Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 09

 

 

 

             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                Б.Мөнхжаргал, Я.Уранчимэг нарын

                              нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

                                                                       Хэргийн индекс: 150/2016/00015/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч        Б.Батзориг

                                Шүүгчид                      Л.Амарсанаа

                                                                    Г.Давааренчин

   Оролцогчид:

            Нэхэмжлэгч                  Б.Мөнхжаргал

                                                  Я.Уранчимэг     

            Тэдгээрийн өмгөөлөгч О.Сарантуул

            Хариуцагчийн төлөөлөгч Ш.Ганхуяг

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 134 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор Б.Мөнхжаргал, Я.Уранчимэг нарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох “Гэм хорын хохирол 12.579.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

   Нэхэмжлэгч Б.Мөнхжаргал, Я.Уранчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         “…2014 оны 09-р сарын 15-ны өглөө Орхон сумын хөдөө аж ахуйн тасгийн дарга Ш.Ганхуяг ирж манай 49 тугал, хүргэн Г.Хасбаатарын 10 тугалд вакцин хийж явсан байсан. Энэхүү тариа нь аймгийн Засаг даргын 2014 оны 08-р сарын 19-ний өдрийн А/313 тоот бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийх тухай захирамжийн дагуу Орхон сумын Засаг даргын 2014 оны 08-р сарын 25-ны өдрийн А/133 тоот захирамжаар 2014 оны 09-р сарын 15-ны өдрийн дотор багтаан хийхээр заагдсан юм билээ. Уг тариаг хийхээс өмнө малчин бидэнд ямар нэгэн тайлбар яриа хийгээгүй, хийж буй вакцины лац ломбо бүрэн бүтэн эсэх, ямар тун хэмжээгээр хийж байгаагаа хэлээгүй. Тариаг өглөө эрт ирж тарьсан ба хүргэн Г.Хасбаатар тариа хийсэн тугалнуудаа бэлчээрт нь явуулж, бэлчээрээс ирэхдээ тугалнууд гуйвсан байдалтай байсныг нь тариандаа ингэж байна гэж ойлгоод хашсан. Маргааш өглөө нь бэлчээрт гаргах гэхэд босож чадахгүй, эхийгээ хөхөж чадахгүй байдалтай болсон байсан. Энэ тухай нэн даруй утсаар тариа хийсэн Ш.Ганхуягт хэлэхэд маргааш очъё гэж цаг хугацаа, хоног алдаж ирсэн.

        Тариаг хийхээс өмнө манай тугалнууд эрүүл саруул, ямар нэгэн өвчин эмгэгтэй байгаагүй. Тэр өдөртөө Орхон сумын иргэн Ядармаагийн гадаа 2 тугал, Орхон голын эрэг дээр 1 тугал, замын хажууд 1 тугал, нийт 4 тугал үхсэн байдалтай олдсон.        Хамгийн сүүлийн тугал маань 2014 оны 12-р сарын 15-ны өдөр үхсэн.

        Нийт үхсэн 12 тугал маань хүзүү, өвчүү хэсгээр хавдаж, энгийн байдлаар үхсэн малаас арай өөр нүдний харц нь их хурц байдалтайгаар үхэж байсан. Эдгээр тугалны маань 11 тугал охин, 1 нь эр тугал байсан юм. Эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан 14 тугалны 6 тугал одоо бяруу болсон.

       Ингээд бид одоо гэм хорын хохирлоо арилгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:  

       1. 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр вакцин хийлгэж үхсэн 12 тугал маань 2015 оны 12 дугаар сарын байдлаар 12 бяруу болсон байх байсан тул 1 бярууг 600.000 төгрөгөөр үнэлж нийт 7.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь манайх 1 бярууг 600.000 төгрөгөөр үнэлж авч байсан юм.

       2.Эм тарианы мөнгө 129.800 төгрөг,

       3.шатахууны зардал 53.400 төгрөг, Нийт 7.383.200 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож Орхон сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжилж байсан ба 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үхсэн эдгээр тугалнууд өнөөдрийн байдлаар шүдлэн үхэр, шүдлэн гунж болсон байх ёстой тул бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж байна. 12*900.000= 10.800.000 төгрөг болгон нэмэгдүүлж байна. Мөн сааль сүүний хохирол алдагдалд 1.596.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна” гэжээ.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

        “…Орхон сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасаг нь 2014 онд Монгол мал үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, мал сүргийг эрүүлжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2014 оны А/313 тоот, сумын Засаг даргын А/133 тоот Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийх тухай захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд биокомбинатад үйлдвэрлэсэн ШТАМ-19, Рев-1 омгийн бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг технологит хугацаанд нь сумын 148 өрхийн 2925 толгой тугал, 114 өрхийн 29160 толгой ишиг, хурга нийт 32085 толгой малд хийж гүйцэтгэсэн. Ш.Ганхуяг миний бие ганцаараа 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 9 цагт тугалны 200 тун, хураг ишигний 1000 тун вакцин авч 1-р багийн нутаг дэвсгэр Сайханы аманд мал гарахаас өмнө Я.Уранчимэгийн хүргэн болох Г.Хасбаатарынд очиж аймгийн Мал эмнэлэгийн хэлтсээс өгсөн заавар, зөвлөмжийн дагуу арьсан доор нь тарих аргаар 59 тугал, Төмөрбаатарын хотны 50 гаран тугал, Х.Дарьзавын хотны 70 гаран тугал, хурга ишигний вакциныг Төмөрбаатар, Х.Дарьзавын хотонд тарьж гүйцэтгэсэн. 

        …Ш.Ганхуяг миний хувьд Улсын хэмжээнд хийгдсэн вакциныг заавар зөвлөмжийн дагуу малд тарих газар нь тарьсан. Я.Уранчимэгийн үхэр бруцеллёз өвчтэй байсан учир тугалнууд халдвар авсан байж байгаад вакцины урвалд харшлаж үхсэн байж болзошгүй гэж үзэж байна. Үүнд манай Засаг даргын тамгын газар болон малын эмч миний буруу байхгүй гэж бодож байна. Иймд иргэн Я.Уранчимэг, Б.Мөнхжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх 2016 оны 04 дүгээр сарын      04-ний өдрийн 134 дугаартай шийдвэрээр:

        1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газраас 4.333.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхжаргал, Я.Уранчимэг нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.246.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 216620 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 84281 төгрөг, орон нутгийн орлогоос илүү төлсөн 403 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэжээ.    

 

        Нэхэмжлэгч Б.Мөнхжаргал, Я.Уранчимэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

        “...134 тоот шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна.

         …Тухайн үед Ш.Ганхуяг миний буруу боллоо. Тугалыг тугалаар төлнө гэсэн тул би уужуу сэтгэл гаргаж хүлээсэн. Уг амлалтаасаа буцсан тул 2015 оны 04 дүгээр сард шүүхэд хандсан.

        …Гэтэл шүүх зөвхөн 2014 оны 09 дүгээр сарын байдлаар тугалны үнээр тооцож, нэхэмжлэлээс 4119996 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйл, 229 дүгэр зүйлийн 229.1, 229.2-т заасныг шүүх огт анхаарч үзсэнгүй. Иймд хэрэгсэхгүй болгосон 8246000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

         Нэхэмжлэгч Я.Уранчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         “…Ш.Ганхуяг тухайн үед буруу болж таарлаа, манай аав дээр миний хэдэн тугалнууд байгаа, таньд тугалыг тугалаар өгнө гэсэн атлаа өнөөдрийг хүртэл өгөөгүй. Би түүний үгэнд итгээд хэлснээр нь болсон, хэл ам хийгээгүй. Тухайн үед өгөх малаа өгсөн бол би ингэж хохирол амсахгүй байсан. Өнөөдөр тэр үхсэн 12 тугал бяруунууд 44 болж үржих байсан. Би өөрийн хэдэн тооны мал дээрээ төслийн мөнгөөр мал нэмж авсан. Би Ш.Ганхуягийн хэлсэн хүсэлт бүрийг нь хүлээж авч байсан.

Гэтэл Ш.Ганхуяг миний малыг бруцеллёзтой байсан гэж хуурамч бичиг гаргаж өгсөн, миний мал бруцеллёзтой байгаагүй. Надад хохирол маш их учирсан. Өнөөдөр тэдгээр малын зарим нь тугалсан байх байсан. Сая би нэг үхрээ алаад зарахад 1.300.000-1.400.000 /нэг сая гурван зуун мянгаас нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг болж байна. Би сар болгон мөнгө банкинд зээлээ төлдөг. Иймд хохирлыг минь шүдлэн үхэрээр нь бодож олгоно уу” гэв.

 

        Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “…Хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйл, 511 дүгээр зүйлүүдийг баримтлан шийдвэр гаргасан нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн ерөнхий ангийн гэм хорыг арилгуулах үндсэн зохицуулалтыг зөв хэрэглээгүй буюу гэм хорыг арилгах үүрэг  бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй.

        Гэм хор учруулахаас өмнөх байдал гэхээр тухайн тугалнууд тарилга хийхээс өмнө эрүүл саруул, өвчний халдвар аваагүй байсан нь шүүхийн хийсэн дүгнэлт буюу шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоосон. 12 тугалыг Ш.Ганхуяг хэлсэндээ хүрээд тухайн Намартаа өгсөн байсан бол өнөөдөр ийм хэмжээнд хүрэхгүй байсан. Ш.Ганхуяг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хорын хохирлоо төлөөгүй учраас нэхэмжлэгч нарт маш их хохирол учирсан. Гэм хорын хохиролд ганц мөнгөөр төлөх хохирол биш, давхар олох байсан ашиг шим хүртэл орно. Нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлснийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганхуяг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           “…Би сумын Засаг даргын захирамжийн дагуу вакцин тарьсан нь үнэн. Гэхдээ Я.Уранчимэгт 10 тугалыг 10 тугалаар нь төлнө гэж хэлээгүй, аавынд хэдэн тугал байгаа л гэж хэлсэн. н.Төмөрбаатар гэдэг хүний 5 тугал бас үхсэн боловч түүнтэй 80.000  төгрөгөөр үнэлж тохирсон. Би Я.Уранчимэгийг бас тиймэрхүү байдлаар тохирчих болов уу гэж бодсон боловч тохироогүй.

        Би вакцин тариад тугал үхэхээр нь “Биокомбинат” гэх вакцин үйлдвэрлэсэн газар руу утасдаж вакцин хийснээс болоод тугал үхлээ гэж хэлээд асуухад манай вакцин ямар нэгэн асуудал байхгүй, зүгээр гэхээр нь би Я.Уранчимэгт “Биокомбинат” вакцинаа өмөөрлөө, тарилга хийснээрээ миний буруу болж таарах юм шиг байна, би тодорхой хэмжээгээр төлнө гэж хэлсэн. 2015 оны 05 дугаар сард Урнаа эгч рүү утасдаад 1 тугалыг 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр тооцож төлье гэтэл өөрөө зөвшөөрөөгүй.

       Сая шүүх дээр шинжээч томилж үнэлгээ гаргахдаа цэвэр сэлэнгэ үүлдрийн үнээ гэж үзэх боломжгүй гэсэн атлаа Сэлэнгэ үүлдрийн үнээнийн үнэлгээгээр буюу 350.000 гэж үнэлсэн. Үүнийг буруу гэж үзэж байна. Сумын эд хөрөнгийн үнэлгээгээр үнэлүүлэх саналтай байна” гэв.

Үндэслэх нь:

 

        Нэхэмжлэгч Б.Мөнхжаргал, Я.Уранчимэг нар нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан  эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 12.579.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

        Хэргийн нэхэмжлэгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлынхоо үндэслэлийг “…шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлүүдийн заалтыг огт анхааралгүй,  хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 8.246.000 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон” гэж тайлбарлажээ. 

 

        Давж заалдах гомдлын дагуу хэргийг судлан үзвэл:  Сэлэнгэ аймгийн  Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/313 дугаартай захирамж болон Орхон сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/133 дугаартай захирамжаар бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг адуунаас бусад малд хийхээр даалгасны дагуу тус сумын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Ш.Ганхуяг нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нарын 59 тооны тугалд тарилга хийсэн байна.

 

        Ийнхүү тарилга хийх Орхон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Ш.Ганхуяг нь малд вакцин хийх эрхгүй, өөрт нь ажил үүргийн хувьд хариуцуулаагүй ажлыг гүйцэтгэсэн, мөн тугалнуудад тарилга хийх мал эмнэлгийн үйлчилгээний стандарт, технологийн горимыг мөрдөөгүй зэрэг гэм буруутай байна.

 

        Дээрх үйлдлийн улмаас 12 тооны тугал үхэж, нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

        Өөрт учирсан хохирлоо арилгуулахын тулд гэм буруутай этгээдийн ажиллаж байгаа Орхон сумын Засаг даргын Тамгын газраас хохирлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан заалттай нийцсэн тул  нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

 

         Нэхэмжлэгч нар нь өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тугалын эмчилгээнд зарцуулсан эм тариа, шатахууны зардал мөн 12  тугалын 11 нь охин 1 нь эр тугал байсан бөгөөд үхсэн тугалнууд амьд байсан бол 2016 оны байдлаар шүдлэн үхэр болох байсан гэж  хохирлыг 12 шүдлэн үхрийн үнээр тооцон гаргуулах, түүнчлэн олох байсан орлого болох сааль сүү зэргийг хариуцагчаас  гаргуулах үндэслэлтэй  гэж тайлбарласан.

 

       Хэдийгээр Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар үүрэг бүхий этгээд  нь  эд хөрөнгөд учруулсан бодит  хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй  боловч  хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч нар  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн  шаардлага  түүнтэй холбоотой  баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

   

        Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

        Мөн шүүх бодит хохирлыг хариуцагчаас тооцон гаргуулахдаа  шүүхээс тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тооцсон нь хууль зөрчөөгүй байна.

 

        Иймд нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

        1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр  сарын 04-ний өдрийн 134 дугаартай  шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч  нарын  давж заалдах гомдлыг хангахгүй  орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  нараас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146.890 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                    Б.БАТЗОРИГ 

 

                           ШҮҮГЧИД                        Л.АМАРСАНАА

 

                                                                    Г.ДАВААРЕНЧИН