Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 225

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн Ж.Т холбогдох эрүүгийн 1826004120250 дугаартай  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Ж.Т,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 19-20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Ховдын 3 тоотод оршин суух иргэн Ж.У-н гэрээс гарахдаа, түүний өмчлөлийн дунд гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500000 / таван зуун мянган / төгрөгийн хохирол учруулсан" гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав...

Шүүгдэгч Ж.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ж.У-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багт байрлах гэрээсээ өөрийн эзэмшлийн 20 дугаар зууны эхэн үеийн гар хийцний дунд гарын цай уудаг үе дамжин уламжилж ирсэн мөнгөн аягаа хулгайд алдсан. 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд ******* гэх согтуу залуу орж ирээд гарсан. Өөр хүн орж ирээгүй. Аяга нь гадна талын ёроол хэсгээрээ угалзан битүү хээтэй, завъяа гэх тагштай байнга хоол цай идэж уудаг болохоор борлосон байгаа. Өөр содон шинж тэмдэггүй. Миний мөнгөн аяганд 10 лан мөнгө орсон. Би 5000000 төгрөгөөр үнэлж байна. Ц гэх залууг сэжиглэж байна. Би Ц гэгчийг танихгүй. Би *******г манайд орж ирэхэд арын өрөөнд унтаж байсан учраас ямар ажилтай орж ирснийг нь мэдээгүй. Тухайн үед манай гэр бүлийн хүн Н хамт байсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 хуудас/,

Гэрч Л.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Ц гэгч манайд ганцаараа тухайн өдөр 14 цагийн орчимд орж ирсэн. Тэр үед манай өвгөн ******* арын өрөөнд унтаж байсан. Ц гэгч залуу согтуу бололтой ширээний цаана завилж суучихаад нэг нүдээ аниад нэг нүдээрээ хараад суугаад байсан. Тухайн үед манай өвгөний цай уудаг хуучны мөнгөн аяга нь ширээн дээр байгаа харагдсан. Тухайн үед би утасны сим карт сольж байтал Ц гэгч манайхаас гараад явсан. Тэгээд орой нь өвгөндөө хоол аягалж өгөх гээд аягыг олохгүй шаазан аяганд хийж өгсөн. Тэгээд маргааш  өглөө нь буюу 2018 оны 09 сарын 20-ны өглөө мөнгөн аягаа эрээд олоогүй. Тэгээд Ц гэгчийг гэрт орж ирэхэд ширээн дээр байгаа харагдсаныг санаад цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

Гэрч Ц.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 19-ний 20 цагийн орчим ******* гэж дууддаг Т гэх залуу хуучин мөнгөн аяга зарна, манай эцгээс үлдсэн зүйл байгаа юм, 5000 төгрөгөөр худалдаад авчих гээд ирэхээр нь би хөөгөөд явуулсан. Би тэр аяганы содон шинж тэмдгийг нь сайн анзаараагүй. Хуучин мөнгөн аяга байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө хашааны хаалга нүдээд байхаар нь манай хөгшин С гараад эргэж орж ирээд Ц гэгч байна гэхээр нь би хувцсаа өмсөөд гарсан. Ц хашаан дээгүүр өнгийгөөд “та энэ аягыг таних уу?” гэхээр нь би “танина, наадах чинь У өвгөний мөнгөн аяга байна” гэж хэлсэн чинь та энэ аяганы эзнийг нь олоод өгөөрэй гэж хэлээд өврөөсөө У өвгөний мөнгөн аягыг гаргаж өгчихөөд өөр юм хэлэлгүй явсан. Тэгээд хаашаа явсныг нь мэдэхгүй, 3 цаг орчмын дараа сумын хэсгийн төлөөлөгч ирээд Ц гэгч танд хулгайн мөнгөн аяга үлдээсэн байна гээд орж ирэхээр нь би цагдаад гаргаж өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

Гэрч Ж.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Манай багийн малчин Ж.Т эхнэр хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Мал хөрөнгө гээд байх юм байхгүй амьдрал тааруу айл байгаа юм. Уул нь тэгж архи дарс хэрэглээд байдаггүй, зан ааш сайтай хүнд их тусархуу хүн байгаа юм. Жаахан чих хатуу болохоор хүмүүстэй нэг их нийлээд байдаггүй. Даруухан, айлын мал маллаж гэр орноо авч явдаг. Хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ааш зан сайтай үгэнд их ордог сайн залуу байгаа юм. Хүнтэй маргаад байдаггүй, багийнхаа хүмүүст нэр хүнд сайтай, ажилласаг сайн залуу байгаа юм. Тэгж хүний эд зүйл хулгай хийхээр хүн биш байгаа юм. Яагаад тийм зүйл хийсэн гэдгийг нь мэдэхгүй, ажилласаг сайн л залуу байгаа юм. Огт хүнтэй маргаж хэрүүл маргаан хийдэггүй. Архи дарс хэрэглээд байдаггүй. Хааяа нэг тамхи татах гээд байдаг л зантай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,

Гэрч Ц.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Манайх мал гээд байх юм байхгүй. Өрхийн орлогогүй болохоор манай нөхөр уул нь айлын мал маллаж байдаг юм. Зан байдал нь хэрэг зөрчилд холбогдоод байдаггүй. Архи хааяа нэг уух нь уудаг. Гэхдээ хүнтэй маргаад байдаггүй. Ааш зан сайтай, гэр орон, найз нөхдийнхөө дунд нэр хүнтэй, жаахан дуу муутай, чих нь хатуу болохоор хүнтэй нэг их юм яриад байдаггүй. Ажилласаг л хүн байгаа юм. Айлын мал маллаж байдаг болохоор хүнтэй огт маргалдаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/,

Яллагдагч Ж.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Манай гэр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутагт байдаг юм. Хаалганы дугаар байхгүй. Би ам бүл-6, эхнэр хүүхэдтэйгээ айлын мал маллаж амьдардаг юм. Тухайн өдөр болох 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр О ахын дэлгүүрээс Нутгийн буян нэртэй 1 шил архи 4000 төгрөгөөр аваад айлын хашааны хажууд ганцаараа уусан. Тэгээд тэр архийг ууж дуусаад ам цангаад байхаар нь сумынхаа Ж.У гуайнд ус уух гэж орсон. Намайг У гуайнд ороход эхнэр нь байсан. Тэгэхээр нь би мөнгөн аяганд нь ус хийж уучихаад тэр аягыг нь буцааж тавилгүй өвөртөлөөд гараад ирсэн юм. Тэгээд дахиад архи уумаар санагдаад байхаар нь ******* гуайнхаас хулгай хийж авсан мөнгөн аягыг гэрийнхээ урд талын Л гэх айлд ороод 5000 төгрөгөөр авах уу гэсэн чинь, Л гуай уурлаад аваагүй. Тэгээд согтуугаараа гэртээ хариад хоносон. Би тухайн үед нилээн согтсон байсан. Гэхдээ У ахынд болон Л гуайнд орсноо мэдэж байгаа. Сүүлд нь гэртээ харьсан талаараа санахгүй байгаа юм. Би дахиж бол архи уугаагүй. Тэгээд маргааш нь У ахынхаас авсан аягаа мартчихсан байна лээ. Би аягаа аваад манай гэрээс доошоо байдаг Д гэх айлд очоод энэ хэний аяга вэ би санахгүй байна гэж хэлсэн чинь Д гуай У-н аяга байна гэсэн. Тэгэхээр нь та ******* гуайд өгчихөөрэй гэж хэлээд тэр аягыг өгсөн. Тэгээд гудамжаар алхаж явсан чинь хэсгийн төлөөлөгч таараад У гуайнхаас мөнгөн аягыг нь хулгай хийсэн байна. Хаана байна гэхээр нь би Д гуайд У гуайд өгчихөөрэй гэж хэлээд орхисон. Би хэсгийн төлөөлөгчид санамсаргүй хулгай хийгээд авсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №09/47 дугаартай “Мөнгөн аяганы зах зээлийн үнэ 500000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 24-26 хуудас/,

Мөнгөн аяганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/,

Мөнгөн аягыг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 8 хуудас/,

Хохирогч Ж.У-н прокурорын газарт гаргасан “Т нь миний мөнгөн аягыг буцааж өгч хохирол барагдуулсан тул хохирлын маргаангүй болсон. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 62 хуудас/,

Шүүгдэгч Ж.Т-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/, Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай тодорхойлолт /хх-31/, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1092 дугаартай албан бичиг /хх-ийн 42/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 19-20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Ховдын 3 тоотод оршин суух иргэн Ж.У-н өмчлөлийн дунд гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Ж.Т нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ж.******* /хх-10-12/, гэрч Л.Нэргүй /хх-16/, Ц.Л /хх-19/, Б.Д /хх-17/, яллагдагч Ж.Т /хх-49-50/ нарын мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №09/47 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 24-26/, шүүгдэгч Ж.Т-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Ж.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ******* овгийн Ж.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокуророос уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Ж.Т нь бусдад төлөх төлбөргүй болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ж.У-н мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөнгөн аягыг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-8/, хохирогч Ж.*******н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-н үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн “үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, хохирогчийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж  учруулсан хохирлоо төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг,  7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдаж, шүүгдэгч Ж.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн Ж.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* овгийн Ж.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Т-т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавж байгаа эрх бүхий албан байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ж.Т-г бүртгэн, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.