Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0167

 

“Шб” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0045 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдлоор, “Шб” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0045 дугаар шийдвэрээр: “Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1-ийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Шб ХХК-иас гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын болон Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А-427 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийг сэргээхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан журмын заалтыг буруу тайлбарлаж, ганц нэхэмжлэгчийн үүрэг мэтээр дүгнэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд уг журмаар гэрээг 3 сарын дотор байгуулахаар зохицуулсан нь холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, түүнд үүрэг, хариуцлагыг бий болгож, тусгай хамгаалалттай газар нутгийг дэглэмийг мөрдүүлэх, нөгөө талаар хууль болон гэрээнд заасан нөхцөл шаардлага, үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тогтоох зорилготой гэрээ байгуулах талаар зохицуулсан тул ганц газар ашиглагчийн буюу нэхэмжлэгчийн үүрэг мэтээр дүгнэх боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс дээрх журамд заасан үүргээ биелүүлж, гэрээ байгуулах талаар удаа дараа амаар хүсэлт гаргаж очсон боловч төрийн захиргааны байгууллагаас хамаарах 1 шалтгаанаар гэрээг журамд заасан хугацаанд байгуулж чадаагүй талаар гаргасан тайлбарыг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй, няцаасан тайлбар гаргаж, нотлох баримт гаргаагүй бөгөөд энэхүү эс үйлдэхүйтэй нь холбогдуулан нэхэмжлэгч нь холбогдох төрийн байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаагүй боловч газар ашиглах гэрээ байгуулснаар газрыг ашиглах эрх албан ёсоор нээгдэж, газрын төлбөр төлөх үүрэг үүсэх, мөн гэрээгээр төлбөл зохих газрын төлбөрийн хэмжээ тодорхойлогдохыг харгалзаж үзээгүй байна.

...Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн талаар дүгнэсэн байх бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн бөгөөд хэргийн оролцогчдын маргаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон захиргааны актын үндэслэлд хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

...Анхан шатны шүүхээс уг захиргааны хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын бас нэг маргасан асуудал болох Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагаа явуулаагүй гэх үйл баримтад огт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн нэг нэхэмжлэлийн шаардлага болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/427 дугаар тушаалаар хуульд нийцэхгүй, захиргааны актад тавигдах хуульд заасан шаардлагыг хангахгүй тушаалаа зассан асуудлыг хуульд нийцнэ гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

... Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хянаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0045 дугаар шийдвэрийг мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах гомдлын дагуу хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/427 тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6-д заасныг үндэслэн “Шб” ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газарт байрлах “Чандманы ам” нэртэй газарт 0.25 га газрыг ашиглах эрхийг дуусгавар болгосон, нэхэмжлэгчээс уг тушаалыг эс зөвшөөрч “...газар ашиглах гэрээг байгуулахаар хамгаалалтын захиргаанд хандсан боловч гэрээг байгуулаагүй, үүнтэй холбогдуулан гэрээний төлбөрт хэдэн төгрөгийг, хэзээ төлөхөө мэдээгүй, ...зориулалтын дагуу газраа ашиглахаар холбогдох ажлаа хийж байгаа тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горим зөрчсөн, болон Усны тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулаагүй тул газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлгүй” гэж маргажээ.

Газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлийн талаар,

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Байгаль орчны сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын Чандманы аманд аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаагаар 0.25 га газрыг “Шб” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2016/229 дугаартай газар ашиглах гэрчилгээ олгосон байх боловч тухайн компанитай газар ашиглах гэрээг байгуулаагүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болох бөгөөд Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-д зааснаар газрын төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа нь гэрээгээр тодорхойлогдохоор байна.

Гэтэл захиргаанаас нэхэмжлэгч “Шб” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулалгүй орхигдуулсны улмаас нэхэмжлэгч газрын төлбөрт хэдэн төгрөгийг, хэзээ төлөх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байхад хариуцагч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй.

Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглах гэрээг дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалтын захиргаатай хамтран байгуулахаар заасан, өөрөөр хэлбэл нэгэнт газар ашиглуулах шийдвэр гарсан, гэрчилгээ олгосон бол газар ашиглах гэрээ байгуулах нь захиргааны байгууллагын үүрэг юм.

Иймд нэхэмжлэгч “Шб” ХХК-ийн “...газар ашиглах гэрээний төлбөрт хэдэн төгрөгийг, хэзээ төлөх нь тодорхойгүй байсан учраас төлбөрөө төлөөгүй” гэх тайлбарыг буруутгах боломжгүй бөгөөд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэн төлбөрөө төлөөгүйд нэхэмжлэгч хуулийн этгээдийг буруутгаж, газар ашиглах эрхийг дуусгавар болгох нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасантай нийцэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

Газар дээр үл хөдлөх эд хөрөнгө байхгүй буюу газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд хариуцагч Байгаль орчны сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “Шб” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэсэн атлаа 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр буюу 1 жил 8 сар өнгөрч байхад газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...2 жил дараалан” гэж заасантай нийцэхгүй байна.

Харин Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-т заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-аар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд “Шб” ХХК-ийн ашиглах эрх бүхий 0.25 га газар нь усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарсан үйл баримт тогтоогджээ[1].

Хэдийгээр маргаан бүхий актад дээрх үндэслэлийг нэхэмжлэгчид холбогдуулан тухайлан дурдаагүй ч актын үндэслэлд холбогдох хуулийн заалтыг баримталсан төдийгүй Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар албан бичгээр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн “...усны нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлэх, голын бургас сүйтгэх, уулын өндөр налуу газарт байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий” аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч “Шб” ХХК-ийн ашиглах эрх бүхий 0.25 га газар багтсан байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““усны сан бүхий газар” гэж  нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, ...-ыг  хориглоно”, 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж, “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.5-д Энгийн хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно, 2.5.1-д усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд..., 2.5.2-т улсын болон аймгийн зэрэглэлтэй хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд, 2.8.2-т хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга, байгууламж барьж ашиглахыг хориглоно” гэж тус тус заажээ.

Гэтэл нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 0.25 га газар нь голын эрэг дээр буюу Усны тухай хууль болон “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-аар 50 метрээс доошгүй байхаар тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд, 100 метрээс доошгүй байхаар тогтоосон эрүүл ахуйн бүсэд, 200 метрээс доошгүй зайд байхаар тогтоосон энгийн хамгаалалтын бүсэд тус тус байрлаж байгаа, түүнчлэн хуулиар барилга байгууламж барихыг хориглосон уг хязгаарлалтын бүсэд нэхэмжлэгч нь “Аялал жуулчлалын цогцолбор байгуулах” төсөл хэрэгжүүлэх хүрээнд “...тус газарт 20х30 харьцаатай 600 м.кв 2 давхар нийт 1200 м.кв канад хаус”[2] буюу барилга, байгууламж барихаар төлөвлөсөн байх төдийгүй тус газар нь хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдсон эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Ийнхүү маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон шийдвэр нь дээр дурдсан хууль болон журмыг зөрчсөн болох нь нэгэнт тогтоогдож байх тул “Шб” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчид үргэлжлүүлэн газрыг ашиглуулах нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасантай нийцэхгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч “Шб” ХХК-д тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй хэдий ч нэгэнт маргаан бүхий байршилд анхнаасаа газар ашиглуулах шийдвэр гаргах үндэслэлгүй байсан, өөрөөр хэлбэл  хариуцагчаас сонсох ажиллагаа хийгээд ч үр дүнд хүрэхээргүй, нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх хэдий ч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаан бүхий актад хамааралгүй, хэргийн оролцогчдын маргаагүй үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтыг баримталсан, түүнчлэн баримталбал зохих хуулийн зохицуулалтуудыг баримтлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0045 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1-ийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 45 дугаар зүйлийн 45.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.6-д заасныг тус тус  баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

 

 


[1] Хавтаст хэргийн 105

[2] Хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд авагдсан ажил гүйцэтгэх гэрээ