| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0200/Э |
| Дугаар | 216 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 216
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч: Б.Мөнгөншагай,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Галбадрах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Алдар,
Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Т.Б-д холбогдох 1826003270193 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас асван гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овгийн Т.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 3 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн эмэгтэй хүн болох хамтран амьдрагч М.Тг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, 29 дүгээр гудамжны 17 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч М.Т-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч М.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бол намайг 2 гар луу цээж рүү нийт 5-6 удаа цохисон. ...Миний 2 гар хөхөрсөн, цээж хөхөрсөн. Баруун талын гуя өвчтэй байгаа. Дэлсчихсэн юм шиг байна лээ. Миний бие хөндүүр байгаа хөхрөлт нь бага багаар арилаад байгаа. Хөндүүр нь арилахгүй байна. ...Ноднин 2017 оны 07 сард наадмын өмнө зодож байсан. Тухайн үед багалзуурдаж аваад 2 шанаа, нүүр лүү 4-5 удаа цохиж уруул хэгзэрсэн. Нүүр хавдсан. 2 хөл хөхөрч байсан. Тухайн үед би 5-6 хоног доголж явсан. Дараа нь 11 сард гадуур машинтайгаа архидаад болохгүй болохоор нь би такси бариад байгаа газар нь очоод авч гэртээ харих замд куртикны захаар боогоод байсан. ...Т.Б бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй, одоо нэг сартай...”
“... 2017 оны 07 сарын эхээр аймгийн наадмын өмнө намайг 8 сартай жирэмсэн байхад хоёр хөлийн шилбэ рүү өшигчөөд, намайг хашаа руу үстэж оруулаад, багалзуурдаж намайг унагаад миний дээр мордож байгаад нүүр лүү гараараа нүдээд байсан. Тухайн үед миний ухаан балартаад өмдөндөө бие засчихсан байсан. Тухайн үед би Т.Б доороос мултарч гарахын тулд цээжнээс нь хазсан чинь Б өндийхөд нь салтаан доогуур нь мөлхөж гараад битгий намайг зодооч гэж уйлж гуйж байж арай гайгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-18, 37-38, 43-45 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 10-ны өглөө ангийн найзуудтайгаа наадмын нээлт үзэх гэж талбай явчхаад орой 21 цагийн орчимд гэртээ ирсэн. Хойд аав Т.Б архи уучихсан согтуу, ээжийг зодчихсон 2 гар нь хөхөрчихсөн, ээж рүү муухай хараад хэлэхгүй муухайгаар хэлээд, гэрт байсан толь авч гаргаж шидээд агсам тавиад, “би баян хүн хувцсаа шатаана” гээд, ээж “яах гээд байгаа юм” гэсэн чинь яадаг юм шүдэнз бариад гадаа гаргаад хаячихсан байсан. Хувцсаа шатаах гээд шүдэнз хавираад ээж хориод ээжийг элдэв муухайгаар хэлээд барьж аваад цээж рүү нь цохиод, заамдаж аваад түлхээд байсан. Ээж хориод байсан чинь грашнаас боож үхнэ гээд байхаар нь би зүгээр байгаач яах гээд байгаа юм гэсэн чинь чамд хамаагүй, би өөрийгөө мэдэж байна гэхээр нь би айгаад гэрт гүйж ороод цагдаа дуудчихсан юм. ...Бид нарыг байх үед зоддоггүй, байхгүй үед л ээжийг зодчихсон байдаг юм. ...Намайг ирэхэд ээж зодуулчихсан 2 гар нь хөхөрчихсөн байсан. Сүүлд ирсний дараа гадаа хашаан дотор хойд аав ээжийн цээж рүү нь гараараа цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39, 46-47 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Б мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “... Би уурлаад агсам тавиад эхнэр Тг 2 гар, цээж орчим руу 5-6 удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 458 дугаартай: “...Үзүүлэгч М.Т-н биед цээж, баруун, зүүн бугалга, шуу, баруун гуя, зүүн гуя хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх бололмжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/,
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2, 36 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 20, 55 дугаар хуудас/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай тогтоол /хх-ийн 32 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Б хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 74-78, 81-86 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 3 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн эмэгтэй хүн болох хамтран амьдрагч М.Т-г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, 29 дүгээр гудамжны 17 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч М.Т-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Т.Б мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Т-н Т.Б-д зодуулж байсан талаар өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр намайг 2 гар луу цээж рүү нийт 5-6 удаа цохисон. ... Ноднин 2017 оны 07 сард наадмын өмнө зодож байсан. Тухайн үед багалзуурдаж аваад 2 шанаа, нүүр лүү 4-5 удаа цохиж уруул хэгзэрсэн. Нүүр хавдсан. 2 хөл хөхөрч байсан. ... Дараа нь 11 сард гадуур машинтайгаа архидаад болохгүй болохоор нь би такси бариад байгаа газар нь очоод авч гэртээ харих замд куртикны захаар боогоод байсан. ...2017 оны 07 сарын эхээр аймгийн наадмын өмнө намайг 8 сартай жирэмсэн байхад хоёр хөлийн шилбэ рүү өшигчөөд, намайг хашаа руу үсдэж оруулаад, багалзуурдаж намайг унагаад миний дээр мордож байгаад нүүр лүү гараараа нүдээд байсан. ... Би Т.Б доороос мултарч гарахын тулд цээжнээс нь хазсан чинь Б өндийхөд нь салтаан доогуур нь мөлхөж гараад битгий намайг зодооч гэж уйлж гуйж байж арай гайгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-18, 37-38, 43-45/, Насанд хүрээгүй гэрч Б.Төгөлдөрмандахын шүүгдэгч Т.Б нь хохирогч М.Т-г зоддог талаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39, 46-47/, шүүгдэгч Т.Б үйлдлийн улмаас хохирогч М.Т-д хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 458 дугаартай дүгнэлт /хх-ийн 52/, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2, 36/, шүүгдэгч Т.Б эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 20, 55/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай тогтоол /хх-ийн 32/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт Т.Б-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Хохирогч М.Т, шүүгдэгч Т.Б нар нь гэр бүлийн харилцаатай болох нь шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт шүүгдэгч Т.Б, хохирогч М.Т нар нь хамаарч байгаа болохыг дурьдаж байна.
Шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Т.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх болон хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосон болно.
Шүүгдэгч Т.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилжээ. Иймд шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Т.Бд оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,
Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Т.Б-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 2.5, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Т.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнссүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Б-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
13. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.