Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1047

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Б.Дэлгэрмаа, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Н.Болормаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч Л.Цэвээндолгор нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 00678 0370 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Г-н М, Монгол Улсын иргэн, .... өдөр Увс аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... ХХК-д туслах ажилтай, .... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ...., урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хангай захын хажуу талын замд “Toyota Prius 11” загварын 63-29 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын ... гэрлүүд асахгүй болсон ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Л-г мөргөж, амь насыг нь хохироосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Г-ийн М нь 2018 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хангай захын хажуу талын замд “Toyota Prius 11” загварын 63-29 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ... харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын ... гэрлүүд асахгүй болсон ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Л-г мөргөж, амь насыг нь хохироосон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Г.М-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 09-ны 23 цаг 30 минутын үед найзтайгаа хамт дүүг нь ханын материалын эцэс хүргэж өгчихөөд буцаж явах үед “Хангай” захын хажуугийн замд жолоочийн эсрэг талаар гэнэт хүн гарч ирээд машины шил мөргөсөн. Тэгээд цагдаа болон түргэн тусламж дуудсан. Би ямар зайд үзэгдэх орчин хязгаарлагдвал хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглосон заалт байдгийг мэдэхгүй. Миний буруутай үйлдлээс болсон тул хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Шүүгдэгч түргэн дуудсан гэж байгаа боловч түүнээс хойш буюу эмнэлэгт хэвтэж байх хугацаанд ирж уулзаагүй. Нас барснаас нь хойш нэг удаа уулзсан. Бид талийгаачийнхаа алтан савыг нээлгэх гээд “хэрэг гарсан газрыг заагаад өгөөч” гэхээр зааж өгөөгүй. Тэрээр айсан учраас очоогүй гэдэг. Тухайн үед хохирлын баримт хэвлэж өгөх цаас байхгүй гээд оршуулгын зардлын баримтыг авч амжаагүй бөгөөд дараа нь нөхөж авсан. Бидний гаргасан хохирлын тооцоо 72 сая гаруй төгрөг болсон тул түүнийг нэхэмжилж байна. Оршуулгын зардал 14,430,000 төгрөг гарсан. Талийгаачийн цалингийн дундажыг үндэслэн 11 настай хүүхдийнх нь 18 нас хүртэлх хугацааны тэтгэмж болох 48,000,000 төгрөг болон том охин нь одоогоор 20 настай, “Их Засаг” их сургуулийн 2 дугаар дамжаанд сурдаг бөгөөд сургалтын төлбөр болох 10,600,000 төгрөг буюу нийт 58,600,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 280,000 төгрөгөөр тогтоогдсон байгаа…” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач эхнэртэйгээ гэрлэлтийн баталгаагаа салгаагүй, гэхдээ салаад тусдаа амьдарч байсан, мөн 2 хүүхэд нь 2 талд ээлжилж ирж, очоод амьдардаг байсан. Учир нь эхнэр нь хөдөө 21 хоног ажил хийхээр явдаг юм. Уг хэрэгт эхнэр Түвшинжаргал нь хохирогчоор оролцохгүй гэсэн, харин ээж нь өндөр настай тул бид гэр бүлээрээ ярилцаад хамгийн том эгчийн хувьд би хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоор болсон. Бид гомдолтой байна. Хохирлын баримтаа гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг  (хх-38-39 дүгээр хуудас);

4. Гэрч Б.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М жолоо бариад би хажуу талд нь сууж явсан. Тухайн үед 40 км/цагийн хурдтай явж байсан. Тэгсэн замын эсрэг урсгалаас хүн гарч ирсэн. Яг миний талын салхины шилийг мөргөсөн. Тэгээд бид хоёр зогсоод шууд түргэн дуудсан. Мөн цагдаагийн 102 утас руу осол гаргасан талаар дуудлага өгсөн... Тухайн үед үзэгдэх орчин маш муу байсан, усан бороо орж байсан, түгжрэл байхгүй байсан... Би яг осол болохын өмнө гар утсаараа оролдоод доошоо хараад явж байтал гэнэт түс тас гээд дуу гараад, миний сууж байсан талаар хүн мөргүүлсэн. Тэгээд М машинаа зогсоосон. Тухайн үед шөнө болж байсан, мөн гадаа бороо ороод явган хүний хөдөлгөөн бага байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 83-84 дүгээр хуудас);

5. Гэрч Ц.З-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Л бид хоёр бага уусан, тэр хоёр оройн 23 цагийн үед байх манайхаас хамт гарч явсан. Б бол нэлээн согтсон, харин Л нь эрүүл байсан. Л надад “Б-ыг гэрт нь хүргэж өгөөд, гэртээ харина” гэж хэлж байсан. Тэгээд тэр хоёр манайхаас гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 87 дугаар хуудас);

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 8400 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “нэр овог тодорхойгүй 35 нас” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1,2 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 1,2 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 109-110 дугаар хуудас);

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1809 дугаартай: “...Талийгаачийн цогцост баруун зулай ясны дунд хэсгээс доош чамархай хайрст хэсгээрээ дайран чулуулаг хэсгийн урдуур явж суурийн баруун дунд хонхорын дотор хэсэг (турк эмээл) хүрч төгссөн, зүүн чамархайн хайрст хэсгээс зүүн чулуулаг хэсгийн урдуур явж зүүн дунд хонхорын дотор хэсэг (турк эмээл) хүрч төгссөн шугаман хугарал, хугарлын харалдаах булчин, зөөлөн эд, ясны хальсны цус хуралт, баруун зулай, дагзны дэлбэн, зүүн чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, ховдлын цус хуралт, баруун зулай, чамархай, дагзны хуйхны дотор гадаргуу, ясны хальсны цус хуралт, баруун, зүүн чамархайн булчингийн цус хуралт. Дагзны хуйх, баруун тохой язарсан шарх, дух, баруун өвдөг, тавхай, зүүн өвдөг, тавхайн зулгарсан шарх, зүүн шилбэний зулгаралт, баруун тавхайн цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед мөргөгдөх, савагдах, унах үед үүсгэгдэнэ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ...” гэсэн цогцост хийсэн шинжилгээний дүгнэлт (хх-ийн 111-116 дугаар хуудас);

8. Автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 44349 дугаартай: “...зүүн талын ойрын гэрэл 4 люкс, холын гэрэл 4 люкс, баруун талын ойрын гэрэл 12 люкс, холын гэрэл 11 люкс байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. (стандартаар ойрын гэрэл 6 люкс, холын гэрэл 32 люкс) Уг тээврийн хэрэгслийн баруун талын холын гэрэл, мөн зүүн талын хол болон ойрын гэрэл стандартын шаардлага хангахгүй байгаа нь ослоос өмнөх ашиглалтын явцад үүссэн гэмтэл...” гэсэн дүгнэлт (хх-ийн 98-100 дугаар хуудас);

9. Техникийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 599 дугаартай: “Toyota Prius 11” загварын 63-29 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а) хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ... харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын ... гэрлүүд асахгүй болсон ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а) явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; в) ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх; г) өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөн үндэслэлтэй байна. “Toyota Prius 11” загварын 63-29 УНВ улсын дугаартай автомашины техникийн байдал нь Монгол Улсын MNS4598:2011 “авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартын шаардлага хангахгүй байгаа нь “Авто Тээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 44349 дугаартай дүгнэлтээр зам тээврийн осол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн байх үндэслэл нь тогтоогдож байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 129-130 дугаар хуудас);

10. Замын цагдаагийн алба (шинэ нэрээр Тээврийн цагдаагийн алба)-ны Мөрдөн шалгах хэлтсийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7-13 дугаар хуудас);

11. Шүүгдэгч Г.М-ийн өмчлөлийн “Toyota Prius 11” загварын 63-29 УНВ улсын дугаартай суудлын автомашиныг битүүмжилж, хадгалах хамгаалах үүрэг хүлээлгэсэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн прокурорын зөвшөөрөл бүхий мөрдөгчийн тогтоол (хх-ийн 179 дүгээр хуудас);

12. “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01/22 дугаартай “шүүгдэгч Г.М-ийн өмчлөлийн “Toyota Prius 11” загварын 63-29 УНВ улсын дугаартай суудлын автомашины зах зээлийн үнэлгээг 5,000,000 төгрөгөөр тодорхойлсон” лавлагаа (хх-ийн 37 дугаар хуудас);

13. Шүүгдэгч Г.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 145 дугаар хуудас), согтууруулах ундаа хэрэглээгүй байсан талаарх согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 21дүгээр хуудас), мөн урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 149 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.М нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болох нь  “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 44349 дугаартай дүгнэлт (хх-ийн 98-100), Техникийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 599 дугаартай дүгнэлт (хх-ийн 129-130), Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7-13)-ээр хангалттай нотлогдон тогтоогджээ.

Түүнчлэн, шүүгдэгч Г.М-ийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээс үзвэл тэрээр ямар зайд үзэгдэх орчин хязгаарлагдвал хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглодог талаар огт мэдлэггүй, мөн шөнийн цагаар, бороотой үеэр, нойтон замд гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болсон байна.   

Харин техникийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 599 дугаартай дүгнэлт (хх-ийн 129-130)-ийн “...Явган зорчигч Д.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г) өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна...” гэсэн хэсэг нь Химийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 8400 дугаартай “...Цусан дахь 1,2 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 109-110)-ээр няцаагдаж байна. Учир нь манай улсад согтууруулах ундаа хэрэглэсэн явган зорчигч бүрийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглоогүй бөгөөд уг зөрчлийг “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй” гэсэн хууль зүйн шинжээр нь авч үзнэ. Мөн хэрэгт цугларсан баримтаар хохирогч нь “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй” нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх хохирогчийн дүрэм зөрчсөн үйлдлийг энэ гэмт хэрэг үйлдэгдэх шууд шалтгаан болоогүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч стандартын шаардлага хангасан гэрэлтүүлэх хэрэгсэл бүхий тээврийн хэрэгслээр, замын нөхцөлд тохируулан, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцсон бол энэ гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх бүрэн боломжтой байсан гэж дүгнэсэн болно.

Хохирогч Д.Л нь тээврийн хэрэгсэлд мөргүүлж нас барсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1809 дугаартай “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед мөргөгдөх, савагдах, унах үед үүсгэгдэнэ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ...” гэсэн дүгнэлт (хх-ийн 111-116)-ээр эргэлзээгүй нотлогдов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь насанд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Д.Л-ийн амь нас хохирсныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч Г.М-ийн замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Г.М-ийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь насанд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, 508.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан ... хүүхэд ... авах эрхтэй” гэж, 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” хэмээн тус тус хуульчилсан болно.

Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтэд: “...Оршуулгын зардал болох 14,305,438 төгрөгөөс шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдсон давхардсан баримт бүхий 1,038,000 төгрөгийг хасах саналтай байна. Зарим нотлох баримт нь нотолгооны шаардлага хангахгүй байгаа тул гэм хорын асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн байгаа шүүгдэгч Г.М-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-аас гаргасан оршуулгын зардал болох 14,305,438 төгрөгийн нэхэмжлэлээс давхардсан болон бэлэн мөнгөний машинаас авсан мөнгөний баримт бүхий 1,038,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон хасаж, оршуулгын зардлын хэмжээг 13,267,438 (арван гурван сая хоёр зуун жарган долоон мянга дөрвөн зуун гучин найм) төгрөгөөр тогтоолоо. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед  Г.М-ээс урьдчилж өгсөн 2,000,000 төгрөгийг хасаж тооцов. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.М-ээс 11,267,438 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-д олгох нь зүйтэй.

Харин амь хохирогчийн асрамжид байсан хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг тогтоосон баримтгүйн улмаас гэм хор учруулсны төлбөрийг үндэслэл бүхий тодорхой тооцоо гарган шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн бусад хэсгээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, тогтоолд дурдлаа.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц ахлах мөрдөгч Э.Батмөнхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийн өмч болох 5,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Toyota Prius 11” загварын 63-29 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээгүй байх үүднээс тайлбарлавал, тээврийн хэрэгслийг хохиролд тооцох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэнээр уг үнийн дүнгээр шүүгдэгчээс гаргуулах нийт төлбөрийн хэмжээ хасагдаж тооцогдоно. Өөрөөр хэлбэл, хөрөнгө хохиролд тооцуулах ажиллагаа нь шүүгдэгчээс гаргуулах төлбөрийн дүнд багтаж байгааг анхаарвал зохино.   

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн даруй хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлэхээр яаралтай тусламжийн дуудлага өгсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Хэрэгт хураагдсан жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс цагдан хорих саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа гэдгээ илэрхийлсэн. Хавтаст хэрэгт Г.М нь нийгмийн даатгал төлж, хөдөлмөр эрхэлж байгаа талаарх баримт авагдсан. Мөн энэ хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг үнэлгээний байгууллага 5,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Тиймээс жолоочийн хариуцлагын даатгалын сангаас олгогдох мөнгө болон тээврийн хэрэгслийг зарж борлуулах эрхийг нээсэн тохиолдолд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой. Цаашид амь хохирогчийн хүүхдийн тэтгэмжийн зөрүүг төлөх боломжтой тул миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан тэнсэж өгнө үү...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээ юм.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний улмаас үүссэн үр дагавар бүхий хор уршгийг харгалзан гэмт этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлэх боломжтой эсэхийг дүгнэж, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зохистой эсэхийг шийдвэрлэх нь зүйн хэрэг.

Иймд шүүх шүүгдэгч Г.М нь мэдэх ёстой дүрмийн заалтаа мэддэггүй, мөн биелүүлээгүй болон бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдэж, улмаар хүний амь нас хохирсон, хүүхэд өнчирсөн, нөхөн сэргээгдэхгүй хор уршиг бий болсон зэргийг харгалзан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй бөгөөд түүнд хорих ял биечлэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар замын хөдөлгөөний дүрмийн наад захын заалтыг мэддэггүй хувийн байдалд нь тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь нэг талаас хэрэглээ болсон хэдий ч, нөгөө талаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх талаар онцгой үүрэг хүлээсэн тусгай мэдлэг, ур чадвар, өндөр хариуцлага шаардах үйл ажиллагаа юм. Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцогч хэн бүхний аюулгүй байдал нь хөдөлгөөнд оролцож буй жолоочийн дүрмийн мэдлэг, жолооны дадлага, туршлагаас гадна түүний ухамсар, ёс суртахуун, анхаарал болгоомж, сахилга хариуцлагатай салшгүй холбоотойг онцгойлон анхаарч, шүүгдэгч Г.М өөртөө дүгнэлт хийж, бусдад учруулсан хор уршгаа ухамсарлан ойлговол зохино.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2,000,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүний 1064791 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан зохих байгууллагад хүргүүлж, шүүгдэгч Г.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтоолоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Г-ийн М-ийг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь насанд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2,000,000 төгрөгийн хохирол төлсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг энэ тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийн өмч болох 5,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Toyota Prius 11” загварын 63-29 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүний 1064791 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан зохих байгууллагад хүргүүлсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.М-ээс 11,267,438 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-д олгож, нэхэмжлэлийн зарим хэсэг болох 1,038,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэм хорын төлбөрөө иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.М-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА