Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/ма2023/00078

 

 

 

 

 

 

 

 

2023 01 04 210/МА2023/00078

 

 

Б ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/02705 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК -ийн хариуцагч К ХХК дах Б-ны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан Б ХХК -ийг төлбөр авагчийн дараалалд оруулахыг Капитал Б-ны эрх хүлээн авагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Б ХХК нь гэрээний үндсэн дээр К ХХК -ийн захиалгаар барилга угсралтын ажил гүйцэтгэх болон К ХХК -ийн өмчлөлийн, үл хөдлөх хөрөнгүүдийн засвар үйлчилгээ, ашиглалтын зардлыг хариуцан ажилласан. Нэхэмжлэгч Б ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04/85 дугаар нэхэмжлэл гаргах тухай албан бичгээр 8 барилгын ажлын гүйцэтгэлд холбогдох 650 хуудас нотлох баримтаар хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэлийг Б-ны эрх хүлээн авагч хүлээн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Нэхэмжлэл хүлээн авсан тухай 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтоор нотлогддог. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2278 дугаар нэхэмжлэлийн шаардлага хүлээн авахаас татгалзсан хариуг өгсөн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар Б-ны эрх хүлээн авагчаар М.А-ид Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрх олгогдсон байхад банкийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэгчид татгалзсан хариу өгсөн нь хууль зөрчсөн байна.

Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3, 71.2.4, Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх тухай журмын 5.7-д тус тус заасныг баримталсан хууль зүйн үндэслэлтэй татгалзлыг Б ХХК -д ирүүлээгүй. Хэдийгээр 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2544 дүгээр албан бичигт ...нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг холбогдох хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ гэж тодорхойгүй хариуг өгсөн. Уг хариуг Капитал банк дах Б-ны эрх хүлээн авагч нь Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх тухай журмын 5.7 болон Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.1, 71.2.2-т заасныг зөрчиж, Б ХХК -ийг 8 барилгын ажлын гүйцэтгэлээс нотлогдохгүй гэж татгалзаж буй хэмжээгээ тодорхойлоогүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2-т заасны дагуу Б ХХК -ийг төлбөр авагчийн дараалалд орох эрхтэй. Учир нь К ХХК болон Б ХХК , Б ХХК К нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэлцэл, ажил гүйцэтгэх гэрээгээр нийт 11 объект, газрын барилгын ажлыг эхлүүлэх, засвар хийх, арчлалт хамгаалалтыг хариуцан гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Уг тохиролцооны дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 8 барилгын ажлыг нэхэмжлэгч тал гүйцэтгэсэн бөгөөд Капитал банк дах Б-ны эрх хүлээн авагч нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 323 дугаар албан бичиг, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1585 дугаар хамтран ажиллах тухай албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 04/86 дугаар төсвийн задаргааг ирүүлэх тухай албан бичиг, хөрөнгө хүлээлцсэн актуудаар ажил гүйцэтгүүлсэн нь нотлогдож байна.

Ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар К ХХК -ийг албадан татан буулгах тухай тушаалаас хойш ч биелүүлсээр ирсэн, мөн хариуцагчаас гэрээ хэлцэл цуцлагдаагүй учраас үүргээ биелүүлэхийг шаардаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлсөө шаардах эрхтэй. Энэ нь 12.700.000.000 орчим төгрөгийн үнэлгээтэй ажил болсон байна. Дээр дурдсан ажлуудыг бүгдийг нь банканд хүлээлгэж өгсөн. Банкны зүгээс тухайн эд хөрөнгө банкны нэр дээр бүртгэлтэй байна, хүлээж авсан байна гэдэг талаар баримтуудыг гаргаж өгсөн. Мөн тухай газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг хүлээж аваад дуудлага худалдаагаар оруулсан гэдгээ баримтаар гаргаж өгсөн.

Иймд К ХХК дах Б-ны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.4, 71.3-т заасныг зөрчиж, Б ХХК -ийн гүйцэтгэсэн 8 барилгын ажилд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2-т заасны дагуу Б ХХК -ийг төлбөр авагчийн дараалалд оруулахыг К ХХК дах Б-ны эрх хүлээн авагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар К ХХК -ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар Б-ны эрх хүлээн авагчийг томилсон. Нэхэмжлэгч нь 8 ажлын гүйцэтгэлд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авч, Б ХХК -ийг төлбөр авагчийн дараалалд багтаахыг Капитал Б-ны эрх хүлээн авагчид даалгах гэж тодорхойлсон. Дээрх шаардлагад хамаарах нэр бүхий 8 ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан боловч тухайн ажил, үйлчилгээг ямар гэрээнд үндэслэж гүйцэтгэсэн, мөн К ХХК тухайн гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмнө ямар үүрэг хүлээсэн, эрх зүйн харилцаа үүссэн эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Учир нь хэрэгт К ХХК болон Б ХХК нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн К-11/380 дугаар хамтран ажиллах гэрээний зорилго нь Банкны санал болгосон үл хөдлөх хөрөнгийг Б ХХК -ийн зүгээс худалдан борлуулах, үл хөдлөх хөрөнгийн үнийн мэдээллээр хангахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино. гэж заасан нь тухайн гэрээгээр барилгын засвар үйлчилгээ, ажил гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулаагүй байхад ажлын хөлс нэхэмжлэх нь үндэслэлгүй.

Б ХХК болон Б ХХК К-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн К7/210 дугаар хамтран ажиллах гэрээний хувьд К ХХК оролцоогүй тул дээрх гэрээний дагуу банкинд үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шаардлага нотлох үүрэгтэй. Дээрх хамтран ажиллах гэрээ болон нэхэмжлэлийн шаардлага хоорондоо уялдаа холбоогүй байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан 8 ажил үйлчилгээг Б ХХК бус өөр иргэн, байгууллага гүйцэтгэсэн талаарх баримт мэдээллийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөх боломжтой болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдаад байгаа 650, 1100 ширхэг баримтууд нь Банкны тухай хууль, Дараалалд оруулах журамд заасан бичиг баримтуудыг хангаагүй. Хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээ нь худалдан борлуулах гэсэн агуулга бүхий 2 гэрээ байгаа. Банк бол барилгын ажлыг хийж гүйцэтгэх үндэслэл байхгүй. Өмчлөх бус үндсэн хөрөнгөд бүртгэсэн хөрөнгүүдийг худалдан борлуулах, харуул хамгаалалт, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлын талаар Б ХХК -тай хамтын ажиллагаагаар хийсэн. К ХХК -ийн эрх хүлээн авагч 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээж авахад Б ХХК өр авлага үүсээгүй байсан. Банкны тухай хууль болон журамд заасан үндэслэлээр татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Б-ны эрх хүлээн авагчийн зүгээс санхүү, тайлан бүртгэлд нэхэмжлэгч талаас өр, авлага бүртгэгдээгүй. Мөн банкны үйл ажиллагаанд хамаарахгүй, хууль зөрчиж хийсэн хэлцэл гээд байгаа нь тодорхойгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг төлбөр авагчийн дараалалд оруулахыг хариуцагч К ХХК дах Б-ны эрх хүлээн авагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК дах Б-ны эрх хүлээн авагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК -д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Б-ны эрх хүлээн авагч 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр томилогдож, К ХХК -аас хүлээлгэн өгсөн тайланд Б ХХК -ийн өглөгийн тайлан тэнцэл.дансыг хүлээлгэн өгөөгүй, байхгүй байсан. Б ХХК -ийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 8 барилгын ажилтай холбогдох нэхэмжлэл, холбогдох баримтуудын хамт гаргасныг Б-ны эрх хүлээн авагч хүлээн авч, Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.2, 71.2 дах хэсэгт заасан үндэслэлээр татгалзсан. Учир нь Б ХХК -аас барилгын ажилтай холбогдох нэхэмжлэлийн үндэслэлийг баталгаажуулах үнэн зөв бодит нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй бөгөөд хавсаргасан баримт нь эргэлзээтэй гэж үзэн Б-ны эрх хүлээн авагчийн зүгээс Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.1-д заасан үндэслэлээр шаардлагыг хүлээн авах, дараалалд оруулахаар татгалзаж шийдвэрлэсэн. Хариуцагч нь хэрэгт авагдсан гэрээ хэлцэл, нотлох баримтууд, Банкны тухай хуулийн зүйл, заалтыг зөрчсөн, гэрчийн мэдүүлгийн үндсэн дээр мэтгэлцэж тайлбарласан байхад дээрх барилгын 8 ажлын хүрээнд хийгдсэн баримтууд нь К ХХК -тай холбоотой санхүүгийн баримт байхгүй гэдэг нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/97 дугаар тушаалын хавсралтаар Б-ны эрх хүлээн авагчийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Т.Одонтугалаг нь орлогчоор баталж, тэрээр орлогчийн хувьд хариу өгснийг Капитал банк дах Б-ны эрх хүлээн авагчийг төлөөлөх эрх бүхий этгээд хариу өгсөн гэж үзэх нь зүйтэй гэж дүгнэсэн бөгөөд Б ХХК -ийн 8 барилгын ажилтай холбоотой баримтуудаас аль нь хууль зүйн үндэслэл бүхий гэдэг нь нотлогдохгүй, түүнийгээ нотлож чадахгүй байхад, санхүүгийн анхан шатны баримтын шаардлагыг хангахгүй, татварын тайлан гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүух нэхэмжлэгч талын аман тайлбарыг үндэслэн дүгнэж, шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 1,700 гаруй хуудас баримтыг эрх хүлээн авагчид гаргаж өгсөн. Тус баримтад шүүхийн журмаар үзлэг хийж, хэрэгт хавсарган. Эх хувь баримтыг гаргаж өгч байсан бөгөөд энэ талаар Б-ны эрх хүлээн авагчийн зөвлөл хүлээн авсан талаар гэрчийн мэдүүлэг өгч мэдүүлсэн. Банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах, эрх бүхий этгээдийн гаргасан нэхэмжлэлийн дүнг шалгах зааварт баримтуудыг шалгаж, шаардлагын хэмжээг баталгаажуулна гэж заасан. Өгсөн дүнгээр бүхэлд нь баталгаажуулах бус, шаардлага хангасан хэсгээр баталгаажуулах боломжтой. Гэтэл Б-ны эрх хүлээн авагчаас бүхэлд нь татгалзсан. Ямар үндэслэлээр эргэлзээтэй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй. Капитал банкны өмчлөх бус хөрөнгөд бүртгэлтэй газруудад нэхэмжлэгчээс карказ босгож, ажил гүйцэтгэсэн бөгөөд Капитал Б-ны эрх хүлээн авагчаас акт үйлдэж, хүлээн авч, худалдан борлуулсан. Зөвхөн газраар авсан гэж тайлбарлаж байгаа боловч газар, карказыг тус бүр үнэлж, худалдсан. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан атлаа манай хөрөнгөд бүртгэлгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Улсын комисс ажиллаж, гэрчилгээ авч, нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлж өгсөн. Энэ талаар баримтыг гаргаж өгсөн боловч баримт байхгүй гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй байна. Хүлээн авахаас татгалзсан үндэслэл нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх баримтуудтай холбоогүй гэж харж байна. Учир нь Капитал Б-ны эрх хүлээн авагчийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд холбоотой этгээд учир хасъя, өөрөө шүүхээр шийдвэрлүүлж, дараалалд орвол тэр биз гэсэн тайлбар бичигдсэн байдаг. Шүүх бүх гэрээ хэлцэл, холбогдох баримтыг нэг бүрчлэн дүгнэсэн. Уг маргаан нь төлбөртэй холбоотой маргаан бус, дараалалд оруулахтай холбоотой маргаан юм. Дараалалд оруулсны дараа хэдэн төгрөг авах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч К ХХК дах Б-ны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан Б ХХК -ийг төлбөр авагчийн дараалалд оруулахыг Капитал Б-ны эрх хүлээн авагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. К ХХК , Б ХХК , Б ХХК К-иудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ болон хэлцлийн үндсэн дээр К ХХК -д үзүүлсэн үйлчилгээ, хийж гүйцэтгэсэн барилга угсралт, барилгын бүх төрлийн ажил, засвар, засал, чимэглэл, бусад хариуцан гүйцэтгэсэн ажлуудын төлбөр тооцоог нийлэх, харилцан дүгнэх, тэдгээр ажлын төлөгдөөгүй төлбөрийг Капитал Б-ны эрх хүлээн авагчаас шаардах эрхийг шилжүүлэхээр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

4. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А-302 дугаар тушаалаар Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх журам батлагдсан байх ба уг журмыг захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэж үзнэ.

5. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/96 дугаар тушаалаар К ХХК -ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А/97 дугаар тушаалаар Б-ны эрх хүлээн авагчийг 1 жилийн хугацаагаар томилсон бөгөөд уг хугацааг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394 дугаар тушаалаар сунгасан байна.

6. Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар банкинд албадлагын арга хэмжээ авах тухай Монголбанк, эрх бүхий бусад этгээдийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдогч этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах журамтай.

7. Анхан шатны шүүх Монголбанкны зүгээс томилогдсон Б-ны эрх хүлээн авагчийн явуулж байгаа шийдвэр үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийг Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дах хэсэгт заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан тусгай журмаар хянан шийдвэрлэх журмыг шүүх зөрчиж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д шүүх энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчиж гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/02705 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б ХХК -ийн хариуцагч К ХХК дах Б-ны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан Б ХХК -ийг төлбөр авагчийн дараалалд оруулахыг Капитал Б-ны эрх хүлээн авагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.ЦОГТСАЙХАН