| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/1034/Э |
| Дугаар | 1059 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Цолмон |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 1059
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Д.Цолмон, шүүгдэгч И.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт И.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04835 1425 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ш овогт И.С, Монгол Улсын иргэн, ... өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажилладаг, ам бүл тав, ах, бэр эгч, ач дүү нарын хамт ...... тоотод оршин суудаг, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, регистрийн дугаар ....., урьд:
-Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч И.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны гадна хохирогч Д.Э-ыг шалтгаангүйгээр шар айрагтай лонхоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ш овогт И.С нь 2018 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “чанга ярилаа” гэх шалтгаанаар Д.Э-ын нүүр лүү шар айрагтай лонхоор цохиж, бие махбодод нь “...хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч И.С-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би мөрдөн байцаалтын үед хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Би хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэргийн үйл баримт, хуулийн зүйл, хэсэг, учирсан хохирлын талаар маргах зүйлгүй. Прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээ, хууль зүйн үр дагаврыг ухамсарлаж ойлгосон болно...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2018 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын автобусны баруун талд байдаг караоке орж 2 ширхэг шар айраг аваад 9 дүгээр байрны зүүн талын сандал дээр найз Батсүхийн хамт сууж байхад нэг танихгүй залуу ирээд хажууд байгаад байсан. Тэгснээ миний хажууд байсан лонхтой шар айргийг авч, миний хамар луу нэг удаа цохиод өөрөө газар хэвтсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас);
3. Гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна И.С-ын хамт өөрийн эзэмшлийн 10-68 УНЛ улсын дугаартай “Хонда фит” загварын машин дотор 0,75 литрийн хэмжээтэй “Тайга” нэртэй архи хувааж ууж байгаад, И.С бие засах гэж гараад сандал дээр сууж байсан танихгүй 2 залуу дээр очоод муухай хараад зогсоод байсан. Би араас нь очоод тэр 2 залуугаас уучлалт гуйгаад С-ыг дагуулаад машинд сууж, машиныхаа эсрэг талд нь гаргахад С буугаад нөгөө танихгүй 2 залуу дээр очоод хажууд нь байсан шар айрагтай лонхоор нэг залуугийнх нь хамар луу цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7 дугаар хуудас);
4. Гэрч Р.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг залуу ирээд зогсоод байсан би “яасан бэ” гэж асуухад юм дуугарахгүй байсан. Араас нь нэг бүдүүн залуу ирээд “уучлаарай манай найз согтсон байна, найзыгаа аваад явлаа” гээд байсан. Тэгээд бид 2 шар айраг уугаад сууж байхад түрүүлж ирсэн залуу эргэж ирээд бид хоёрын ууж байсан лонхтой шар айргийг аваад Э-ын хамар луу нэг удаа цохиод цус гаргасан. Би тэр залууг салгаад газар унагаасан. Цуг явж байсан бүдүүн залуу дундуур нь орж салгасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5 дугаар хуудас);
5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 10 дүгээр сарын 23-ны өдрийн 12580 дугаартай “...Д.Э-ын биед хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 10 дугаар хуудас);
6. Шүүгдэгч И.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 30 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 17 дугаар хуудас);
7. Шүүгдэгч И.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...байрны урд сандал дээр байсан 2 залуу дээр очоод ууж байсан шар айргийн лонхыг нь аваад тэр хоёрын нүдний шилтэй өндөр залуугийн хамар луу нь нэг удаа цохисон. Тэгээд би тэр 2 залуутай барьцалдаад байж байхад М.С ах ирээд салгасан... Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 48 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч И.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогч Д.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлсэн, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 251 дугаар тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан үндэслэл, журамд нийцсэн байна.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Э-ын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч И.С-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.Э-ын биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч И.С-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Э нь мөрдөн байцаалтын шатанд “шүүгдэгчээс нийт 750,000 төгрөгийн нөхөн төлбөр авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч И.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч И.С нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй бөгөөд гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.С-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлаж ойлгосон байна. Түүнчлэн уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүх улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.С-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч И.С нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ш овогт И.С-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.С-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.С оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч И.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч И.С нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч И.С-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА