| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/0208/Э |
| Дугаар | 218 |
| Огноо | 2018-11-05 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 218
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ч.Энхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Мөнх-Ундрал,
Шүүгдэгч: Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Н.Л-д холбогдох 1826000130214 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Н.Л
Шүүгдэгч Н.Л нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 23 цаг 40 минутын орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******”-ний гаднаас хохирогч П.М-н гээсэн гар цүнхийг олж, түүн дотор байсан Самсунг Галакси Эс-8 плас маркийн гар утас 1 ширхэг, уруулын будаг 1 ширхэг, тень 1 ширхэг, шингэн пудрь 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг завшиж, 1962000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан гэв.
Хохирогч П.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын Ахмадын өргөөний зааланд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны оны шилдэг залуу “Алтан сарнай” гардуулах ёслолын ажиллагаанд оролцож байгаад орой 23 цаг 40 минутын орчимд ширээн дээрээ “Dior” гэсэн бичигтэй жижиг шаргал даавуун цүнхээ орхисон байсан. Цүнхэн дотор “Samsung Galaxy S8 plus” маркийн гар утас, “EjishaCoy” гэсэн бичигтэй шингэн пудрь, “faberlic” гэсэн бичигтэй хар гэртэй уруулын будаг, “faberlic” гэсэн бичигтэй алтлаг шар өнгөтэй дөрвөлжин савтай нүдний тень байсан. Би ширээн дээрээс хүн бүжгэнд урихаар нь босоод бүжиглээд 10 минут орчим болоод ширээн дээр ирэхэд манай ширээний хүмүүс байхгүй байсан. Тэгээд ширээний хажууд зогсож байтал гаднаас Г, Г нар орж ирэхээр нь ширээн дээр байсан миний цүнхийг авч гарсан уу? гэхэд хараагүй талаараа хэлсэн. Бүжиглэх гээд гарсан хүмүүс ширээн дээр ирэхээр нь асуухад харсан болон мэдэх хүн байхгүй, зарим хүмүүс нэлээн согтсон байсан. Тэгээд тэндээс 91118319 гэсэн нөхрийнхөө утсаар залгахад дуудаж байсан боловч аваагүй. Тухайн зааланд камер байгаа эсэхийг асуухад байхгүй байсан. Тэр үеэр заалнаас хүмүүс гараад тарж байсан болохоор хүмүүс их бужигнаж байсан. Утас дуудаад байсан болохоор манай хэдийн нэг нь авсан байж магадгүй, гаргаж өгөх байлгүй гээд хүмүүсээ аваад шууд сум руугаа явцгаасан. Сумандаа очоод залгахад утас дуудаад байгаа боловч авахгүй байсан. Маргааш өдөр нь 12 цаг хүртэл дуудаж байгаад унтарсан. /хх-ийн 16-20 хуудас/,
Гэрч М.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 19 цагт Өвөрхангай аймгийн ******* сумын Ахмадын өргөөнд шинэ жилийн арга хэмжээнд эхнэрийн хамт оролцсон. Манай эхнэр П.М Самсунг Эс-8 маркийн, улаан гэртэй, шаргал өнгийн гадартай гар утас барьдаг байсан. Жолооч Г-тай хамт гадаа гарч тамхи татчихаад ирэхэд манай эхнэр П.М миний жижиг цүнхийг харсан уу? Би саяхан бүжиглэхээс өмнө ширээн дээр тавиад гарсан хэлсэн. Утсыг тэр хавиар хайгаад олоогүй. Залгахад дуудаад байгаа мөртлөө авахгүй байсан. /хх-ийн 21-22 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:... Би 2018 оны 04 дүгээр сарын эхээр ******* гэдэг хүнээр дамжуулж 240000 төгрөгөөр Самсунг Эс-8 плас утсыг худалдаж авсан. ******* нь энэ олсон утас байгаа юм, мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа гэж манай хүү Ж-д хэлсэн байсан. Тэгээд би хүүхэд сонирхоод байсан болохоор нь хүүдээ худалдаж авч өгсөн. /хх-ийн 25-26 хуудас/,
