Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 254

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

      Улсын яллагч                                                   А.Энхтуяа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Ч.Баднайнямбуу

      Нарийн бичгийн даргаар                                Б.Намуунзул нар оролцов.

 

   Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балдан начин овогт Батсайханы Ариунбаярт холбогдох 1831002120185 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

   Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Өмнөговь аймаг, Сэрвээ суманд 1982 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, архитекторч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 2-р хороо 40 мянгатын 55-р байр 37 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Балдан начин овогт Батсайханы Ариунбаяр,  /РД: КИ82111811/,           

   Шүүгдэгч Б.Ариунбаяр нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутагт “Монгол алт” нэртэй газарт техник хэрэгсэл байршуулан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Б.Ариунбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 31-нд яллагдагчаар өгсөн: ... 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр найз Азжаргалын зүс таних хүнээс “Solar-220” маркийн эксковаторыг сарын 6.000.000 төгрөгийн түрээсээр хөлсөлж аваад 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Монгол алт” гэх газарт өөрийн таньдаг Ойдов, Азжаргал нарын хамтаар хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор анх ирсэн. Тухайн үед аль олборлох гэсэн боловч техник төхөөрөмж нь эвдэрч 10 гаран хоног засварлаж дуусаад 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр техникийн сэлбэг авчрах зорилгоор Улаанбаатар хот руу явсан. Ойдов, Азжаргал 2 уурхай дээр үлдсэн. Би тэр 2-т алт олборлох талаар үүрэг өгөөд явсан. Намайг Улаанбаатар хотод байхад Азжаргал “техник засварлаж дууссан, одоо алт олборлож болох уу” гэхээр нь би утсаар “миний зааж өгсөн газарт шууд ух” гэж хэлсэн. Тэр 2-н хувьд миний үгэнд их ордог болохоор надаас асууж байгаад алт олборлосон. Тэрнээс тэр 2 дур мэдэн алт олборлосон зүйл огт байхгүй. Миний өөрийн техникүүд надад байгаа. Харин “Solar-“ маркийн эксковаторыг цагдаагийн байгууллагад баригдах үед эзэн нь ирээд аваад явсан. Одоо хаана байгаа талаар надад мэдэх зүйл алга байна. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Байгаль орчинд учруулсан хохирлыг сум орон нутгийн дансанд удахгүй төлнө. Би өөрийн гаргасан үйлдэл, гэм буруугаа маш сайн ухамсарлаж байна. Надад хөнгөн ял оноож өгнө үү. ...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р ху/,

2.Шүүгдэгч Б.Ариунбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. Дөнгөж хөрс хуулж байгаад баригдсан. Байгаль экологид учруулсан хохиролоо нөхөн төлсөн. Хөнгөн ял оноож өгнө үү. ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч Ч.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:  ...Би Хүдэр сумын засаг даргын орлогчоор 1 жил гаран ажиллаж байна. Ажил үүргийн хуваарийн дагуу байгаль орчин, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бодлогыг хэрэгжүүлж ажилладаг. Миний хувьд “Монгол алт” гэх газраас Б.Ариунбаяр тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон талаар сонссон. Хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй. Б.Ариунбаяр гэрээ байгуулж бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй. Б.Ариунбаяр гэлтгүй ямар ч иргэн, хуулийн этгээд, нөхөрлөл бичил уурхайн үйл ажиллагаа эрхлээгүй байгаа. Байгаль орчин экологи эдийн засгийн үнэлгээ, актаар тогтоосон үнэлгээг Б.Ариунбаяраас нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р ху/,

4.Гэрч Ц.Ойдовын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ... 2018 оны 06 дугаар сарын 26-ны орой эксковатороо янзлаад эргэлт шалгалт хийж үзэхээр 2018 оны 06 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн орчим Хүдэр голын эргээс шороогоо аваад угааж байсан юм. Тэгээд удаагүй 1 цаг орчмын дараа байгаль орчин, цагдаагаас хүмүүс ирээд болиулсан. Ариунбаяр ах Улаанбаатар хот руу сэлбэгэнд явахдаа бид нарт Хүдэр голын голидрол хэсэгт газар байгаа гэж зааж өгөөд явсан юм. Доосангийн 220 эксковатор 1 ширхэг, гар аргаар хийж бэлтгэсэн угаах төхөөрөмж, поомп 100 нэг ширхэг зэрэг зүйлс байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р ху/,

5. Гэрч Ц.Ойдовын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дахин өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Монгол алт” гэх газарт Ариунбаяр, Азжаргал нарын хамт ашигт малтмал олборлох зорилгоор анх ирсэн. Үүнээс хойш алт олборлох гэсэн боловч  техник төхөөрөмж нь эвдэрч 10 гаран хоног засварлаж, засвар үйлчилгээ хийсэн. 2018 оны 06 дугаар сарын 25-нд Ариунбаяр ах Улаанбаатар хот руу сэлбэгэнд явсан. Харин Азжаргал бид 2 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Solar-220” маркийн эксковаторыг засварлаж дуусаад Ариунбаярын зааж өгөөд явсан газрыг ухаж алт олох үйл ажиллагаа явуулж байхад сумын орон нутгийн байгаль орчин, хэсгийн төлөөлөгч нарт баригдсан. “Solar-220” маркийн эксковатор нь түрээсээр авсан гэж Азжаргал ах надад хэлсэн. Ямар хүнээс авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би Ариунбаяр ахын нарийн ширийн асуудлыг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р ху/,

6. Гэрч Б.Азжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ... 2018 оны 06 дугаар сарын 26-ны орой эксковатороо янзлаад эргэлт шалгалт хийж үзэхээр 2018 оны 06 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн орчим Хүдэр голын эргээс шороогоо аваад угааж байсан юм. Тэгээд удаагүй 1 цаг орчмын дараа байгаль орчин, цагдаагаас хүмүүс ирээд үйл ажиллагааг зогсоосон юм. Ариунбаяр ах Улаанбаатар хот руу сэлбэгэнд явахдаа бид нарт Хүдэр голын голидрол хэсэгт газар байгаа гэж зааж өгөөд явсан юм. Доосангийн 220 эксковатор 1 ширхэг, гар аргаар хийж бэлтгэсэн угаах төхөөрөмж, поомп 100 нэг ширхэг зэрэг зүйлс байсан. Эдгээр техникийг Ариунбаяр ах мэднэ, би хэлж мэдэхгүй байна.  ... гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/,

7. Гэрч Б.Азжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дахин өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Монгол алт” гэх газарт Ариунбаяр, Ойдов нарын хамт ашигт малтмал олборлох зорилгоор анх ирсэн боловч түрээсээр авчирсан “Solar-220” маркийн эксковатор эвдэрч 10 гаран хоног засварлаж, Ариунбаярын зааж өгөөд явсан газрыг ухаж алт олох үйл ажиллагаа явуулж байхад сумын орон нутгийн байгаль орчин, хэсгийн төлөөлөгч нарт баригдсан. “Solar-220” маркийн эксковаторыг Ариунбаяр бид хоёр 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байх хуучин 22-н товчооны тэндээс Анхаа гэдэг залуугаас сарын 6.000.000 төгрөгөөр авч байсан юм. Би Анхаагийн гар утас болон гэрийн хаягийг мэдэхгүй. Хууль бусаар алт олборлож байгаад цагдаа нарт баригдах үед Улаанбаатар хотоос Анхаа Хүдэр суманд ирээд өөрийн “Solar-220” маркийн эксковаторыг аваад явсан. Одоо байгаа талаар мэдэхгүй байна. Харин алт угаах төхөөрөмж, поомп зэргийг Ариунбаяр өөрөө авсан, одоо гэрт нь байгаа байх. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,

8.2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт:  Б.Ариунбаярын хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал /21273+1290060+273000+4486165/ = 6.070.498 төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна гэж дүгнэв. ... гэх дүгнэлт, /хх-ийн 36-р ху/,

9. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Ашид билгүүн” ххк-ны тодорхойлолт:

Doosan маркийн эксковаторын гэрчилгээ байхгүй тул зурагт үндэслэн үнэлгээ гаргах боломжгүй болно. ...гэх тодорхойлолт, /хх-ийн 41-р ху/,

10.Шүүгдэгч Б.Ариунбаярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 52-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 48-49-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 50-51-р ху/, шүүгдэгчид холбоотой баримтууд,/хх-ийн 55-58-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 30-31,40-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 32-36-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 38,44-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 37,43-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 32-36, 41-42-р ху/, хохирогч, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 59-60-р ху/, шүүгдэгчээс хохирол төлсөн баримт, /хх-ийн 64-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Шүүгдэгч Б.Ариунбаяр нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутагт “Монгол алт” нэртэй газарт техник хэрэгсэл байршуулан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

    Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах  тухай прокурорын тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, шүүгдэгчид холбоотой баримтууд, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол,  шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт, хохирогч, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, шүүгдэгчээс хохирол төлсөн баримт зэргээр. шүүгдэгч Б.Ариунбаярыг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр “Монгол алт” гэх газар техник хэрэгсэл байршуулан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын  олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

     Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Балдан начин овогт Батсайханы Ариунбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал  олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Балдан начин овогт Батсайханы Ариунбаярыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ариунбаярын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжээр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ариунбаярт мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Б.Ариунбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус  дурьдсугай. 

6.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ариунбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН