Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1246

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Г.Т, Р.О, Б.Т тэдгээрийн өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д овогт Г.Т, Б овогт Р.О, У овогт Б.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806017201287 дугаартай хэргийг 2018 оны 08 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Д овогт Г.Т, 1982 оны 11 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Цээл суманд  төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:................./,

Шүүгдэгч Монгол улсын иргэн У овогт Б.Т, 1968 оны 08  дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, 4-р баг, Баянмод, Модот 8 гудамж, 8 тоотод албан ёсны оршин суух хаягтай, одоо оршин суух тодорхой хаяггүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:................./,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Р.О, 1977 оны 05 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, оршин суух тодорхой хаяггүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:................/,

Шүүгдэгч Г.Т  Р.О, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны  02 дүгээр сарын 20-ноос 21-ний шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дүгээр хороо, “Офицер Таун” хотхоны 19б байрны 203 тоотод нэвтрэн орж 3 ширхэг гуулин бурхан, 3 ширхэг куртик, пальто, самсунг эс-2 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авахдаа хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч, хохирогч С.Батбаярт 718.000 төгрөгийн, хохирогч Ц.Дашнямд 358.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Р.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Тшүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

Хохирогч С.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр шөнө  Баянзүрх дүүргийн 16-р хороо, Офицер Таун” хотхоны 19б байрны 203 тоот хаалгаа цоожгүй онгорхой найз Дашнямын хамт унтаж байхад бурханы тахилын тавиур дээр дээр байсан 3 ширхэг бурхан, үүдний өлгүүрт байсан хувцаснууд зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг. /хх-27/,

         Хохирогч Ц.Дашням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Батбаярынд Д.Пүрэвдорж, Цэндсүрэн нарын хамт 4-үүлээ үлдсэн. Пүрэвдорж 18:00-19:00 цагийн үед явсан. Цэндсүрэн 21:00 цагийн үед явсан. Тэгээд бид хоёр гэрт үлдсэн, хар хөх өнгөтэй хавар намрын пальто 1 ширхэг, самсунг эс-2 маркийн гар утас 1 ширхэг алдагдсан…” гэх мэдүүлэг./хх-34/,

Яллагдагч Г.Т мэдүүлэхдээ: “…2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 16-р хороо Амгалан хотхоны хажуугийн дулааны шугам дотор дулаацаж байгаад ганцаараа гарч хогоо түүхээр цэнхэр өнгийн өндөр байшинд ороход 2-р давхарын нэг айлын хаалга онгорхой байсан. Тэгээд буцаж танил Одноо, түүний найз гэх Туяа нарт тэр талаар хэлсэн юм. Тэгээд уг айлыг зааж хамт очиж, би 1-р давхарт хүлээж байхад тэр 2 ороод хүнгүй байхад нь 3-4 ширхэг куртик, 3 ширхэг жижиг бурхан, 1 ширхэг гар утас зэрэг эд зүйл авч гарч ирсэн. Тэгээд авсан эд зүйлсээс уг дулааны шугамд куртикнуудыг үлдээсэн боловч алга болсон байсан. Харин 3 ширхэг бурханыг 40.000 төгрөгөөр, 1 ширхэг гар утсыг 10.000 төгрөгөөр танихгүй хүнд зарчихсан юм. Тэгээд тэр мөнгөөр нь архидаад үрээд дуусгачихсан юм…” гэх мэдүүлэг. /хх37/,

Яллагдагч Р.О мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө цагийг нь сайн санахгүй байна. Баянзүрх дүүргийн 16-р хороо Амгалан хотхоны хажуугийн дулааны шугам дотор байж байхад танил Төрбат нь хог түүхээр гарч яваад хажуугийн цэнхэр өнгийн орон сууцны 2-р давхарын нэг айлын хаалга нь онгорхой байна гэж ирсэн. Тэгээд Төрбат, танил Туяа буюу Төгсжаргал бид гурав очоод шагайж үзэхэд 2 эрэгтэй хүн согтуу гэхээр унтаж байсан. Тэгээд Төрбат гадна үүдэн дээр нь хүлээж байхад Төгсжаргал бид 2 орж, Төгсжаргал үүдний өлгүүрт байсан 3-4 ширхэг куртик авч, гуулин гэхээр 3 ширхэг бурхан авсан. Нэг куртикны халаасанд 1 ширхэг гар утас байсан. Тэгээд бид 3 гар утсыг 15.000 төгрөгөөр зарсан. Харин 3 ширхэг бурханыг явуулы танихгүй хүнд Төрбаттай очиж 40.000 төгрөгөөр зарчихсан. Олсон мөнгийн үрээд дуусгачихсан юм...” гэх мэдүүлэг. /хх-35/,  

Яллагдагч Б.Т мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16-р хороо Амгалан хотхоны хажуугийн дулааны шугам дотор байж байхад танил Төрбат нь хог түүхээр гарч яваад хажуугийн цэнхэр өнгийн орон сууцны 2-р давхарын нэг айлын хаалга нь онгорхой байна гэж ирсэн. Тэгээд Төрбат, Одноо бид 3 очсон. Би хүнтэй байсныг анзаараагүй. Тэгээд Төрбат гадна үүдэнд хүлээж байхад, Одноо бид хоёр орж, би үүдний өлгүүрт байсан 3-4 ширхэг куртик авч, Одноо 2 бурхан авсныг би сүүлд мэдсэн. Нэг куртикны халаасанд 1 ширхэг гар утас байсан. Тэгээд бид 3 явж гар утсыг Одноо танихгүй хүнд 10.000 төгрөгөөр зарсан гэсэн. Харин яг хэдэн бурхан байсныг мэдэхгүй Төрбат, Одноо 2 явуулын танихгүй хүнд 40.000 төгрөгөөр зарчихсан гэсэн. Олсон мөнгийг Төрбат, Одноо хоёр үрээд дуусгачихсан юм...” гэх мэдүүлэг. /хх-36/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-14-23, 57-58/, эд зүйлийн үнэлгээ /хх-44-45/, шинжээчийн ¹1598 дугаартай дүгнэлт /хх-53-54/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-65, 75, 82/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-66, 76, 83/, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Т  Р.О, Б. Т нар нь бүлэглэн 2018 оны 02 дүгээр сарын 20-ноос 21-ний шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дүгээр хороо, “Офицер Таун” хотхоны 19б байрны 203 тоотод нэвтрэн орж 3 ширхэг гуулин бурхан, 3 ширхэг куртик, пальто, самсунг эс-2 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авахдаа хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл  журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Т  Р.О, Б.Т нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Т Р.О, Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гэм буруутай этгээдүүдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.

Шүүгдэгч нар Г.Т Р.О, Б.Т нар нь учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д овогт Г.Т, Б овогт Р.О, У овогт Б.Т нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Т Р.О, Б.Т нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Т Р.О, Б.Т нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т Р.О, Б.Т нарын урьд цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Т Р.О, Б.Т нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл нарт Г.Т Р.О, Б.Т нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР