Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 24

 

Н.Баярсайханд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Б.Эрдэнэбаатар,

ялтан Н.Баярсайханы өмгөөлөгч Л.Азжаргал,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батсуурь даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Баярсайхан, түүний өмгөөлөгч Л.Азжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Баярсайханд холбогдох эрүүгийн 201625012752 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

Юншээбуу овогт Найдангийн Баярсайхан, 1978 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин, эсгүүрчин мэргэжилтэй, эсгийний үйлдвэрт зулагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9-244 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 570 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 117 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 10 сард эдлээгүй үлдсэн 9 сар 1 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1 жил 4 сар 18 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн /РД: ЦГ 78090818 /,

Н.Баярсайхан нь 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9-244 тоотод байрлах өөрийн хашаандаа иргэн М.Хишигтөгстэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газар: Н.Баярсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Баярсайханыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Н.Баярсайханыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Н.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохиролд 200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Н.Баярсайханыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

Ялтан Н.Баярсайхан давж заалдах гомдолдоо: “…Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Миний ар гэрийн байдал хүнд, эхнэр Баярчимэг нь 1-ээс 11 насны дөрвөн хүүхдээ хардаг, ажил хийдэггүй. Би “Хүчит шарнууд” ХХК-ны эсгий үйлдвэрт зулагчаар ажилладаг. Манай үйлдвэр улирлын чанартай ажилладаг ба 5 дугаар сард ажил эхлээд 10 дугаар сарын 20-нд зогсдог. Би өвлийн улиралд мод, нүүрс зарах, айлд засвар үйлчилгээ хийх зэргээр ам бүлээ тэжээдэг. Хохирогч М.Хишигтөгс нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул миний ар гэрийн байдал, хохирогчийн хүсэлтийг харгалзан үзэж оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах эсхүл албадан ажил хийлгэх ялаар сольж өгнө үү...” гэжээ.

            Ялтан Н.Баярсайханы өмгөөлөгч Л.Азжаргал давж заалдах гомдолдоо: “…Н.Баярсайхан нь урьд 5 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд шүүхээс түүнийг урьд ял шийтгүүлж байсан буюу хувийн байдлыг харгалзан дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулжээ. Н.Баярсайхан нь Баязүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэг мөн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтай байдал нь арилсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэдийгэээр миний үйлчлүүлэгч урьд ял шийтгүүлж байсан боловч 2011 онд Баярчимэг гэх эмэгтэйтэй гэр бүл болж, 2013 оны 8 сарын 17-нд охин Амирлан-Учрал, 2015 оны 9 дүгээр сарын 26-нд хүү Амгалан-Учрал нар төрж одоо ам бүл 6-уулаа зөв хүн, сайн эцэг байх гэж хичээж, ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байна. Шүүхээс ял шийтгүүлэх үед эхнэр Баярчимэг нь бага хүү 1 ой 2 сартай хүү Амгалан-Учралыг асран, эрхэлсэн тодорхой ажилгүй үлдсэн. Уг хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг шүүхээс анхаарч үзээгүй. Тухайлбал, Н.Баярсайханы удаа дараа өгсөн мэдүүлгээс гадна, гэрч Ч.Дуламжав, Б.Нямаа, н.Нэргүй, Д.Гэрэлтуяа, Б.Энхбат нарын “...айлын амар амгалан байдлыг эвдэж, согтуу эмэгтэй хэрүүл маргаан үүсгэн улмаар эмэгтэйчүүд бие биенээ үсдэлцэн газар ноцолдож зодолдсоноос үүдэлтэй...” гэсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсон. Хохирогч анхан шатны шүүх хурал дээр “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэж хэлж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ял шийтгэлийн хувьд албадан ажил хийлгэх, болон хорих ялын санкцитай бөгөөд Н.Баярсайханы хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөрийн чадвартай хүн тул албадан ажил хийлгэж, нийгэм улс орондоо ашиглах боломжтой. Мөн ялтай байдал нь хуулийн дагуу үгүйсгэгдэх тул заавал хорьж нийгмээс, гэр бүлээс нь тусгаарлахгүйгээр оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой юм. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Баярсайханд оногдуулсан 1 жилийн хорих ялыг өөр хөнгөн ялаар сольж өгнө үү…” гэв.

Прокурор Б.Эрдэнэбаатараас тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.Баярсайханы үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Хишигтөгс, гэрч Б.Нямаа, Н.Нэргүй, Д.Гэрэлтуяа нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болсон гэж дүгнэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

:ХЯНАВАЛ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагад нийцсэн байна.

Н.Баярсайхан нь 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9-244 тоотод байрлах өөрийн хашаандаа иргэн М.Хишигтөгстэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Хишигтөгсийн “... 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 22 цаг 30 минутын үед миний эх Д.Гэрэлтуяа “...гэр лүүгээ явж байна, араас хүн дагаад байна...” гэж залгахаар нь “...хэн дагаад байгаа юм бол...” гэж асуугаад ярьж байтал утас нь газар унах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь гэрээсээ гараад явж байтал ээж урдаас гарч ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад “...тэр хашаанаас 4-5 хүн гарч ирээд зодсон...” гэх шиг болсон. Би яагаад дагаад байсныг нь тодруулж асуухаар тэр хашааны хаалгыг тогшиход цагаан цамцтай, тарган эмэгтэй “...та 2 яах гээд байгаа юм бэ...” гээд уурлахаар нь би “...манай ээжийг дагаад байсан хүн энэ хашаа  руу орсон гэж байна...” гэсэн чинь хашааны хаалга онгойж, жирэмсэн эмэгтэй, халзан хөгшин эгч, надаас дүү байхаар нэг эмэгтэй, бэлтгэлийн шар  канттай цамцтай эмэгтэй, өндөр хар эрэгтэй нар гарч ирэхээр нь “...манай ээжийг дагаад байсан хүмүүс танай хашаа руу орсон гэж байна. Танай хашааны хүмүүсээс нэг нь манай ээжийг зодсон юм шиг байна...” гэсэн чинь “...юу яриад байгаа юм бэ. Харин ч танай ээжийг 2 банди зодож байхад нь зодооныг нь салгасан...” гэж шар канттай, хар бэлтгэлийн цамцтай хүүхэн нь хэлсэн. Тэгэхэд нь ээж “... танай хашаа руу орсон...” гэхэд тэнд байсан хүмүүс “...юу яриад байгаа юм бэ. Хэнийгээ дагуулаад ирсэн гичий вэ...” гээд манай ээжийг үсдээд авахаар нь би “...охин нь байна, гичий минь...” гэсэн чинь 2 нь намайг үсдээд авсан. Тэгээд ээжийг угз татаад унагаахад ээж надаас зуураад намайг бас газар унагасан. Тэгэхэд тэнд байсан эрэгтэй нь миний толгой руу 3 удаа өшиглөсөн. Тэгээд ээж бид 2 цагдаад дуудлага өгсөн...” /хх-22/,

Гэрч Б.Нямаагийн “... 2016 оны 7 дугаар сарын 8-ны орой 22 цаг 40 минутын үед манай хуурай ах, эгч болох Баярсайхан, Нэргүйгийн хаалгыг нэг эмэгтэй их чанга нүдсэн. Би түрүүлээд гараад хартал нэг согтуу эгч хашааны гадагшаа онгойдог хаалгыг дотогшоо онгойтол эвдээд ороод ирсэн байсан. Тэгээд “...та нарыг ална, муу сайн хулгайчуудын үүр уурхайг оллоо...” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би “... та яаж байгаа юм бэ. Айлд орж ирчихээд яагаад агсам тавиад байгаа юм. Та гараа...” гээд гадуур хувцаснаас нь татаад гаргасан. Тэр эгч их согтуу байсан болохоор гудамжаар гуйваад өнцөг тойроод алхахад араас нь 2 залуу дагахаар нь би хараад зогсож байтал саарал фудволктой залуу нөгөө эгчийг нүүр лүү гараараа хүчтэй түлхээд хашаа руу унагаатал, цагаан цамцтай залуу тэр эгчийг өшиглөсөн. Тэгэхээр нь би “...та нар хүн аллаа ш дээ...” гэсэн чинь нөгөө 3 нэг зүг рүү хамт явсан. Тэгээд би гэртээ орж ирээд аяга шөл уугаад сууж байтал хашааны хаалгыг дахин маш хүчтэй нүдсэн. Тэгэхээр нь дүү Ч.Дулмаажавын хамт гартал нөгөө согтуу эгч охин нь гээд бас нэг хүн ирсэн байсан. Тэгээд охин нь “...та нар яагаад манай ээжийг ингэж зоддог юм бэ...” гэхээр нь би “...Бид нар зодоогүй. 2 эрэгтэй хүнд зодуулж байхаар нь очиж салгасан...” гэж хэлэхийн зуургүй нөгөө согтуу эгч намайг цохиод, үсдээд газар унасан. Охин нь манай дүү Ч.Дулмаажавыг үсдээд зодсон. Тэгж байтал манай ах Н.Баярсайхан гарч ирээд салгасан...” /хх-23/,

Гэрч Н.Нэргүйгийн “... 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хашааны хаалга нүдсэн ба нөгөө согтуу эмэгтэй, бас нэг согтуу охинтой ирээд хаалгаа онгойлго гээд орилоод байхаар нь очиход “...та нар манай ээжийг яасан...” гэхээр нь “...танай ээж чинь согтуу, манай хаалгыг түлхэж ороод ирэхээр нь би явуулсан...” гэсэн чинь Б.Нямааг тэр охин нь цохисон ба Б.Нямаагийн нүдний шил газарт унасан. Б.Нямаа нүдний шилээ авахаар доошоо тонгойход ээж нь бас Б.Нямааг цохисон. Охин нь манай охин Ч.Дулмаажавыг үсдээд газар унагасан. Тэгэхээр нь би гартаа байсан аяга халбагаа оруулж тавьчихаад эргээд гараад иртэл нөгөө 2 эмэгтэй манай охин Ч.Дулмаажав, Б.Нямаа хоёрыг үсдээд газар байж байсан. Тэгэхээр нь би “...боль ...” гэж хэлээд байж байтал Н.Баярсайхан гарч ирээд боль гээд охиных нь гар луу юм уу мөр лүү нь өшиглөсөн...” /хх-24/,

Гэрч Д.Гэрэлтуяагийн “... 2016 оны 7 дугаар сарын 8-ны 22 цаг 30 минутын үед Чулуун овооны автобусны буудал дээр буугаад гудамж дундуур явж байхад харанхуй болсон байсан. Тэгээд араас хүн дагаад яваад байх шиг байхаар нь эргээд харсан чинь нэг эрэгтэй хүн зогсож байсан. Тэр хүн юу гэж хэлснийг нь санахгүй байна. Би “...битгий олон юм яриад бай, би гэр лүүгээ явж байна...” гээд алхаж байхдаа эргэж хартал тэр хүн нэг хашаа руу орсон. Тэгэхээр нь би охин М.Хишигтөгс рүү залгаад “...ээжийг нь хүн дагаад байна...” гэсэн чинь манай охин өөдөөс гараад ирсэн. Намайг дагаад өдөөд байсан хүн тийшээ орчихлоо гээд нэг хашаа зааж өгсөн. Тэгээд охин бид 2 хашааны хаалгыг тогшиход нэг эмэгтэй гарч ирсэн. Тэгэхэд манай охин “...манай ээжийг хүмүүс дагасан байна. Тэр хүмүүс нь танай хашаа руу орсон гэж ээж хэллээ...” гэсэн чинь хэнийгээ дагуулаад ирж байгаа гичий вэ гэсэн. Тэгээд маргаан болоод, намайг тэр хүмүүсийн нэг нь үсдэж аваад газар унагасан ба манай охиныг зодчихсон байсан. Тухайн үед би халамцуу байсан болохоор яг хэн яаж зодсоныг санахгүй байна. Нэг эрэгтэй нь “... эхийгээ аваад зайл, та нар шиг юмнуудыг санахгүй юм байна...” гэж хэлсэн /хх-25/,

Гэрч Б.Энхбатын “... 2016 оны 7 дугаар сарын эхээр наадмын өмнө яг хэдний өдрийг санахгүй байна Амгаланд эгч Н.Нэргүйгийн гэрт байж байтал хашааны үүдэнд хүмүүс пижигнэлдээд байхаар нь манай эгч гарч харснаа “нэг эмэгтэйг 2 эрэгтэй хашаа руу түлхчихээд зугтаачихлаа. Тэр эмэгтэйг нь босгоод явуулчихлаа” гээд орж ирсэн. Удалгүй 5 минутын дараа хашааны хаалгыг хүн нүдээд байхаар нь хартал  хашааны гадаа хэвтэж байсан эгч охинтойгоо ирсэн байсан. Охин нь шууд манай эхнэрийг “...гичийнүүд яахаараа манай ээжийг зоддог юм...” гээд үсдэж газар унагаад, өшиглөөд байсан. Машины цонх хагалчих гээд байхаар нь би машинаа холдуулсан. Дараа нь Н.Нэргүй эгч салгаад тэр хүмүүс уучлалт гуйгаад явсан. Н.Нэргүй эгчийн охин тэр охиныг салгах гэтэл гарыг нь самардаад, зодсон байсан...” /хх-26/,

Сэжигтнээр Н.Баярсайханы “... 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр гэртээ эгч Н.Нэргүй, дүү Ч.Дулмаажав, Б.Нямаа нарын хамт байж байтал гадагш онгойдог хаалгыг дотогш түлхчихсэн нэг согтуу эмэгтэй хаалга цохиж байсан. Тэгэхээр нь би гараад чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь цаана нь 2 залуу зогсож байсан. Тэгээд тэр 3 цааш гудамжаар яваад өгсөн. Араас нь хартал нэг залуу нь тэр эмэгтэйг мангасдаад унагаж байсан. Би буцаж гэртээ ороод сууж байтал хүүхэд хүмүүс зодолдоод байна гээд айчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би гараад харсан чинь өмнө ирсэн эмэгтэй, охинтойгоо ирчихсэн хэрүүл маргаан хийж байсан. Тэр охин нь манай дүү Ч.Дулмаажавтай газар уначихсан үсдэлцсэн байхаар нь тэр охинд “...тавь...” гэж хэлэхэд тавихгүй байхаар нь мөр шанаа хавьцаа нь нэг удаа өшиглөхөд салцгаасан. Тэгээд хэрүүл маргаан дуусаад тэр 2 эмэгтэй яваад өгсөн. Удалгүй тэр 2 эмэгтэй цагдаа дагуулаад хамт ороод ирсэн...” /хх-62/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...М.Хишигтөгсийн биед баруун талын гайморын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, буруун нүдний доод зовхи, хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх  хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 9711 дугаар дүгнэлт /хх-29/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-107-108/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ялтан Н.Баярсайханд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, ялтны хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ялтан Н.Баярсайхан болон түүний өмгөөлөгч Л.Азжаргал нараас “... оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзах, эсхүл уг ялыг албадан ажил хийлгэх ялаар сольж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд ялтан Н.Баярсайханы ялтай байдал арилсан байна. Гэхдээ Н.Баярсайхан урьд өмнө нь олон удаа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан хэдий ч дахин гэмт хэрэг үйлдэж, бусдад хүндэвтэр гэмтэл учруулснаас дүгнэхэд түүний засарч, хүмүүжсэн байдал тогтоогдохгүй байна. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах эсхүл өөр төрлийн ялаар солих үндэслэлгүй байх ба анхан шатны шүүх түүний хувийн байдалд дүгнэлт хийж хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Баярсайхан, түүний өмгөөлөгч Л.Азжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Баярсайхан, түүний өмгөөлөгч Л.Азжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХТУУЛ

                ШҮҮГЧИД                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                 Д.ОЮУНЧУЛУУН