Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 524

 

А.Сөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 725 дугаар магадлалтай, А.Сөд холбогдох 1908001340590 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Халзан цэцэг овогт А.С нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Сийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн А.Сийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар татсан байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Сөд холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Text Box: Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсныг Давж заалдах шатны шүүх буруу тайлбарлан, дээрх гэмт хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон мэт дүгнэлт гаргаж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Мөн “мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсад оршин сууж байгаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, харин түүнээс өмнө ба хойно шалгагдаж байгаа хүмүүсийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа тоолно гэж иргэдэд илтэд ялгавартай хандаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсад оршин сууж байгаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн дүгнэлт гаргасан байна.

2.Магадлалд “...Түүнчлэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн асуудлаар нэр бүхий иргэдээс гомдол гаргасны үндсэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн ба дээрх үндэслэлээр хэргийг түдгэлзүүлэх, эсхүл түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх эсэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсад оршин сууж байгаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т “хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилпагаа явуулж болохгүй” гэсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

Учир нь дээрх нөхцөл байдлын хүрээнд Монголд улсын хэмжээнд 2020 оны 1 дүгээр сараас хойш прокурор болон шүүхийн шатанд олны анхаарлыг татсан хэдэн зуун гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсаныг Монголын ард түмэнд бүгд мэдэж байгаа ба Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсад оршин сууж байгаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж, илтэд ялгавартай хандаж байгааг анхаарч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсч байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “А.Сөд холбогдох хэрэг 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгч А.Сийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй. А.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хугацааны дотор буюу 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар татсан байх тул хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Иймд  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан гомдлыг үндэслэн А.Сөд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч А.С нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 9 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “Төв цэвэрлэх байгууламж” буюу ажлын байран дээрээ согтуугаар М.Баяржаргалтай маргалдаж, “Iphone” загварын гар утас нүүр лүү шидэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх А.Сөд холбогдох Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс “А.Сийг гэмт хэрэг үйлдсэнээс хойш 7 сар өнгөрсний дараа 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буюу Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь зөв байна.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Сөд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзэв.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсч байна” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 725 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                              

                                                     ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН