Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2018/0690/з |
Дугаар | 221/МА2019/0180 |
Огноо | 2019-03-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2019/0180
Г.Х-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.Х, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0065 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н-ийн давж заалдах гомдлоор, Г.Х-ийн нэхэмжлэлтэй, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0065 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Х-гаас гаргасан “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/117 дугаар бүхий “Чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дотоод асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан Г.Х-гаас гаргасан “...итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номынбаясгаланд ажлын хөлсөнд олгосон 400000 төгрөгийг хариуцагч захиргааны байгууллагаас гаргуулах” шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н давж заалдах гомдолдоо: “...Г.Х-ийн хувьд төрийн албаны шалгалт өгөөгүй болох нь тогтоогдсон байна хэмээн дүгнэсэн. Гэвч Батлан хамгаалах яам нь хэдийгээр төрийн захиргааны төв байгууллага мөн боловч цэрэгжсэн буюу бүх зүйлийг сайд болон дээд шатны даргын тушаалын хүрээнд явуулдаг байна. Өөрөөр хэлбэл тухайн яамны төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон гарахад мэргэшлийн шалгалт зохион байгуулж байгаагүй болох нь Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлийн хариу бичгээс харагдаж байна. Тэгэхээр ерөөсөө зохион байгуулж байгаагүй шалгалтад Г.Х оролцох боломжгүй бөгөөд оролцохоос татгалзаж байсан үйлдэл байхгүй болно.
Ажлаас чөлөөлсөн захиргааны шийдвэр нь ...бүрэн эрхэд хамаарч байгаагаас гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй... хэмээн дүгнэжээ.
Ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан үндэслэлийг эш татах талаар холбогдох хуульд заасан байна. Гэтэл захиргааны уг шийдвэрт ажлаас чөлөөлөх нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй тул тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлгүй учраас нэхэмжлэгчийн “ажлаа чөлөөтэй сонгох эрх” зөрчигдсөн болно.
Нэхэмжлэгч нь анхнаасаа төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй тул ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох боломжгүй хэмээн дүгнэсэн.
Түүнийг өөрийнх нь хүсэл зоригоос үл хамааран хууль зөрчиж томилчхоод хэсэг хугацааны дараа буруу тушаал гаргачихсан байна гээд ажлаас чөлөөлж байгаа захиргааны үйлдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний албан тушаалаа тайван амгалан хашаад явж байсан иргэнийг яаманд ажилла гэж томилчхоод, чи шалгалт өгөөгүй юм байна хэмээн хэзээ ч зохион байгуулж байгаагүй шалгалтаараа шалтаглан ажлаас чөлөөлөх нь шударга ёсонд нийцэхгүйгээс гадна захиргааны анхны хууль бус шийдвэрийн улмаас иргэний эрх хөндөгдөх ёсгүй юм” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 13-ны Б/117 дугаар тушаалаар “...Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т заасан төрийн албаны албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагад нийцүүлээгүй, сонгон шалгаруулалтгүйгээр ажилд томилсон” гэх үндэслэлээр Г.Х-г Батлах хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дотоод асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгчээс уг тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дотоод асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгохоор маргасан байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Г.Х нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албанд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй, хэргийн оролцогчид уг үйл баримттай маргаагүй байх тул хариуцагчийн “тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй хүнийг албан тушаалд томилж хууль зөрчсөн” гэх тайлбарыг үгүйсгэх, Г.Хг “шаардлага хангасан” гэж шүүхээс шууд дүгнэх боломжгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...өөрийнх нь хүсэл зоригоос үл хамааран хууль зөрчиж томилчхоод хэсэг хугацааны дараа буруу тушаал гаргачихсан байна гээд ажлаас чөлөөлж байгаа захиргааны үйлдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй” гэх зэрэг гомдлыг хүлээж авах боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь ...тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн”, 17 дугаар зүйлийн 17.1-д “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.2-т “...ерөнхий болон ...тусгай шаардлага, ...болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй”, 17.3-т “төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, ...ерөнхий болон ...тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж тус тус зааж, иргэдээс төрийн албанд анх орох журмыг нарийвчлан тогтоосон байх тул энэ журмыг зөрчиж иргэнийг төрийн албанд томилсон алдааг залруулж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах эрхийг зөрчөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Нэгэнт нэхэмжлэгч Г.Х нь төрийн жинхэнэ албан албаны мэргэшлийн шалгалтад орж байгаагүй, нөөцөд бүртгэлгүй тохиолдолд шүүхээс нэхэмжлэгч Г.Хг уг албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах боломжгүй.
Шүүхээс нэхэмжлэгчийг “төрийн албанд ажиллах эрхгүй” гэж дүгнээгүй, гагцхүү, зохих ёсоор төрийн албанд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэнээр хуульд заасан болзол, нөхцөл шаардлагыг хангаж, төрийн жинхэнэ албанд томилогдох боломж бүрдэх талаар дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН