Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0143

 

“И-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0854 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдах гомдлоор, “И-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0854 дүгээр шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “И-О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-433 дугаар тушаалаар “И-О ХХК-д олгосон газар нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны хамтарсан А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, эс үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг тус тус зөрчиж олгосон хууль бус тушаал байна.

Мөн Улсын Их хурлын өргөдлийн байнгын хорооноос Туул голыг тусгай хамгаалалттай бүсэд хууль бус олгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах, барилга, хашаа, бусад эд хөрөнгийг буулгах, 2020 онд гэхэд Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэлх Туул голын тусгай хамгаалалттай газрыг нийслэлийн ард иргэдийн амралт, чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулах ажлыг хийж дуусгах талаар Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хорооноос чиглэл өгч хамтран ажиллах тухай албан бичгийг мөн хэрэгжүүлэн ажилласан. ...Гэтэл анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан дүгнэсэн нь хууль хэрэглэх зарчмыг зөрчиж байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6-д заасныг үндэслэн “Усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр “И-О” ХХК-ийн Баянзүрх дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газарт байрлах “Бага тэнгэрийн ам” нэртэй газарт 1.8 га газрыг ашиглах эрхийг дуусгавар болгосон, нэхэмжлэгчээс “...газар ашиглах эрхээ хууль ёсоор хэрэгжүүлж, ямар нэг зөрчил гаргаагүй байхад газар ашиглах эрхийг дуусгавар болгож буй нь үндэслэлгүй, ...манай ашиглаж байгаа газар нь ямар ч бургасгүй, мөн нураах уулгүй тэгш газар” гэж маргажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг буруу дүгнэж, маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт өгөхгүйгээр “...нэхэмжлэгч нь ямар зөрчил гаргасан болохыг тогтоогоогүй, ... актын үндэслэлд баримталсан заалтын алийг нь үндэслэсэн нь тодорхойгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу, дээр дурдсанчлан маргаан бүхий актаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд ашиглах эрх олгосон газар нь холбогдох хууль болон журмыг зөрчсөн гэж үзэж, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-т заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-аар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд “И-О” ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.8 га газар нь усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарсан үйл баримт тогтоогджээ[1].

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““усны сан бүхий газар” гэж  нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, ...-ыг  хориглоно”, 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.5-д Энгийн хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно, 2.5.1-д усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд..., 2.5.2-т улсын болон аймгийн зэрэглэлтэй хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд, 2.8.2-т хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга, байгууламж барьж ашиглахыг хориглоно” гэж тус тус заажээ.

Гэтэл нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 1.8 га газар нь Усны тухай хууль болон “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-аар 50 метрээс доошгүй байхаар тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд, 100 метрээс доошгүй байхаар тогтоосон эрүүл ахуйн бүсэд, 200 метрээс доошгүй зайд байхаар тогтоосон энгийн хамгаалалтын бүсэд тус тус байрлаж байгаа, түүнчлэн хуулиар барилга байгууламж барихыг хориглосон уг хязгаарлалтын бүсэд нэхэмжлэгч нь “Аялал жуулчлалын цогцолбор байгуулах” төсөл хэрэгжүүлэх хүрээнд “...тус газарт блок тус бүр 26х18 м хэмжээтэй 6 давхар 4 блок 40 гэйст хаус, 2000 м.кв үйлчилгээний төв, 1800 м.кв бүхий граж, авто машины зогсоол” зэрэг барилга, байгууламж барихаар төлөвлөсөн байх төдийгүй тус газар нь хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдсон эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Ийнхүү маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон шийдвэр нь дээр дурдсан хууль болон журмыг зөрчсөн болох нь нэгэнт тогтоогдож байх тул захиргаанаас усны нөөцийг бохирдож хомсдохоос хамгаалах, байгалийн төлөв байдал алдагдуулах, дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горим зөрчигдсөн гэж үзэж, “И-О” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчид үргэлжлүүлэн газрыг ашиглуулах нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасантай нийцэхгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаал нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр байх тул хүчингүй болгох боломжгүй, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0854 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И-О” ХХК-ийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “И-О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

 

 


[1] Хавтаст хэргийн 62-75 дугаар хуудсанд авагдсан маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, 132 дугаар хуудсанд авагдсан лавлагаа зураг