Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1261

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,                           

улсын яллагч Г.Эрдэнэ

шүүгдэгч Т.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан М овогт Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0138 51489 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М овогт Т.Ц, 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Багахангай дүүрэгт хөнгөн цагаан хайлшны үйлдвэрт ажилладаг, ам бүл 2, эмээгийн хамт, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан өлгийн 22-351 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ................. тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч М овогт Т.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 29 дүгээр гудамжны 468 тоотод иргэн О.Булганыг гэртээ ганцаараа, утсаар ярьж байхад нь орж ирнэ, хэнтэй яриад байгаа юм гэж уурлаад, баруун хацар руу нь алгадаж, үсдээд хамар руу нь цохиж газар унагаагаад нуруу руу нь өшиглөн хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч О.Булган мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дүгээр хорооны 29-468 тоот гэртээ байж байтал өмнө уулздаг байсан хуучин найз залуу Цэрэндорж нь амьдардаг Монгол гэрийн хаалгыг эвдэж орж ирээд миний барьж Самсунг Ноте-1 гар утсыг булааж аваад баруун хацар луу гараараа нэг удаа алгадсан, толгой хойд хэсгийн үснээс зулгааж, баруун гараараа хамар луу хоёр удаа хүчтэй цохьсон. Дахиж үснээс зулгааж газар унагааж дээрээс дэвссэн. Нурууны ард тал руу 2 удаа өшиглөж, тэгээд намайг гэрээс чинь гаръя гээд үгүй гэсэн чинь дахиж үснээс зулгаасан. Хутга гэрт хайж байгаад ногоон иштэй заазуур олж миний хоолой хэсэг рүү тулгачихаад больсон, тэгээд намайг ална гэж сүрдүүлсэн. Миний хувьд маш их гомдолтой байна, Хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг. /хх18-19/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2333 дугаартай дүгнэлт:

  1. О.Булганы биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

Шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах 29-468 тоотод О.Булганыг хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Ц-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.Булган нь шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М овогт Т.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Ц-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Ц-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР