| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 161/2020/0133/Э |
| Дугаар | 642 |
| Огноо | 2020-11-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 642
М.Ж-ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаар магадлалтай, М.Ж-ад холбогдох 2013000010030 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н овогт М-ын Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н овогт М-ын Ж-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ад 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 7 цагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч М.Ж-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян- Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ж-аас 4.863.930 төгрөг гаргуулан хохирогч Х.А, 4.863.930 төгрөг гаргуулан хохирогч Б.Серикбол нарт тус тус олгож шийдвэрлэсэн байна.
Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Ж-аас 13.921.748 /арван гурван сая есөн зуун хорин нэгэн мянга долоон зуун дөчин найм/ төгрөг гаргуулан хохирогч Х.А, Б.С нарт олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч М.Ж болон түүний өмгөөлөгч С.А, Т.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Х.Алтынбек, тэдгээрийн өмгөөлөгч А.Сн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Ж-, түүний өмгөөлөгч Т.Б, С.А нар хамтран гаргасан гомдолдоо “... Шүүгдэгч М.Ж- нь гэр бүлийн маргаанаас болж улмаар миний эхнэр Х.Булбулыг түүний төрсөн дүү нь Х.А эхнэрийг минь надаас салгаж авах зорилгоор дагуулан аваад явсны дараа би хэд хэдэн удаа, манай ээж, ах дүү нар минь маш олон дахин араас нь очиж би өөрөө тэд нараас уучлалт гуйж байсан ба 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Булбултай уулзахаар очиход манай хадмынд хүн байгаагүй учир би хэсэг сууж байгаад бидний гэр бүлийн асуудалд оролцож байгаа дүү Х.Ат уур хүрч уг гэрээс гарахдаа түүний өнгөт зурагтыг, мөн обой хэвлэгч төхөөрөмжийн хэвлэгч толгойг /фалат/ төмрөөр цохиж эвдэж гараад явсан хэрэг үйлдсэн минь үнэн билээ. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хохиролд 9.0 сая төгрөг төлсөн бөгөөд үлдсэн 10.0 сая төгрөгийг төлж өгч хохиролгүй болгож өгөх гэж байна. Гэтэл дүү Х.А нар маань миний эвдсэн уг обой хэвлэгч төхөөрөмжийг 22.0 сая төгрөг гэж нэхэмжилснийг мөрдөн байцаагч нар болон анхан шатны шүүх уг төхөөрөмжийг чухам ямар маркийн эд зүйл бэ? гэдгийг тогтоогоогүй, шүүх хуралдаанд миний авч ирсэн обой хэвлэгч төхөөрөмжийн хэвлэгч толгойг /фалат/ нотлох баримтын хэмжээнд шүүх хуралдаанаас үзлэг хийж үнэлэлт дүгнэлт хийх, хохирлоос элэгдлийг хасч тооцох, миний эвдсэн уг төхөөрөмж чухам ямар маркийн төхөөрөмж мөн эсэхийг тогтоолгох талаар гаргасан хүсэлтийг минь авч хэлэлцээгүй бөгөөд хуралдааны тэмдэглэлд ч энэ талаар оруулаагүй байсан байна. Би энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд ч хүсэлтээ гаргасан боловч хэлэлцээгүй болно.
Уг төхөөрөмжийг дүү Х.А нь 2019 оны 5-р сард гаалийн татвар, тээврийн зардлын хамт бүгд 9.0 сая төгрөгөөр авч ирснийг би байнга орж, гарч байдаг хүргэн хүний хувьд маш сайн мэдэж байна. Х.А уг төхөөрөмжийг УБ хотод байдаг найз түнш болох Энхтайван гэдэг хүнээс авсныг ч би сайн мэдэх юм. Уг обой хэвлэгч төхөөрөмжийн марк нь “3D HXS 1800” бөгөөд би анхан шатны шүүх хурал болохоос өмнө УБ хотод очоод энэ төхөөрөмжийн өөрийн эвдсэн хэвлэгч толгойг /фалат/ авч ирсэн боловч Х.А нь уг обой хэвлэгч төхөөрөмжийг ажиллуулахад тохируулах программыг /диск/ надад өгөөгүй учир хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах ямарч боломжгүй болгочихлоо. Уг обой хэвлэгч төхөөрөмжийг ажиллуулахад тохируулах программ /диск/ нь тэднийд байсныг би мэдэх юм. “Обой хэвлэгч төхөөрөмж манай аймагт ямар ч ашиггүй байна, хүмүүс эндээс хэвлэсэн обойг худалдаж авахгүй байна, энийг 12.0 сая төгрөгөөр зарна” гэж хэлж байсан ба Х.А өөрөө зар тавьсан байсныг би энэ хэргийн хавтаст хавсаргуулсан, энэ талаарх материал хавтаст хэрэгт байгаа болно. Х.Аийн өөрт нь уг обой хэвлэгч төхөөрөмжийг ажиллуулахад тохируулах программыг /диск/ надад өгөөгүй учир гэвэл 1-рт намайг хохироох, 2-рт хэрэв уг дискийг надад өгвөл обой хэвлэгч хэвийн ажиллах юм бол тэртээ тэргүй зарагдахгүй байгаа уг төхөөрөмжийг өөр нь эргүүлэн өгчих байх гэсэн муухай санаа байгаа болов уу гэж би бодож байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.03-ны өдрийн 30 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож миний эвдсэн “ЗD НХS-1800” маркийн обой хэвлэгч чухам ямар маркийн төхөөрөмж мөн эсэх, уг төхөөрөмжийн зах зээлийн үнэ чухам хэдэн төгрөг болох эсэхийг өөр бүрэлдэхүүнээр үнэн мөнөөр тогтоолгох, миний УБ хотоос авч ирсэн төхөөрөмжийн өөрийн эвдсэн хэвлэгч толгой /фалат/ “ЗD НХS-1800” маркийн обой хэвлэгчид таарах эсэхийг урьдчилсан мөрдөн байцаалтын шатнаас тогтоолгож өгөхийг хүсэж байна” гэжээ.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “М.Ж-ад холбогдох хэрэгт хоёр удаа үнэлгээ хийгдсэн. 3D обой хэвлэгч машин нь 21.893.888 төгрөг үнэтэй гэдэг дүгнэлт гарсан. Үүнд дээр телевизийн үнэ нэмэгдэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол 22.928.748 төгрөг гэж гарсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.Ж-, түүний өмгөөлөгч Т.Б, С.А нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
М.Ж- нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны орой гэр бүлийн хүрээнд үүссэн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байсан гэх эхнэр Х.Булбулыг хайж яваад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт орших хадам дүү Х.Алтынбекийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, 42 инчийн “LG” загварын зурагтыг хагалж, UV инжект 3D обой хэвлэгч (3D HXS-1800) загварын төхөөрөмжийг эвдэж, толгой аппаратыг авч явж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Хоёр шатны шүүх дээрх үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхдээ М.Ж-ыг бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэж, гэм буруутайд тооцон хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчид оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн хэрэгтээ хандаж буй хандлага, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн бөгөөд гэмт этгээдийг хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж үзлээ.
Түүнчлэн анхан шатны шүүх бодит хохирлыг тооцохдоо тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь үндэслэлтэй болсон байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “... миний эвдсэн “3D HXS-1800” маркийн обой хэвлэгч чухам ямар маркийн төхөөрөмж мөн эсэх, уг төхөөрөмжийн зах зээлийн үнэ хэдэн төгрөг болох эсэхийг тодруулах шаардлагатай...” гэсэн гомдлыг гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 3D обой хэвлэгчийн захиалсан захиалгын баримт /1хх 204 хуудас/, “Мөнх-Эстимейт” ХХК-ийн эд зүйлсийн үнэлгээг тогтоосон шинжээч Х.Калиматын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20/006 дугаартай дүгнэлт /1хх 82-97 хуудас/, дахин шинжилгээгээр Монголын хөрөнгө, хохирол үнэлгээчдийн холбооны хөрөнгийн үнэлгээчин А.Амарбуян, С.Гүнсүрэн, Д.Ганбаатар нарын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн тайлан /2хх 37-45 хуудас/ зэрэг баримтаар 3D обой хэвлэгчийн үнийг тодорхойлон тогтоосон байна.
Иймд дээрх үндэслэлээр гаргасан шүүгдэгч М.Ж-, түүний өмгөөлөгч Т.Б, С.А нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН