Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 230

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ч.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтанцэцэг,

Шүүгдэгч: Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын Т-д холбогдох 1826004170257 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, ******* овогт Б.Т

Шүүгдэгч Б.Т нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг 34-04 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн ээж Б.Н-г гараар цохих, хөлөөр өшиглөх зэргээр зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Архи ууснаас энэ хэрэг болсон. Өмнө нь ээжтэйгээ хэрэлдэж л байсан. Харин зодож байгаагүй. Тухайн үед ээжийгээ зодож байгаагаа би мэдээгүй. Ээж надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Өөрийнхөө хийсэн хэрэгт гэмшиж байна. Бүгд миний буруу гэв.

Хохирогч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр намайг гэртээ ганцаараа байж байтал миний төрсөн хүү Б.Т 21 цаг өнгөрч байхад согтуу орж ирсэн. Б.Т орж ирээд өврөөсөө 1 шил 0.5 литрийн “Харзтай” архи гаргаж ирээд ганцаараа уугаад байхаар нь би архи уугаад яах гэсэн юм бэ? гэхэд танд ямар хамаатай юм бэ гэсэн. Манай бага хүү Б.Т архи уучихаараа надад агсам тавиад байдаг тул айсандаа гэрээс гараад хашааны үүдээр гараад баруун талын айлын урдхан талд явж байтал Б.Т араас гүйж ирээд намайг барьж аваад миний баруун талын ташаа хэсэг рүү 2-3 удаа, баруун хөлийн гуя хэсэг рүү 2 удаа, хэвлийн хэсэг рүү 2 удаа тус тус өшиглөсөн. Мөн бөгсний ар хэсэг рүү хөлөөрөө хүчтэй 1 удаа өшиглөсөн. Намайг дээлний захны хойд хэсгээс нь бариад чирж гэрт оруулаад гэрийн хаалга түгжсэн. Тухайн өдөр бүдэг сартай өдөр байсан. Намайг Б.Т зодох үед ойр хавьд хүн байгаагүй. Гэр дотор Б.Т гараа зангидаж байгаад намайг ална гээд баруун нүд рүү 1 удаа, баруун талын шанаа хэсэгт 1 удаа, зүүн шанаа хэсэгт 1 удаа, зүүн гарын бугалга хэсэгт 1 удаа, дух хэсэг руу 1 удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Нэг хэсэг ухаан алдаад сэрэхэд Б.Т унтаад өгсөн байсан. Сэрээд гэрийнхээ хаалгыг онгойлгоод гадаа гарч бие засчихаад явж байгаад гэртээ ороод 2 удаа ухаан алдсан санагдаад байна. Өглөө сэрээд босох гэтэл толгой эргээд эвгүй оргиод байсан. /хх-ийн 10-11 хуудас/,

Гэрч Б.Я мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай ээж Н төрсөн дүү Б.Т-д зодуулсан талаар эгч И надад утсаар хэлэхээр нь мэдсэн. И эгчтэй Улаанбаатар хотоос хамт машинтай гараад аймагт 21 цаг өнгөрч байхад ирсэн. Аймгийн гэмтлийн эмнэлэгт ээжийг хэвтэж байхад нь И-тэй хамт очиж ээж Н-н биеийг үзэхэд нуруу ард хэсэг хөхөрч няцарсан, цагаан мах нь эргэчихсэн, зүүн хөхний дээд тал хөхөрч няцарсан, зүүн гарын мөрний хэсгийн гадна тал хөхөрч няцарсан, хэвлийн хэсэг нь хөхөрч няцарсан, бөгсний хойд хэсэг нь нэлэнхүйдээ хөхөрч няцарсан, баруун зүүн гуяны гадна хэсэг нь хөхөрч няцарсан, хоёр нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Б.Т ээжийг зодсон талаар ярьж байсан. /хх-ийн 12-14 хуудас/,

Гэрч Ц.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би ажил дээр байж байтал манайхаас зүүн тийш 2 хаалганы цаана байдаг ******* утсаар ярихдаа Н хүү Б.Т урьд шөнө зодуулаад бие нь тааруу байна. Би эмнэлэг дээр сахиж байна. Хүүхдүүдийг нь Улаанбаатар хотоос иртэл хамт харж байя гэхээр нь ажлаа тараад аймгийн эмнэлгийн гэмтлийн тасагт очсон. Нг бие засах хооронд нь уулзахад ярьж чадахгүй уйлаад байсан. Б.Т архи уучихаараа ээждээ ширүүн зан гаргаад ээж нь хааяа айсандаа манайд орж ирдэг байсан. /хх-ийн 15-16 хуудас/,

Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 09 цаг 30 минутад манай баруун талын Н утсаар ярихдаа манай хүү намайг урд шөнө зодчихлоо гээд уйлаад намайг гэртээ ороод ирээч гэж хэлэхээр нь ганцаараа гэрт нь орсон. Гэрийнхээ үүдэнд Н ганцаараа уйлчихсан зогсож байсан. Н намайг гэртээ дагуулж ороод намайг манай хүү ингэж зодлоо гээд өөрийнхөө биеийг үзүүлэхэд баруун талын хамраас нь цус гараад тогтохгүй байсан. Хоёр нүд нь хөхөрч хавдсан байдалтай, баруун зүүн гарын тохой хэсэг, хоёр хөлийн гуяны гадна хэсэг, хэвлийн хэсэг, зүүн хөхний дээд талын хэсэг нь тус тус хөхөрсөн, баруун талын хонго нэлэнхүйдээ хөхөрсөн байсан. /хх-ийн 20-21 хуудас/,

Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай охин Д, нөхөр С хамт ээжийнд очиход нүүр нь нэлэнхүйдээ хүрэнтэж хөхөрсөн, бие нь хүнд байна гэхээр нь би хөдөөнөөс замын унаагаар аймагт ирээд эмнэлэг дээр ирэхэд ээж Нн хоёр нүд болон зүүн гарын бугалга хэсэг нь хөхөрч хавдсан байсан. /хх-ийн 22-24 хуудас/,

Гэрч Б.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай ээж Н 10 цагийн үед утсаар ярихдаа Б.Т намайг урьд шөнө зодсон гээд уйлаад хэлэхээр нь би эхлээд төрсөн дүү Я-д дараа нь А эгч рүү утсаар тэр даруй залгаад ээжийг Б.Т урьд шөнө зодсон гэнэ гэж хэлсэн. Тэр өдрөө түргэн дуудаж үзүүлээд Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтсэн байсан. /хх-ийн 27-28 хуудас/,

Гэрч Т.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай хадам ээж болох А над руу утсаар залгаад Б.Т эмээ Н-г урьд шөнө зодсон гэнэ, чи очоод үзээдэх гэхээр нь би нөхөр С-н хамт машинтай гэрт нь очиход эмээ Н тэдний зүүн айлын О гэдэг эмэгтэйтэй хамт байсан. Б.Т гэртээ байхгүй байсан. Эмээгийн нүүр нь нэлэнхүйдээ хавдчихсан, бүх бие нь нэлэнхүйдээ энд тэндээ хөхөрсөн байдалтай байхаар нь түргэн дуудсан. Манай нөхөр цагдаад дуудлага өгсөн. Эмээ тэр өдрөө аймгийн БОЭТ-д хэвтсэн. /хх-ий 31 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №622 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч Б.Н-н биед тархи доргилт, гайморийн хөндийн урд хана, ар хана, ухархайн доод хана, хацар ясны нум, хоншоор ясны хугарал. Баруун зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар шанаа хацрын төвгөр, баруун, зүүн шанаа, баруун гарын шуу, зүүн гарын бугалга, цээжний зүүн хэсэг, хэвлий, баруун хонго, баруун гарын тохой хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 35 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Б.Т-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-40, 42-43 хуудас/,

Шүүгдэгч Б.Т-н хувийн байдлыг тогтоосон 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1/591, 2/288 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 46-47, 49 хуудас/,

Шүүгдэгч Б.Т-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг 34-04 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Б.Н-г зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Т нь хохирогч Б.Н-тэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, шүүгдэгчийн шууд санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэг авагдсан хохирогч Б.Н, гэрч Б.Я, Ц.П, Д.О, Б.А, Б.И, Т.Д нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №622 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.Т-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон шүүгдэгч Б.Т-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Т-д оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Шүүгдэгч Б.Т-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Б.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг,

Мөн шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Тогтохбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Т-д оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Т-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг, мөн шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.