| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0915/Э |
| Дугаар | 970 |
| Огноо | 2018-11-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.2., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 970
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч М.Сансарсайхан, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч А.Оюунгэрэл, иргэний нэхэмжлэгч О.Э-ыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А овогт А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 00875 0932 дугаартай хэргийг 2018 оны 10дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А овогт А.Н, Монгол Улсын иргэн, .... төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, ээж, эхнэр, хүүхдийн хамт .... тоотод оршин суудаг, .... регистрийн дугаартай , урьд:
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 161 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хорих ялшийтгүүлж,шийтгэр тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч А.Н нь2018 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 9-18 тоотод оршин суух иргэн Ц.Ш-г гэртээ өвчтэй хэвтэж байх үед нь орж, амыг нь даран, түүний цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан;
- 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Шунхлай” ШТС-ын баруунд талд байрлах “Ногоон туяа” нэртэй зочид буудлын 7 дугаарын өрөөнөөс Б.О-гийн “Самсунг Эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгттус тусхолбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч А овогт А.Н нь:
- 2018 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 9-18 тоотод хэвтрийн өвчтэй Ц.Ш-гийн амыг дарах, түлхэх, цүнхийг нь татах үйлдлээр хүч хэрэглэн довтолж, түүний цүнхтэй эд зүйлсийг хууль бусаар авсан;
- 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Шунхлай” ШТС-ын баруунд талд байрлах “Ногоон туяа” нэртэй зочид буудлын 7 дугаарын өрөөнд Б.О-г унтаж байх үед ньтүүний “SamsungS-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,түүнд 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч А.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 9-18 тоотод хэвтрийн өвчтэй Ц.Ш-гийн амыг дарах, түлхэх, цүнхийг нь татах үйлдлээр хүч хэрэглэн довтолж, түүний цүнхтэй эд зүйлсийг хууль бусаар авсан болох нь:
1. Шүүгдэгч А.Н-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би эхнэрийнхээ хамаатны хүн болох Шараа эмээгийн гэрт ороод цүнхийг нь авах зорилгоор оосроос нь татаж байхад Шараа эмээ сэрээд цүнхнийхээ оосорноос татахаар нь би түүнийг цааш нь хөнгөн түлхэж хэвтүүлсэн. Би түүнд хүч хэрэглээгүй, мөн түүний амыг дарсан үйлдэл хийгээгүй. Би тухайн үед Ш-г унтаж байгаа гэж бодоод цүнхийг нь авах зорилготой орсон болно. Би өмнө нь тэднийд ирэхдээ цүнхэнд мөнгө байхыг харсан юм...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Д.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Ш эгчтэй 2001 оноос хойш хамт амьдарч байна. Ш эгч хүүхэдгүй ба би түүний өргөмөл хүүхэд нь болдог юм. Нөхөр нь 2012 оны 9 дүгээр сард нас бараад түүнээс хойш манай байшинд амьдарч, би түүнийг асарч халамжпах болсон. Энэ хүнийг надаас өөр харах хүн байдаггүй. Манай хороон дээр би асран хамгаалагчаар тогтоогдсон бүртгэлтэй байдаг. Шараа эгч төрөлхийн зүрхний ховдол нь цоорхой ба 2015 оноос хойш зүрхний архаг дутагдал буюу зүрхний хэрэх гэх оноштойгоор хэвтэрт байгаа. Одоо Ц.Ш эгчийн бие сайнгүй хэвтэрт байдаг бөгөөд удаан ярьж чадахгүй,их ярих юм бол зогсохгүй ханиагаад царай нь мэнчийж хар хөх болоод амьсгалын дутагдалд ордог юм. Тийм болохоор би түүнийг төлөөлж байна. 2018 оны 01 дүгэрэ сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цагийн үед Ш эгч утсаар яриад миний цүнхийг нэг хүн аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Ш эгчийнд очсон чинь Ш эгч юүдэнтэй хар цамцтай туранхай залуу миний цүнхийг аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгчихөөд, бэрээ дагуулаад гудамжаар явахад гудамжны үзүүрт таксины жолооч нар байсан ба би тэднээс сураг ажиг асуухад нэг жолооч нь “би хэн гэдэгийг нь мэдэхгүй байна, танайд ирээд байдаг нэг залуу байсан, гэхдээ гэр нь энд байдаггүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яг Н байна” гэж бодоод хүүгээ дагуулаад тэдний гэрт очиход ээж нь, эхнэр нь хүүхэдтэйгээ унтаж байсан ба Н алга байсан. Н-г хаана байгааг мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд бид гараад иртэл Н нэг хүүхэдтэй такситай ирснээ биднийг хараад зугтахаар нь таксийг нь амдаж зогсоогоод, Н-г буулгаж болсон зүйлийн талаар асуухад үйлдсэн хэргийнхээ талаар хэлсэн. Түүний халааснаас 120,000 төгрөг гарч ирсэн, хамт явсан залуугаас нь манай ээжийн шар өнгийн гар утас, задгай 1000-тын дэвсгэртээр нийт 35,700 төгрөг гарч ирсэн. Бид “цүнх нь хаана байна” гэсэн чинь хэлэхгүй байсан.Тэгээд би цагдаа сэргийлэхэд хэлэхгүй цүнхэнд манай ээжийн тэтгэврийн дэвтэр нь байгаа тэрийг нь олж авах хэрэгтэй байна гэж гуйж байгаад цүнх хаясан газрыг нь заалгаж, олж авсан.Дотор нь эмэгтэй хүний 2 алтан бөгж, тэтгэвэрийн дэвтэр, автобусны хөнгөлөлтийн карт зэрэг эд зүйлс нь бүрэн бүтэн байсныг бид бүртгэж авсан. Энэ үед Н болон хамт явсан залуу нь архи уучихсан, дунд зэргийн согтолттой байсан тул бид өөрсдөө цагдаагийн хэлтэс дээр хүргэж ирсэн. Цүнхтэй эд зүйлсээ буцааж авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20дугаар хуудас);
3. Насанд хүрээгүй гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 21-369 тоотод байх Н-гийн гэрт нь хонохоор очсон. Н-гийн ээж нь манай ээжийн эгч ба бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Тэгээд кино үзэж байгаад орой 23 цагийн үед Н ах надад “хоёулаа Их наранд байдаг манай найзынхруу хамт явчихаад ирье” гэсэн. Тэгээд бид хоёр гэрээс нь хамт гараад Их нарангийн урд талын автобусны буудал дээр ирээд “эндээ хүлээгээд зогсож бай, би найзтайгаа уулзчихаад ирье” гээд намайг үлдээгээд явсан. Тэгээд автобусны буудал дээр 20-30 минут орчим хүлээж байтал Нямдаваа ах гартаа жижиг цүнх барьчихсан гүйж ирээд “явъя“ гээд зам хөндлөн гараад баруун тийшээ гүйгээд нэг гудамж руу орсон. Тэгээд нэг гудамжинд орж зогсоод “би сая хүнээс авчихлаа” гээд цүнхийг нь онгойлгоод дотор нь байсан мөнгийг тоолоход нийт 300,000 төгрөг байсан. Тэгээд бүхэл 10,000, 20,000-тын дэвсгэртийг өөрөө аваад, задгай 1,000-тын дэвсгэртээр 40 гаруй мянган төгрөгийг надад өгөөд, цүнхийг нь тэр гудамжинд хаяад, бид хоёр төв замаас такси барьж, 1 дүгээр хорооллын Хархорин захын хойно байрлах “Best” нэртэй бааранд орсон. Бид хоёр тэнд архи, шар айраг авч уугаад, 1 цаг гаруй сууж байгаад гарч такси бариад Н ахын гэрт нь иртэл гэрийнх нь гадаа машин зогсож байсан чинь Н ахтаксины жолоочид “баруун тийшээ эргэчих” гээд зугтсан боловч хоёр гурван ах ирээд бид хоёрыг барьж авсан. Тэгээд бид хоёрын халаасанд байсан мөнгөнүүдийг аваад “цүнх нь хаана байна” гэж цүнх хаясан газрыг нь заалгаж цүнхээ олж аваад, Н ахын очсон гэх айлруу дагуулж явсан. Би тухайн үед юу болоод байгааг ойлгоогүй. Тэгээд цагдаа нар ирж, бид хоёрыг авч яваад эрүүлжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар хуудас);
4. Ц.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...намайг 2018 оны 01 сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ зурагт үзээд хэвтэж байхад гаднаас үл таних 20-25 орчим насны, юүдэнтэй хар цамцтай, нимгэн хар хүрэм (куртик)-тэй туранхай эрэгтэй хүн орж ирээд миний амыг дарж байгаад цүнхтэй эд зүйлсийг маань аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас);
5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд(хх-ийн 11-15 дугаар хуудас);
6. Шүүгдэгч А.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны гэртээ байж байгаад хамаатныхаа дүү болох У-тай 23 цагийн үед тамхи авахаар гэрээсээ гарсан. Тэгээд би У-ыг автобусны буудлын наахан талд үлдээгээд “чи наанаа байж бай, би явчихаад ирье” гээд Ш эмээгийн гудамж руу ганцаараа явсан. Гэхдээ У Ш эмээгийнхрүү явна гэдгийг мэдээгүй. Намайг Мандал Овооны 9-18 тоотод байх Ш эмээгийн хашааны үүдэнд очиход 00 цаг өнгөрч байсан ба хашаанд байх Л эгчийн байшин болон хадам ээж У-гийн гэрийн гэрэл нь унтраалттай байсан. Би Ш эмээгийн байшингийн цонхоор харахад зурагт нь асаалттай байсан бөгөөд намайг дотогш ороход Ш эмээ гэрийнхээ баруун талын орон дээр унтаж байсан. Түүний гар цүнх нь толгойн дээд хэсэгт байсныг нь би шүүрээд автал Ш эмээ өндийгөөд цүнхний оосорноос бариад тавихгүй, гарнаас зуураад хазах гээд байхаар нь гараараа түлхэж хойш нь хэвтүүлээд, гараараа амыг нь дарж байгаад цүнхийг нь хүчээр булааж аваад гарч зугтсан. Тэгээд би У дээр очоод “би энэ цүнхийг гудамжнаас оллоо” гэж хэлээд, төв замын баруун талын нарийн гудамжаар гараад, бид хоёр цүнхийг нь ухаж үзтэл 1,000-тын дэвсгэрт 40 ширхэг, 5,000, 10,000,20,000-тын дэвсгэрт нийлээд 300 гаран мянган төгрөг, “Nokia”загварын гар утас байсныг аваад цүнхийг дотор нь байсан бичиг баримттай нь хамт гудамжинд хаясан. Би У-т задгай 1,000-тын дэвсгэртүүдийг өгөөд, өөрөө үлдсэн мөнгийг нь аваад бид хоёр Хархорин захын хойно байдаг“Веst” нэртэй бааранд 70 гаруй мянган төгрөгөөр 0,5 литрийн хэмжээтэй нэг лонх архи, 6 лонх шар айраг, ундаа зэрэг зүйлс авч хувааж уучихаад, 03 цаг болж байх үед гэр лүүгээ такси бариад очтол манай хашааны үүдэнд хадам ахын 41-03 УБЕ улсын дугаартай “Toyota Prius-20” загварын машин зогсож байхаар нь “хадмууд ирчихсэн байна” гэж мэдээд такситайгаа буцаад, баруун талын хаалгаараа орох гээд үүдэн дээр ирээд зогстол манай хадам ах Г, Л эгч нар ирээд намайг барьж авсан. Тэгээд бид хоёрыг машиндаа оруулаад халаасанд байсан Ш эмээгийн гар утас, 190 гаруй мянган төгрөгийг аваад,“алтан ээмэг бөгж хаана байна” гээд байсан, би “мэдэхгүй” гэж хэлсэн чинь “цүнх нь хаана байна” гэхээр нь би цүнх хаясан газраа хэлж өгсөн. Би эхнэр Э-тэй 2016 оны 05 дугаар сард танилцсан ба манай эхнэрийн ээжийг У гэдэг юм. Хадам ээж 26 дугаар хороо, Мандал Овооны 9-18 тоотод хашаанд эгч Л болон Ш эмээгийнхтэй хамт нэг хашаанд байдаг. Энэ үеэс эхлэн хадмынхаа гэрээр орж гарах үедээ Ш эмээгийн гэрээр орж гарч ус, түлээгий нь дөхүүлж өгч таних болсон. Би тухайн үед мөнгөгүй байсан ба мөнгөний хэрэг гарчихаад Шаpaa эмээгийн цүнхийг авсан. Цүнхэнд нь мөнгө байгаа гэдгийг мэдэж байсан. Тэр өдрөөс хоёр хоногийн өмнө Ш эмээг эмнэлэг явах гэж байхад нь би хамт явж байхад цүнхийг нь барьж байгаад мөнгө байгааг нь харсан юм. Харин цүнхэнд нь алтан ээмэг байсан гэдгийг нь мэдээгүй. Би хялбар аргаар мөнгө олох зорилгоор Ш эмээгийн цүнхийг авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-48 дугаар хуудас)зэрэг нотлох баримтаар тогтоогдов.
Шүүгдэгч А.Н нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Шунхлай” ШТС-ын баруунд талд байрлах “Ногоон туяа” нэртэй зочид буудлын 7 дугаарын өрөөнөөс Б.О-гийн “Самсунг Эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч А.Н-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хохирогч О-гийн гар утсыг хулгайлсан үйлдлийн тухайд маргаан байхгүй, хэлэх зүйлгүй. Түүний гар утсыг барьцаанд тавьж зээл авахдаа эхнэртэйгээ хамт явсан. Манай эхнэр хулгайн гар утас гэж мэдээгүй. Би түүнд олсон гэж хэлсэн. Цагдаа нар гар утсыг хураан авч эзэнд нь өгсөн бөгөөд барьцаалан зээлдүүлэх газарт манай эхнэр өөр зүйл барьцаалж, төлбөрөө хуваарийн дагуу төлж байгаа болно...” гэсэн мэдүүлэг;
2. Иргэний нэхэмжлэгч О.Э-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд би амарч байсан тул, “68” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаагүй байсан. Манай менежер Г ажиллаж байсан. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12-13 цагийн үед гар утас барьцаанд тавихаар шүүгдэгч А.Н эхнэр хүүхдийн хамт орж ирээд “ахаа манай хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтэх гэж байгаа юм, надад 600,000 төгрөг хэрэгтэй байна. “Самсунг Эс-8” загварын гар утсаа барьцаанд тавья” гэж хэлсэн байсан. Тухайн үед түүний эхнэр Э-гийн барьж явсан гар утас нь 600,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан тул 600,000 төгрөгөөр барьцаанд авсан байсан. Гэтэл маргааш нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч ирээд “Н гэх хүн гар утас тавьсан уу” гэж асуусан. Түүний дагуу Н нэрээр зээлийн баримтыг шүүж үзэхэд гарч ирээгүй. Тэгээд манайх барьцаат зээлийн баримтаа гаргаж үзүүлэхэд Э нэрээр гарч ирсэн. Гэтэл мөрдөн байцаагч Н-г дагуулж орж ирсэн. Би тухайн үед ажил дээрээ байгаагүй тул Н-г танихгүй гэдгээ хэлсэн. Тэгээд тухайн утас хулгайн зүйл тул авч явах шаардлагатай гэж хэлсэн. Харин намайг энэ талаараа цагдаагийн хэлтэст өргөдөл бичиж өгөөрэй гэсэн. Би 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн. Н-гийн эхнэр Э өөр зүйл барьцаалан, зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүргээ хуваарийн дагуу төлж байгаа тул шүүгдэгч А.Н-гаас нэхэмжлэх зүйл байхгүй...”гэсэн мэдүүлэг;
3.Хохирогч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 6 сарын 23-24-нд шилжих шөнө “Шөнийн зах”-ын замын урд талын нийтийн караокед байж байгаад, хажуу ширээнд сууж байсан 18-20 орчим насны залуутай танилцсан. Тэгээд караокеноос гараад бид хоёр хамт Содон хорооллын Хаан банкны АТМ-ээс мөнгө аваад, “Ногоон туяа” нэртэй зочид буудалд хамт орсон. Тэгээд унтаж байгаад сэртэл миний “SamsungS-8” загварын гар утас байхгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 66-67 дугаар хуудас);
4. Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай буудалд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд, 3 давхрын 7 тоот өрөөг 25,000 төгрөгөөр авсан. Тэр хоёр хэсэг хугацаанд хамт байж байгаад, эрэгтэй нь 03 цагийн үед буудлаас гарсан, нөгөө эмэгтэй нь өглөө 07 цагийн үед буудлаас гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 73-74 дүгээр хуудас);
5. Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхад гаднаас эмэгтэй, эрэгтэй хоёр нэг хүүхдийн хамт орж ирээд “SamsungS-8” загварын гар утас барьцаалж зээл авъя гээд “энэ гар утсыг хэдэн төгрөгөөр авах вэ” гэхэд нь би 600,000 төгрөгөөр авах боломжтой гэсэн.Тэгэхэд тэд“өөр газар үзээд ирье” гээд гарч явсан. Тэгээд удалгүй 30 орчим минутын дараа буцаж орж ирээд “надад 650,000 төгрөг хэрэгтэй байгаа юм аа” гээд гуйгаад байхаар нь хэлсэн үнээр нь барьцаанд авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 80-81 дүгээр хуудас);
6. Гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Н шөнө 4 цагийн үед ирээд унтсан. Тэгээд өглөө нь босоод харахад Н “SamsungS-8” загварын гар утас гаргаж ирээд, кодыг нь хийгээд асаагаад байхаар нь би “хэний утас юм бэ, яаж кодыг нь мэдээд байгаа юм бэ” гэсэн чинь “би караокеноос олсон юмаа, код нь түгээмэл код байна” гэж хэлж байсан. Тэгээд утсыг нь асаагаад хүн залгахыг хүлээж байгаад залгахгүй болохоор нь гараад барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан. Би тухайн үед “битгий барьцаанд тавь” гэсэн боловч Н “зүгээрээ” гээд байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 83-84 дүгээр хуудас);
7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 56-58 дугаар хуудас);
8. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 5 дугаар хуудас);
9. Тэнцвэр эстимэйт ХХК-ийн “Samsung S-8”загварын гар утсыг 850,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан(хх-ийн 86-87 дугаар хуудас);
10. 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 0038746, 0039584 дугаартай “68” барьцаалан зээлдүүлэх газрын барьцаат зээлийн гэрээ (хх-ийн 105-107 дугаар хуудас);
11. Шүүгдэгч А.Н-гийн иргэний бүртгэлийн нэгдсэн лавлагаа (хх-ийн 175-176 дугаар хуудас),
12. Шүүгдэгч А.Н нь урьд ял шийтгүүлээгүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 109, 173 дугаар хуудас),
13. Шүүгдэгч А.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн өдөр эхнэр Э-гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол 32 дугаар байрны хойно байх “Их мөнх наран” гэх ломбардад эхнэрийнхээ нэрээр 650,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Эхнэр бид хоёр хүнд 300,000 төгрөгийн өртэй байсан тул өрөө өгөөд үлдсэн 350,000 төгрөгөөр хувцас авч өмссөн. Мөн өөрсдийнхөө гар утсыг 60,000 төгрөгөөр ломбардад тавьсан байснаа авсан. Тэгээд хоёр хоногийн дараа нөгөө ломбарднаас нэмж 50,000 төгрөг аваад нийт 700,000 төгрөг авсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа цагдаа нар утас алдсан гэх эмэгтэйтэй манай гэрт ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 94-97 дугаар хуудас)зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдов.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул харьцуулан үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Прокурор, мөрдөгч энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тодруулсан байх бөгөөдмөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар Ц.Ш-гийн эд зүйлийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолсноор төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул дээрэмдэх гэмт хэрэгт нь хор уршиг шаардахгүй. Харин хулгайлах үйлдлийн тухайд 850,000 төгрөг буюу 300,000 төгрөгөөс дээш үнэлгээ бүхий гар утас хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт: “...миний үйлчлүүлэгч А.Н нь хохирогч Ц.Ш-гийн амь биед аюултайгаар хүч хэрэглээгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хөнгөрүүлж, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж өгнө үү...” гэснийг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Хууль тогтоогч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “булаах” гэмт хэргийг хуульчлаагүй бөгөөд “дээрэмдэх” гэмт хэргийг тодорхойлохдоо зэрэгцээ хоёр төрлийн үндсэн бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж зэрэгцээ хэлбэрээр дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжтэй хуульчилсныг өмгөөлөгч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “булаах”, “дээрэмдэх” гэмт хэрэгтэй шууд адилтгах байдлаар тайлбарлаж буй нь буруу юм.
Учир нь, урьд буюу 2002 оны Эрүүгийн хуульд заасан булаах, дээрэмдэх гэмт хэргийн зүйлчлэлд онолын болон практикийн маргаан дагуулдаг байсан гэмт этгээдийн хэрэглэсэн хүчний хэр хэмжээг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль нэг талд нь гаргасан байна. Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор “амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж” хэмээн хуульчилсан байсан нь үнэн хэрэгтээ амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн болон хүч хэрэглээгүй хоёр үйлдлийн хооронд тодорхойгүй зааг үүсгэж, “булаасан”, “дээрэмдсэн” гэсэн үг зүйн хувьд маргаж, гэмт этгээдийн хэрэглэсэн хүчний хэр хэмжээг аюултай, аюулгүй эсэхийг тодорхойлоход мэтгэлцээний цөм оршиж байсныг халсан гэж ойлгоно.
Тодруулбал, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид булаах, дээрэмдэх гэж ялгаатай нэр томьёо хуульчлаагүй бөгөөд гэмт этгээд “хүч хэрэглэж”, “хүч хэрэглэхгүйгээр” гэсэн хоёр хэсэгт хувааснаар урьдын маргааныг эцэс болгосон байна.
Иймд гэмт этгээд хохирогчийн эсрэг их, бага алин боловч хүч хэрэглэсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйн хэрэг бөгөөд энэ хэргийн улмаас хохирогчид гэмтэл учрах, амь биед аюултай хүч хэрэглэсэн байхыг хуулиар шаардахгүй. Харин гэмт этгээд бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь хохирогчийн биеийн хориглолттой огт тулгараагүй байх учиртай.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч А.Н-гийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий аталбусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон, мөн бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар хууль бусаар авсан байх тул түүнийг эдгээр гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Н-г“дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд, мөн “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайдтус тус тооцож, түүндЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.О “...би SamsungS-8” загварын гар утсаа буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй...” гэж, хохирогч Д.Л “...цүнхтэй эд зүйлсээ буцааж авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж, шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч “...Н-гийн эхнэр Э өөр зүйл барьцаалан, зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүргээ хуваарийн дагуу төлж байгаа тулшүүгдэгч А.Н-гаас нэхэмжлэх зүйл байхгүй...” тус тус мэдүүлсэн байх тулшүүгдэгч А.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Н нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр хэвтэрт байгаа хүнийг дээрэмдсэнийг эрүүгийн хариуцлагыгхүндрүүлэх нөхцөл байдалдтооцсон болно.
Улсын яллагчийндүгнэлт: “...Шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаартүүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг хоёр жил зургаан сарын хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шүүгдэгч А.Н-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийндүгнэлт: “...миний үйлчлүүлэгч нь эх, эхнэр, бага насын хүүхдийн хамт амьдардаг. Шүүгдэгч А.Н нь сургууль төгсөөгүйгээс болж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг.Тэрээр 16 наснаасаа амьдралаа нуруундаа үүрч яваа хүүхэд, амьдралын хүнд хүчир байдлаас болж, эдгээр гэмт хэрэгт холбогдсон. Улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх санал гаргаж байна. Түүнд урьд шийтгэл тогтоолоор оногдуулсан хорих ялын хугацаа өнөөдрийн байдлаар дууссан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан доод хэмжээгээр ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн доод хэмжээгээр ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэншүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үүрэг оролцоо, тэдний хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Н ньурьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 161 дугаар шийтгэх тогтоолоор “бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож,2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан байх бөгөөд тэрээр 2018 оны 01 дүгээр сарын 31-нд буюу ял хойшлуулсан хугацааны дотор гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул түүнд оногдуулсан уг хорих ялыг биечлэн эдлүүлэх үндэслэл болж байна.
2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор шүүх эрүүгийн хууль буцаан хэрэглэх үндэслэл бий эсэхийг хянаж үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байх бөгөөд уг зүйл, хэсэг нь хорих ялгүй болсон байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Н-г Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 161 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэгтэд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,шүүгдэгч А.Н-д биечлэн эдлэх хорих ял оногдуулсан тул “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.А овогт А.Н-г“дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд, мөн “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар хоёр жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг хоёр жил зургаан сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг тус тусбаримтлан шүүгдэгч А.Н-г Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 161 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч А.Н-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Н-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА