| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/1041/Э |
| Дугаар | 1067 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 1067
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч Б.А, хохирогч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овогт Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 05259 1492 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д овогт Б.А, Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч мөн дүүргийн ..... тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ...., урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 73-26 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Д-г зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Д овогт Б.А нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 73-26 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Д-г “худлаа хэллээ” гэх шалтгаанаар зодож, түүний бие махбодод “тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.А-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн өдөр эхнэр бид хоёр санхүүгийн асуудлаас болж маргаан болсон. Тодруулбал, эхнэр хүнд өгөх ёстой мөнгийг өгөөгүй байсан хэр нь надад “өгчихсөн” гэж худал хэлснээс болж би эхнэрээ зодсон юм. Тэр өдрөөс хойш эхнэрээ дахин зодоогүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Эхнэртээ эмчилгээ хийлгэж, хамрыг нь засуулахад 1,000,000 төгрөг зарцуулсан...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Б.Д-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 12-нд 2 хүүхдээ хичээлээс нь авчихаад, нөхрөө ажлаас нь авсан. Би одоохондоо орон тооны бус ажил хийж байгаа. Манай ажлын хүний аав нас барсан тул нутаг явах гэж байгаа гэж хэлээд ажлаа надад өгсөн юм. Би түлхүүрээ аваад гарсан. Манай ажлынхан 5 шар дээр гаргаж өгөх гээд ирсэн байсан. Өмнөх өдөр нь би хүнд мөнгө өгөх ёстой байсан боловч өгөөгүй. Манай нөхөр архи уучихсан, ааш муутай яриахаар нь би гэртээ ирсэн. Тэгэхэд нөхөр байхгүй байсан. Тэгээд нөхөр араас орж ирсэн. Би түүнийг аргалаад унтуулах гэхэд тэрээр “хүнд мөнгийг нь өгсөнгүй” гэж уурлаад намайг жижиг өрөө рүү оруулж, миний нүүр лүү цохисон. Мөн сандлаар 2-3 удаа цохисон. Намайг орилох чимээнээр хажуу айл цагдаа дуудсан байсан. Би маргааш нь Цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн бөгөөд нүүр хавдартай байсан болохоор өргөдлөө өгсөн...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 сарын 12-ны орой хүүхдээ цэцэрлэгээс аваад ажлынхаа хүний гэрт очоод харих замаараа 19 цагийн үед нөхрөө аваад гэртээ харьсан. Тэгээд манай ажлын Амангүлийн аавынх нь бие муу байна, хөдөө явах гэж байна гэсэн тул тэдний гэрт очихоор болж, Амангүл гэрт ирж намайг авсан. Ингээд Амангүлийн гэрийн гадаа очиход ажлынхан ирсэн байсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад нөхөр А согтуу ярихаар нь удахгүй очлоо гэсэн. Ингээд машин чинь гадаа байна, хаагуур яваад байна гэж уурласан. Тэгэхээр нь согтуу байсан тул олон зүйл ярилгүй удахгүй очлоо гэж хэлээд тасалсан. Тэгээд би такси бариад Саппоро дээр эгчийн ажил дээр нь очиж байж байгаад шөнө 01 цагаас 03 цагийн хооронд нөхөртэйгөө утсаар ярихад согтуу байсан. Тэгээд унтсан байх гэж бодоод шөнө 03 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд машин байхгүй, нөхөр ирээгүй байсан. Тэгээд нөхөр согтуу ирээд янз бүрийн асуудал болж магадгүй гэж бодоод гэртээ оролгүй 9 давхарын шатан дээр сууж байсан чинь нөхөр гаднаас согтуу орж ирээд, маргалдаж байгаад шил аваад нүүрэнд нэг удаа цохиж, үсдэж чирж гэрт оруулаад нүүр, толгой руу олон удаа цохиж зодсон. Би зугтаагаад хүүхдийн өрөөнд орсон чинь араас орж ирээд үснээс зулгааж хамар луу цохисон. Тэгээд би зугтах гэсэн чинь хаалга цоожтой байсан тул зугтааж чадаагүй. Тэгтэл үүдний өрөөнд барьж аваад үсдэж чирж, жижиг өрөөнд оруулаад жижиг төмөр сандлаар нуруу руу 3-4 удаа цохисон. Мөн нүүр, толгой руу гараараа олон удаа цохисон. Тэгээд зодуулаад байж байсан чинь хаалганы хонх дуугарсан. Тэгтэл цагдаа орж ирээд манай нөхрийг аваад гарсан. Тухайн үед зодуулснаас болж хамар, толгойноос цус гарсан. А бид хоёр 10 гаран жил хамт амьдарч байгаа 10, 5 настай хоёр охинтой. 2013 онд гэр бүлийн маргааны асуудлаас болж 2014 оны 6 сарын хооронд тусдаа амьдарч байгаад буцаж нийлсэн. Хамт амьдрах хугацаанд гэр бүлийн маргаан гарж, намайг хэл амаар маш их доромжилдог байсан гэхдээ зодож цохиж байгаагүй. Би ах дүү болон ажлын хүмүүс, найз нартаа амьдралынхаа асуудлыг хэлж байгаагүй учраас өөр хүн мэдэхгүй. Надад эмчилгээтэй холбоотой баримт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, өөр гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 05-07 дугаар хуудас);
4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13687 дугаартай “...Б.Д-гийн биед тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 09 дүгээр хуудас);
5. Шүүгдэгч Б.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 30 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шалгах хуудас бүхий лавлагаа (хх-ийн 29 дүгээр хуудас), шүүгдэгч, хохирогч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатайг нотлох гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 56 дугаар хуудас);
6. Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлагын мөрөөр очсон цагдаагийн алба хаагчийн үйлдсэн аюулын зэргийн үнэлгээ (хх-ийн 19-20 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 21-23 дугаар хуудас);
7. Шүүгдэгч Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эхнэр Д-тай 2008 онд гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. 2013 оны 8 сараас 2014 оны 3 cap хүртэл гэр бүлийн маргааны улмаас салж тусдаа амьдарч байгаад буцаж нийлсэн. Одоо том охин 10 настай, бага охин 5 настай, бид ам бүл дөрвүүлээ амьдарч байна. 2018 оны 11 сарын 12-ны өдөр орой 19 цагийн үед эхнэрийн хамт гэртээ харьсан. Тэгээд байж байхад эхнэрийн ажлынх нь хүн дуудаад гарсан. Би гарсных нь дараа эхнэрт уур хүрээд байхаар нь дэлгүүрээс 1 шил архи авч, гэртээ ганцаараа уусан. Орой 23 цагийн үед баруун салаанд байдаг танилындаа очиж нэг шил архи уух хугацаанд эхнэртэйгээ утсаар хэрэлдэж байсан. Тэгээд айлд нэг шил архи уучаад 03 цагийн үед гэртээ ирээд хаалгаа гэж байснаа санаж байна, нэг ухаан ороход “хоёр охин ааваа боль” гэж байсан, эхнэр бид хоёр хэрэлдэж байсан. Тэгээд дуудлагын цагдаа орж ирээд намайг авч явсан. Би тухайн үед эхнэрээ зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Яг яаж зодсон үйлдлээ сайн санахгүй байна. Дараа нь эхнэрийн хамар хугарч хавдсан байсан тул хамт эмнэлэг явж үзүүлсэн. Одоо эхнэртэйгээ эвлэрч хамт амьдарч байгаа. Би урьд нь эхнэрээ зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13 дугаар хуудас);
-“...2018 оны 11 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө гэртээ согтуу ирж, хэрүүл маргааны улмаас эхнэрээ зодож гэмтэл учруулсан нь үнэн. Тухайн үед согтуу тасарсан байсан тул зарим зүйлийг нарийн сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн эхнэрээ цохисон хэрэлдэж байсан. Хамарнаас нь цус гарсан байсан. Ингээд хэрэлдээд байж байхад цагдаа орж ирээд аваад явсан. Урьд нь эхнэрээ зодож байгаагүй бөгөөд намайг согтуу ирснээс болж хэрүүл маргаан болж, цагдаа дууддаг байсан. Гэхдээ өргөдөл өгч шалгуулж байгаагүй. Одоо эхнэр бид хоёр эвлэрсэн бөгөөд би үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж, хэрүүл маргаангүй тайван амьдарч байгаа болно...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 47-49 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогч Б.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлсэн, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 253 дугаар тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан үндэслэл, журамд нийцсэн байна.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Д-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.А, хохирогч Б.Д нар гэр бүлийн баталгаа бүхий эхнэр, нөхөр байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Б.А “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч Б.А-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Д-гийн биед хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Түүнчлэн, шүүгдэгч Б.А нь шүүх хуралдааны үед хэргийн үйл баримт, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.А нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй бөгөөд гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-д нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлаж ойлгосон байна. Түүнчлэн уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүх улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дарханхан овогт Буригдаагийн А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА