| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0201/Э |
| Дугаар | 214 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 214
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч: Б.Мөнгөншагай,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Галбадрах,
Иргэний хариуцагч: Ч.Б
Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн Б-д холбогдох 1826003190206 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Ц.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “*******” гэх “Истана” маркийн автотээврийн хэрэгслийг, тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөенд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, 9.2 “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Т-н эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтан шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Иргэний хариуцагч Ч.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би Өвөрхангай аймгийн морины хөшөөний тэндээс эхнэртээ жолоогоо шилжүүлчихээд өөрөө унтаж яваад энэ осол гарсан. Өөр зүйлгүй. Надаас хохирогч нар нь хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Морины хөшөөний цаана аав, ээж хоёр жолоогоо сольж би аавтай арын суудал дээр унтаад, ээж цаашаа жолоо барьж явсан. Тэгээд нэг мэдэхэд ээж орилсон. Сууж явсан автомашин онхолдох шиг болсон. Ямар ч байсан миний бодоход 2 удаа бүтэн эргээд дугуйн дээрээ газардсан. ... Бид нар саарал өнгийн Истана маркийн автомашинтай дөрвүүлээ явсан. Автомашины жолоог барьж жолоочийн суудал дээр ээж Ц.Б, хажууд нь буюу урд талын суудал дээр дүү Б.Тэргэл, арын суудлыг ор болгоод аав Ч.Б бид хоёр унтаад явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24, 155 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Т-н мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 5 цагийн үед Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг орохоор аав, Ч.Б, ээж Ц.Б, ах Б.Т нарын хамт гарсан. Тэгээд замдаа явж байгаад аав ээж хоёр жолоогоо сольж барьсан. Тухайн үед би урд талын суудал дээр сандлынхаа түшлэгийг хойшлуулаад сандал дээрээ хэвтээд утсаар тоглоод явж байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан. ... Аав, ах хоёр арын суудал дээр унтаад, ээж бид хоёр урд суудал дээр сууж явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27, 157 дугаар хуудас/,
Гэрч С.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн түргэнээс аймаг, ******* сумын дунд аваар осол гарсан гэсэн дуудлага өгсөн. Тэгээд ******* сумын эмнэлэг рүү дуудлага өгч хэлсэн чинь ******* сумын эмч нь танай ******* сум рүү хүмүүс нь замын унаанд суугаад явчихсан байна гэсэн. Тэгээд удалгүй 13 цаг 10 минутын үед осолд орсон гэх эмэгтэй хүүтэйгээ ирсэн. Ирэх үедээ хүү нь ухаангүй савчсан, эмх замбараагүй хөдөлгөөнтэй уйлагнасан байдалтай, ерөнхийдөө биеийн байдал хүнд нүүрний баруун тал толгойн хуйхны хэсэг, биеийн цээж, хэвлийн баруун тал, баруун хөл, зүүн хөлний өвдөг орчим нь арьс зулгарч, урагдсан зөөлөн эдийн гэмтэлтэй, салстууд цайвар, гар, хөл хүйтэн, уушиг, цэлцэнгийн амьсгалтай, зүрхний авиа тод, сатуратис 88 хувь, пүүлс 126, даралт 90/53, амьсгал нь 22-той байсан. Хэвлийн зөөлөн, хүүхэн хараа баруун талдаа 5мм, гэрлийн урвалгүй, зүүндээ 3мм гэрлийн урвалт жигд оролцсон, мөчдөд илэрхий саа, сааталтын шинжгүй, дагзны булчин хөшөнгүй байсан. 7 настай эрэгтэй хүүхэд, 39 настай эмэгтэй, /ээж Ц.Б/ ирэх үедээ цээжээр өвдөнө, амьсгалж болохгүй байх, гараа хөдөлгөж болохгүй байна гэсэн зовиуртай байсан. Үзлэгт биеийн байдал хүнд, ухаантай, царайны илэрэл шаналсан, ёолсон байдалтай, арьс нь нүүр цээж орчмоор зулгарч урагдсан, зөөлөн эдийн гэмтэлтэй, арьс салстууд цайвардуу, зүүн талын эгэм хугарсан, хоёр гарыг дээш өргөж чадахгүй, хөдөлгөөн нь эмзэглэлтэй, уушиг, цэлцэнгийн амьсгалтай, зүрхний авиа тод, пүүлс нь 106, сатуратис 91, даралт 80/50, хэвлий зөөлөн, баруун нүдний салстад цус хуралттай, гэрлийн урвалд оролцож, мөчид илэрхий саа, саажилтын шинжгүй байсан. Үзээд өвдөлт намдаах, тархины хаван хөөх, цус тогтоох, шингэн сэлбэх, зүрх, судас дэмжих, антбиотик, судасны хана бэхжүүлэх, тархины металболезм сайжруулах эмчилгээнүүд хийсэн. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн эмч болон, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн эмч нараас зөвлөгөө авч Бүсийн оношилгоо эмчилгээний төвд авчирч нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Гэрч Ч.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өвөрхангай аймгийн Морины шүтээнээс цааш 5, 6 км-ийн цаана эхнэр Ц.Б-д жолоогоо шилжүүлсэн. Тэгээд Өвөрхангай аймгийн ******* сумын ойролцоо эхнэр Ц.Б ээжээ гэж орилоод автомашин өнхрөх шиг болсон. Ц.Б бид хоёр автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй. Би B,C,D ангилалтай, эхнэр Ц.Б “В” ангилалтай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Гэрч Г.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...саарал өнгийн Истана маркийн автомашин нь миний нэр дээр байж байгаад 2013 оны 05 дугаар сард “Энх цэцүүн” ХХК-д 3000000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байж байгаад тухайн зээлээ хугацаанд нь дарсан. Гэхдээ нэрээ шилжүүлж амжаагүй байж байгаад 2017 оны 04 дүгээр сард Ц.Б-н нөхөр Ч.Б-д 5500000 төгрөгөөр зарсан. Мөн Ч.Б ч тухайн автомашиныг нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан. Одоо бол Ч.Б-н эзэмшлийн автомашин...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 158 дугаар хуудас/,
Техникийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай: “... Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлэгт заасан заалт “... 3ам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдалыг зам тээврийн осол гэнэ...” гэсэн заалтыг зөрчсөн учир уг хэрэг зам тээврийн осол мөн байна. саарал өнгийн Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 заалт “... Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэсэн заалтыг, Мөн замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “...Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” Мөн замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1 а дахь заалт “... Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Түмэнбайлдагчийн гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна...” гэх дүгнэт /хх-ийн 84 дүгээр хуудас/,
Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “..Истана маркийн тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр “D” ангилал гэж заасан болохоор нийтийн тээврийн хэрэгслийн ангилалд ордог. Нийтийн тээврийн хэрэгсэлд автобус, бага оврын Истана, Грейс, фургон зэрэг 8-аас дээш зорчигчийн суудалтай тээврийн хэрэгсэл багтдаг. Тухайн осол гарахад Ц.Б нь “В” ангиллын жолооны үнэмлэхтэй жолоодож явсан байна. ... Хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон замын эвдрэл нь уг осол гарахад нөлөөлөөгүй. Учир нь замын ямар нэгэн эвдрэл, гэмтэл тохиолдоход жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах ёстой. Ослын акт болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр ямар нэгэн тормосны мөр байхгүй байсан нь жолоочийн ур чадвар болон “D” ангилал байхгүй зэргээс шалтгаалж уг осол гарсан гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 163-164 дүгээр хуудас/,
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 9168 дугаартай: “... Б.Т-н биед зүүн хоншоор ясны урд болон ар хананы далд хугарал, зүүн ухархайн доод хананы цөмөрсөн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чавдар алдангид нөлөөлөхгүй болно...” гэх дүгэнлт /хх-ийн 57 дугаар хуудас/,
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 9143 дугаартай: 1.2.3.4.Б.Т-н биед баруун чамархай ясны цууралт, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайд шарх, зулай, дух, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5.6.7.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 9144 дугаартай: “... 1.2.3.4.Ц.Б-н биед цээжний хэнхэрцэгийн баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-р, зүүн талд 2, 3, 4, 5, 6-р олон хавирганууд хугарал, цээжний хөндийн шингэн хуралдалт, зүүн уушигны уналт, тархи доргилт, зүүн эгэм, баруун дал ясны хугарал, цээж, нуруунд зулгаралт, бугалга, шуу, гуянд цус хуралт, тохойд зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5.6.7. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “... Би тэндээс автомашинаа барьж яваад Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг болох “*******” гэх газар засмал зам дээр том нүх байсан. Тэр нүхний баруун талаар нь тойроод засмал замын ирмэг дагаад үрүүлээ буруу тал руу дараад эргээд зөв тал руугаа дарсан чинь яах ийхийн зуургүй л өнхрөөд явчихсан. саарал өнгийн Истана маркийн автомашинтай, нөхөр Ч.Б, хүү Б.Т, Б.Т нарын хамт дөрвүүлээ явсан. ...Тухайн автомашиныг би жолоодож явсан. ... Би жолооны үнэмлэхтэй, В ангилалтай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 146-147 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,
Зам тээврийн осолд тогтоосон акт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Т, Б.Т нарын №08497, №08532 дугаартай өвчний түүхүүд /хх-ийн 30-43 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Б-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 28, 98, 101 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “*******” гэх газар “Истана” маркийн автотээврийн хэрэгслийг, тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөенд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, 9.2 “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Т-н эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан Насанд хүрээгүй хохирогч Б.Т, Б.Т нарын “... шүүгдэгч Ц.Б-тай хамт явж байгаад осолд орсон талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 24, 155, 27, 157/, гэрч С.Б-н “... 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн түргэнээс аймаг, ******* сумын дунд аваар осол гарсан гэсэн дуудлага өгсөн. Тэгээд удалгүй 13 цаг 10 минутын үед осолд орсон гэх эмэгтэйгээ хүүтэйгээ ирсэн. .... Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн эмч болон, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн эмч нараас зөвөлгөө авч Бүсийн оношилгоо эмчилгээний төвд авчирч нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45/, гэрч Ч.Б-н “... Шүүгдэгч Ц.Б-тай хамт явж байгаад осолд орсон талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49/, Гэрч Г.Жамсрангийн “... Ч.Б ч тухайн автомашиныг нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан. Одоо бол Ч.Б-н эзэмшлийн автомашин...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 158/, Шүүгдэгч Ц.Б-г Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тогтоосон Техникийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай дүгнэт /хх-ийн 84/, Гэрч Б.Нямдашийн “... шүүгдэгч Ц.Б-г замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 163-164/, Шүүгдэгч Ц.Бн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Т-д хүндэвтэр, Б.Т-д хүнд гэмтэл учирсныг тогтоосон Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 9168, 9143 дугаартай дүгэнлтүүд /хх-ийн 57, 61-62/, шүүгдэгч Ц.Б-д хүнд гэмтэл учирсныг тогтоосон Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 9144 дугаартай дүгнэлт /хх-ийн 66/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9/, Зам тээврийн осолд тогтоосон акт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 10-11/, Насанд хүрээгүй хохирогч Б.Т, Б.Т нарын №08497, №08532 дугаартай өвчний түүхүүд /хх-ийн 30-43/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт Ц.Б-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* овогт Ц.Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б-г эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учирсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Б-д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж,
Шүүгдэгч Ц.Б-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Ц.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,
Шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг,
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ц.Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч ******* овогт Ц.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Бд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч иргэний хариуцагчтай холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэвээр үргэлжлүүлсүгэй.