| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/1002/Э |
| Дугаар | 1029 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 1029
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа, улсын яллагч Д.Ганчимэг, хохирогч Ж.О, шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овогт Ч.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 041771 1265 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д овогт Ч.М, Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автомашины инженер мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, дүү, хүүхдийн хамт .... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ...., урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ч.М нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын 110 дугаар байрны 212 тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Ж.О-тай маргалдаж, улмаар түүний нүүр, толгойн баруун хэсэг рүү нь цохих, өшиглөх зэрэг үйлдлүүдээр Ж.О-гийн биед тархи доргилт, 22 дугаар шүдний эмтрэл, 2 нүдний салст, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, 2 нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун сарвуунд цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий гэмтлүүдийг учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Д овогт Ч.М нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын 110 дугаар байрны 212 тоот өөрийн гэртээ “ирж авсангүй” гэх шалтгаанаар хамтран амьдрагч Ж.О-гийн нүүр, толгойн баруун хэсэг рүү нь цохиж, өшиглөж, түүний бие махбодид “тархи доргилт, 22 дугаар шүдний эмтрэл, 2 нүдний салст, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, 2 нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун сарвуунд цус хуралт, баруун шуунд зулгаралт” бүхий гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.М-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн өдөр би архи уусан болохоор маргасан. Би эхнэр О-г 2-3 удаа толгойн хэсэгт цохисон. Би эхнэрийнхээ тархи, толгойг нь бариачид бариулсан. Цаашид дахин гэмтэл учруулж зодохгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Ж.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ч.М-тэй 2010 онд анх танилцаж, уулзаж байгаад 2014 онд нэг гэрт орж хамтран амьдрах болсон. Бид хоёр дундаасаа 5 настай нэг охинтой. Ч.М нь 2017 оны 7 дугаар сард намайг алгадаж миний зүүн чихний хэнгэрэг гэмтээж, Нэгдүгээр эмнэлгийн хажууд байрлах “ЭМЖ” нэртэй эмнэлэгт нөхүүлж, эмчлүүлж байсан. 2018 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө “Содон” хороолол 110-212 тоот гэртээ байхад Ч.М 03 цагийн үед согтуу орж ирээд намайг газар унтаж байхад үсдэж чирээд, татаж босгоод, толгой руу өшиглөөд гараараа хэд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Би М-ээс “миний буруу, замаараа чамайг авч явалгүй үлдээж явсанд уучлаарай” гэж гуйсан. Тэгсэн чинь намайг зодохоо болиод “яагаад утсаа авдаггүй юм бэ” гэж хэлээд, миний “G-7” загварын гар утсыг хугалж эвдсэн. Тэгж байгаад гайгүй болоод унтсан. Маргааш өглөө нь Ч.М ажилдаа яваад өгсөн. Би гэртээ үлдсэн. Миний нүүр авах юм байхгүй хоёр нүд юм харж болохгүй битүү хавдчихсан байсан. Тухайн үед Ч.М хоёр эгчдээ намайг зодсон талаараа хэлж, хоёр эгч нь ирээд үзэж хараад явсан. Мөн түргэн дуудаж үзүүлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг орж үзүүл гэхээр нь гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж цагдаагийн байгууллагад хандсан болно...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-23 дугаар хуудас);
3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8733 дугаартай “...Ж.О-гийн биед баруун тархи доргилт, 22 дугаар шүдний эмтрэл, 2 нүдний салст, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, 2 нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун сарвуунд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 26 дугаар хуудас);
4. Шүүгдэгч Ч.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 38 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шалгах хуудас бүхий лавлагаа (хх-ийн 39 дүгээр хуудас);
5. Гэмт хэргийн талаарх дуудлагын мөрөөр очсон цагдаагийн алба хаагчийн үйлдсэн аюулын зэргийн үнэлгээ (хх-ийн 18-19 дүгээр хуудас), Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 07-17 дугаар хуудас);
6. Шүүгдэгч Ч.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би О-тай 2010 онд Улаанбаатар хотод танилцан үерхэж байгаад, 2014 оноос хойш нэг гэрт хамтран амьдрах болсон. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч дундаасаа 5 настай нэг охинтой. 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Содон” хороололд зээлээр байранд орж одоог хүртэл амьдарч байна. 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гадуур найзуудтайгаа архи дарс ууж байгаад 07-ноос 08-нд шилжих шөнийн 01 цагийн орчим гэртээ иртэл эхнэр О найз нартайгаа гадуур явж байгаад түрүүлээд ирчихсэн байсан. Би О-г архи уучихсан болохоор нь “чи бараг надаас илүү ойр ойрхон архи хэрэглэж байна” гэсэн чинь “би өөрийгөө мэдэж байна, чамд хамаагүй, би архи уух эрхтэй хүн” гэхээр нь уур хүрээд гараараа нүүр лүү нь 2 удаа цохисон. Би буруу үйлдэл хийж эхнэртээ гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Миний буруу...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-36 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Хохирогч Ж.О нь хуульд заасан эрхийн дагуу шүүх хуралдаанд оролцсон боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтад заасан эрхээ эдэлж, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.О-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.М, хохирогч Ж.О нар гэр бүлийн баталгаа бүхий эхнэр, нөхөр биш боловч 4 жил нэг гэрт хамт амьдарсан, нэг хүүхдийн эцэг, эх болсон хамтран амьдрагч нар байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан байдаг тул шүүгдэгч Ч.М-ийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч Ч.М-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ж.О-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Түүнчлэн, шүүгдэгч Ч.М нь шүүх хуралдааны үед хэргийн үйл баримт, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүх шүүгдэгч Ч.М-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.М-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.М нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй буюу гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн дүгнэлтэд: “...Шүүгдэгч Ч.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв.
Прокурорын санал болгосон торгох ялын хэмжээ нь хохирогчид учирсан гэмтэл болох “баруун тархи доргилт, 22 дугаар шүдний эмтрэл, 2 нүдний салст, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, 2 нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун сарвуунд цус хуралт, баруун шуунд зулгаралт” бүхий эрүүл мэндийн хохирлын хэр хэмжээ болон үйлдэгдсэн гэмт хэргийн шинж болох “унтаж байсан хүнийг үсдэж чирээд толгой руу нь өшиглөх, цохих” байдлаар догшин авирласан нөхцөл байдалд тохирохгүй байх тул шүүх прокурорын санал болгосон торгох ялын хэмжээг зохих хэмжээгээр нэмэгдүүлэх нь зүйтэй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, найман сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хөрөнгө, цалин орлого, хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Д овогт Ч.М-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д оногдуулсан торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Ч.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.М-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА