Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1243

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч Д.Уянга,

өсвөр насны шүүгдэгч Б.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Бямбажаргал, тэдгээрийн өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.Э-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0018 10481 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Б.Э, 2001 оны 04 дүгээр сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус бага боловсролтой, мэргэжилгүй, Мандал сумын
Политехникийн коллежид сурдаг,Сэлэнгэ аймаг Мандал сум Хорихын 7-54 тоотод оршин суудаг хаягтай,

-Урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгйин хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялыг 1 жилийн хугацаар хойшлуулсан,

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:.................../,

Өсвөр насны шүүгдэгч Б.Э нь Ч.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 30-нд шилжих шөнө Бяанзүрх дүүргийн 7 дугаар хороо 24 дүгээр байрны гадна иргэн М.Эрдэнэболдын Ай Фоне 6 плас маркийн 624.000 төгрөгийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Өсвөр насны шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бид нар хоол унд идээд байж байтал Бат-Эрдэнэ гарч тамхи татаад ирье гэж гараад орж ирчихээд гадаа нэг том утастай согтуу ах байна гоё том утастай юм байна чи утас олж өгчихөөд яваарай гэсэн тэгээд би булаасан. Бид нар дундаа Бат-Эрдэнэ нь ер нь их том биетэй учраас бид нар Бат-Эрдэнээс айдаг байсан. Тэгээд бид нар тэр утсаа булаагаад Цайз дээр уулзая гээд тэндээсээ утсаа ломбарданд тавиад олсон мөнгөөрөө хоол унд идээд үрсэн. Тэгээд нөгөө байсан газраа ирж байтал цагдаа нар ирсэн байсан. Тэгээд шууд баригдсан” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбажаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манай 2 дахь хүү маань юм байгаан. Би өөрөө хөдөө явж тогоочын ажил хийгээд явсан хойгуур Бат-Эрдэнэ ирээд зардал мөнгийг даагаад хот руу аваад явсан байсан. Эмээ нь уул нь манай хүүхдүүдийг хардаг. Гэхдээ сахарын өвчтэй бие нь муу хүн байдаг юм. Миний хүүг уучлаарай. Одоо миний хүү нь дөнгөж 17 настай байж шоронд орвол, цаашдын ирээдүй аймар санагдаж байна” гэв.

Өсвөр насны яллагдагч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Бат-Эрдэнэ гаднаас гүйж орж ирээд гадаа согтуу залуу унаж тусаад байна Ай Фони 6 плас барьсан байна утсыг нь авчих гэж хэлсэн Ундрахбаяр дугарахгүй байсан ингээд Бат-Эрдэнэ их дээрэлхүү учраас намайг утасны мөнгө олж ир гээд байхаар нь би гараад би согтуу залуугийн утсыг шүүрсэн...” гэх мэдүүлэг. /хх37-38/,

Хохирогч Б.Эрдэнэболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой 00 цаг 30 минутын орчим гадуур явж байгаад нэлээд согтуу байдалтай гэрийнхээ гадаа найзаараа машинаар хүргүүлээд буугаад орцныхоо үүдэнд утсаар яриад байж байтал миний хойноос утсыг маань шүүрээд Бяанзүрх дүүргийн 7 дугаар хороо, Яруу дэлгүүрийн хажуугаар гүйгээд явсан...” гэх мэдүүлэг. /хх20-21, 101/,

Гэрч Ц.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед Бат-Эрдэнэ гаднаас орж ирэхдээ гадаа нэг согтуу хүн утсаараа оролдож байна гэж хэлсэн чинь Энхбат өрөөнөөс гараад явсан, тэгэхээр нь бид араас нь гараад би ажилдаа явахаар болоод намайг найз нар маань хүргэж өгөхөөр гартал Энхбат нөгөө залууг ажиглаад харж байсан бид тоохгүй хажуугаар нь гарсан чинь Энхбат нөгөө залуугийн утсыг шүүрээд зугтаасан юм...” /хх23-24/,

       Гэрч У.Гэрэлцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бат-Эрдэнэ орж ирээд Энхбатыг дуудаж хоорондоо юм яриад байсан. “...бид 5 юм яриад явж байтал...Утсаараа оролдоод явж байсан залуугийн утсыг Энхбат шүүрээд бид нарын өөдөөс гүйгээд хажуугаар өнгөрөөд зугтаасан...” гэх мэдүүлэг. /хх26-27/,

       Гэрч Ч.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...подволоос гараад тамхи татаад буцаж орохдоо Энхбатад гадаа согтуу ах байна, том утастай юм байна гэж хэлсэн би хүний эд зүйлийг авах санаа гаргаагүй...” гэх мэдүүлэг. /хх39-40/,

           Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9 дүгээр хуудас/, Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч  Б.Э нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өсвөр насны шүүгдэгч Б.Э-д Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн Б.Эын нийт биечлэн эдлэх ялын хэмжээг шүүх тогтоосон болно.

Шүүх өсвөр насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар хорих ялаас доогуур ял оногдуулж сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б овогт Б.Э-ыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Эыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж, Б.Эын нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эад оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Эад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР