Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1244

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Ш.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ц овогт Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0621 61473 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ц овогт Ш.Б, 1984 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Угтаал Цайдам суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Автын механикч мэргэжилтэй, “Жунсон Констракшин” ХХК-д бригадын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1114а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:...............,

Шүүгдэгч Ш.Б нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барьж байгаа “Жунсон Констракшин” ХХК-ийн барилгын хашааны гадна хохирогч Б.Мөнхжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ш.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэв.

Хохирогч Б.Мөнхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчим би ажлын байрныхаа улаан тууз татсан хэсэг рүү ороод явах гэж байхад манай бригадын дарга Баатарцогт “та нар наад руугаа битгий давж бай, буцаад гар” гэсэн. Бид эргээд явж байтал Баатарцогт миний хажуугаар гарахдаа шанаа руу гараараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Орой ажлаа тараад би эхнэртэйгээ хамт зам дагуу алхаж байтал Баатарцогт ажлын хашаанаас гарч ирээд “чамайг ална” гээд дайрахад хүмүүс болиулсан. Тэгээд намайг дуудаад гэр хорооллын булан эргээд шанаа руу гараараа хэд, хэдэн удаа цохиод, цамцны захаар намайг боогоод баруун талын хавирга руу гараараа 2-3 удаа цохьсон. Намайг газар унасан байхад дээрээс дэвсээд байсан. Намайг Баатарцогтоос өөр зодож цохьсон хүн байхгүй. Эмчилгээний зардал болон бусад зардалд 728.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хх6-8/,

Гэрч Б.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 20 цагт би ажлаасаа тараад ажлын гадаа нөхөр Мөнхжаргал болон манай ажлын газрынхан зогсож байхад Баатарцогт ах гарч ирээд “Мөнхжаргалаа нааш ир” гэж дуудаад “хоёулахнаа хэн нь хэнийгээ үзнэ” гээд “Жаст Ойл” шатахуун түгээх станцын тийшээ гудамж руу орсон. Би хойноос нь очиход газар хэвтүүлчихсэн, хоолойг нь боогоод өшиглөж байсан. Бидэнтэй цуг явсан Адъяа, Буянтогтох хоёр очоод салгах гэхэд тэр хоёрыг цохиж хөөгөөд байсан. Тэгээд дахиад нүүр рүү нь цохиод Мөнхжаргалын хавирга хавьцаа нэг удаа өшиглөсөн. Тэгээд дахин толгой руу нь өшиглөж байхад манай ажлын газрын Гантулга гэдэг залуу хүрч ирээд Баатарцогт ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг. /хх4/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9194 дугаартай дүгнэлт:

  1. Б.Мөнхжаргалын биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи ба дотор булан, баруун хацар, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, хамрын нуруу угалз, доод эрүүний баруун булан, зүүн хацар, доод эрүүний зүүн хэсэг, баруун дал, зүүн тохой зулгаралт, зүүн нүдний дотор булан ба доод зовхи, зүүн хацрын цус хуралт, хүзүү, цээж, зүүн бугалганы зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. /хх-15/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ш.Б нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барьж байгаа “Жунсон Констракшин” ХХК-ийн барилгын хашааны гадна хохирогч Б.Мөнхжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох  нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ш.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Мөнхжаргал нь шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц овогт Ш.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ш.Б-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ш.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР