Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00431

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 27 210/МА2023/00431

 

 

ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03722 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ХХК

Хариуцагч: ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 73,796,751 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. , хариуцагчийн өмгөөлөгч М. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ХХК нь ХХК-ийн худалдаа, үйлчилгээний төвийн 000 тоот хаягт байрлах, 73 м.кв талбайг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл түрээсэлсэн. Талууд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18-44 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслэгч нь дээр дурдсан хаягт байрлах 73 м.кв талбайг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд шилжүүлэх, түрээслэгч нь талбайн 1 сарын төлбөрт 3,285,000 төгрөг, менежментийн зардал 120,000 төгрөг, мөн цахилгааны төлбөрийг түрээслэгч талын талбайд байрлах тоолуурын заалтын дагуу төлөх, эдгээр төлбөрийг сар бүрийн 01-ний өдрийн дотор урьдчилан төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон. Түрээслэгч нь дээрх 18-44 дугаартай гэрээний дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт 12,725,655.35 төгрөгийн үлдэгдэл байна.

1.2 Түрээслэгч нь дээрх гэрээний үлдэгдэл төлбөрийг ...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гэхэд төлж барагдуулна гэсэн хугацаатай 20-34 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээний үлдэгдэл төлбөр 3,891,939 төгрөг, өмнөх оны үлдэгдэл 12,725,655.35 төгрөг, нийт 16,617,594.35 төгрөгийг өөрийн тогтоосон хугацаандаа мөн бүрэн барагдуулаагүй тул 2020 оны 02 дугаар сарын 28- ны өдөр түрээсийн гэрээг цуцлах, талбайг битүүмжлэх арга хэмжээ авах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл түрээслэгч нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хатуу гэрээ хийж, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд алданги тооцуулах тухай хүсэлт гаргасан.

1.3 Талууд 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан гэрээнд техникийн алдаа гаргаж, гэрээний огноо, дугаарлалтыг өмнөх гэрээний огноо, дугаартай ижил буюу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 20-34 дугаартай гэж тусгасан байдаг. Энэхүү түрээсийн гэрээгээр талууд түрээсийн сарын төлбөрийг 4,080,700 төгрөг болгохоор харилцан тохиролцож, гэрээний хугацаанд төлбөрийг 30 хувиар хөнгөлсөн. Ингээд түрээслэгч нь тус гэрээний хувьд хөнгөлөлтийг хасаад, түрээсийн төлбөрт 14,282,450 төгрөг, өмнөх гэрээний үлдэгдэл 16,617,594.35 төгрөг нийт 30,900,044.35 төгрөг төлөх ёстой байсан боловч 10,000,000 төгрөг л төлж, үлдэгдэл 20,900,044.35 төгрөг төлөгдөөгүй. Талууд дээрх гэрээний хугацаа сунгах, түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 50 хувь хөнгөлөх, түрээслэгч нь үлдэгдэл төлбөрийг 2020 оны эцэс гэхэд төлж барагдуулахаар тохиролцсон.

1.4 Ийнхүү талууд 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хөнгөлөлт үзүүлж байгаа гол нөхцөл бүхий гэрээг анхны гэрээний оноогоор буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэж огноолж, 20-59 дугаараар байгуулсан. Энэ гэрээний хувьд түрээслэгч 27,101,794.35 төгрөг төлөөгүй. Үүний дараа 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаа бүхий 21-33 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөг төлснөөс өөр төлөлт огт хийгээгүй. Энэхүү гэрээний хувьд талбай хүлээлгэж өгсөн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 41,623,140 төгрөг төлөх үүрэгтэйгээс 12,242,100 төгрөгийн хөнгөлөлт болон төлсөн 4,000,000 төгрөгийг тус тус хасвал 25,381,040 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. Ингээд өмнөх гэрээнүүдийн дүнг нэмбэл нийт 52,482,834.35 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байна. Үүнээс түрээслэгч нь анх гэрээ байгуулахдаа буюу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр барьцаа төлбөрт төлсөн 3,285,000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 49,197, 834 төгрөг болж байна.

Иймд ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 49,197,834 төгрөг, алданги 24,589,917 төгрөг, нийт 73,796,751 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд сүүлд тооцоо нийлсэн баримт байх ёстой. Түүнийгээ гаргаж өгөөгүй байна. ХХК нь тухайн талбайд хөшиг, HOME DECOR чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан талаар тайлбарлаж, дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалтай холбогдуулан үйл ажиллагаа болон орлого нь муудсан, мөн ХХК-ийг үйлчлүүлэгчийн урсгалыг сайжруулах зорилгоор тодорхой ажиллагаа явуулдаггүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 61,497,292.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 12,299,458.5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 591,934 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 465,436 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч ХХК-ийн өмгөөлөгчийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13:30 цагт товлогдсон шүүх хуралдаанд Монголын Өмгөөлөгчдийн холбоо-с 2022 оны 12 дугаар сарын 13-16-ны өдрийн хооронд зохион байгуулсан хуульчийн үргэлжилсэн 4 кредит багц цагийн сургалтад хамрагдсан тул товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх сургалтад заавал хамрагдах албагүй, сайн дураар хамрагддаг сургалт гэх агуулгаар тайлбарлаж, өмгөөлөгч ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан биш тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналыг гаргасан. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, Ж. намайг өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байхад миний гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн тэгш эрхийн зарчмыг алдагдуулж, Ж. миний өмгөөлүүлэх эрхэнд ноцтой халдсан үйлдэл болсон.

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасныг зөрчих хэргийн оролцогчийн тэгш мэтгэлцэх боломжийг алдагдуулж, өмгөөлөгчгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Хариуцагчийн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотлоогүй. Тухайн сургалтын хөтөлбөрийг хавсаргасан боловч тухайн хөтөлбөр нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр явагдах хөтөлбөр байсан. Шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон боловч хариуцагчийн өмгөөлөгчийн хүлээж шүүх хуралдаан 14 цаг өнгөрч эхэлсэн. Сургалтын төлбөр төлсөн баримт зэрэг сургалтад хамрагдаж байгаа гэх баримтаа ирүүлээгүй. Улсын дээд шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоол, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоол, 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зөвлөмжөөс үзвэл хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь хорио цээрийн дэглэм тогтоогдсон, хүндээр өвчилсөн, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс үл хамаарах шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхийг тайлбарласан. Сургалтад хамрагдаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гардаж авсан. Хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд шүүх хариуцагч талын хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хурал давхардсан гэх боловч баримтаа хавсаргаагүй байсан. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хөдөө яваад хэргийн материалтай танилцаж чадаагүй гэх боловч ямар нэг баримт авч ирээгүй боловч тус тус шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Шүүх хариуцагч талын тэгш эрхтэй оролцох ямар эрхийг зөрчсөн буюу хууль зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргуулах зэрэг хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгоогүй өөрийн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүйгээ шүүх буруутай мэтээр тайлбарлаж байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 49,197,834 төгрөг, алданги 24,589,917 төгрөг, нийт 73,796,751 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ковид-19 цар тахалтай холбоотой үйл ажиллагаа болон орлого муудсан гэж маргажээ.

3. Талууд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18-44 дугаар түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ХХК-ийн үйлчилгээний төвийн 000 тоотын 73 м.кв талбайг түрээслэгч ХХК-д хөшиг, гэр ахуйн чимэглэлийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар, сарын 3,285,000 төгрөг, менежментийн зардал 120,000 төгрөгөөр түрээслүүлэх, мөн цахилгааны төлбөрийг түрээслэгч талын талбайд байрлах тоолуурын заалтын дагуу төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна. /хх15-19/

3.1 Мөн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 20-34 дугаар түрээсийн гэрээгээр түрээсийн төлбөрийг нэг сарын 4,080,700 төгрөг байхаар, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21-33 дугаар гэрээгээр нэг сарын 4,080,700 төгрөг байхаар тус тус тохиролцсон байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

4.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

4.2 Түрээслэгч нь түрээсийн зүйлийг зориулалтын дагуу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл түрээсэлж, мөн өдөр түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон.

Хариуцагч нь түрээсийн төлбөрт нийт 49,197,834 төгрөг төлөөгүй болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа/хх 83/-р нотлогдож байхаас гадна уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар бусад нотлох баримтаар үгүйсгээгүй байна. Иймд анхан шатны шүүх 49,197,834 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

5. Талууд гэрээний 7.1-т алдангийг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

5.1 Анхан шатны шүүх дэлхий нийтийг хамарсан СOVID-19 цар тахал үүссэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, улмаар санхүүгийн хямрал үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг багасгаж 12,299,458 төгрөг болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Энэ талаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

6.1 Хариуцагчийн өмгөөлөгч М. ий шүүх хуралдааныг хойшлуулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар хүсэлтийг анхан шатны шүүх хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэлх хугацаагаар, мөн хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтийг хангаж, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минут хүртэлх хугацаагаар тус тус хойшлуулсан байна. /хх 118, 121-122, 125-127/

6.2 Улмаар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгч М. д 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн. /хх 128/ Хариуцагчийн өмгөөлөгч М. нь мөн өдрийн шүүх хуралдааныг сургалтад хамрагдаж байгаа гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлт /хх 130-131/ ирүүлснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн өмгөөлөгч сургалтад хамрагдах болсон нь түүний хүсэлтэд хавсаргасан сургалтын хөтөлбөр гэх баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх ...шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

6.3 Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгчөөс өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан. Хариуцагчийн өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэргийн оролцогчийн тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан, өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03722 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465,436 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

М.БАЯСГАЛАН