| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0228/Э |
| Дугаар | 235 |
| Огноо | 2018-11-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 235
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг
Нарийн бичгийн даргаар Д.Алтанбагана нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Босоо овогт Алтантулгын Мөнхбатад холбогдох 1831003260250 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1988 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 119 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Босоо овогт Алтантулгын Мөнхбат, /РД: МЬ88052819/,
Шүүгдэгч А.Мөнхбат нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Булгийн 1-39 тоотод оршин суух Г.Мартын гэрийн цонхоор нэвтрэн орж бэлнээр 50.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч А.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 13-нд яллагдагчаар өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 17 цаг өнгөрч байхад өмнө хамт барилгын ажил хийж байсан зүс таних залуутай Сүхбаатар сумын 7 дугаар баг Төмөр замын вокзалын тэнд тааралдаад дэлгүүрээс 2 сав 2.5 литрийн шар айраг аваад нэг сав шар айргийг нь гудамжинд зогсож байгаад хуваагаад уусан. Ууж дуусаад тэр залуу “Алтанбулаг сум руу явж хүнтэй уулзана, хамт явах уу” гэхээр нь түүнийг дагаад замын унаагаар Алтанбулаг сум руу яваад 19 цаг болох гэж байхад очсон. Тэгээд бид 2 түүний очих айлыг нь хайгаад олоогүй тул үлдсэн шар айргаа гудамжинд хувааж уусан. Тэгээд ууж дуусаад бид 2 нилээн муудсан бөгөөд буцах зардлыг хэн гаргах талаар бид 2 маргалдсан. Би түүнтэй зодоон цохион хийхгүйн тулд түүнийг орхиод яваад өгсөн. Тэгээд би Алтанбулаг суманд байх сургуулийн найз Одбаяр гэх залуугийн гэр лүү яваад очтол гэрт нь ямар нэг хүн байгаагүй. Тэдний байшингийн таамбарын цонх нь онгорхой байхаар нь гэрэл тусгаад хартал цаад талын гал тогооны өрөөнийх нь цонх мөн онгорхой байсан. Тэгээд би цонхоор ороод байшингийн хойд талын өрөө рүү ороход ээмэг, бөгж хадгалдаг жижиг ягаан өнгийн сав байхаар нь онгойлгоод хартал ээмэг, бөгж гэх зүйлс байсан. Тэгсэн гадаа хүн явах чимээ гарахаар нь савыг хаагаад эргүүлээд тавих гэтэл дутуу хаагдаад шалан дээр асгарсан. Тэгээд би мухрын жижиг өрөө рүү орж нэг шүүгээний шургуулга нээтэл эмэгтэй хүний хэтэвч дэлгээтэй байхаар нь дотор нь юу байгааг нь хартал 50.000 төгрөг байхаар нь аваад халаасандаа хийгээд байшинд орсон газраараа эргээд гараад явсан. Уг хулгайлсан мөнгөөрөө замын унаанд суугаад Сүхбаатар суманд ирэх зардалд өгсөн. Үлдсэн мөнгөөр нь гэртээ хүнсний зүйл аваад дуусгасан. Би буруу үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна. Би эхнэр 5 хүүхдийн хамт өөрийн орон гэргүй түрээсийн байранд амьдардаг. Би энд, тэнд хар бор ажил хийж эхнэр, хүүхдүүдээ тэжээдэг. Миний буруутай үйлдэлд хөнгөн арга хэмжээ авч өгнө үү гэж хүсмээр байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,
2.Шүүгдэгч А.Мөнхбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө гэрээсээ ажил хийх гэж гараад, ажил олдохгүй болохоор нь Алтанбулагт суманд 2 ширхэг хөрөө араам байдаг тэндээс асуух гээд явж байтал таньдаг хүнтэйгээ таарсан. Тэр бас “Алтанбулаг явна” гэхээр нь цуг явахаар болоод цуг явсан. Тэндээс буцаж харьж явж байгаад бид 2 нэг нэг пиво уугаад нэмж нэгийг уугаад бид хоёр зардалгүй болоод муудалцаад би Мартын гэр лүү явж ба гэрт нь очтол хүн байхгүй байсан. Цонхоор нь хартал шил нь онгорхой байсан гал тогоо нь онгорхой байхаар нь ороод хартал шургуулганых нь нүд онгорхой байсан тэнд түрүүвчин дотор 50.000 байсан. Тэгээд буцаж ирж явтал эхнэр залгаад өнөөдөр дүүгийн төрсөн өдөр гэсэн би тэр мөнгөнөөс нэг бялуу аваад харьтал эхнэр “хаанаас мөнгө олсон юм бэ” гэж асуусан. Энэ явдлаас хойш Цагдаагийн газраас эхнэрийг дуудаад асуусан эхнэр ирээд уурласан. “Чи ийм хэрэг хийсэн байна, одоо яах гэж байна бид нарыг хэн тэжээх юм бэ, хүүхдүүдийг яах гэж байна” гэж байсан. ...гэх мэдүүлэг,
3.Хохирогч Г.Мартын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: ... 2018 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод ажилтай байж байгаад гэртээ ирэхэд манай гэрт хүн орсон юм шиг онгичсон байдалтай байсан. Тэгээд юмнуудаа үзтэл миний түрийвчинд байсан 50.000 төгрөг байхгүй болсон болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Хохирол барагдуулсан тохиолдолд надад гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р ху/,
4. Хохирогч Г.Мартын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн: ...Мөнхбат манай гэрийн цонхоор орсон юм шиг байсан. Хаалга цоожтой байсан. Цоож эвдэрсэн зүйл байгаагүй. Мөнхбат манай гэрээр ганц, хоёр удаа ороод буцаж байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Хохирол болох 50.000 төгрөгийг надад буцаан өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р ху/,
5.Гэрч М.Одбаярын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Мөнхбат миний багын найз байгаа юм. Би 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр эхнэр Мартын хамт Улаанбаатар хот руу яваад 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Алтанбулаг суманд гэртээ ирэхэд манай гэрт хулгай орж эхнэрийн хэтэвчинд байсан 50.000 төгрөг алдагдсан байсан. Тэгээд Март цагдаагийн хэсэгт хандсан. Цагдаагийн ажилтан гомдол мэдээллийн дагуу шалгахад миний багын найз Мөнхбат манай гэр лүү орж хулгайлсан байсан. Ийм л асуудал болсон. А.Мөнхбат нь даруу төлөв, ажилсаг, хичээнгүй, гэр бүлийнхэндээ хайр халамж сайтай залуу байгаа юм. Ямар шалтгааны улмаас хулгай хийснийг би ойлгохгүй байгаа. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 18-19-р ху/,
6. Гэрч А.Болорцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би болсон хэргийн талаар мэдэхгүй. Манай нөхөр А.Мөнхбатын хувьд ажилч, хичээнгүй, даруу төлөв, үр хүүхдүүд хань ижил бидэндээ хайр халамж сайтай. Бид хоёр 5 хүүхдийн хамт амьдардаг. Ар гэрийн амьдралыг Мөнхбат хар бор ажил хийж авч явдаг. Нөхөр маань 2016 онд хулгайн хэрэг үйлдэж шүүхээр орж тэнсэж шийтгүүлж байсан. Тэр үедээ дахин буруу зүйл хийхгүй талаар амлалт өгч байсан. Дахин хулгай хийнэ гэж бодсонгүй. Нөхөр маань ял аваад явчихвал хэдэн хүүхдүүд маань яах бол гэж бодохоор надад үнэхээр хэцүү байна. ...гэх мэдүүлэг, /хх 20-21-р ху/,
7.Гэрч А.Мөнхбатын 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний төрсөн ах А.Мөнхбатын хувьд даруу төлөв, дуу шуу цөөтэй, ажилсаг, хичээнгүй хүн байгаа юм. Ар гэрийн амьдралын хувьд эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Тогтсон ажилгүй, хүнд хүчир ажил хөдөлмөр хийж үр хүүхдээ тэжээдэг. Миний хувьд хэргийн талаар сая л мэдлээ. ...гэх мэдүүлэг, /хх 22-р ху/,
8.Гэрч А.Мөнх-Эрдэнийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай ах А.Мөнхбатын хувьд даруу төлөв, дуу шуу цөөтэй, ажилсаг хүн байгаа юм. Хэн нэгэн хүнтэй маргалдаж, муудалцаж байхыг нь харж байгаагүй. Өмнө нь хулгайн хэрэгт орж шүүхээр шийтгэгдэж байсан. Ямар учраас хэрэг хийгээд байдаг талаар мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх 24-р ху/,
9. Шүүгдэгч А.Мөнхбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 57-р ху/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 4-5-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 6-10-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх 28-29-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 30-33-р ху/, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 51-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 44-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 54-55-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Мөнхбат нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Булгийн 1-39 тоотод оршин суух Г.Мартын гэрийн цонхоор нэвтрэн орж бэлнээр 50.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, зэрэг нотлдох баримтуудыг харгалзан шүүгдэгчийг “хулгайн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Мөнхбат нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх 50.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Мөнхбат нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн 50.000 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах...орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Мөнхбатад 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,2, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Босоо овогт Алтантулгын Мөнхбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах...орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Мөнхбатыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбатад оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч А.Мөнхбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шүүгдэгч А.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН