| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2018/0212/Э |
| Дугаар | 223 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 223
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Бямбасүрэн,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Г.Б холбогдох 1826002820226 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Г.Б.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ц.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна гэв.
Хохирогч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би нөхөр Б-тэй 2008 онд танилцаад, 2010 оны 11-р сараас хамтран амьдарч эхэлсэн. 2012 оны 02-р сард манай хүү Х төрсөн. ...2017 оны 05-р сарын дундуураас хойш манай нөхөр архи уух, гадуур тэнэх нь ихэссэн. 2018 оны 06-р сарын 13-ны өдөр 17 цагаас хойш манай нөхөр архи ууж байгаа талаараа хэлсэн. 19 цагийн орчим ажлаа тараад ******* сумын 1-р багаас нөхрөө авах гэсэн тэндээ үлдсэн. Дахин 1 цагийн дараа очоод нөхрөө аваад манай төрсөн ах Ц-д очсон. Манай нөхөр 22 цагийн орчим төрсөн эгч Г-н байрны гадаа бууж үлдээд, би найз А-г ажлаас аваад, эгчийнд буцаад иртэл манай нөхөр эгчийндээ ороогүй байсан. Гар утас нь дуудаад авахгүй байсан. 23 цагийн үед манай нөхөр над руу өөрөө залгаад архи ууж байна, 1-р багт МБ гэдэг найзындаа байна, намайг А-д очоод байж бай гэсэн. Би нөхрийгөө хүлээж байгаад унтчихсан байсан. Миний гар утас 2018 оны 06-р сарын 14-ний өдөр 02 цаг өнгөрч байхад гар утас дуугараад авахад манай нөхөр аав, ээжтэйгээ хамт намайг хайгаад манай төрсөн ах Ц-д оччихсон байна гээд бахираад байсан. Би А-д байна, чамайг залгахыг чинь хүлээж байгаад унтаад өгсөн байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ахиж манай хадам ээж Д над руу залгаад манай төрсөн эгч О-н гэрийн гадаа байна гэхээр нь би найзындаа байна, манай нөхөр энэ айлыг мэднэ гэж хэлсэн. Б, ээж Д А-д орж ирэхээр нь чи эднийд байж байгаарай гэж хэлсэн биз дээ гэсэн. Тэднийд хонохоор болоод хадам ээж гарсны дараа намайг А-н гэрийн баруун талын орон дээр сууж байхад манай нөхөр хажууд ирж суугаад гэнэт миний зүүн хацар руу 1 удаа хүчтэй алгадсан. Манай нөхөр намайг ална гээд дайраад байхаар нь А, манай нөхрийг хориод би тэднийхээс гараад хадам аав, ээж хоёрыг утсаар дуудсан чинь удаагүй хүрээд ирсэн. Манай нөхөр ээжийгээ харчихаад намайг зодоогүй гээд байсан. Аав, ээж ирсний дараа манай нөхөр надтай хамт явна гээд байхаар нь хадам аав, ээж, нөхөр бид 4 хамт явсан. Хадам аав, ээж хоёр нөхөр бид хоёрыг том өрөөнд унтаж амар гээд оруулсан. Хадам аав, ээж хоёр унтлагын өрөөнд орж унтахаар явсан. Манай нөхөр харанхуйд надаас хэрүүл гуйгаад том өрөөний хойд талд байдаг жижиг өрөөнд ороод байж байтал араас орж ирээд зүүн гараараа хоолой боогоод тонгорч унагаад, миний дээр хоолой боосон чигээрээ дарж суучихаад ингээд үх гээд зөөлөн хэлсэн. Тухайн үед миний амьсгал давхцаад байхаар нь “хайраа болиоч, гуйя” гэж хэлсэн чинь хоолой боохоо болихоор нь аллаа гэж орилсон чинь хадмууд орж ирээд бид хоёрыг харсан. Хадам аав манай нөхрийг чирээд орон дээр хэвтүүлсэн. Ахиж зодоон болоогүй. Би эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 67 хуудас/,
Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06-р сарын дундуур өдрийг нь сайн мэдэхгүй байна, манай хүү Б согтуу шөнө дунд 03 цаг болж байхад нөхөр Г бид хоёрыг унтаж байхад орж ирээд Б ахындаа байгаа байх хүүхдээ очиж авъя гэхээр нь би, нөхөртэйгөө Б-г аваад Б-н төрсөн ахынд очиход Б гэрт нь хүүхэдтэйгээ байхгүй байсан. Тэндээсээ Б-н хүргэний үүдэнд машинтай очоод сигнаалдсан чинь хүн гарч ирэхгүй байсан. Тэгээд Б-н найз А-д Б бид хоёрыг ороход Б хүүхэдтэйгээ хоёулаа унтаж байсан. Б эндээ унтчихъя, маргааш гэртээ очъё, намайг яв гэхээр нь нөхөртэйгөө машинтай явж байтал араас бэр Б утасдаад Б намайг алах гээд байна, ирээд аваадах гэхээр нь очтол бэр Б хашаан дотор ганцаараа зогсож байсан. Гэрт нь ороход Б тэр айлын баруун талын орон дээр суучихсан А гэдэг найз хүүхэн нь Б-н хажууд зогсож байсан. Би Б-г гэр лүүгээ авч явах гэтэл хүүгээ аваад явна, явахгүй гээд байсан. Би бэр *******гаас гуйгаад хүүхдийг нь сэрээлгээд Б, Б, хүүхэд гурвыг хамт аваад явцгаасан. Гэртээ очоод тэр гурвыг том өрөөнд оруулсан. Нөхөр бид хоёр хойд өрөөндөө ороод дөнгөж хэвтэж байтал Б ёо ёо гээд орилохоор нь нөхөртэйгөө том өрөөнд ортол том өрөөний хойд талын жижиг өрөөнд Б хажуу талаараа хэвтчихсэн уйлаад байсан. Б нь Б-н наад талд сөхрөөд суучихсан байсан. Би Б-г бос гэж хэлэхэд хүүхдийн хажуугаар ороод унтаад өгсөн. Тэгээд би бэр Б-д Б унтаад өгсөн байна, битгий хулдаасан дээр хэвтээд бай гэж хэлээд гудас хойд өрөөнөөс авч өгөөд өөр орон дээр хэвтүүлсэн. Тэгээд унтаад өгсөн. Ахиж маргаан болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,
Гэрч Ц.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2012 оны 09-р сард өдрийг нь санахгүй байна манай дүү Б “нөхөр Б гэртээ архи уучихаад агсам согтуу тавиад байна” гээд манайд орж ирэхэд нь баруун нүд, духны хэсгээрээ хөхөрчихсөн орж ирсэн. Б-с юу болсон талаар асуухад юм мөргөсөн гэж хэлсэн. Харин нэлээн сүүлд Б намайг түлхээд ширээний булан мөргөсөн талаараа хэлсэн. Ер нь Б гэртээ согтуу ирэхээрээ манай дүү Б-д байнга агсам тавьсан гээд манай гэрт хүрээд ирдэг. 2-3 хоноод Б манай дүүг гуйж байгаад аваад явчихдаг. Энэ асуудал сүүлийн 2-3 жил иймэрхүү байдалтай байгаа. 2018 оны 06-р сарын дундуур манай дүү Б-г Б-д зодуулсны дараа харсан. Б-н хоолой хөхөрсөн, хоёр гуя хөхөрчихсөн байхаар нь асуухад Б зодож, хоолойг нь боосон гэж хэлсэн. Би хамт байдаггүй болохоор хэрэлдэж маргалдсаныг нь хараагүй. Өөр цохиж зодуулсныг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,
Шүүгдэгч Г.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 06-р сарын 13-ны өдөр би найз М-д / МБ гэж дууддаг/ очоод тавуулаа 4 шил 0,75 литрийн Улаанбаатар архи уусан. 2018 оны 06-р сарын 14-ний өдөр 03 цагийн орчим гэртээ аав, ээжээр хүргүүлж ирэхэд эхнэр хүүхэд гэрт байхгүй байсан. А гэдэг айлд очсон чинь манай эхнэр хүүхэд хоёр байсан. Эхнэр хүүхдээ аваад манай аав, ээж, бид нар бүгдээрээ гэртээ харьсан. Гэрт очоод юунаас болж эхнэртэй маргалдсанаа санахгүй байна. Нэг мэдсэн аав, ээж хоёр өрөөнд орж ирээд намайг унт гээд чирээд байсан. Би тэгээд л унтаад өгсөн. Би эхнэрийг яаж цохиж зодсоноо санахгүй байгаа. Тасарчихсан байсан. 2016 оны 10-р сарын сүүлээр О-д би, эхнэр хүүхэд, найзуудтайгаа бүгдээрээ очсон. Ууж идээд хөзөр тоглосон. Шөнө 02 цаг өнгөртөл ууж идээд оройтохоор эхнэртээ маргааш эрт ажилтай явъя гэхэд болоогүй байна найзуудтай баймаар байна гэхээр нь би, Б, Б хоёртой гэртээ очоод унтаж байсан. Тэгсэн тэрнээс хойш 1 цаг орчмын дараа О, манай эхнэр Б, манай хүүхэд гурав орж ирээд Одмаа нь Б-г унтаж байхад гутлаа тайлаад Б-г оносон. Б зөрүүлээд О руу гутлыг нь шидсэн. О ахиж гутлаа аваад Б рүү шидсэн чинь бурханы хажуу талын сервант руу онохоор нь би уурлаад “чи арай дэндэж байгаа юм биш үү чи манайхаас зайл” гэсэн чинь Б чи манай найзыг хөөдөг хэн юм. Дуртай юм бол өөрсдөө зайл гэж хэлсэн. Би О-г гэрээсээ хөөсөн чинь уурлаад гараад явсан. Б над руу 1 цаг болоод явахын хооронд хүлээж байхгүй гээд дайраад байхаар нь гэнэт миний уур хүрээд Б-г үсдэж чирээд нуруу руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Б, Б нар намайг салгасан. 2018 оны 06-р сарын 13-ны өдөр болсон зүйлийг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-74 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 408 дугаартай шинжээчийн:
1. Ц.Б-н биед зүүн хөлийн гуяны, баруун хөлийн дотор доод хэсэг, баруун хөлийн шилбэ, зүүн гарын бугалга, зүүн гарын хуруу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх 2018 оны 06-р сарын 14-ны үүсгэгдсэн байх боломжтой. 2011 оны 03-р сарын дундуур, 2011 оны 12-р сарын сүүлээр, 2012 оны 09-р сарын сүүлээр, 2016 оны өвөл гэмтсэн гэх бөгөөд духны баруун доод хэсэг, зүүн гарын эрхий хурууны ар 3-р үений хэсэгт 0.9 см баруун гарын эрхий хурууны 3-р үений ар хэсэгт цайвар цагаан өнгийн сорвитой байх ба тус сорви гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх 2018 оны 06 дүгээр сарын 14-ны өдөр цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 26 хуудас/,
Шүүгдэгч Ц.Б-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-55 хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-56/, хүү Б.Х-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-24/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51 хуудас/, Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хх-53 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хуульчилжээ.
Хохирогч Ц.Б, шүүгдэгч Г.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Х-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-24/, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-56/, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч Ц.Б, шүүгдэгч Г.Б, гэрч Д.Д, Ц.О нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Б-г зодож, түүний эрүүл мэндэд “зүүн хөлийн гуяны, баруун хөлийн дотор доод хэсэг, баруун хөлийн шилбэ, зүүн гарын бугалга, зүүн гарын хуруу хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Б /хх-7-8,67/, гэрч Д.Д /хх-11-12/, гэрч Ц.О /хх-17/ нарын мэдүүлэг, Г.Б-н яллагдагчаар өгсөн /хх-72-74/ мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 408 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-26/, шүүгдэгч Г.Б-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч ******* овгийн Г.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь ял шийтгүүлж байгаагүй, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Ц.Б-н шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/ зэргээр тогтоогдож байна.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр дөрвөн зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Г.Б-д мэдэгдэж,
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн Г.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Г.Б-г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр дөрвөн зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.