Гэрч А.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Н.Л-г нь манай байгууллагын галч байгаа юм. Тухайн арга хэмжээнд жолооч олдохгүй Н.Л-р жолооч хийлгэсэн. Тухайн өдөр Н.Л 2 удаа хоол хүргэж өгсөн. Дараа нь бохироо 2 удаа ирж авсан. Хоол бэлдэж байсан 1 давхарт байх өрөө рүү хоол оруулж өгсөн. Харин 2 давхарт болж байсан арга хэмжээ рүү бол ороогүй. /хх-ийн 32-33 хуудас/,
Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Бид нарыг хоолоо бэлтгэ гээд 1 давхарт өрөө гаргаж өгсөн байсан. Тэр өрөө рүү хоол аяга, таваг зөөсөн. Дээр 2 давхарт болж байсан арга хэмжээ рүү бол Н.Л ороогүй. /хх-ийн 34-35 хуудас/,
Гэрч Ц.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Н.Л-тэй хамт уурын зууханд ажилладаг байсан. Би одоо он сарыг нь санахгүй байна. 2017 оны 12 дугаар сард шинэ жилээс өмнө Ахмадын өргөөнд хүлээн авалтын хоол, цай хүргэж өгөх гэж байгаа гээд Н.Л яваад ирсэн. Тэгээд шөнө дунд тарах үед нь хоол цайныхаа сав суулгыг авах гэж байгаа гээд яваад ирэхдээ нэг жижиг гар цүнх барьчихсан орж ирсэн. Би юун учиртай цүнх юм бэ? гэхэд олсон гэж хэлсэн. Сүүлд цагаан сарын дараа Н.Л олсон гар утсаа зарна гээд байхаар нь манай хамаатны хүүхэд утас авна гээд байхаар нь хамт ажилладаг хүн утас зарна гээд байсан гэж хэлэхэд тэд хоорондоо наймаа хийсэн. Ахмадын өргөөний урд талаас олсон гэж байсан. Дотор нь юу юу байсныг би хараагүй. Дотор нь гар утас байна гэж хэлээд буцаагаад хийчихсэн. Би гар утсыг хараагүй. Тухайн үед ажилтай байсан болохоор сонирхож асуугаагүй. /хх-ийн 106 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС ХХК”-ий 2018 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн №01/02 дугаартай үнэлгээний тайлан, хохирол хүлээлцсэн тэмдэглэл, Өвөрхангай аймгийн прокурорын газарт иргэний нэхэмжлэгч Ц.Б-н гаргасан “Гар утас худалдаж авсан 240000 төгрөгийг Н.Л-с авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн, хохирогч П.М-н гаргасан “Н.Л-с хохирол төлбөрт 300000 төгрөг авсан. Гээсэн гар утсаа буцааж авна. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтүүд, шүүгдэгч Н.Лгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40-43, 49, 52-53, 115-119 хуудас/
Шүүгдэгч Н.Л-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 390 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54, 56 хуудас/,
Шүүгдэгч Н.Л-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Л нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 23 цаг 40 минутын орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******”-ний гаднаас хохирогч П.М-н гээгдэл эд хөрөнгө болох 1900000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy S8 plus” маркийн гар утас 1 ширхэг, 10000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний, жижиг хуучин цүнх 1 ширхэг, 12000 төгрөгийн үнэ бүхий уруулын будаг 1 ширхэг, 10000 төгрөгийн үнэ бүхий тень 1 ширхэг, 30000 төгрөгийн үнэ бүхий шингэн пудрь 1 ширхэгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогч П.М-д нийт 1962000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Л-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.