Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00467

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 03 210/МА2023/00467

 

 

Л.гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000/ШШ2022/03654 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Л.

Хариуцагч: Н

Гуравдагч этгээд: ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4592 дүгээр шийдвэрээр Л.гаас 509,293,915 төгрөг гаргуулан, ХХК-д олгож, барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах, 97 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2 Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилсон бөгөөд шинжээч ХХК нь орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тайлангаар 244,200,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь зах зээл дээр 20-30 хувиар өссөн бөгөөд тухайн бүс нутгийн ойролцоо үл хөдлөх хөрөнгөөс хэт доогуур үнэлсэн байна.

Иймд шинжээч ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор үүсгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, /000/, Нүхтийн зам, тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 437,2 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлдөх эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг үндэслэн төлбөр авагч талд гүйцэтгэх баримт бичгийг буцаасан.

2.2 Төлбөр авагч ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Я/2/21/015 дугаартай албан бичгээр бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хийлгүүлэх хүсэлтийг хариуцагчид гаргасан. Хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15301857 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

2.3 Төлбөр төлөгч Л.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Их тойруу гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 97 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 15301857/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 15301857/02 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураах ажиллагааг явуулсан.

2.4 Шинжээч ХХК-ийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 244,200,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн. Мөн өдрийн 4-122/16217, 4-122/16218 дугаар албан бичгээр төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарт баталгаат шуудангаар мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Л.гийн өмчлөлийн хөрөнгийн үнэлгээг гаргахдаа түүний хөрөнгийн байрлал, зориулалтын хувьд ижил төстэй зүйлийг худалдан борлуулсан, худалдан борлуулахаар санал болгосон. Үнийн мэдээлэлтэй харьцуулсан. Арилжааны шууд харьцуулалтын аргыг ашигласан. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгийн үнэлгээг зах зээлд дээр 20-30 хувиар өссөн байгаа талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөөгүй учир гомдол нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нт холбогдох ХХК-ийн 2022 оны 09 сарын 02-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Их тойруугийн 00 байр, 00 тоот хаягтай 97 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 244,200,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Л.гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 29-ний өдрийн 000/ШЗ2022/12116 дугаар захирамжаар авсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн арга хэмжээ шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг тодорхойлсон. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх эрхийг удаа дараа ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй процессын алдаа гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг ноцтой зөрчиж нэг талд давуу байдал бий болгосон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс хэргийг буцааж шийдвэрлэх байсан боловч эзгүйд шийдвэрлэсэн нь бидний мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

6.1 Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсгийг зөв хэрэглэж, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Нэхэмжлэгч шүүх хурал хаана болохыг өөрөө лавлах үүрэгтэй. Өөрөө эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан. Шүүх хуулийг зөв хэрэглэсэн. Хэргийг буцаах эсэх асуудал нь шүүхийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн, зөв гарсан гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Л. нь хариуцагч Нт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг 244,200,000 төгрөгөөр үнэлсэн шинжээч ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг дэмжин оролцсон.

4. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4592 дугаар шийдвэрээр Л.гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 506,602,951 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,745,099 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Их тойруугийн 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 97 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, /000/, Нүхтийн зам, тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 437.2 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 92 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 59-71/

Улмаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 000 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 72-75/

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчимтай.

5.1 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15301857 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх.79/, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Их тойруугийн 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 97 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 15301857/01 дугаар тогтоолоор битүүмжилж /хх.84-85/, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 15301857/02 дугаар тогтоолоор хураан авсан /хх.88-90/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд нийцжээ.

5.2 Төлбөр төлөгч Л. нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 368,900,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг хариуцагч байгууллагад гаргасан. /хх 91/ Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 8/209 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр ХХК-ийг томилсон. /хх 93/

5.3 Шинжээч ХХК нь Л., Ж., Б. нарын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 244,200,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээний тайланг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн. /хх 96/ Улмаар, хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4-122/16217, 4-122/16218 дугаар мэдэгдлүүдээр нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч болон гуравдагч этгээд нарт 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ /хх 97-98/

6. Шинжээч ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийсэн байхаас гадна нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 20-30 хувиар нэмэгдсэн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүгчийн 000/ШЗ2022/14204 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. /хх 114-115/ Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүгчийн 000/ШЗ2022/014670 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. /хх 120-121/

Улмаар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товыг талуудад 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн. Тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000/ШЗ2022/16250 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000/ШШ2022/03654 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

М.БАЯСГАЛАН