| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0214/Э |
| Дугаар | 222 |
| Огноо | 2018-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 222
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар,
Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт М.Д-д холбогдох эрүүгийн 1826004050248 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, ******* овогт М.Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газар иргэн Д.Б зүүн гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөшөөрч байна...” гэв.
Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “*******” гэх газраас хадлан хадаад сумынхаа Г-тэй хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “*******” гэх газар машинтай өвсөө ачаад явж байтал 22 цагийн орчим 1 мотоцикльтой эрэгтэй хүн гэрлээ дохиод байхаар нь би зам асуух гэж байна гэж бодоод зогстол ******* сумын иргэн Д байсан. Машинаа зогсоогоод машиныхаа жолоочийн талын цонхыг онгойлгоод мэнд мэдчихээд машины хөгжим чанга байхаар нь суллах гээд тонгойтол Д цонхоор гараа оруулаад миний зүүн гарын сарвуу хэсгийг цохих шиг болсон. ... Замд зүүн гарын сарвуу хэсгээс цус гараад эхэлсэн. Тэгээд шууд аймгийн эмнэлгийн хүлээн авах дээр очоод зүүн гараа үзүүлэхэд ядам хурууны шөрмөс тасарчихсан байна гэсэн. Маргааш өглөө буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн эмнэлэгт хэвтээд зүүн гарын ядам хурууны шөрмөсийг залгах хагалгаанд ороод 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлгээс гарсан. ... Д өөрөө надад сүүлд аймгийн төв дээр таараад хутгаар зүссэн гэдгээ хэлж байсан. ... Д ор хоногийн мөнгө, эмчилгээний мөнгөнд зориулж надад нийт 1000000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч М.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “*******” гэх газраас ******* сумын “*******” гэх газар луу явж байхад мотоцикльтой хүн гэрлээр дохиод байсан. Тэгээд би Б-н хамт зогсоход Д байсан. Тэгээд Б унаж явсан Портер машины цонхыг онгойлгоод сайн намаржиж байна уу гэж Б мэндлэхэд Д зүүн гарын сарвуу хэсэгт хутгаар дүрчихсэн. ... Б эрүүл байсан. Д согтуу байсан. Би тухайн үед эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар гурван машинтай хүмүүс хадлан бэлдчихээд буцаж явсан. Би хамгийн сүүлийн машинд сууж явсан. Тэгсэн хамгийн урд талын машин зогсоод удаагүй хөдлөөд явсан. Тэгээд манай гэрийн гадаа очоод зогссон. ... Тэгтэл хамгийн урд явж байсан машинд сууж явсан Г бууж ирээд сая Д гэх хүн замд таараад Б-н гаран тус газар хутгалчихлаа гэхээр нь яасан юу болж байгаа юм гээд Б-тай уулзахад зүүн гарын ядам хурууны хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэгээд шууд Арвайхээр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр хүргэж ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №598 дугаартай: “... Үзүүлэгч Д.Б-н биед зүүн гарын алганы ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Хохирогч Д.Б-н №5665 дугаартай өвчны түүх /хх-ийн 67-73 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Д-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 59-63 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Д-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.Д-г яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 37-38 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч М.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газар иргэн Д.Б-н зүүн гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч М.Д-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Б-н “... Шүүгдэгч М.Д-д хутгалуулсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15/, Гэрч М.Гын “... Шүүгдэгч М.Д хохирогч Д.Бтай хамт явж байхад нь хутгалсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20/, Гэрч *******ын “... Шүүгдэгч М.Д хохирогч Д.Б-н гарыг хутгалсан сонсон, очоод хартал цус гарч байсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 26-27/, Шүүгдэгч М.Д-н үйлдлийн улмаас хохирогч Д.Б-н биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №598 дугаартай дүгнэлт. /хх-ийн 29/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 9/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-12/, Хохирогч Д.Б-н №5665 дугаартай өвчний түүх /хх-ийн 67-73/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт М. Д-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч М.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Д-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч М.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,
Шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19.2 см урттай, ажлын хэсэг нь 8.4 см, ишний урт 10.8 см урт төмөр иштэй эвхдэг хутга 1 ширхэгийг устгахыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч М.Д-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2 4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт М. Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт М. Д-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 300000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шуүгдэгч М.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5.Шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19.2 см урттай, ажлын хэсэг нь 8.4 см, ишний урт 10.8 см урт төмөр иштэй эвхдэг хутга 1 ширхэгийг устгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүуцэл бйчих эрхтэй.
9.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.