М-н 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын Ахмадын өргөөний зааланд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны оны шилдэг залуу “Алтан сарнай” гардуулах ёслолын ажиллагаанд оролцож байгаад орой 23 цаг 40 минутын орчимд намайг хүн бүжгэнд урихаар нь ширээн дээрээс босоод бүжиглээд 10 минут орчим болоод эргээд ширээн дээрээ ирэхэд ширээн дээр байсан миний “Dior” гэсэн бичигтэй жижиг шаргал даавуун цүнх байхгүй байсан. Цүнхэнд “Samsung Galaxy S8 plus” маркийн гар утас, “EjishaCoy” гэсэн бичигтэй шингэн пудрь, “faberlic” гэсэн бичигтэй хар гэртэй уруулын будаг, “faberlic” гэсэн бичигтэй алтлаг шар өнгөтэй дөрвөлжин савтай нүдний тень байсан. Гэрч М.Г-н 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 19 цагт Өвөрхангай аймгийн ******* сумын Ахмадын өргөөнд шинэ жилийн арга хэмжээнд эхнэрийн хамт оролцсон. Манай эхнэр П.М Самсунг Эс-8 маркийн, улаан гэртэй, шаргал өнгийн гадартай гар утас барьдаг байсан. Намайг жолооч Г-тай хамт гадаа гарч тамхи татчихаад орж ирэхэд манай эхнэр П.М миний жижиг цүнхийг харсан уу? Би саяхан бүжиглэхээс өмнө ширээн дээр тавиад гарсан хэлсэн. Гэрч Ц.Б-н би 2018 оны 04 дүгээр сарын эхээр Ц.О гэдэг хүнээр дамжуулж 240000 төгрөгөөр Самсунг Эс-8 плас утсыг худалдаж авсан. Ц.О нь энэ олсон утас байгаа юм, мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа гэж манай хүү Жаргалсайханд хэлсэн байсан. Гэрч А.Т-н тухайн арга хэмжээнд жолооч олдохгүй Н.Л-р жолооч хийлгэсэн. Тухайн өдөр Н.Л 2 удаа хоол хүргэж өгсөн. Дараа нь бохироо 2 удаа ирж авсан. Гэрч Ц.О-н би одоо он сарыг нь санахгүй байна. 2017 оны 12 дугаар сард шинэ жилээс өмнө Ахмадын өргөөнд хүлээн авалтын хоол, цай хүргэж өгөх гэж байгаа гээд Н.Л яваад ирсэн. Тэгээд шөнө дунд тарах үед нь хоол цайныхаа сав суулгыг авах гэж байгаа гээд яваад ирэхдээ нэг жижиг гар цүнх барьчихсан орж ирсэн. Би юун учиртай цүнх юм бэ? гэхэд Ахмадын өргөөний урд талаас олсон гэж байсан. Дотор нь гар утас байна гэж хэлээд буцаагаад хийчихсэн гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС ХХК”-ий 2018 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн №01/02 дугаартай үнэлгээний тайлан, хохирол хүлээлцсэн тэмдэглэл, Өвөрхангай аймгийн прокурорын газарт иргэний нэхэмжлэгч Ц.Б-н гаргасан “Гар утас худалдаж авсан 240000 төгрөгийг Н.Л-с авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн, хохирогч П.М-н гаргасан “Н.Л-с хохирол төлбөрт 300000 төгрөг авсан. Гээсэн гар утсаа буцааж авна. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтүүд, шүүгдэгч Н.Л-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Н.Л-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Н.Л-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Л-д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung Galaxy S8 plus маркийн гар утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч П.М-д буцааж олгож,
Шүүгдэгч Н.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч Н.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирол төлбөрт хохирогч П.М-д 300000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 240000 төгрөг тус тус төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Н.Л-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч Н.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирол төлбөрт хохирогч П.М-д 300000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 240000 төгрөг тус тус төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung Galaxy S8 plus маркийн гар утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч П.Мөд буцааж олгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.