үндэслэлээр худал мэдээлсэн гэх нь тодорхой бус, би автомашинаа Хаан банк ХХК-аас зээлээр худалдан авахад даатгал хийж даатгалын төлбөр төлж байхад ямар үндэслэлээр хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа нь хууль зөрчиж даатгуулагч миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд даатгалын гэрээний дагуу 415,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь М ХК -тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 90С2110046034 дугаартай даатгалын гэрээ байгуулж, 5420 УНХ улсын дугаартай тоёото приус * маркийн тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаатай даатгуулсан. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нь * дүүргийн * дүгээр хорооны 5 шарын уулзварын ВSВ-ийн хойно байрлах зогсоолд ухарч гарах гэж байгаад тоосгон хана харалгүй шүргэж, даатгалын зүйлд хохирол учирсан гэж 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 18 минутад манай компанийн шуурхай албаны 70170000 дугаар утсанд дуудлага өгөн бүртгүүлж, үзлэг хийлгэсэн. Даатгагчийн зүгээс дээрх тохиолдлыг шалгаж үзэхэд даатгалын тохиолдол нь тухайн газар болоогүй, даатгуулагч нь тээврийн хэрэгслээ тоосгон хана тааруулан тавьсан болох нь осол болох үед авсан гэх фото зураг болон шуурхай албаны үзлэгээр нотлогдсон тул даатгалын гэрээний 3.1.2 болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т тус тус заасны дагуу тухайн тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Ийнхүү манай компанийн зүгээс хууль болон гэрээнд заасны дагуу даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос үндэслэлтэйгээр татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 415,000 төгрөгийг хариуцагч М ХК -аас гаргуулж, нэхэмжлэгч Л.Н-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,100 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М ХК -аас 13,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Н-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлох үүрэгтэй. Гэтэл шүүх нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу албан бичигт дурдагдсан үндэслэлээс бусад үндэслэлээр шүүх хуралдаанд шинээр тайлбар, татгалзал гаргах эрхгүй гэж дүгнэж, маргаанд хамааралгүй ач холбогдолгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчиж, нэхэмжлэгч талд хэргийг ашигтай шийдвэрлэх нөхцөл байдлыг үүсгэн, хуульд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн дүгнэлт хийж, шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл даатгалын тохиолдол тухайн газар болсон гэх үйл баримт нь нотлогдохгүй байхад нэхэмжлэгч Л.Н-ын мэдүүлснийг худал мэдүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь даатгалын тохиолдол тухайн газар болоогүй, даатгуулагч ослын газрыг хуурамчаар үйлдэн тохиолдол болсон гэж худал мэдүүлсэн нь даатгагчийн шуурхай албаны ажилтны үзлэг болон тухайн үеийн фото зургаар нотлогдсон. Хариуцагчийн зүгээс дээрх үйл баримтыг нотлохын тулд шуурхай албаны мэргэжилтний үзлэгийн тэмдэглэл, тухайн үеийн фото зургуудыг нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд гаргаж өгсөн. Мөн шуурхай албаны мэргэжилтэн Х.Алтансүхийг гэрчээр оролцуулсан. Гэтэл шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр, даатгалын тохиолдол болсон гэж дүгнэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүх хууль болон гэрээг зөвхөн нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлан, нотлох баримтыг буруу үнэлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Ийнхүү анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн тайлбар, татгалзлыг хүлээн авахаас үндэслэлгүй татгалзан, нотлох баримтуудыг буруу үнэлж, хууль болон гэрээний нөхцөлийг буруу тайлбарласан нь анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй, үндэслэлгүй болохыг нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт өгч чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Л.Н- нь хариуцагч М ХК -д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 415,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч даатгалын тохиолдол болоогүй тул нөхөн төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

4. Л.Н- нь М ХК -тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 215171062050200002 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, * маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг 27,500,000 төгрөгийн үнэлгээтэйгээр даатгуулж, даатгалын хураамж 330,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. Хэргийн 34 дүгээр талд авагдсан 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн даатгалын тохиолдлын үзлэг хийгдэх үеийн ...* дүүргийн * дүгээр хорооны таван шарын уулзварын BSB-ийн хойно байрлах зогсоолд ухарч гарах үедээ тоосгон хана шүргэж толио хагалсан гээд үзлэг хийхэд тухайн газар болоогүй, хагархай дутуу хуурамч байсан гэх тэмдэглэл,

гэрч Х.А-ийн ...Би дуудлагын дагуу очиж үзлэг хийхэд толины хагархай дутуу, ухарч гарах гэж байсан гэж хэлж байсан. Ухрах үйлдэл хийсэн мөр байгаагүй. ...Машиныг тааруулж тавьсан мөр л байсан. ...Дохионы хэсгийн хагархай байхгүй байсан. ...Хойшоо ухарсан бол дугуй хэсгээрээ хагарах ёстой байсан. Гэтэл тийм зүйл огт байгаагүй./хх52-53/ гэх мэдүүлэг зэрэг баримтуудыг хариуцагч татгалзлаа нотлох үүргийн хүрээнд шүүхэд гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн байна. Иймд хариуцагчийн ...даатгалын тохиолдол нь тухайн газар болоогүй, даатгуулагч нь тээврийн хэрэгслээ тоосгон хана тааруулан тавьсан гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар үнэн зөв, бодит байдалд нийцсэн, үндэслэлтэй гэж дүгнэлээ.

5.1. Нэхэмжлэгч Л.Н- нь дээрх баримтуудыг няцаагаагүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүйгээр нотолсон гэж үзэхгүй.

6. Даатгуулагч нь даатгалын гэрээний 3.1.2 болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т тус тус зааснаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь нотлогдсон тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байхаар зохицуулсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

7. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М ХК -д холбогдох даатгалын гэрээний нөхөн төлбөрт 415,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02918 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т зааснаар хариуцагч М ХК -д холбогдуулан гаргасан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 415,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Н-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.ЦОГТСАЙХАН