Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 227

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхййн шүух хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтанцэцэг,

Шүүгдэгч Ё.Э-н өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч Ж.Э, Ё.Э, С.Б нарыг оролцуулан тус шуүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн******* овогт Ж.Э,******* овогт Ё.Э, ******* овогт С.Б нарт холбогдох 1826003980249 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,******* овогт Ж.Э,

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,******* овогт Ё.Э,

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт С.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Э, Ё.Э, С.Б нар нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цагийн үед Өвөрхангай аймгийн Сант сумын “Улаан овоо” 3 дугаар багийн “*******” гэх газар хохирогч М.М-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Ё.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч М.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 22 цагийн үед манай хадам ахын эхнэр Б.С гэртээ хүрээд ир чамайг дайлъя гэсэн мессэж С.Б-н утас руу бичсэн байсан. Тэгэхээр нь Ё.Х С.Б, Ё.Н, П нарыг хамт аваад явъя гэж хэлээд замдаа дайраад аваад явсан. Тэгээд Ж.Э-н гэрт очсон. ...Тэгсэн чинь манай нөхөр Ё.Э намайг бичиг үсэг мэдэхгүй гэж хүнд хэлсэн байсан гээд байхаар нь Ё.Э өмнөөс “би тэгж хэлээгүй, хэн тэгж байна” гэж хэлсэн. Тэгээд хэрүүл болсон. ...Намайг гадаа машин түшээд зогсож байсан чинь С.Б энэ муу авгайд бид нар дээрэлхүүлэхгүй гээд цээжээрээ түлхээд зүүн талын тохойгоороо миний зүүн талын хацар руу тохойлдсон. Тэгээд хацар руу цохичихлоо гээд суусан чинь С.Б “чиний хацар яадаг юм” гээд миний дээрээс хаашаа ч хөдөлгөхгүй дараад суугаад байсан. ...Тэгээд С.Б-г босохоор нь би гадаа сууж байсан чинь Ж.Э гутал барьж ирээд миний толгой руу зулайн хэсэгт нэг удаа цохьсон. Тэгээд хоолой дээр нэг юм гараад ирэхээр нь би цэр гараад ирлээ гэж аваад үзсэн чинь бөөн цус байсан. Би гадаа толгой эвгүй оргиод байхаар нь хэвтэж байсан чинь манай нөхөр Ё.Э “М.М чи дуугүй байгаарай” гэж хэлээд миний баруун талын эрүү рүү нэг удаа өшиглөсөн. ...Миний тархи толгой өвдөж байгаа С.Б-д тохойлдуулаад зүүн талын хацар хавдсан. Ж.Э-д гутлаар толгой руугаа цохиулаад толгой дүүрч өвдөөд байсан. Мөн баруун гар руу цохиод хөхөрсөн, С.Э-д  эрүү рүүгээ өшиглүүлээд эрүү хөхөрсөн. Мөн хөл рүү өшиглөөд хөл хөхөрсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Гэрч Б.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын сарын 04-ний өдөр 22 цагийн үед М.М, С.Б, Ё.Н, Ё.Э нар манайд ирсэн. Гэрт орж ирээд намайг айраг аягалсан чинь М.М нөхөр Ё.Э-тэйгээ хэрэлдээд байсан. ...Би тэр хүмүүсийг ирэхэд нь унтаж байгаад цочоод сэрсэн. Тэгээд зүрх дэлсээд байхаар нь гараад гэрийн хаяанд сууж байгаад унтаад өгсөн. ... М.М өглөө нь намайг манай нөхөр болох Ё.Э, Ж.Э, С.Б зодсон гэж надад хэлсэн. Нөхөр Ё.Э-г эрүү рүү өшиглөсөн, С.Б-г тохойгоороо хацар руу нь цохисон, Манай нөхөр мөн Ж.Э гутлаараа толгой руу нэг, тохой руу нэг цохисон гэж хэлж байсан. ...Толгой өвдөөд байна гэж ярьж байсан. Эрүү хацар нүд нь хөхөрсөн, зүүн талын хацар нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ж.Э-н мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “... Э эхнэрээ нүүр рүү нь цохиод авсан. ...Би орны өмнө байсан гутлаараа толгой руу нь нэг удаа, гар луу

нэг удаа гэрт байхад нь цохисон. М.М-г нөхөр Ё.Э нь зодсон. С.Б нь тохойгоороо цохисон гэж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11 дүгээр  хуудас/,

Шүүгдэгч Ё.Э мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “...Би өшиглөснөө санаад бусдыг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Б-н мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “...Би авч гараад дийлэхгүй байхаар нь дээр нь суучихсан юм. Тэгсэн тохойнд дэлсүүлсэн. ...Тэгээд өндийгөөд харсан чинь Ё.Э, М.М-г өшиглөсөн. ...Тэгээд Ж.Э, М.М-г гэртээ аваад орсон. М.М-н нүүр хөхөрсөн, эрүү нь мөн хөхөрсөн байсан. М.М-н биед Ж.Э, Ё.Э, С.Б миний бие гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний алба шинжээч цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 582 дугаартай: “...Үзүүлэгч М.М-н биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөр, зүүн шанаа, хамрын нуруу, доод эрүү, баруун гарын шуу, гарын шуу, баруун зүүн хөлийн шилбэ хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх  гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ер хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар саниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодохойлсон баримтууд /хх-ийн 31-32, 51-52, 68-70, 87-89 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ж.Э-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Б-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ё.Э Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ё.Э-г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 96-98 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Б-г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 105-107 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Э-г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 114-115 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Э, Ё.Э, С.Б нар нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цагийн үед Өвөрхангай аймгийн Сант сумын “Улаан овоо” 3 дугаар багийн “*******” гэх газар хохирогч М.М-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ж.Э, Ё.Э, С.Б нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Мын “...шүүгдэгч Ж.Э, Ё.Э, С.Б нарт зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 5-6/, гэрч  Б.С-н “... М.М өглөө нь намайг манай нөхөр болох Ё.Э, Ж.Э, С.Б нар зодсон гэж надад хэлсэн. Нөхөр Ё.Эыг эрүү рүү өшиглөсөн, С.Б-г тохойгоороо хацар луу нь цохисон, Манай нөхөр мөн Ж.Э гутлаараа толгой руу нэг, тохой руу нэг цохисон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,   шүүгдэгч Ж.Э, Ё.Э, С.Б нарын үйлдлийн улмаас хохирогч М.М-н биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний алба шинжээч цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 582 дугаартай...” гэх дүгнэлт /хх-ийн 26/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/ зэрэг болно.

Шүүгдэгч******* овогт Ж.Э,******* овогт Ё.Э, ******* овогт С.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Ж.Э, Ё.Э С.Б нарыг хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ж.Э, Ё.Э, С.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.Э, Ё.Э, С.Б  нарыг тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Ё.Э, С.Б нарт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ж.Э, Ё.Э, С.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Шүүгдэгч Ж.Э, Ё.Э, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмэлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Ж.Э, Ё.Э, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт Ж.Э,******* овогт Ё.Э, ******* овогт С.Б нарыг хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар******* овогт Ж.Э,******* овогт Ё.Э, ******* овогт С.Б нарыг тус тус дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Ё.Э, С.Б нарт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Э, Ё.Э, С.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс оногдуулсан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус дурьдсугай.

5. Шүүгдэгч Ж.Э, Ё.Э, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмэлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э, Ё.Э, С.Б нарт нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Э, Ё.Э, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.