Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 11

 

 

                                *******ын нэхэмжлэлтэй иргэний

                                                      хэргийн тухай

                                                                       Хэргийн индекс: ******************

       ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                    Б.Батзориг

          Шүүгчид                        С.Оюунцэцэг

                                                 Г.Давааренчин

   Оролцогчид:

           Нэхэмжлэгч                              *******         

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  *******

Хариуцагчийн төлөөлөгч    *******

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцож,

  ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, ерөнхий шүүгч Л.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 05 дугаар сарын  03-ны өдрийн 252 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлоор *******ын нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “групп, тэтгэврийн зөрүү 3.336.800 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие нь “Холбоо толгой” ХХК-д 2000 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сахиулын ажлыг хийж байсан юм. Тухайн үед тус компани нь миний ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байсан учраас шүүхэд хандсан ба Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 397 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Мөн тус шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 404 дугаартай  шийдвэр гарч, ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Од” салбарт үсчнээр ажилласан 3 жил 6 сар 30 хоногийг тогтоож өгсөн. Гэтэл Нийгмийн даатгалын газраас миний тэтгэврийг тогтоохгүй байсаар 4 жилийн хугацаанд намайг хохироолоо.

…Одоо би тэтгэврийн зөрүү нэхэмжилж байна. Би олон хүүхэдтэй, 50 нас хүрсэн гэдгээрээ 2010 оны 06 дугаар сарын14-ний өдөр тэтгэвэртээ гарах ёстой байтал гараагүй. Иймд 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх тэтгэврийн зөрүү 3.336.800 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

“…2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тэтгэвэр тогтоосон гэж ярьж байна. Тухайн үед манай хэлтсийн даргаар ажиллаж байсан ******* нь Америкийн нэгдсэн улс руу ажлаар явах гээд виз нь гарчихсан байхад энэ асуудалтай холбоотойгоор манай даргад холбогдуулан Прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэчихсэн, виз нь хойшлох гээд байсан учраас *******ыг “нөхөн даатгалд орох боломжтой юм чинь хамруулчих” гээд нөхөн даатгалд хамруулсан. Гэтэл 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нөхөн даатгал хэрэгжиж эхэлсэн. Энэ үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Хяналтын байцаагч нар энэ хүний тэтгэврийг буруу тогтоосон гээд одоо цалингаасаа төлж байгаа. Надад бас акт тогтоосон.

…Тухайн үеийн манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байсныг хүлээн зөвшөөрч байгааа боловч нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 252 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-д тус тус зааснаар ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 3.174.930 төгрөг гаргуулан *******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 161.870 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 68500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 3.174.930 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 65.749 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...252 тоот шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаж байна.  Нийгмийн даатгалын хэлтэс нь 2010-2014 оны тэтгэвэр болох 3.174.930 төгрөгийг төлөх үндэслэлгүй бөгөөд тухайн үед архины үйлдвэр нь нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулаагүй байсан нь архины үйлдвэрийн дарга н.Нямбуугийн шүүхэд өгсөн тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгааг шүүх анхааран үзээгүй байна.

Шүүх 404 дугаартай шийдвэрээр “Од” салбарт ажиллаж байсан жилийг тогтоохдоо шимтгэл төлсөн хугацааг анхаараагүй.

Нэхэмжлэгч *******ын нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед ажил олгогч нөхөн төлөөгүйн улмаас даатгуулагч гэж үзэх үндэсгүй байсан нь Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар нотлогдож байхад ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

…Нэхэмжлэгч *******ын шимтгэл төлөгдөөгүй байсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдсон байтал түүнийг үнэлж үзээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн. Иймд 252 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Анхан шатны шүүх 3.174.930 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гарсан гэж үзэж байна. Тухайн үед эрхлэгч нас барсан учраас хамаг бичиг баримт замбараагүй байсан. Тэр үед “Од” хоршоо нийгмийн даатгал болон татварт бүртгэлтэй байсан. “Од” салбараас нийгмийн даатгалд мөнгөө 7 сард төлсөн байдаг. Хэрэв албан бус зүйл гарвал тухайн үед энэ байгууллагууд өөрсдөө хуулийнхаа дагуу албан ёсны шаардлагаа тавиад яваад байсан бол ийм асуудал үүсэхгүй байх байсан. Тэгэхээр би энэ байгууллагыг хариуцлагагүй байсан гэж хэлэх гээд байна гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        …Нэхэмлэгч маань 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 50 нас хүрч, олон хүүхэдтэй, 20 жил улсад ажилласан  гэдэг утгаар 2010 онд тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн. Түүнээс өмнө 2008 онд шүүхээр 03 жил 08 сар ажилласнаа тогтоолгосон байсан. Гэтэл нийгмийн даатгал шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндэслэлгүй гээд тэтгэвэр тогтоохгүй яваад байсан. Ингээд сүүлдээ эрүүгийн хэрэг үүсээд яллагдагчаар татагдаад ирэнгүүт 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсний дараа 2010 онд тэтгэвэрт гарах байсан үндэслэлээр нь нэхэмжлэгчид маань тэтгэвэр тогтоосон.

        Хариуцагч нар өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг болон буруу шийдвэр гарснаа хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Үндэслэх нь:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснээс зохигчдын хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийгээгүй, мөн шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь 2008 онд шүүхээр ажилласан байдлаа тогтоолгосноор 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байсан. Гэтэл Нийгмийн датгалын хэлтэс нь даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэж 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тэтгэвэр тогтоож өгөөгүй  тул тус хугацаанд авах байсан тэтгэврээс группын тэтгэмжийг хасч, зөрүү 3.336.800 төгрөгийг  ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ******* аймгийн Ниймгийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэлийн татгалзлаа “нэхэмжлэгч *******ын ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын “Од” салбарт үсчнээр ажилласан хугацаанд  ажил олгогч нь даатгалын сангаасаа шимтгэл төлөөгүйгээс  тус байгууллагад ажилласан 3 жил 06 сар 30 хоног  түүний ажилласан жилд  орохгүй тул өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхгүй” гэж  тайлбарлажээ.

Зохигчдын дээрх тайлбараас үзвэл  нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага нь цалингаас нийгмийн даатгалын санд шимтгэл төлөөгүйгээс  зохигчдын хооронд маргаан үүссэн гэж үзэхээр байх бөгөөд шүүх энэхүү маргааныг хянан шийдвэрлэхдээ  хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Үүнд: 1.  нэхэмжлэгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хариуцагчаас гаргуулахаар хүсэлт гаргасан бөгөөд шүүх  2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч  түүний биелэлтийг хангах арга хэмжээ авалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үүргээ шүүх биелүүлээгүй, 

2. хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч өөрийн эрхийг зөрчсөн, хохироосон гэж тайлбарладаг боловч түүний Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан ямар эрх нь хэрхэн зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байхад шүүх шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн,

        3. Нийгмийн даатгалын хэлтэс нь тус хэргийн хувьд жинхэнэ хариуцагч болж чадах эсэх нь тодорхойгүй, энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй,

4. нэхэмжлэгчийн өндөр  насны тэтгэвэр авах эрх үүсэх эсэх асуудлын гол нөхцөл болох нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байдал нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил олгогч байгууллагын хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас үүссэн үү эсвэл хариуцагч Нийгмийн даатгалын байгууллагын гэм буруутай хууль зөрчсөн ямар үйлдлээс  болсон  гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад  шүүх зохих дүгнэлт хийгээгүй зэрэг алдаа гаргажээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нь онцгой ажиллагааны журмаар  хийгддэг, өөрөөр хэлбэл эрх зүйн ямар нэгэн маргаангүй, хэн нэгэн этгээдэд  хандаж гаргасан шаардлага биш, зөвхөн сонирхогч этгээдийн иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бий болгодог ач холбогдолтой.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр “ажилласан байдал тогтоолгосон” шүүхийн шийдвэрийг  хариуцагчид даалгасан, үүрэг бий болгосон мэтээр ойлгон улмаар тус шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй хууль зөрчсөн гэж дүгнэж, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргажээ.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсны үндсэн дээр зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэн,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймаг  дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 252 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар хариуцагчаас   давж   заалдах    гомдол    гаргахдаа   улсын   тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 65.750 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                            ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                Г.ДАВААРЕНЧИН