| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0198/Э |
| Дугаар | 215 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 215
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Галбадрах,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Хохирогч Д.Б,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Адъяасүрэн, Б.Хандмаа,
Шүүгдэгч Ж.Ё, О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ж.Ё, ******* овогт О.С нарт холбогдох 1826002860181 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овгийн Ж.Ё
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овгийн О.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Ё нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “*******” гэх газар иргэн Д.Бийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Снь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “*******” гэх газар иргэн Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Ё шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ч-н гадаа машины мотор засахаар очсон байсан. Тухайн үед Ч надад Б ахын гэрийг чиний машины моторыг янзалчихаад чиний машинаар зөөе гэж байсан. Тэгээд бид нар архи уугаад Ч тасраад уначихсан байсан. Тэгээд би машины мотороо янзлах гээд байж байтал Б ах намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Б ах намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч О.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би унтаж байтал энэ 2 зодоон хийж байсан. Тэгээд би босоод дундуур нь ороод салгасан. Салгах гээд дийлдэхгүй болохоор нь салгах зорилгоор толгойруу нь 2 удаа түлхсэн. Тэгээд Б гуай гэртээ орсон. Би Ё-г барьж байгаад тавьсан чинь араас нь ороод барилцаад авсан. Тэгээд би салгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тухайн өдөр 17 цагийн үед би хонь хариулж байгаад иртэл Ч-н гадаа Ё машинаа янзлуулж байсан. Тэгээд Ч намайг дуудаад очтол нэг шил архи задалсан сууж байсан. Тэр архинаас би нэг уусан. Тэгээд гараад машиныг нь янзлаад байж байтал Ч ороод унтаад өгсөн. Тэгээд Ё бид 2 машин янзалж байгаад сүүлд нь Ёд чи 3 өдөр миний ажлыг алдагдууллаа гэж хэлсэн. Тэгж хэлнээс болж бид 2 зодоон хийсэн. Эхлээд Ё намайг бариад авсан. Тэгэхээр нь би хөлнөөс нь татаад унагатал намайг доороос өшиглөөд байсан. Тэгээд би гэртээ ороод цусаа арилгаад байж байтал гаднаас түгжсэн байсан хаалгыг нь онгойлгоод хашгираад орж ирээд намайг урагш нь чирж аваачаад зодсон. Тэгээд 18 цагийн үед цагдаа дуудсан...” гэв.
Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Ж.Ё-д чи миний аймаг нүүх ажлыг 3 хоног алдууллаа, яадаг муу гуйлгачин бэ гэсэн чинь “...намайг зодох гээд бариад авахаар...” нь би тонгойгоод хөлөөс нь барьж аваад хоёр удаа унагасан. Тэгээд би доор нь унасан чинь миний толгой, цээж хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Би зугтаад гэртээ ороод хаалгаа түгжээд байж байтал хаалганы цүүг нь суга татаад онгойлгоод О.С-д байгаа залуутай хамт манай гэрт орж ирээд Ё намайг гэрээс чирч гаргаад Ё, С хоёр элбээд миний толгой, цээж, нүүр хэсэг рүү өшигчөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5, 7-8 дугаар хуудас/,
Гэрч А.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би согтоод унтаад өгсөн байсан чинь Ч-н эхнэр гадаа зодоон болоод байна гээд сэрээхээр нь босоод гартал Ё, Б гэх хүнтэй зодолдоод байж байхаар нь би салгасан. Тэгээд Ё-г аваад мотоцикльтой явсан юм. ... Намайг салгах үед Ё, Б хоёр зууралдчихсан байсан. Миний харснаар Ё Б гуайг сууж байхад нь цээж хэсэгт нэг удаа өшиглөөд авсан. С Б гуайг цохиж авахыг нь хараагүй. Намайг унтаж байхад юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч А.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэр өдөр манай гадна машин янзалж байсан Ё, Г /З/, С нар архи уугаад байсан. Манай нөхөр Ч гэртээ унтаж байх үед үдээс хойш маргалдаад эхэлсэн. Намайг гартал Ё Б нар зодоон хийгээд салсан байдалтай байж байсан. Яг хэн нь хэнийгээ зодсон талаар хараагүй. Гэтэл Б ах нүүр ам нь хавдчихсан нүүр, хамраас нь цус гарчихсан байсан болохоор нь ******* сумын түргэн дуудаж өгсөн. Удалгүй Ё, Г, С гурав мотоциклтой мордоод яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17, 25-26 дугаар хуудас/,
Гэрч Ж.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Б, Ё хоёр зодолдоод байхаар нь би боль гээд байж байтал С гарч ирээд Б-н толгой руу нь хоёр удаа цохиод авахаар нь би настай хүн элбэж зодоод байхдаа яадаг юм гэсэн чинь С нь больсон. Харин Ё нь Б-г унагаагаад дээрээс нь дэвсээд өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 23-24 дүгээр хуудас/,
Гэрч С.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би дуудлагаар ирэхэд нь хүлээж авч үзсэн. Тэр үед Д.Б гэх хүний биеийн ерөнхий байдал нь дунд ухаан саруул, орчинтой харьцаж байсан. Асуусан асуултанд бүрэн хариулна, биеийн толгой хэсгийн нүүрний баруун тал нь нилэнхүйдээ хавдаж хөхөрсөн байсан. Зүүн талын нүдний дээд зовхи нь зулгарсан шархтай байсан, цээж хэсгийн зүүн эгэм нь хэлбэрээ алдаад овойсон, гарны хөдөлгөөн хязгаарлагдсан эмзэглэл ихтэй байсан. ... Д.Б-н биед үүссэн гэмтэл шарх нь шинэ шарх байсан. Гарсан цусыг нь цэвэрлэж, эгэм хугарсан байсан болохоор өвчин намдаах тариа, цус тогтоох тариа хийгээд эмнэлэгт биеийн байдлыг ажиглаж хонуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 433 дугаартай: “... Д.Б-н биед тархи доргилт, зүүн эгэм ясны зөрөөтэй хугарал, дух баруун хөмсөг хэсэгт зулгаралт, баруун хацрын төвгөр, баруун шанаа, баруун доод эрүү, зүүн мөрний дотор хэсэг, цээжний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэлүүд нь нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 86 дугаар хуудас/,
Хохирогч Д.Б-н 2018 оны 06 дугаар сарын 24-ий өдөр авахуулсан гэрэл зураг /хх-ийн 87 дугаар хуудас/,
Хохирогч Д.Б-н яаралтай тусламж үйлчилгээний хуудас, Амбулаторийн картны хуулбар /хх-ийн 88-93 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.С, Ж.Ё нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 53-62 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.С эрүүгийн хариуцлага хүлэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Ё-н эрүүгийн хариуцлага хүлэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Шүүгдэгч О.С-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ж.Ё-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Ё О.С нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “*******” гэх газар иргэн Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ж.Ё, О.С нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Б-г зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулснаа хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Б-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ё, О.С нарт зодуулсан талаар өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Бийн “... шүүгдэгч Ж.Ё, О.С нарт зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-5, 7-8/, гэрч А.Г-н “... хохирогч Д.Б-г шүүгдэгч Ж.Ё, О.С нар зодсныг харсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч А.Г-н “... Намайг гартал Ё Б нар зодоон хийгээд салсан байдалтай байж байсан. Яг хэн нь хэнийгээ зодсон талаар яг хараагүй. Гэтэл Б ах нүүр ам нь хавдчихсан нүүр, хамраас нь цус гарчихсан байсан болохоор нь ******* сумын түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17, 25-26/, гэрч Ж.Нэргүйн “... хохирогч Д.Б-г шүүгдэгч Ж.Ё, О.С нар элбэж зодсон талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19, 23-24/, Гэрч С.С-н “... хохирогч Д.Б гэх хүнийг хүнд зодуулсан, биеийн ерөнхий байдал, ил харагдах шарх, гэмтэл болон Д.Б-д эмчилгээ хийсэн, эмнэлэгт биеийн байдлыг ажиглаж хонуулсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 22/, шүүгдэгч Ж.Ё, О.С нарын үйлдлийн улмаас хохирогч Д.Б-д хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 433 дугаартай дүгнэлт /хх-ийн 30/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 86/, Хохирогч Д.Б-н 2018 оны 06 дугаар сарын 24-ий өдөр авахуулсан гэрэл зураг /хх-ийн 87/, Хохирогч Д.Б-н яаралтай тусламж үйлчилгээний хуудас, Амбулаторийн картны хуулбар /хх-ийн 88-93/ зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Ё, О.С нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* овогт Жамсрандуламын Ё, ******* овогт О.С нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Ж.Ё, О.С нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Ё, О.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон хохирогч нь гомдол саналгүй гэсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Ё-д 1 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч О.С-д 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Ё, О.С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилжээ. Иймд шүүгдэгч Ж.Ё, О.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, болон тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ж.Ё, О.С нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Ж.Ё, О.С нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоож,
Шүүгдэгч Ж.Ё, О.С нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,
Шүүгдэгч Ж.Ё, О.С нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Ж.Ё, О.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500.000 төгрөг төлсөн, баримтаар төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,
Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Ж.Ё, О.С нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ж.Ё, ******* овогт О.С нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Ж.Ё-г 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч ******* овогт О.С-г 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ё-д оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.С-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ж.Ё-д оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.С-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тус тус тэнссүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Ж.Ё, О.С нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ё, О.С нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ж.Ё, О.С нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч Ж.Ё, О.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500000 төгрөг төлсөн, баримтаар төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ё, О.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Ё, О.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.