Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1230

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,                            

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч М.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ч овогт М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0549 41477 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ч овогт М.Б, 1969 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Гурван булаг сод ХХК-д шугам хоолойн угсрагч ажилтай, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлэг 9 дүгээр гудамж 411 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:.............../,

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Билэгсайхантай маргалдсаны улмаас түүний толгойг тоосгоор цохин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Т.Билэгсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл Батхүү ах намайг ална шүү гээд лоом шидэх гэснээ больчихсон...манай хашаанаас өөрийнхөө байшин руу тусгаарласан тоосгон хана өрөх гэхээр нь би өрж болохгүй гээд маргалдаж байгаад тэр ах гэнэт орилж ирээд намайг заамдаж байгаад миний нүүрэн тус газар зүүн шанаа хэсэг газар руу гурван удаа цохьсон...би хэсэг амьсгаа боогдчихсон тонгойгоод амьсгаадаад зогсож байтал Батхүү ах миний араас толгойн зүүн дагз хэсэг орчимоор тоосгоор 2 удаа цохьсон. Би тоосгодуулаад газар унатал намайг дахиад цохих гэхээр нь би баруун гараараа хаасан…” гэх мэдүүлэг. /хх-11/,

Гэрч Э.Энхтуул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... хөрш айлын ах хашаан дээр гараад орилоод байсан. Манай нөхөр гарч очсон манай нөхрийг заналхийлж маргалдаж байгаад тоосгоор толгойг нь хагалаад, 2-3 удаа нүүрэн тус газар цохиж зодсон, мөн намайг салгах гэхэд түлхээд хэл амаар гичий, янхан гэх мэтээр доромжилсон… ” гэх мэдүүлэг. /хх-6/,

Яллагдагч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг гөлөг гэхээр нь уур хүрээд байшингаас бууж очоод харилцан бид хоёр цохилцсон чинь тэр залуугийн эхнэр миний араас үснээс зулгаагаад нийлээд цохихоор нь газраас тоосго аваад шидээд толгойн ар хэсэгт цохьсон чинь эхнэр нь тархи хагалчихлаа гээд цагдаад дуудлага өгсөн... газраас тоосго аваад шидсэн чинь толгойн тус газарт нь цохигдсон… ” гэх мэдүүлэг. /хх-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7914 дугаартай дүгнэлт:

  1. Т.Билэгсайханы биед тархи доргилт, дагзны хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-15/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М.Бнь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Билэгсайхантай маргалдсаны улмаас түүний толгойг тоосгоор цохин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Т.Билэгсайхан нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч овогт М.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Б-г 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун  мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР