Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 10

 

 

 

             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       П.Болорын нэхэмжлэлтэй иргэний

                                                       хэргийн тухай

 

 

                                                                       Хэргийн индекс: 150/2015/00148/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

 Даргалагч шүүгч        Б.Батзориг

                                 Шүүгчид                      С.Оюунцэцэг

                                                                     Г.Давааренчин

   Оролцогчид:

            Нэхэмжлэгч                         П.Болор

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү

            Хариуцагч нарын

              итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэрэн

            Түүний өмгөөлөгч                Б.Цэрэнбат

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй  шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 154 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор П.Болорын нэхэмжлэлтэй Г.Цэнгэл, Г.Жавзмаа нарт холбогдох “гэм хорын хохирол 4.482.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

 

  Нэхэмжлэгч П.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “…Би 1980 оноос газар тариалан эрхэлж амьдарч ирсэн. 2014 онд Цэнгэл гуай өдрийн цагаар туслах малчин Юмжаатайгаа малаа туугаад манай талбайн хажууд нүүж ирсэн. Тэгэхэд нь сахиултайгаа хамт очоод энд малтай айл бууж болохгүй гэж хэлэхэд манайх мал байхгүй тэгээд энд бууж байгаа гэсэн. Тэгээд байж байтал 2014 оны 09 дүгээр сарын 21-нд өглөө ирсэн чинь манай талбайн урд талд 2 айл буучихсан байсан. Хэнийх юу болоод хүрээд ирэв гээд давхиад очиход Жавзмаагийн ээжийнх буучихсан байсан. Тэгээд би манайх тариагаа хурааж дуусаагүй байгаа учраас энд бууж болохгүй гэхэд манайх мал байхгүй ээ гэсэн. Тэгээд маргааш нь ирэхэд манай талбайд мал орчихсон байсан. Энэ хэний мал юун мал орчихсон юм бол гээд зургийг нь авсан. Тариан талбайд орсон зургийг нь авсан. Тэгээд 09 сарын 23-нд дахиад ирэхэд бас мал орчихсон байсан.

       …Сумын хохирол тогтоох комисс нь тухайн үеийн ургацын блансаар 4.482.000 төгрөгийн хохирлын акт тогтоож өгсөн тул үүнийг нэхэмжилж байна” гэжээ.

 

        Хариуцагч Г.Цэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “…Би Булган аймгийн Хангал сумаас тариалан хураах үеэр нүүгээд энэ хүмүүстэй утсаар ярьж байгаад газар тарианы ажил дуусаж байна уу? айлууд намаржаандаа бууж байна уу? гэж асууж байгаад дуусчихлаа ганцхан энэ Болорын жижиг талбай үлдлээ бусад нь дуусчихлаа гэхээр нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумд 10 сарын 23-нд машинаар буусан.

          …Манай өвөлжөө эдний тариан талбайгаас 2км 700 метр байсан. …Миний хувьд мөнгийг нь өгч болж байна, мал бол малыг нь өгч болж байна, ганцхан би малаа оруулаагүй байхад гүтгээд байна” гэжээ.

 

        Хариуцагч Г.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “…Манайх 09 дүгээр сарын 26-нд нүүж ирсэн ба манай мал ирээгүй байсан. Ирэхдээ харин 8 тугалтай үнээтэй ирсэн. 09 дүгээр сарын 27-ны өглөө манай гадаа ирж зураг авсан. Энэ зураг дээр он сарыг нь янз бүрээр биччихсэн байсан. Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх 2016 оны 05 дугаар сарын      16-ны өдрийн 154 дугаартай шийдвэрээр:

        1. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар Г.Жавзмаагаас 1.120.500 төгрөг, Г.Цэнгэлээс 1.120.500 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Болорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.241.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

         2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаарнэхэмжлэгч П.Болорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.670 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Жавзмаагаас 31.442 төгрөг, Г.Цэнгэлээс 31.442 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Болорт олгохоор шийдвэрлэжээ.    

 

        Нэхэмжлэгч Г.Цэнгэл, Г.Жавзмаа, тэдгээрийн өмгөөлөгч С.Бямбацэрэн, Б.Цэрэнэбат нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

        “...154 дугаартай шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Г.Цэнгэл, Г.Жавзмаа нарынхны Онгон хоолой гэх газар ирж буусан өдрийг андуурсан, …Г.Цэнгэл, Г.Жавзмаа нарыг байлцуулахгүйгээр акт тогтоолгохдоо мөн л энэ хоёр айлын мал орсон гэж бичүүлсэн зэрэг нотлогдож, батлагдахгүй зүйлүүдийг иш  үндэс болгосон.  Г.Цэнгэл, Г.Жавзма нарын мал орсон талаар нэг ч баримт, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдаагүй. Гэтэл шүүх П.Болорт учирсан нийт хохирлын 50%-ийг Г.Цэнгэл, Г.Жавзмаа нараар төлүүлэхээр шийдвэрлэснийг гайхаж байна. Иймд 154 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, П.Болорын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.        

 

        Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“…Гомдол гаргасан гол шалтгаан нь Г.Жавзмаа, Г.Цэнгэл нарын буусан өдрийг П.Болор нь андуурсан байдаг. Мөн Г.Цэнгэл буусан газрыг худлаа ярьсан, үхэр адуунуудын зургийг нь авчихаад хоёр хүний мал мэт бусдад ойлгуулсан, мөн Г.Жавзмаагийн ээж М.Юмжаагийн болон хариулдаг үхрүүдийг зэлэн дээр нь гадаа байхад зургуудыг нь авчихаад айлуудын мал орсон мэтээр ургац тогтоох комиссийн хүмүүст ойлгуулж, Г.Цэнгэл, Г.Жавзмаа нарт акт тогтоолгохдоо тэр хоёр айлын мал орсон гэж бичүүлсэн зэрэг нотлогдохгүй зүйлүүдийг иш үндэс болгосон.

         Иймд гэм зэмгүй, мөрөөрөө амьдарч байгаа иргэдийг гэмт хэрэгтэн болгож шийдвэрлэсэн тус шүүхийн шийдвэр болон П.Болорын нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

        Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэрэнбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       “…Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын огноо бүгд зөрүүтэй, гэрчүүд Г.Цэнгэл, Г.Жавзмаа нарыг 26-ны өдөр буусан гэж мэдүүлсэн. Комиссын тогтоосон акт нь нөхөж хийсэн байх магадлалтай, учир нь уг акт 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэсэн байдаг. Үүнээс үзэхэд Г.Цэнгэл, Г.Жавзмаа нарыг нүүж ирэхээс өмнө комисс акт тогтоосон байна.

        Г.Цэнгэлийнх тариан талбайгаас 2.9 км хол зайтай буусан. Хэрэв мал тариан талбайд орсон тухай нотлох баримт гэж мал орсныг тухайн үед зургаар бэхжүүлэх ёстой, гэтэл бэхжүүлээгүй атлаа үүрээр айлд очиж гэрийн гадаа байгаа малынх нь зургийг нь авсан. Ингэж мал орсон нь нотлогдоогүй байхад нотолсон юм шиг дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв

 

        Нэхэмжлэгч П.Болор  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“…Мал орсон нь нотлогдоогүй гээд байна. Би газрынхаа 30 /гуч/ га газарт нь тариа тарьсан. Г.Цэнгэлийнх 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр туслах малчин М.Юмжаатай нүүж ирсэн. Би очоод тариа хураагаагүй тул талбайд ойр бууж болохгүй тухай хэлтэл малаа оруулахгүй гэсэн, дараа нь Г.Жавзмаагийнх ирж буусан байсан. Мөн л очоод уулзахад малаа оруулахгүй гэсэн. Гэтэл маргааш нь мал орсон байсан ба 09 дүгээр сарын 22, 23-ны өдөр тус тус мал орсон байсан. Г.Жавзмаа, Г.Цэнгэл нараас мал нь мөн үү гэхэд биш гээд байсан учраас, гэрийнх нь гадаа мал нь байхад очиж зургийг нь авсан. Би эхлээд багийн хохирол тогтоох комиссд хандаж хохирлоо тогтоолгосон. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “…П.Болорын тариан талбайд мал орсны улмаас 4.480.000  төгрөгийн хохирол учирсан нь хохирол тогтоосон актууд болон бусад нотлох баримтаар тогтоогдсон.

Хохирол тогтоох комиссууд Г.Цэнгэл, Г.Жавзмаа нарын гэрт очтол эдгээр хүмүүс эсэргүүцсэн байсан тул энэ талаар бичлэг хийсэн. Нотлох баримтаар дээрх хүмүүсийн мал тариан талбайд орсон нь хангалттай тогтоогдсон. Хохирол тогтоох комисс явж байхыг эдгээр малчид мэдэж байсан, удаа дараа гэртээ байхгүй, эсэргүүцэл үзүүлж байсан. Хохирол тогтоосон акт үнэн зөв гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч П.Болор нь хариуцагч Г.Цэнгэл, Г.Жавзмаа нарт холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 4.482.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Хэргийн харицагч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлынхоо үндэслэлийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хариуцагч нарыг нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй  хэмээн тайлбарлажээ. 

 

Хэргийг судлан үзвэл: нэхэмжлэгч П.Болор нь 2014 оны хавар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн нутаг “Онгон хоолой” гэх газар 30 га газарт тосны ургамал тариалсан бөгөөд намар ургац хураах үед хариуцагч Г.Цэнгэл, Г.Жавзмаа нарын мал бүхий иргэд тариан талбайн ойролцоо бууж, улмаар тариан талбайд тэдгээрийн мал орсноос нэхэмжлэгчийн 9 га талбайн тосны ургамал хураан авах боломжгүй болж,  хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай хурлын тогтоолоор “Малчид тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журам”–ыг баталж, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газраас тус журам хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан 2014 оны 04 дүгээр сард мал бүхий иргэдэд танилцуулсан тухай баримт хэрэгт авагдсан байна.

 

Дээрх журамд малчин, мал бүхий иргэд, тариаланчдын эрх үүргийг тодорхой заасан бөгөөд таримал ургамал тариалсан талбайд мал, тэжээвэр амьтан орсноос учирсан бодит хохирлыг сумын комиссын актыг үндэслэн нөхөн төлөхөөр, хохирол учруулсан малын эзэн хохирлыг бүрэн хариуцахаар тус тус заажээ.

 

 Энэхүү журмын дагуу  2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газрын хохирол тогтоох комисс 12 дугаартай актаар нэхэмжлэгчид 4.482.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байна.

 

Тус комисс нь хохирол тогтоох ажлаар 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн тариан талбайд очиж үзэн, хохирлыг тогтоосон байх бөгөөд ийнхүү хохирол тогтоохдоо хариуцагч нартай уулзаж, хохирол тогтоох талаар мэдэгдсэн нь хэрэгт авагдсан комиссын хурлын тэмдэглэлээр /СD/ тогтоогдож байна.  

 

Хэдийгээр хариуцагч Г.Цэнгэл, Г.Жавзмаа нар нь тариан талбайд малаа оруулаагүй, сумын комиссын 12 дугаартай актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, үндэслэл түүнтэй холбоотой  баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Иймд хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Сэлэнгэ аймгийн  Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 154 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын  давж заалдах гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.670 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                      Б.БАТЗОРИГ 

 

                           ШҮҮГЧИД                          С.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                      Г.ДАВААРЕНЧИН