| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0207/Э |
| Дугаар | 226 |
| Огноо | 2018-11-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 226
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
Шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Ч.Ч-д холбогдох 1826000000209 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Ч.Ч. регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Ч нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 101 дүгээр байрны гадна талын зогсоолд байрлуулсан хохирогч Э.О-н эзэмшлийн, улаан өнгөтэй, “Ниссан Экстрал” маркийн тээврийн хэрэгсэл болох агуулахад /хүн тээвэрлэхэд зориулсан автомашины кабин/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бичиг баримтууд хулгайлж 50.000 төгрөгийн,
Мөн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй рестораны гадна талын зогсоолд байрлуулсан хохирогч Б.Б-н эзэмшлийн “Тоёота Раум” маркийн тээврийн хэрэгсэл болох агуулахад /хүн тээвэрлэхэд зориулсан автомашины кабин/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг 2 ширхэг, нокиа маркийн гар утас 1 ширхэг, биет 8000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 3.828.000 төгрөгийн,
2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 04 цагийн орчимд 111 дүгээр байрны гадна талын автомашины зогсоолд байрлуулсан хохирогч М.Н-н эзэмшлийн улсын дугаартай, “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгсэл болох агуулахад /хүн тээвэрлэхэд зориулсан автомашины кабин/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Самсунг Галакси Таб-4 маркийн гар утас, бичиг баримтууд зэрэг эд зүйл хулгайлж 325.800 төгрөгийн, буюу бусдад нийт 4.203.800 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би “*****” худалдааны төвд манаач ажилтай. Шөнө ажил дээрээ байж байгаад найзтайгаа уулзах гээд явсан. Тэгээд явж байтал “*******” рестораны зогсоол дээр цагаан өнгийн машин байсан. Тухайн машины ар талын хаалга нь онгорхой байсан. Тэгээд машинд байсан хар хүрэн өнгөтэй цүнхийг онгойлгож үзсэн чинь 2 хөөрөг байсан. Тухайн хөөрөгийг аваад цааш явж байтал бас нэг машин таараад орж үзтэл гар утас байхаар нь авчихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Э.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 20-ны шөнө би өөрийн эзэмшлийн улаан өнгийн “Экстрал” маркийн автомашинаас хоёр хүүхдийнхээ Г.И, Г.Д гэсэн нэртэй жолооны үнэмлэх мөн миний өөрийн шинэ, хуучин хоёр ширхэг жолооны үнэмлэхүүдээ хулгайд алдсан. Тухайн үедээ хулгайд алдсан гэдгээ мэдээгүй. Маргааш өглөө нь цагдаагийн байгууллагаас над руу утсаар яриад та бичиг баримтаа алдсан уу гэж асуухад л мэдсэн. ...Би өөрийн хоёр ширхэг жолооны үнэмлэх болон төрсөн охин Г.Д-н үнэмлэхийг буцааж авсан. Харин Г.И гэсэн нэртэй жолооны үнэмлэхээ буцаан аваагүй. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 44 дүгээр хуудас/
Хохирогч М.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 01 цагийн үед ажил явдалд оролцож байгаад гэрийнхээ гадаа ирж машинаа тавьчихаад гэртээ ороод 05 цагийн үед гэрээсээ гараад машинаа дохиоллоор нь онгойлгох гэтэл дохиолол ажиллаагүй. Гайхаад очоод хартал машины баруун хойд хаалга онгорхой дутуу хаагдчихсан байсан. Дотор нь ороод хартал уруулын будаг шалан дээр урд хайрцагнаас уначихсан байсан. Тэгэхээр нь утсаа байгаагаа санаад урд талын хоёр суудлын голын хайрцаганд үзтэл байхгүй байсан. Ер нь машинд байсан эд зүйлсийг нэлээн онгичсон байсан. Тухайн үед эд зүйлсээ бүртгээд үзтэл ажлын таб-4 маркийн гар утас байхгүй болчихсон байсан. Тэр үедээ би цагдаагийн байгууллагад шууд хандаагүй, ажил явдалтай явж байгаад өдөр 14 цагийн үед л мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 101-102 дугаар хуудас/,
Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. ...Би халтар манан хөөрөгнийхөө хув толгойг нь буцаан авсан. Өөр эд зүйл аваагүй, тиймээс гомдолтой байна. Хулгайд алдсан эд зүйлээ буцаан авмаар байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 87 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэг ангид төгссөн найзуудтайгаа уулзаж, ******* сумын 5 дугаар баг “*******” төв рүү орж ярилцаж суух гэтэл өрөө нь арай том байхаар нь болиод гарч “Залаа” буудалд орж ярилцаж, наргиж хоносон юм. Би “*******” төвд ирэхдээ өөрийнхөө эзэмшлийн “Тоёота Raum” маркийн цагаан өнгийн автомашинаа жолоодож ирээд гаднах зогсоол дээр нь зогссон юм. Тэгээд тэнд нь машинаа үлдээчихээд “Залаа” буудал руу орсон юм. Миний машин тэр зогсоол дээр хоносон Тэгээд маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед машин дээрээ очоод явах гэтэл машины хоёр суудлын голд байсан цүнхийг суудал дээр нь тавьчихсан байхаар нь цүнхэн доторхоо үзтэл миний цүнхэн дотор байсан чулуун толгойтой, гуулин нуухтай хаш хөөрөг, хуван толгойтой, гуулин нуухтай халтар манан хөөрөг, ******* гэсэн дугаартай Nokia маркийн гар утас, бэлнээр 8000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Миний хөөрөгний даалингуудыг сул орхиод хөөрөгнүүдийг нь аваад явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 60 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Ч-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд “Арцат” худалдааны төвд ажил дээрээ гараатай байсан. Тэгээд шөнийн 02 цагийн үед байх гадуур байраа эргэж шалгаж явж байгаад хүнтэй уулзах гээд явсан. Тэгээд Онцгой байдлын газрын зүүн урд талд байрлах цувраа гурван ширхэг байрны ертөнцийн зүгээр баруун урд талын байрны гадна талд зогсож байсан улаан өнгийн “Ниссан экстрал” маркийн машины хаалгыг түлхүүр тааруулж онгойлгоод урд талын хайрцагнаас нь жолооны үнэмлэх 3 ширхэг, бас нэг жижиг ууттай бичиг баримт авсан, 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би шөнийн 04 цагийн үед Онцгой байдлын газрын урд хэсэгт байдаг 111 дугаартай автомашины зогсоол дээр байсан цагаан өнгийн королла маркийн автомашины хаалгыг түлхүүрээр тааруулж онгойлгоод дотроос нь нэг том дэлгэцтэй гар утас авсан. ... Мөнгөний хэрэг гараад байсан юм. ... Маргааш өдөр нь байх зах дээр явж байгаад нэг танихгүй хүнд 50.000 төгрөгөөр зарчихсан. Хар өнгийн Самсунг гэсэн бичигтэй том дэлгэцтэй нимгэн утас байсан ...Хаан банкны хажуугаар гараад явж байтал “*******” рестораны гадаа нэг цагаан өнгийн жижиг суудлын автомашин баруун тийш хараад зогсож байсан. Тэгээд уг машин дээр явж очсон ба ар талын хаалга нь дутуу хаагдчихсан байхаар нь татаж үзтэл онгорхой байсан. Тэгээд дотогш ороод хартал жолоочийн эсрэг талын суудал дээр хар бараан өнгийн цүнх байхаар нь онгойлгож үзтэл дотор нь 2 ширхэг дунд гарын гэмээр хөөрөг байсан. Тэгээд авсан. Мөн суудлын дунд байдаг голын хайрцгийг онгойлгож үзтэл нокиа маркийн гар утас байхаар нь аваад жолоочийн талын хаалгаар гараад явсан. ... 9 сарын 1 болох гээд хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл энэ тэр зүйл авах гээд мөнгөний хэрэг гараад байсан юм. Энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн, өөр ямар нэг хүн надтай хамтарч үйлдсэн асуудал бол байхгүй. ... Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. ... Хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22, 81-83, 132-133 дугаар хуудас/,
Эд зүйл түр хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, /хх-ийн 47-48, 88 дугаар хуудас/
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №08/36 дугаартай үнэлгээний тайлан, "хохирогч Б.Б-н эзэмшлийн автомашинаас алдагдсан гэх эд зүйлүүдийг 3.820.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 66-68 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №08/34 дугаартай үнэлгээний тайлан, “...хохирогч Э.О-н эзэмшлийн автомашинаас алдагдсан гэх бичиг баримтуудыг 50.000 төгрөгөөр үнэлсэн...” /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №10/40 дугаартай үнэлгээний тайлан, "хохирогч Б.Б-н буцаан авсан хөөрөгний хув толгойг 50.000 төгрөгөөр үнэлсэн." /хх-ийн 71-73 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК-ий 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №07/34 дугаартай үнэлгээний тайлан, "хохирогч М.Н-н хулгайд алдагдсан гэх гар утсыг 280.000 төгрөгөөр үнэлсэн." /хх-ийн 113-115 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК-ий 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №10/06 дугаартай үнэлгээний тайлан, "хохирогч М.Н-н хулгайд алдагдсан гэх бичиг баримтуудыг 45.800 төгрөгөөр үнэлсэн." /хх-ийн 140-142 дугаар хуудас/,
2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /хх-ийн 56 дугаар хуудас/,
2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн н 57-59 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1, 51, 99 дүгээр хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-55 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 150 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн152-153 дугаар хуудас/
Шүүгдэгч Ч.Ч-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 25-27 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Ч-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг болно.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ч.Ч-г 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 101 дүгээр байрны гадна талын зогсоолд байрлуулсан хохирогч Э.О-н эзэмшлийн улаан өнгөтэй, “Ниссан Экстрал” маркийн тээврийн хэрэгсэл болох агуулахад /хүн тээвэрлэхэд зориулсан автомашины кабин/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бичиг баримтууд хулгайлж 50.000 төгрөгийн,
Мөн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй рестораны гадна талын зогсоолд байрлуулсан хохирогч Б.Б-н эзэмшлийн “Тоёота Раум” маркийн тээврийн хэрэгсэл болох агуулахад /хүн тээвэрлэхэд зориулсан автомашины кабин/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг 2 ширхэг, нокиа маркийн гар утас 1 ширхэг, биет 8000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 3.828.000 төгрөгийн,
2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 04 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 111 дүгээр байрны гадна талын автомашины зогсоолд байрлуулсан хохирогч М.Н-н эзэмшлийн “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгсэл болох агуулахад /хүн тээвэрлэхэд зориулсан автомашины кабин/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Самсунг Галакси Таб-4 маркийн гар утас, бичиг баримтууд зэрэг эд зүйл хулгайлж 325.800 төгрөгийн, буюу бусдад нийт 4.203.800 төгрөгийн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д энэ гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж хуульчилан заасан ба шүүгдэгч Ч.Ч нь бусдын автомашин буюу тээврийн хэрэгслээс хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт хамаарахгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт “энэ хуульд заасан орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувилалын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж заасан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “тээврийн хэрэгсэл” гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг” хэлнэ гэж заасан бол Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар тольд “Агуулах” гэдэг нь хураан хадгалах, бараа агуулах гэсэн утгатайг тайлбарлажээ. Эндээс харахад автомашин буюу тээврийн хэрэгсэл “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хамаарахгүй байна гэж шүүх үзсэн болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ч.Ч-д холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Ч-н 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 02 Э.О-н эзэмшлийн автомашинаас бичиг баримтууд нууцаар хууль бусаар авч 50.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь энэхүү тайлбарт хамаарч хохирлын хэмжээ нь бага хэмжээнд хүрэхгүй байх тул Өвөрхангай аймгийн прокуророос 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 101 дүгээр байрны гадна талын зогсоолд байрлуулсан Э.О-н эзэмшлийн 56-05 ӨВР улсын дугаартай улаан өнгийн “Ниссан экстрал” маркийн автомашинаас бичиг баримтууд нууцаар хууль бусаар авч 50.000 төгрөгний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Ч нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй рестораны гадна талын зогсоолд байрлуулсан хохирогч Б.Б-н эзэмшлийн “Тоёота Раум” маркийн тээврийн хэрэгсэлээс нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг 2 ширхэг, нокиа маркийн гар утас 1 ширхэг, биет 8000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 3.828.000 төгрөгийн,
2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 04 цагийн орчимд 111 дүгээр байрны гадна талын автомашины зогсоолд байрлуулсан хохирогч М.Н-н эзэмшлийн “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгсэлээс нууцаар, хууль бусаар нэвтэрч Самсунг Галакси Таб-4 маркийн гар утас, бичиг баримтууд зэрэг эд зүйл хулгайлж 325.800 төгрөгийн, буюу бусдад нийт 4.203.800 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ч.Ч-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан Хохирогч М.Н-н “... Машин дотроосоо гар утсаа алдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102/, Хохирогч Б.Б-н “... Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. ... Би халтар манан хөөрөгнийхөө хув толгойг нь буцаан авсан. Өөр эд зүйл аваагүй, тиймээс гомдолтой байна. Хулгайд алдсан эд зүйлээ буцаан авмаар байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 87/, Хохирогч, Б.Б-н гэрчээр өгсөн “... 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед машин дээрээ очоод явах гэтэл машины хоёр суудлын голд байсан цүнхийг суудал дээр нь тавьчихсан байхаар нь цүнхэн доторхоо үзтэл миний цүнхэн дотор байсан чулуун толгойтой, гуулин нуухтай хаш хөөрөг, хуван толгойтой, гуулин нуухтай халтар манан хөөрөг, ******* гэсэн дугаартай Nokia маркийн гар утас, бэлнээр 8000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/, Эд зүйл түр хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, /хх-ийн 47-48, 88/ Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №08/36 дугаартай үнэлгээний тайлан, “...хохирогч Б.Б-н эзэмшлийн автомашинаас алдагдсан гэх эд зүйлүүдийг 3.820.000...” төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 66-68/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №08/34 дугаартай үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №10/40 дугаартай үнэлгээний тайлан, “...хохирогч Б.Б-н буцаан авсан хөөрөгний хув толгойг 50.000 төгрөгөөр үнэлсэн...” /хх-ийн 71-73/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №07/34 дугаартай үнэлгээний тайлан, “...хохирогч М.Н-н хулгайд алдагдсан гэх гар утсыг 280.000 төгрөгөөр үнэлсэн...” /хх-ийн 113-115/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №10/06 дугаартай үнэлгээний тайлан, “...хохирогч М.Н-н хулгайд алдагдсан гэх бичиг баримтуудыг 45.800 төгрөгөөр үнэлсэн...” /хх-ийн 140-142/, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /хх-ийн 56/, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 57-59/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1, 51, 99/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-55/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 150/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 152-153/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт Ч.Ч-г хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Ч-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ч.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Ч.Ч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,
Шүүгдэгч Ч.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Ч.Ч-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 2.5, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч ******* овогт Ч.Ч-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч ******* овогт Ч.Ч-д Өвөрхангай аймгийн прокуророос 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 101 дүгээр байрны гадна талын зогсоолд байрлуулсан Э.О-н эзэмшлийн улаан өнгийн “Ниссан экстрал” маркийн автомашинаас бичиг баримтууд зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч 50.000 төгрөгний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч ******* овогт Ч.Ч-г хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чд ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнссүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Ч-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ч-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.
8. Шүүгдэгч Ч.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.