Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 08

 

 

 

             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Ё.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

 

                                                                       Хэргийн индекс: 148/2016/00078/И

 

       Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                    Б.Батзориг

                     Шүүгчид                          Л.Амарсанаа

                                                                   Г.Давааренчин

   Оролцогчид:

           Нэхэмжлэгч                              Ё.Цэцэгмаа 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  М.Гансүх

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор Ё.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй Д.Золбаярт холбогдох “6.150.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Ё.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл боллн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“…Д.Золбаяр нь 2014 оны 10 дугаар сарын 30-нд мөнгө хэрэг болоод байна 1.500.000 төгрөг 20%-ийн хүүтэй зээлээч гэж утсаар ярихаар нь би “надад мөнгө байхгүй, манай охин банкнаас мөнгө зээлсэн байгаа, тэрнээс асууя” гэсэн. Тэгэхээр нь охиндоо хэлтэл сумын орлогч дарга хийж байсан хүн арай худлаа ярихгүй байлгүй, зээлвэл зээл гэсэн. Тэгэхээр нь 1.000.000 төгрөгийг өрөөнд нь бэлнээр нь тоолж өгөөд, 500.000 төгрөгийг Д.Золбаярын өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш нэг ч төгрөг буцааж өгөөгүй. 2015 оны 09 дүгээр сард зээлээ 20%-р авсан гэдэг бичиг хийж гарын үсгээ зурж өгсөн. Үүнээс хойш зээлээ өгнө өгнө гэж явсаар байгаад 2016 оны 02 дугаар сард цагаан сар болохын өмнөхөн таны мөнгийг чинь өгч чадахгүй та шүүхээр заргалдаад ав шүүх миний талд үйлчилнэ гэж хэлсэн. Сар шинэ өнгөрөөд 2016 оны 03 дугаар сард би шүүхэд хандсан. Би Д.Золбаярт итгэж мөнгө өгсөн, би сар болгоны 05-нд банкны мөнгө төлдөг.

Иймээс миний эрх ашгийг хамгаалж үндсэн мөнгө болох 1.500.000 төгрөг, 01 жил 03 сар 15 хоногийн хүү болох 4.650.000 төгрөг, нийт 6.150.000 төгрөгийг гаргуулан өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Д.Золбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“…2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ё.Цэцэгмаагаас 1.500.000 төгрөг барьцаагүй зээлсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “...хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана...” гэж заасан бөгөөд Ё.Цэцэгмаа, Д.Золбаяр нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулсан гэж үзэх боломжгүй учир хүү нэхэмжлэх үндэслэлгүй байна. Иймд дээрх хуулийн дагуу Ё.Цэцэгмаа нь иргэн Д.Золбаяраас 01 жил 15 хоногийн хүү буюу 4.650.000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй байх тул үндсэн мөнгө болох 1.500.000 төгрөгийг төлөх болно...” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Золбаяраас 6.150.000 төгрөг гаргуулж Ё.Цэцэгмаад олгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 113,350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 113,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Золбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212 дугаартай шүүхийн шийдвэр нь иргэн Д.Золбаяр надад илт хохиролтой, хуулийн үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Д.Золбаяр би Ё.Цэцэгмаа гуайгаас 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг авсан нь үнэн юм. Би зээлсэн мөнгөө буцааж өгөх гэтэл тухайн үед мөнгөний боломж байхгүй байсан болохоор өгч чадаагүй билээ. Би мөнгө зээлж авахдаа ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй, итгэлцлийн үндсэн дээр л зээлж авсан. 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр баримт үйлдэж мөнгө зээлж авсан нь үнэн гэсэн бичиг хийж өгсөн. Шүүх надаас 6.150.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь надад их хохиролтой шийдвэр болсон учир би гомдолтой байна, надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн 4.650.000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. 

 

Нэхэмжлэгч Ё.Цэцэгмаа   давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         ...Д.Золбаяр 2014 оны 10 дугаар сарын 30-нд сумын орлогч дарга хийж байхдаа надаас 40-50 сая төгрөгний зээл хөөцөлдөж байна, та түр мөнгө зээлээч гэхээр нь тухайн үед манай охин банкнаас зээл авсан байсан болохоор, сумын орлогч дарга хүн хуурахгүй байх гэж бодоод өрөөнд нь 1.000.000 /нэг сая/ төгрөг тоолж өгсөн. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 07-нд дахиад мөнгө хэрэг болоод байна гэхээр нь 500.000 /таван зуун мянга/ төгрөг мобайлиар шилжүүлсэн.

Би банкнаас зээл авсан, сар бүр банкинд зээлээ төлдөг. Д.Золбаяр хүний урманд нэг ч удаа мөнгө өгөөгүй. Одоо төрийн банкны орлогч дарга хийж байгаа гэсэн, намайг санаатайгаар залилсан, мөнгөө хүүтэй нь авмаар байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

… Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн. Ё.Цэцэгмаа гуай хүүтэй болохоор нь Д.Золбаярт мөнгөө зээлсэн. Энэ талаар нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

 

 

Үндэслэх нь:

 

         Анхан шатны шүүх  зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан хуулийг оновчтой  хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх хуулийн шаардлагыг  хангаагүй байна.

 

         Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн гаргасан алдааг  зөвтгөж залруулах боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ё.Цэцэгмаа нь хариуцагч Д.Золбаярт холбогдуулан  зээлийн төлбөр 6.150.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ...  Иргэний хуульд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг  хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан тул хүү тооцон гаргуулсан нь үндэслэлгүй ...гэж  тайлбарлажээ.

 

Хэргийн 4 дүгээр  талд “2014 оны 10 дугаар сарын 30-нд 1.500.000 төгрөгийг  20 хувийн  хүүтэй  авсан  нь үнэн болно. Д.Золбаяр” гэсэн баримт авагдсан байна.

 

Энэхүү нотлох баримтаас үзвэл зохигчид нь зээлийн гэрээ байгуулахаар харилцан тохирч  улмаар  нэхэмжлэгч Ё.Цэцэгмаа нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  хариуцагч Д.Золбаярт  1.500.000 төгрөгийг  шилжүүлсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т заасан “эд хөрөнгө шилжүүлснээр…” гэсэн заалттай нийцэж байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

 

Талууд зээлийн гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй, хариуцагч Д.Золбаяр нь гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй бөгөөд Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т зааснаар зээлдүүлэгчийн шаардсан үеэс зээлийг  буцаан төлөх үүрэг үүсдэг тул нэхэмжлэгчийн зээл төлүүлэхээр гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл гэрээний талууд 20 хувийн хүү төлөхөөр тохиролцож, үүнийгээ бичгээр илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасан шаардлагыг хангасан, өөрөөр хэлбэл зээлдүүлүүлэгч нь зээлдэгчээс хүү шаардах эрхтэй.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хүүг сарын 20 хувийн хүүтэй байхаар тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтаар  зээлийн хүүг “сараар” төлөхөөр тохиролцсон гэдэг нь  үгүйсгэгдэж байна.

 

Иймд хариуцагч Д.Золбаяраас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 1.500.000 төгрөг, зээлийн гэрээний дагуу талуудын хооронд тогтоосон 20 хувийн хүү 300.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Цэцэгмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.350.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  дүгнэв.

 

   Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  167  дугаар  зүйлийн  167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн  заалдсан гомдлыг  хангаж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212 дугаартай  шийдвэрийн Тогтоох хэсгийн:

        1 дэх заалтыг:

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хариуцагч Д.Золбаяраас 1.800.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4.350.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар 113.350 төгрөгийн орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43.250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж  тус тус өөрчлөн, шийдвэрийн  бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  хариуцагч Д.Золбаяраас  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.БАТЗОРИГ 

 

                           ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

 

                                                                                Г.ДАВААРЕНЧИН