| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/0215/Э |
| Дугаар | 228 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 228
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ч.Энхжаргал,
Хохирогч: Ө.У,
Хохирогчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батсайхан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтанцэцэг,
Шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н.Б-д холбогдох 1826003640225 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хоёр жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, ******* овогт Н.Б
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчим эмнэлгийн гадна автотээврийн хэрэгслийн зогсоол дээр иргэн Ө.У-тай хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би Ө.У-тай суманд хамт ажиллаж байсан. Энэ хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа гэмшиж байна. Тухайн өдөр би өглөөнөөс эхлээд архи уусан болохоор өөрийн үйлдлээ сайн санахгүй байгаа. “*******о” бааранд ороход Ө.У байсан. Ө.У бид хоёр 200 грамм архи уусан. Хохирол төлбөрт мөрдөн байцаалтын шатанд 4428400 төгрөг, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа 6000000 төгрөг нийт 10428400 төгрөгийг төлсөн. Би цаашдаа хохирогчийг харж үзэж, хохирол төлнө гэж бодож байгаа. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Хохирогч Ө.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Н.Б, Б хоёр манайд согтуу орж ирээд архи нэхсэн. Манайд архи байхгүй гэхэд тэгвэл мөнгийг нь өгчих гэхээр нь эхнэр 20000 төгрөг өгсөн. Ажил хөөцөлдөж яваад орой 7 цагийн үед “А” бааранд хоол идэх гээд ороход Н.Б орж ирээд 100 грамм архи аваад намайг уу гэхээр нь би уугаагүй. Дараа нь 200 грамм архи авахаар нь би тэр архинаас нь уусан. “*******о” баарнаас гараад Н.Б намайг нэг зангаараа байгаараа пизда минь гээд хэрүүл гуйгаад занаад байсан. Намайг барьж аваад нүдэх гээд айлгаад байсан. Би барьцыг нь тавиулчихаад салаад Чинмэнд эмнэлгийн өмнө явж байтал Н.Б араас ирээд хэрүүл гуйгаад намайг бариад авахаар нь барьцыг нь тавиулаад эргээд явах гэтэл араас цохисон. Тэгээд би цемент дээр унаад ухаан алдсан байсан. Би 10 гаруй хоног ухаангүй байсан гэсэн. Н.Б нэлээн согтуу байсан. Хохирол төлбөрт 10428400 төгрөгийг хүлээн авсан. Одоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэх зүйл байхгүй. Бүгд төлөгдсөн байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.
Хохирогч Ө.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би гэртээ байж байтал үдээс өмнө уурхайд хамт ажилладаг Н.Б, Б хоёр орж ирсэн. Н.Б нэлээн согтуу байсан. Тэгээд Н.Б манай эхнэрээс 20000 төгрөг гуйгаад байхаар нь өгсөн. Н.Б, Б хоёр мөнгөө аваад гараад явсан. Би орой 19 цаг өнгөрч байхад гэрээсээ ганцаараа гараад “*******о” бааранд ороод дөнгөж сууж байтал Н.Б ганцаараа бааранд их согтуу орж ирээд над дээр хүрээд ирсэн. Бид хоёр “А” бааранд 100 грамм архи уугаад баарнаас гарсан. Баарнаас гараад эмнэлгийн үүдэнд очсон. Н.Б намайг занаад нэг зангаараа байгаарай гэсэн. Тэгэхээр нь би яасан юм бэ? гэхэд Н.Б намайг толгойны ар дагз хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өглөө ухаан орсон. /хх-ийн 55-57 хуудас/,
Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 07 дугаар сарын 25-ны орой 21 цагийн орчимд байх. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан бөгөөд намайг эмнэлгийн тагтан дээр сууж байхад Чинмэнд эмнэлгийн баруун талд байдаг засмал замын цаанаа хоёр согтуу залуу гарч ирээд хоорондоо маргалдаж байгаад махлаг залуу нь маргалдаад байсан нөгөө залуугаа гараараа 2 удаа цохисон. Тэгтэл цохиулсан залуу нь засмал зам дээр толгойны ар дагз хэсгээрээ дээшээ хараад хүчтэй унасан. Засмал зам дээр унасан залуу босохгүй байсан. эмнэлгийн 2 давхарын тагтан дээрээс бас нэг хүүхэн тэр хоёрын маргалдахыг хараад хүн алчихлаа гээд цагдаад дуудлага өгсөн. Махлаг залуу нь нөгөө залуугаа гараараа цохиж унагаасан. /хх-ийн 61-62 хуудас/,
Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чинмэнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Эмнэлгийн тагтан дээр 21 цаг өнгөрч байхад утсаар оролдоод сууж байтал 2 согтуу залуу эмнэлгийн урд хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд тэр 2 залуу салаад явснаа нэг залуу нь нөгөө залуугийнхаа араас очиход тас хийх чимээ гарсан. Тэгтэл нөгөө залуу нь тархиараа газар саваад унасан. Тэр газар унасан залууг цохьчихоод зугтаасан залуу нь нөгөөгөө бодвол арай махлаг, бүдүүндүү, насаар арай ахимаг залуу байсан. /хх-ийн 63-64 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №494 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч Ө.У-н биед чамархай, суурийн хэсэгт аалзан бүрхүүл доорхи цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн талд дагзны яс заадсаар орой суурийн хөндий хүрсэн цууралт, зүүн гарын бугалга, шуу хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 13 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Өвөрхангай аймгийн автотээврийн төвийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 61/299 тоот тодорхойлолт, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллогын бүртгэлийн хуулбар, хохирол төлсөн баримт, шүүгдэгч Н.Б-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 72, 74-75, 80, 123 хуудас/,
Шүүгдэгч Н.Б-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 0/234 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 95, 99 хуудас/,
Шүүгдэгч Н.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр эмнэлгийн гадаа автотээврийн хэрэгслийн зогсоол дээр хохирогч Ө.Уыг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.У-н шүүгдэгч Н.Б-д зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд гэмтэл учирсан талаараа мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгч Н.Б-н шууд санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэг авагдсан хохирогч Ө.У, гэрч Л.Б, Д.Б нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №494 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Н.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.
Ингэхдээ шүүгдэгч Н.Б-н хөрөнгө, түүний орлого олох боломжийг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд жил бүр тодорхой хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирол төлбөрт хохирогч Ө.У-д 10428400 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Н.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д шүүхээс оногдуулсан арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван сая төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд жил бүр таван сая төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирол төлбөрт хохирогч Ө.У-д 10428400 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.